Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 32

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч С.Оюунчимэг, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Б.Мөнхзаяа,

Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

            Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,

            Хохирогч Д.Энхбаатар

            Гэрч П.Амарсанаа

            Шүүгдэгч Д.Болорцэцэг, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Болорцэцэгийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625022552 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, хүүгийн хамт Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Туулын 13-14 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Сүмбэр овгийн Доржсайханы Болорцэцэг /регистрийн дугаар УБ90071700/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Болорцэцэг нь 2016 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчим бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах явцдаа зэвсгийн чанартай зүйл болох пивоны шил, чулуу зэргээр иргэн Д.Энхбаатарын толгойн тус газарт цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Болорцэцэг шүүх хуралдаанд “...2016 оны 10 дугаар сарын 04-ний шөнө найз охинтойгоо хамт Модны 2-ын паабад суугаад 1, 2 пиво уугаад гарсан. Таксинд суухдаа би бүтэн шил пиво бариад суусан. Тэгээд Хүнсний 4 орох замдаа өвөр дээрээ пивоо асгасан. Тэгээд би хохирогчоос уучлалт гуйсан. Таксинаас буух гээд би цүнхнээсээ таксины мөнгөө гаргаж байхад манай найз охин баруун талын хаалгаар пивоны шилээ бариад буусан. Хохирогч “4000 төгрөг гарсан” гэхэд би “яагаад тийм их гардаг юм, 3.000 төгрөг л гарах ёстой” гээд маргаад зүүн талын хаалгаар буугаад таксиных нь хойгуур нь гарах гэхэд хохирогч хойшоо ухраад над руу ойртоод байхаар нь “хойно чинь хүн байна” гээд машины бөгсөн дээр нь 2 удаа цохисон. Тэгээд хохирогч бууж ирээд миний хөл рүү өшиглөөд намайг хавсарч унагаагаад дээр гарсан. Тухайн үед хохирогч намайг элдвээр хэлээд байсан. Манай найз охин хохирогчийг “боль, чи яах гээд эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм, цагдаа дуудлаа” гээд хажууд байсан 2 давхар барилга руу орсон. Тэр хооронд би хохирогчийг “дээрээс бос” гэхэд босож өгөхгүй байсан. Хохирогч намайг хавсарч унагаахад миний гарт байсан утасны дэлгэц хагарсан. Цүнх задраад дотор байсан хамаг юм маань гарсан...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 4-нд шилжих шөнө найз Мөнхжаргалын хамт Баянгол дүүргийн модны хоёрын паабад сууж пиво ууж байгаад 03 цагийн үед гараад модны хоёрын замаас такси бариад Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хажуу талд буусан. Буух үед таксины мөнгө 8000 төгрөг нэхээд байхаар нь “3.4 км гарсан байхад яагаад их мөнгө нэхээд байгаа юм бэ?” гэж хэлээд таксины мөнгө 5000 төгрөг өгөх үед бид хоёрыг янхан,  архичин гэж хэлээд байсан. Тэгээд буухдаа машины хаалгыг саваад буусан чинь ухарч гарахдаа миний зүүн хөлийг шүргэхээр нь машины хойд талын хэсэг дээр нь зүүн гараараа нэг удаа цохисон чинь таксины жолооч нь хавсарч унагаад дээр гараад суусан. Тэгээд миний нүүр ам хэсэг рүү цохиод байхаар нь би өөрийн биеийг хамгаалж хумсаараа маажсан. Бид хоёр маргалдаж байх үед манай найз Мөнхжаргал цагдаад дуудлага өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-23, 50, 52/,

 

