Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 09

 

Г.У гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 145/ШШ2018/00200 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.У гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуульд /захирал Ц.Х д/ холбогдох

   “Ажлаас халсан хууль бус тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэл бүхий иргэний хэргийг шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.У , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, хариуцагч байгууллагын  төлөөлөгч  Ц.Х , хариуцагчийн өмгөөлөгч Р.Шүрхүү, нарийн бичгийн дарга Г.Дорждулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Г.У  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие тус сургуульд 2011 оноос хойш өнөөг хүртэл захирал, сургалтын менежер зэрэг удирдах албан тушаал хашиж байсан. Гэтэл захирал Ц.Х  нь орон тоо цомхотгосон нэрийдлээр намайг ажлаас хууль бусаар халж, мэргэжлийн бус 6 цаг өгсөнд гомдолтой байгаа тул энэ асуудлыг үнэн зөв, шударга, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү хэмээн тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дараах үндэслэлүүдээр хууль бусаар ажлаас халсан гэж үзэж байна. Тухайн ажилтныг ажлаас халах тухайгаа хуулийн дагуу 45 хоногийн өмнө албан ёсоор мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулсан байх ёстой атал захирал Ц.Х  албан ёсоор албан мэдэгдэл өгөөгүй, ажлаас халсан тушаал гаргасан нь хууль бус гэж үзэж байна. 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б\17 тоот захирлын тушаалд: Туяа бага сургуулийн захирлын ажлын байр санал болгосон боловч хийгээгүй гэж тушаалд хүүрнэх өгүүлбэр оруулж ирсэн нь агуулгын хувьд ч тэр процессын хувьд ч тэр алдаатай гэж үзэж байна. Тушаалд хүүрнэх өгүүлбэр оруулахыг хориглодог стандарт бий. Нөгөө талаар Туяа бага сургуульд Сургалтын менежер гэсэн орон тоо байхгүй захирлын орон тоо байдаг. Захирлыг аймгийн дарга томилдог. Томилохдоо төрийн албаны 60 дугаар тогтоолын дагуу сонгон шапгаруулалт зарлаж, тэнцсэн иргэдээс сонгон томилдог журамтай. Гэтэл нэг сургуулийн захирал өөрийнхөө сургуулийн менежерт нөгөө сургуулийн захирлын ажлын байрыг өөрөө дур мэдэн, албан тушаалын нэрийг өөрчлөн, сургалтын менежер хэмээх Туяагийн сургуульд огт байхгүй орон тоог амаараа бий болгон санал тавьж байгаа нь хууль ёсонд нийцэхгүй санал учраас би хүлээж аваагүй. Мөн энэ тушаалын үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтаар халж байгаа бол намайг ажлын байраар хангах юм уу нэг сараас дээших хугацаагаар тэтгэмж олгох талаар хэлэлцээ хийх байтал надтай oгт энэ талаар хэлэлцээ хийгээгүй. Манай сургууль бага, дунд ангийн 2 сургалтын менежертэй. Багийн менежер нь миний бие. Дундын менежер П.Б гэдэг багш байсан. П.Б-г курс төгссөн учир сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолтын үндсэн шаардлагыг хангахгүй байгаа учир менежер хийж болохгүй гэсэн албан ёсны дүгнэлт 2015 оны 10 дугаар сард аймгийн Мэргэжлийн хяналтын боловсрол хариуцсан Д.Н гаргасан боловч Ц.Х  өнөөг хүртэл биелүүлэхгүй сургалтын менежерээр П.Б- ажиллуулж байсан атлаа надтай үзэл бодол таардаггүй, хувийн өс хонзонгийн улмаас аймгийн дарга Г.Ганболд дээр орж манай сургуульд бага ангийн сургалтын менежерийн орон тоо байх шаардлагагүй гэж намайг муу хэлж, даргыг шаардсаар байгаад орон тоо хасуулсан гэдгийг аймгийн дарга Г.Ганболд өөрөө надад хэлж байсан.

