| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2020/00321/И |
| Дугаар | 138/ШШ2020/00254 |
| Огноо | 2020-03-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 138/ШШ2020/00254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сум 7 дугаар баг, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овгийн *******ын Ариунболдын,
Хариуцагч Дорнод аймгийн ******* сум 2 дугаар баг, *******гийн ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овгийн ын өд холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 сарын 14-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Чинзориг, нэхэмжлэгч *******, хариуцагч Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2004 онд танилцаад 2005 оноос эхлэн хамт амьдарсан. Том хүү маань 2005 онд, бага хүү 2008 онд тус тус төрсөн, Том хүүгээ төрсний дараа 2006 онд гэрлэлтээ батлуулсан. 2015 оныг хүртэл бид хамт 10 жил амьдарсан. Гэр бүл салах шалтгаан нь бидний зан харьцаа, үзэл бодол таарахгүйн улмаас байнга шахуу хэрүүл маргаантай байдаг болсон бөгөөд сүүлдээ хүүхдүүдийнхээ хажууд хэрэлдэж муудалцах боломжгүй болсон. Ингээд бид ярилцаад салахаар шийдсэн бөгөөд тус тусдаа амьдраад 5 жил болж байна. Эхнэр маань өөр хүнтэй гэр бүл болж хоёр ч хүүхэд төрүүлсэн тул бид цаашид дахин хамт амьдрах боломжгүй болсон. Биднийг тус тусдаа амьдарсан цагаас хойш хоёр хүү маань миний асрамжинд хамтдаа амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдийг миний асрамжинд үлдэж өгнө үү. Хүүхдийн асрамжийн талаар бидэнд ямар нэгэн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2004 онд танилцаад 2005 оноос гэр бүл болсон ба 2006 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Энэ хугацаанд 2005 онд хүү , 2008 онд хүү нарыг төрүүлсэн. Бидний амьдралын эхний жилүүд сайхан байсан боловч сүүлийн жилүүдэд маш их хэрэлдэж муудалцаж, заримдаа бүр хүчирхийлэл хүртэл үйлдэгддэг болсон ба энэ байдал 2015 он хүртэл үргэлжилсэн. Бид хамт амьдрахдаа би дагавар хүүтэйгээ ирсэн бөгөөд хүүгээ аваад арга буюу гэрээсээ явсан. Хоёр хүүгээ авч явна гэхээр надад гэр орон байхгүй байсан тул аавд нь үлдээгээд явсан. 2017 онд бид эвлэрэх гэж үзсэн боловч урьдын байдал дахиад л үргэлжилсэн тул бид ярилцаад салахаар шийдсэн. Ингээд миний бие 2018 онд өөр хүнтэй гэр бүл болж хоёр хүүхэд төрүүлсэн, одоо жирэмсэн тул бид цаашид дахин хамт амьдрах боломжгүй болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйл байхгүй. Хоёр хүү маань зуны амралтаараа над дээр ирдэг, бид байнга холбоо харилцаатай байдаг. Хоёр хүүгээ эцгийнх нь асрамжинд үлдээнэ. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.өд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2004 онд танилцан гэр бүл болон хамт амьдарч 2006 оны 9 сарын 18-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний гэр бүлийн бүртгэлд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон байх ба тэдний дундаас хүү А. 2005 оны 8 сарын 16-ны өдөр, хүү А. 2008 оны 11 сарын 02-ны өдөр тус тус төрсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.
Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа зан харьцаа үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах, гэр бүлийн дотор байнгын хэрүүл маргаантай байдгаас тэдний харьцаа таарамжгүй болсны улмаас 2015 оноос эхлэн одоог хүртэл тус тусдаа амьдарсан, цаашид дахин хамт амьдрах хүсэлгүйн улмаас гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон, Б. нь өөр гэр бүлтэй болсон зэрэг нөхцөл байдлууд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болохоос гадна тэдэнд эвлэрүүлэх хугацаа олгож эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй, үр дүнд хүрэхгүй болох нь тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
Иймд Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авах тухай шаардлагыг хариуцагч эсэргүүцээгүй, хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг үндэслэн хүү А., А. нарыг эцэг *******ын асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус нэхэмжлэгч хариуцагч нарт мэдэгдэх нь зүйтэй юм.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, мөн тэд эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдаж, нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.өөс улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг/гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлага тус бүрд 70 200 төгрөг/-ийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ын Ариунболд, овгийн ын нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү А., А. нарыг эцэг *******ын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус нэхэмжлэгч, хариуцагч нарт мэдэгдсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгасугай.
5. Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг, мөн зохигч талууд гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Б.өөс улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН