Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 202/МА2018/00010

 

 

  2018            04              30                                             202/МА2018/00010

 

Г.Г-ын нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай  

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн  2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 137/ШШ2018/00067 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: Г-ын Г-  -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын НЭт холбогдох, 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болон урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулж, бичилт, баталгаажуулалт хийлгэх тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жы давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа  нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дорноговь аймагт 1994 оноос, Замын-Үүд сумын НЭт 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл чих, хамар хоолой, нүүр амны их эмчээр ажиллаж байсан бөгөөд ажиллаж  байх хугацаандаа ямар нэгэн мэргэжлийн болон ёс зүйн алдаа дутагдал гаргаж байгаагүй буюу сахилгын шийтгэл хүлээж байгаагүй юм. 2016.12.01-ний өдрөөс 2017.01.20-ны хооронд ээлжийн амралттай байж  байгаад үргэлжлүүлэн ар гэрийн шалтгаан буюу өөрийгөө эмнэлэгт үзүүлэх, эхнэр хүүхдээ асрах шаардлагатай байсан тул тухайн үед эмнэлгийн даргаар ажиллаж байсан Т.Сэргэлэнбатад амаар болон бичгээр хүсэлтээ гаргаж өгсөн бөгөөд тэрээр “зөвшөөрлөө, яв” гэсэн хариуг өгсөн. Үүний дагуу миний бие эхнэр, хүүхдээ харж байх хугацаандаа мэргэжлээ дээшлүүлэх зорилгоор БНСУ-д 2016.12.03-2017.02.28-ны өдрийн хугацаанд байж байгаад ирэхэд дараагийн дарга Р.Болдбаатар гэгч өмнөх даргын шийдвэрийг хууль бус гээд намайг амралтын хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлийн дагуу ажлаас халсан байсан. Энэ тушаал нь холбогдох МУ-ын хуулиудын заалт, хамтын гэрээг ноцтой зөрчсөн, надад болон харъяалагдах ҮЭХ-нд урьдчилан мэдэгдээгүй, ажлын байрыг хүлээлцэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь албан тушаалаа урвуулан хэтрүүлж ашигласан ба одоог хүртэл жирийн эмч намайг хохироосоор байна. Уг тушаалыг 2017.03.16-ны өдөр гардаж авсан бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй тул миний ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойшхи анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал цалин 4 сарын нийлбэр 2539648 төгрөг, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулж, бичилт, баталгаажуулалт хийлгэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч Г.Г- 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэхэмжлэхдээ: Нэхэмжлэлийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн үнийн дүнг 2017 оны 7, 8, 9-р сарын цалин хөлс болох 1904736 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 5079296 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхээр хүсэлт гаргаж байна гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лодоншарав шүүхэд гаргасан тайлбартаа: Гантулгын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэ хүн тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа ажил цалгардуулж, ямар нэгэн байдлаар тус эмнэлэгт ажиллах хүсэл эрмэлзлэл байхгүй, тус байгууллагаас ямар нэгэн шалтаг тоочиж чөлөө хүссэн нэрийдлээр сул цалин авч сүүлийн 2015 оноос хойш ажил хийлгүй ирсэн гэжээ. 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г- нь 2014 оны 09 сараас хойш энэ эмнэлэгт ажиллаагүй. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг дуусгаад 19-ний өдөр ажилдаа орох байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, чөлөө авалгүйгээр ажилдаа оролгүй байж байгаад 2017 оны 03 сарын 16-ны өдөр ирсэн. Г- нь эмнэлгийн хуучин дарга Т.Сэргэлэнбатаас чөлөө авсан гэдэг боловч байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.4-т заасан “ажилтан өөрийн хүсэл бодлоо байгууллагын удирдлагад үнэн зөвөөр, ил тод, шударга, ёс зүйтэй, чөлөөтэй, баримт нотолгоотой бичгээр илэрхийлж, хуулийн дагуу шийдвэрлүүлэх” заалтыг зөрчиж, чөлөө хүссэн өргөдөл биччихээд л яваад өгсөн. Г- нь дээрх гэрээний 7.5-д зааснаар захиргааны чөлөө авалгүйгээр 2-оос дээш хоног ажил тасалсан тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, энэ талаар өөрт нь мэдэгдэх гэсэн боловч холбогдож чадаагүй учраас ар гэрт нь мэдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл Гантулгыг үндэслэлгүйгээр ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Г- нь урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Гантулгын ажилгүй байсан хугацааны цалин 4444384 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Г- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, 

Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ж давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүхээс уг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлсэнээс болж нэхэмжлэгч Гантулгын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой эрхийн асуудал хохирсон хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн даргын 2017.01.23-ныөдрийн Б/26 дугаартай тушаалаар Гантулгыг ажлаас чөлөөлөхдөө 2016 оны Б/107 тоот тушаалаар олгогдсон чөлөөний хугацаа дууссан гэдэг ба гэтэл энэ нь хавтаст хэргийн 191 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримт болох ДГА-ийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн даргын 2016.10.01-ний өдрийн Б/107 тоот тушаалаар Г-д 2016.10.01-ээс эхлэн 3 сарын цалингүй чөлөө олгосон болох нь нотлогдож улмаар энэхүү тушаалын давхар нотолгоо болох Гантулгын сургалтанд хамрагдсан болохыг нотолсон хэргийн 193, 194 дүгээр хуудсанд авагдсан албан тоот бичгүүд зэрэг баримтуудаар тэрээр 2016.10.01-ээс эхлэн 3 сарын хугацаатайгаар сургалтанд хамрагдаж дээрхи тушаалд дурдагдсан чөлөөний хугацаа дуусаагүй буюу түүний чөлөөний хугацаа 2017.01.01-ний өдрөөр дуусгавар болж үргэлжлүүлэн уг оны ээлжийн амралтын хугацаа нь тооцогдоход түүнийг 2017.01.19-ний өдөр  ажилдаа орох байсан хэмээн үзэх хууль зүйн ямар ч бодит үндэслэл нотлогдон тогтоогдох боломжгүй болохыг анхаарч үзэх нь чухал юм. Гэтэл анхан шатны шүүхээс эдгээр нотлох баримтуудыг харьцуулан судалж дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна. Эдгээр нотлох баримтуудаар Гантулгыг  хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг зөрчиж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил буюу ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан хэмээн үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Б давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбар болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г- нь ерөнхийдөө 2015 оны 01 дүгээр сараас хойш тус эмнэлэгт ажиллаагүй бөгөөд энэ хугацаанд суралцах, эсвэл ямар нэгэн шалтгаанаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөө авах зэргээр огт ажил хийгээгүй явсаар хамгийн сүүлд 2016.10.01-ний өдрийн Б/107 тоот тушаалаар 3 сарын хугацаагаар мэргэжил дээшлүүлж суралцахаар цалингүй чөлөө авсан байдаг. Энэ суралцаж байх хугацаандаа ээлжийн амралтаа тус ондоо эдэлсэн бөгөөд 2017.01.19-ний өдөр ажилдаа орох байсан. Гэтэл ажилдаа ирээгүй. 2017.01.19-ний өдрөөс эхлэн 23-ны өдөр хүртэл утас руу нв залгахад утас нь холбогдохгүй байсан тул ажлаас халах тушаал гаргасан. Ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй. 1 сарын 19-нд ажилдаа орох байснаа Г- мэдэж байсан нь 2016.11.30-нд гаргасан чөлөө олгож өгнө үү гэсэн хүсэлтээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч Г- нь суралцаж байх хугацаандаа ээлжийн амралтаа эдэлсэн бөгөөд ээлжийн амралт дуусч ажилдаа 2017.01.19-ний өдөр орох байтал шалтгаангүйгээр ажлаа тасалж 2017.02.15-ны өдөр НЭт хүрэлцэн ирсэн нь нэхэмжлэгчээс шүүхэд гарган өгсөн нэхэмжлэлд дурдагдсан байдаг. Иймд байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ ноцтойгоор зөрчсөн Гантулгыг ажлаас чөлөөлсөн 2017.01.23-ны өдрийн Б/26 тоот тушаал шийдвэр нь үндэслэлтэй юм. Иймд анхан  шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Г- нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын НЭт холбогдуулан тус эмнэлгийн чих хамар хоолойн их эмчийн ажлаас буруу халсан болохыг тогтоолгож, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажлаас буруу халсан үеийн олговорт 2539648 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулж бичилт, баталгаажуулалт хийлгүүлэхээр нэхэмжилж /гомдол/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, харин ажлаас буруу халсан үеийн олговорт нийт 5079296 төгрөг гаргуулахаар буюу нэхэмжлэлийн шаардлагаа нийт 1904736 төгрөгөөр нэмэгдүүлж өөрчилсөн боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажлаас буруу халсан үеийн олговорт нийт 4444384 төгрөг нэхэмжилжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын НЭ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Г.Г-д захиргааны чөлөө олгоогүй, ээлжийн амралтын хугацаа хэтрүүлж ажил тасалсан зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар түүний ажилгүй байсан хугацааны цалин 4444384 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж эс зөвшөөрч  “нотлох баримтуудыг харьцуулан судалж дүгнэлт хийгээгүй, ... хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил буюу ажил тасалсан зөрчил гаргаагүй” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ. 

Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байх шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Нэхэмжлэгч Г.Гантулгыг хариуцагч  буюу ажил олгогч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/26 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг үндэслэн  “... эмнэлгийн даргын 2016 оны Б/107 тоот тушаалаар олгогдсон чөлөөний хугацааг хэтрүүлсэн, ажлын байрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр орхигдуулсан” буюу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ. 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажлаас буруу халсан тухай гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар болон мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил” гэдгийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Г.Гантулгыг байгууллагын дотоод журамд 10.3.1 “Захиргааны чөлөөг зөвхөн байгууллагын даргын шийдвэрээр олгох ба бусад тохиолдолд хүчингүй”, 10.3.3 “ Ажилтан чөлөө хүссэн өргөдлөө байгууллагын даргад гаргаж, албан ёсоор цохуулан зөвшөөрөгдсөн тохиолдолд ... чөлөө олгогдсонд тооцно” гэж заасны дагуу чөлөө олгох хүсэлтийг шийдвэрлүүлээгүй буюу  Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3, 6.9, 7 дугаар зүйлийн 7.2, 7.5-д  хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тус тус нэрлэн заасан “ээлжийн амралтын хугацааг хэтрүүлэн 2 хоногоос захиргааны чөлөөгүйгээр ажил таслах, ...баримтгүйгээр 2-оос дээш хоног ажил таслах” тухай ноцтой зөрчлийг гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. 

Тодруулбал хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.Г- нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/107 тоот тушаалаар /хх-191/ Улаанбаатар хотод мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах үндэслэлээр 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд чөлөөтэй байсан ба тэрээр энэхүү хугацаа дуусаагүй байхад 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажлын нийт 34 хоногийн хугацаагаар амрах тухай ээлжийн амралтын мэдэгдэх хуудсыг /хх-199/ хүлээн авч, ийнхүү ээлжийн амралтаа эдэлсэн байна. 

Эндээс дүгнэж үзвэл нэхэмжлэгч Г.Г- нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд чөлөөтэй байсан боловч энэхүү чөлөөг бүрэн эдлээгүй буюу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа эдэлж эхэлсэн төдийгүй тэрээр 2016 оны оны 12 дугаар сарын 03-ны өдөр БНСУ-д хувийн ажлаар зорчиж 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ирсэн болох нь зохигчдын тайлбар болон Хил хамгаалах Ерөнхий газрын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 7/864 тоот албан бичгээр /хх-14/ тогтоогдсон байх тул түүнийг 2016 оны 12 дугаар сарын 01-нээс хойш  хугацаанд чөлөөтэй байсан гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар”-ын 10-д зааснаар “Ээлжийн амралтын үргэлжлэх хугацаанд ... ажил олгогчоос албан ёсны чөлөөтэй байсан хугацааг оруулахгүй” хэдий ч нэхэмжлэгч Г.Г- нь ээлжийн амралтын хугацаанд заасан сургалтанд бүрэн хамрагдаагүй, ээлжийн амралтаа бүрэн эдэлсэн болох нь тогтоогдсон тул түүнийг ээлжийн амралтын үргэлжлэх хугацаанд чөлөөтэй байсан гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч талаас 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд “ажлын байрны дагалдах сургалт”-д хамрагдсан гэж Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмнэлзүй эрхэлсэн захирал Д.Чулуунбаатарын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2/1040 тоот албан бичиг /хх-193/, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн сургалтын албаны 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 19 тоот албан бичиг /хх-194/ зэрэг нотлох баримтыг үндэслэжээ.

Гэтэл энэхүү 2/1040 тоот албан бичиг нь тухайн сургалт эхэлсэнээс хойш хугацаанд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаанд ирсний гадна энэ нь зөвхөн нэхэмжлэгч Г.Г-д хамраалтай гэх үндэслэлгүй, мөн 19 тоот албан бичиг нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үйлдэгдсэн атлаа 2017 оны 01 дүгээр сарын 03 хүртэл сургалтанд хамрагдаж байгаа гэсэн нь ойлгомжгүй төдийгүй зохигчдын тайлбар болон Хил хамгаалах Ерөнхий газрын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 7/864 тоот албан бичгээр /хх-14/ нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр БНСУ-д зорчсон нь тогтоогдсон байх тул Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2/1040, 19 тоот албан бичгүүд нь нэхэмжлэгчийг ээлжийн амралтын хугацаанд сургалтанд хамрагдсан болохыг нотлоогүй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч Г.Г- нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “...ээлжийн амралтын хугацаанаас цааш 1 сарын хугацаатай...” чөлөө хүссэн хүсэлтийг байгууллагын захиргаанд гаргасан боловч хүсэлтийг хууль болон байгууллагын дотоод журмын 10.3.1 “Захиргааны чөлөөг зөвхөн байгууллагын даргын шийдвэрээр олгох ба бусад тохиолдолд хүчингүй”, 10.3.3 “ Ажилтан чөлөө хүссэн өргөдлөө байгууллагын даргад гаргаж, албан ёсоор цохуулан зөвшөөрөгдсөн тохиолдолд ... чөлөө олгогдсонд тооцно” гэж заасан журмын дагуу шийдвэрлүүлээгүй, түүнд чөлөө олгох шийдвэр гараагүйн гадна зохигчдын тайлбар болон  гэрч Т.Сэргэлэнбатын мэдүүлэг /хх-64/  зэрэг нотлох баримтаар түүнийг ээлжийн амралт дууссанаас хойш хугацаанд албан ёсны чөлөөтэй байсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Дээр дурдсанаас үзвэл нэхэмжлэгч Г.Г- нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд ажлын нийт 34 хоногийн хугацаанд ээлжийн амралт эдэлж, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ажилдаа орох байсан боловч ирээгүй  тул түүнийг 2017 оны 01 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд буюу 2 хоног ажил тасалсан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд нэхэмжлэгч Г.Гантулгыг ажил тасалсан сахилгын зөрчлийг гаргаагүй, ээлжийн амралтын хугацаанаас үргэлжлүүлэн чөлөөтэй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жы давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн  2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 137/ШШ2018/00067 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жы давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                     Г.ТЭГШСУУРЬ 

                                                                                     Х.БАЙГАЛМАА