Иймд өс хонзонгоороо хүний орон тоо хасуулчихаад нөгөө менежер болох П.Бу-г шаардлага хангахгүй гэсэн албан ёсны дүгнэлт гарсан байхад намайг сургалтын менежерээр үлдээн ажиллуулах боломжтой байхад бас л шаардлага хангахгүй дөнгөж 3 дахь жилдээ ажиллаж байгаа газар зүйн багш Б.Эрдэнэтуяаг шууд сургалтын менежерийн албан тушаалд томилсонд нь гомдолтой байна. З жилээс дээш багшаар ажилласан байх ёстой гэсэн шаардлагыг зөрчсөн. Би 2002 онд МУИС-ийн Монгол хэл, Уран зохиолын багш, судлаач мэргэжлээр төгсч, 2004 онд “Хэл-Шинжлэл”-ийн магистрын зэрэг хамгаалсан. Гэтэл надад 6 цаг өгч цагийн багш болгосон нь хууль бус гэж үзэж байна.  Надад биологийн хичээлийн 3 цаг, түүхийн хичээлийн З цаг, нийт 6 цаг өгсөн. Энэ нь мэргэжлийн хичээлийг мэргэжлийн бус багшаар заалгаж байгаа явдал юм.

Ийм учраас энэ тушаалыг миний бие хууль бус тушаал гэж үзэж байгаа. Мөн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн б/17 тоот “сургалтын менежерийн ажлаас чөлөөлж, багшаар томилсон” болон 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/19 тоот “Г.У г цагийн багшаар томилох тухай” тушаалууд хууль бус учир хүчингүй болгож өгнө үү. Иймд намайг Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 4800000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...гэжээ.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийг төлөөлж тус сургуулийн захирал Ц.Х  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

 Миний бие Ц.Х  нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуульд захирлын албан тушаалыг хашдаг. 2017 онд манай сургууль нэг менежерийн орон тоо хасагдаж Туяа бага сургуульд нэг менежерийн орон тоо нэмэгдсэн. Бага боловсролын сургалтын менежер байсан Г.У г Туяа багийн сургуулийн сургалтын менежер хийх санал тавьсан. Хүүхдийн тоо ажлын ачаалал зэргээс хамааран бага боловсролын сургалтын менежерийн орон тоо хасагдсан, багш нараас ирсэн гомдол санал, Боловсрол, соёл, урлагийн газрын ажлын хэсгийн санал дүгнэлт зэргийг үндэслэн багш болгосон. Би 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр сургалтын менежерээс чөлөөлж багшийн ажилд томилсон тушаал гаргасан. Монгол хэлний багштай учраас цагийн багш хийнэ гэдгээ Г.У  багш өөрөө мэдэж байсан. Би цагийн хуваарилалт хийгээгүй байна. Цагийн хуваарилалт хийх ойлгомжтой гэсэн боловч өдөржингөө өрөөнд суусан. Г.У  нь сонгон шалгаруулалтад орно гэхээр нь маргааш нь цаг хуваарилалт хийгээд цагийн багшийн ажилд шилжүүлсэн. Цагийн багш болно гэдгийг бараг жилийн өмнө хэлсэн. Энэ тухай У  мэдэж байсан. Аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн захирамжийг үндэслэж хүүхдийн тоо, ажлын ачааллыг харгалзан үзэж, бага ангийн сургалтын менежерийн орон тоог цомхотгосон. 2016 онд мэргэжлийн хяналтын газар болон боловсролын газраас Г.У гийн өргөдлийн дагуу шалгалт ирсэн. Уг шалгалтаар хоёр сургалтын менежерийг солих шаардлагатай гэсэн дүгнэлтийг танилцуулсан. Мөн бага ангийн багш нараас заах арга зүйгээр хангаж чадахгүй байна гэсэн өргөдөл 2 жил надад ирсэн. Жилд 2 удаа багш нар өөрсдийгөө үнэлдэг. Боловсрол шинжлэх ухааны яамны сайдын 293 дугаар тушаалын дагуу сургалтын менежер нь таван багшийнхаа талаар дүгнэж, би удирдах ажилтнаа дүгнэдэг. Г.У  нь намайг үзэмжээрээ дүгнэлт гаргадаг гэж байна. Намайг захирал болохоос өмнө Г.У  нь үзэмжээрээ дүгнэдэг байсан гэж өөрөө хэлж байсан. Би 2015 онд ажилд орохдоо ур чадварын нэмэгдлийг хангалттай өгсөн. 2016 оны цагаан сарын өмнө багш нар маань амьдрал ахуйд цалин мөнгө хүрэлцэхгүй байна гэхээр нь үр дүнгийн нэмэгдлээс гадна ур чадварын цалинг нэмэгдүүлж өгч байсан. Би жил дараалан ажил дүгнэхдээ ажлын хэсэг гаргасан захирлын тушаал гаргаж, бүх багш нарынхаа шалгуур үзүүлэлтийг нь дүгнэдэг. Харин удирдах ажилтныхаа ажлыг би өөрөө дүгнэдэг байсан. Би оны шалгуур үзүүлэлтийг нотлох баримтаар хавтаст хэрэгт өгсөн байгаа. Намайг 2015 онд ажилд орсноос хойш Г.У  нь миний тухай маш олон газар өргөдөл гомдол гаргаж байгаа. Г.У г сургалтын менежерээс чөлөөлөхдөө орон тоо хасагдсан. Орон тоо хасагдсан тухайгаа хэлж, цагийн багшаар ажиллах тухай ярилцах гэж удирдлагын багийг цуглуулчихаад удаа дараа дуудсан боловч ирээгүй. Ингээд дахин менежерээр дуудсан чинь яах гээд байгаа юм бэ? би хэрэлдчих гээд байна гээд орж ирээгүй.

Г.У  өөрийн санаа бодлоо чөлөөтэй ярьсан бол би хүлээж авах байсан. Манай сургууль 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Аймгийн Засаг даргын төсвийн шууд захирагч нарын мөрдөж ажиллах орон тоог батлаж хүргүүлсэн. Энэ орон тоон дээр манайх 2 менежертэй байхад 1 менежерийн орон тоо хасагдсан байсан. Үүнийг би 04 дүгээр сарын 09-ний өдөр Г.У д албан ёсоор дуудаж хэлсэн. Дахиад 10-нд дуудаж нэгэнт орон тоо хасагдсан учраас ямар санал байна гэж хэлсэн. Өөрөө 2 дахин өргөдөл өгсөн. Өргөдөлд нь зохих ёсны хариу тайлбар өгсөн. Сургуулийн захирал сургалтын менежерийн ажилд тавихад заавал боловсрол соёл урлагийн газартай ярилцаж зөвшилцсний үндсэн дээр тавьдаг. Тэр журмаар манай сургууль 2 менежерийн орон тоо байхгүй монгол хэлний багшид чи өөрөө мэдэж байгаа биз дээ гэдэг саналыг тавиад “Туяа” бага сургуулийн менежерийн саналыг тавьсан. Өөрөө бодож байж болъё гээд аймгийн дарга, боловсролын дарга нартай уулзана гэсэн. Би түүнийг нь хүлээж нилээд их хугацааг харсан. 03 дугаар сарын 17-ны өдрөөс хойш аймгийн Засаг даргын захирамжаар цалин санхүү батлагдаад ирсэн учир илүү орон тоонд цалин өгөх эрх мэдэл байхгүй. Гэсэн хэдий ч Г.У г юу ч хийгээгүй орон тоо хасагдсанаас хойш бүтэн 3 cap цалин нэмэгдэлтэй нь өгч байсан. Бүтэн 3 cap сул цалин өгсөн. Үүнээс хойш надад эрх мэдэл байхгүй учир акт тогтоогдвол яах вэ? гэж бодоод 06 дугаар сарын 18-ны өдөр дуудаад албан мэдэгдэл өгөх гэсэн боловч би ажилтай байна Уянга суманд явж байна гэсэн хариу өгсөн. Түүнээс хойш би 06 дугаар сарын 21-нд албан ёсоор дахин дуудаж өрөөндөө оруулж ирээд 18-нд өгсөн албан мэдэгдэл байсан. Би өөрөө бичиг хэргийн ажлыг давхар хийж байсан. 18-ны мэдэгдлийг 21-нд дуудаад өгсөн учир он сарыг сольж өгч албан мэдэгдлийг албан ёсоор уншиж өгсөн. Уг мэдэгдлийг хэрэгт хавсаргасан байгаа.

 Ийм шалтгаанаар багшийн ажилд шилжүүллээ менежерийн ажлаас чөлөөллөө, хоёрдугаарт доод талд нь амралтын мэдэгдлийг давхар гаргасан байгаа. Энэ амралтын мэдэгдлийг уншиж танилцуулаад он сарыг нь солиод гаргаад өгье гэсэн чинь би хорт хавдар тусаад хот явах гэж байгаа яг одоо явлаа намар ирээд авчихъя гэсэн. Байж бай одоо ав, он сарыг нь солиод өгье гэхэд хот явлаа хорт хавдар туссан яаралтай хагалгаанд орлоо гэсэн. Ингэж яваад 08 дугаар сарын 21-нд ирсэн. Ирэнгүүт нь би албан мэдэгдлийг өгсөн. Албан мэдэгдлийг авч яваад хэсэг байж байгаад эргүүлж орж ирээд ширээн дээр тавьсан. Тушаалаа авъя гэсэн. Би 4 сараас хойш олон удаа мэдэгдсэн боловч өөрөө албан ёсоор боловсролын даргатай уулзсан. Манайх 2 монгол хэлний багштай орон тоо байхгүй гэдгийг өөрөө хүртэл мэдэж байсан. 08 дугаар сарын 21-нд би багш болох юм чинь манайх 2 монгол хэлний багштай юм чинь би аймгийн сонгон шалгаргуулалтанд явж оръё гэсэн. Би 15 цаг өнгөрч байхад тушаалыг нь өгсөн. Нийгмийн ажилтан номын санчийн сонгон шалгаргуулалтыг нээлттэй зарладаг. Би түүнд эрх мэдэл байдаггүй. Өөрөө орох бүрэн боломжтой. 08 дугаар сарын 21-нд өрөөнд орж ирээд албан мэдэгдэл өгснөөс хойш тушаалаа авч аймагт очиж сонгон шалгаруулалтанд ормоор байна тушаалаа авъя гэхээр нь менежерээс чөлөөлж багш болсон тушаал өгсөн. Манайх 2 монгол хэлний багштай, манайд цаг байхгүй гэдгийг Г.У  хавар явахдаа өөрөө мэдэж байсан. Би олон удаа хэлсэн. Тийм учраас би өөр дүйцэх ажил байхгүй учраас 3 cap зүгээр цалин өгсөн. Албан мэдэгдлийг 06 дугаар сарын 21-нд өгч гаргасан. Дахин орж ирээд  уг  мэдэгдлийг оруулж ирээд ширээн дээр тавьчихаад яваад өгөхөөр нь би хажуу талд нь тэмдэглэл хийсэн. Тэр мэдэгдлийг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Аймгийн Засаг даргын захирамж болон боловсрол соёл урлагийн газрын өөрийнх нь өгсөн өргөдөл гомдлын дагуу ажлын хэсэг ирж манайд ажилласан. Тэр ажлын хэсгийн дүгнэлт бусад баримт бичгүүдийг бүгдийг нь хэрэгт  хавсаргасан байгаа яаж ажлаа хийж байсан гэдгийг харах боломжтой. Ажлын хэсгийн дүгнэлт, аймгийн Засаг даргын захирамж зэргийг үндэслэж Г.У г сургалтын менежерийн ажлаас чөлөөлсөн. Хоёр менежер хоёулаа албан тушаалын зөрчилтэй. Тийм учраас хоёуланг нь соль гэсэн шаардлага тавьсан. Эхний ээлжинд ямар ч байсан Г.У г чөлөөлсөн. Хоёулаа хоорондоо барьцалдаад 09 дүгээр сарын 01-нээс Бундхорлоог дахин менежерийн ажлаас чөлөөлж шинэ менежер тавьсан. Ажлын хэсгийн дүгнэлт, аймгийн Засаг даргын захирамж зэргийг үндэслэж Г.У г сургалтын менежерийн ажлаас чөлөөлж багш болгосон тушаал хүчин төгөлдөр гэж үзэж байна. Манайх бүх илүү цагаа хуваагаад өөрт нь сурган, сэтгэл судлал үзсэн хэн боловч хичээлээс гадуур үйл ажиллагааг заах эрхтэй байдаг.

Хичээлээс гадуурх 2 цаг, өөрийнх нь мэргэжлийн 1 цаг, бага ангийн түүхийн 2 цаг, 6, 7, 8 дугаар ангийн биологийн цаг өгсөн. 6, 7, 8 ангийн биологийн хичээл нь эрүүл мэндийн хичээл байдаг. Энэ хичээлийг сурган, сэтгэл судлал үзсэн хүн заах эрхтэй байдаг. Ямар ч хазайх юм байдаггүй. Байгаа бүх цагаа өгөөд байхад яагаад бага цалин аваад байгаа юм бэ? гэхээр ихэнх цагаа ороогүй үндэслэлээр бүтэн цалин аваагүй. Цагийн багш боловч илүү цалин авах боломжтой. Өөрөө багш хүн юм чинь өөрийн чаддаг авъяасаар хүүхдийг хөгжүүлэх төлөвлөгөөгөө барьж орж ирээд цагаа бичүүлж болдог эрх зүйн үндэслэл байдаг. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2-т зааснаар Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гаргасан  б/17, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гаргасан А/19 тоот тушаалуудыг хүчингүй болгож, Г.У г Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч байгууллагаас 2110592 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.У д олгож, нэхэмжлэлийн үлдэх 2689408 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч байгууллагаас 48719 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулахаар, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Шүрхүү гаргасан давж заалдах гомдолдоо:

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг хүлээн авч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн  б/17 болон 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гаргасан А/19 тоот тушаалууд Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн байна гэж үзсэн нь үндэслэлгүй. Уг тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1, Бага боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг баримталсан нь хууль зүйн үндэслэлтэй. Үүнд: Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/94 тоот захирамжаар тус сургуулийн сургалтын менежерийн орон тоог 1 байхаар тогтоосон тул Г.У г албан тушаалаас нь чөлөөлөхдөө Өвөрхангай аймгийн Боловсрол соёлын газрын дүгнэлт, багш, эцэг эхчүүдийн хүсэлт, түүний ажлын үзүүлэлт зэргийг харгалзан 2 менежерээс Г.У г сонгож ажлаас чөлөөлсөн. Ингэж чөлөөлөхдөө түүнийг багшийн ажилд томилсон боловч, мэргэжлийнх нь багшийн орон тоо байхгүй байсан тул цагийн багшаар томилсон. Энэ нөхцөл байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг зөрчөөгүй.

 Анхан шатны шүүх ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Энэ нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралд хандсан Г.У гийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өргөдөл, мөн 04 дүгээр сарын 11-ний өргөдөл, өмнөх шүүх хуралдаанд гэрч Бундхоролоос 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр сургуулийн захирал Г.У д ажлаас халагдсан тухай мэдэгдэл өгөхөд түүнийг авахгүй гарч явсан гэх мэдүүлэг. Г.У гийн өөрийн ...2017 оны 06 дугаар сарын 28-нд ээлжийн амралтын мэдэгдэл авъя гэж захирал дээр ороход нийгмийн ажилтан ирэхээр ажлаас халсан тухай мэдэгдэл аваарай гэхэд нь би хүлээлгүй явсан. Солонгос улс яваад 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ирсэн гэсэн мэдүүлэг. Мөн Г.У д албан бичиг явуулсан баримт /хх-ийн 34, 54х/ зэргээс үзэхэд Г.У  нь 2017 оны 06 дугаар сарын 28-нд ажлаас халагдсан мэдэгдлээ мэдсэн хэдий ч өөрөө хүлээж авахгүйгээр Солонгос явсан тул мэдэгдлийг гардуулан өгөх боломж гараагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Г.У  нь хариуцагч тус аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан “Ажлаас халсан хууль бус тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн гомдлын шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Х  нь 2017 оны 06 дугаар сарын 18, 06 дугаар сарын 28, 08 дугаар сарын 21-ний өдрүүдэд Г.У д бага боловсролын сургалтын менежерийн албан тушаалаас чөлөөлж багшийн ажилд шилжүүлж ажиллуулах тухай мэдэгдлийг тус тус өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч Г.У д албан ёсоор дээр дурдсан мэдэгдлийг өгсөн тухай баримт хэрэгт авагдаагүй.

2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Г.У д орон тоо хасагдсан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хариуцагч байгууллагаас өгсөн гэж тайлбарлаж байгаа мөртлөө тухайн өдөр Г.У г Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын сургалтын менежерийн албан үүргээс чөлөөлж багшийн ажилд шилжүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан журмыг зөрчсөн байна.

 Мөн нэхэмжлэгч Г.У г 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 6/17 дугаар тушаалаар Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн үндсэн багшаар ажиллуулахаар ажил олгогчоос шийдвэрлэсэн мөртлөө 08 дугаар сарын 22-ны өдөр түүнийг үндсэн багшийн ажлаас чөлөөлөлгүй сургалтын цаг хүрэлцэхгүй шалтгаанаар мөн өдрийн А/19 дугаар тушаалаар монгол хэл, уран зохиол судлаач, багшийн мэргэжилтэй Г.У г тус сургуульд түүх, биологийн хичээлийг заалгахаар цагийн багшаар ажиллуулсан нь буруу болжээ.

 Нэхэмжлэгч Г.У г орон тооны цомхотголоор ажлаас халсан тушаалд хуульд заасан журмыг баримтлаагүй гэж дүгнэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байна.

           Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, хариуцагчийн өмгөөлөгч Р.Шүрхүүгийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

           Тарагт сумын Ерөнхий боловсролын сургууль давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдөх учиртай хэдий ч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 118919 төгрөгийг төлсөн байх ба давж заалдах шатны шүүхээр хэргийг хэлэлцээд гомдлыг хангахгүй орхисон тул хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 118919 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 145/ШШ2018/00200 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Р.Шүрхүүгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургууль давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгийн хураамжинд төлсөн 118919 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                   ШҮҮГЧИД                              Т.ДАВААСҮРЭН

                                                                                   М.МӨНХДАВАА