Хохирогч Д.Энхбаатарын “…Би 2016 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 04:00 цагийн үед Баянгол дүүргийн модны хоёрын замаас үл таних 2 эмэгтэйг таксинд авсан чинь “Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр орно” гэж хэлэхээр нь явж байх үед хоёр үл таних эмэгтэйн өндөр, унжсан хамартай /Болорцэцэг/ нь хойд суудал дээр пиво асгахаар нь би "дараа нь хүн сууна ш дээ" гэсэн чинь хамт явж байсан намхан, махлаг биетэй, бор царайтай /Э.Мөнхжаргал/ нь "зүгээрээ жоохон асгасан” гэсэн. Би тэгээд жоохон асгасан юм байх гэж бодоод чимээгүй өнгөрөөсөн. Тэгээд хүнсний 4 дүгээр дэлгүүр дээр очоод таксины мөнгө 4.000 төгрөгийг намхан, махлаг биетэй, бор царайтайгаас /Э.Мөнхжаргал/ нь авсан. Тэгээд буух гэж байхдаа Болорцэцэг нь “суудал дээр чинь пиво асгасан зүгээр биз дээ” гэсэн. Би тухайн үед таксины мөнгө тоолж байх үедээ “зүгээрээ” гэж хэлсэн чинь дахиад “хөөе зүгээр биз дээ” гэж асуусан. Би тэгээд эргэж хараад “зүгээрээ” гэсэн чинь “тэгээд юундаа ярвайгаад байгаа юм бэ, шалдан банди минь” гэж хэлсэн. Тэр үед хамт явж байсан намхан. махлаг биетэй, бор царайтай /Э.Мөнхжаргал/ эмэгтэй буугаад Болорцэцэгийн буух хаалганы гадна талаас хаалга онгойлгоод Болорцэцэгийг түшээд буулгасан. Тэр үед миний машины зүүн гар талд Болорцэцэг. Мөнхжаргал хоёр зогсож байсан. …Тэгээд ар тийшээ эргэж харах үед миний машины ар талд Болорцэцэг нь зогсож байхаар нь машинаа тормослоод зогссон чинь эргэж хараад “чи намайг мөргөх гэлээ” гэж хэлээд миний машины ар талаас 2 удаа өшиглөсөн. Би тэгээд машинаасаа буугаад “яаж байгаа юм бэ” гэж хэлээд өшиглөсөн газар нь хараад буцаад харсан чинь миний зүүн шанаа орчим пивоны шилээр нэг удаа цохиод арагшаа ухраад пивоны шилээр далайх үед нь би тэвэрч аваад унагаагаад Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ингээд байж байсан чинь Болорцэцэг нь “шээс хүрээд байна” гэсэн, хажуу талаас нөгөө хамт явж байсан найз Э.Мөнхжаргал нь “одоо зүгээр байхаа, одоо босгочих” гэж хэлэхээр нь босоод байж байх үед “чи муу яагаад миний дээр суудаг юм бэ” гэж хэлээд байсан. Тэр үед миний утас дуугараад дуудлагыг нь авч байхад нүдний буланд тонгойж байгаа харагдсан. Би тэгээд утсаар ярьж байх үед миний хажуу талаас миний духан дээр нэг удаа чулуугаар цохисон. Тэгээд дахиад дайраад байхаар нь тэвэрч аваад дараад унагаасан. ...Болорцэцэг нь баруун гартаа пивоны шил барьж байгаад зүүн шанаанд нэг удаа цохисон, духанд чулуугаар нэг удаа цохисон. Миний хүзүүг нэг удаа маажсан. ...Пивоны шилээр цохиод, дахиад пивоны шилээр далайгаад байсан учраас дээрээс нь дарж суусан. Өөр нөхцөл байдлаар зогсоох боломжгүй байсан. Эхний удаа дарахад Болорцэцэг "босъё, шээс хүрээд байна" гэхээр нь босгосон чинь дахиад чулуугаар цохисон. ...Намайг “шалдан банди, хол явж боовоо саа” гэх мэтээр доромжлоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-10, 11, 45/,

түүний шүүх хуралдаанд хохирогчоор өгсөн “…2016 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 4 цагийн үед Модны 2-оос 2 эмэгтэйг аваад Хүнсний 4 рүү хүргэх үед пиво асгачихлаа гэсэн. Тэгээд би дараа нь хүн сууна шдээ гэхэд зүгээр жоохон асгасан гэсэн. Тэгээд Черри гэдэг дэлгүүрийн дундуур ороод 2 давхар буудлын үүдэнд зогсоод 4.000 төгрөг гэхэд шүүгдэгчтэй хамт явсан хүн надад 4.000 төгрөг өгөөд буусан. Шүүгдэгч суудал дээр чинь пиво асгачихлаа зүгээр биз дээ гэхээр нь би мөнгийг нь тоолонгоо зүгээр гэсэн. Тэгээд юундаа ярвагнаад байгаа юм шалдан банди минь гэхэд зүүн талын хаалгаар шүүгдэгчийн найз нь ирж буулгасан. Тэгээд би ухарч гарах гэхэд шүүгдэгч миний машин руу 2 удаа жийсэн. Тэгээд би буугаад чи яаж байгаа юм бэ гэхэд чи намайг мөргөсөн гэж хэлэхэд нь би жийсэн газар руу нь харж байхад шүүгдэгч намайг пивоны шилээрэй цохисон. Тэгээд би дарж унагаагаад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд байж байхад шүүгдэгч миний давсаг дээр дарчихлаа миний шээс хүрээд байна гэхээр нь би зогсоод байж байхад хохирогчийн найз нь миний цусыг арчиж өгөөд зогсож байсан. Тухайн үед миний утас дугараад цагдаа залгаад дуудлага өгсөн үү гэж байхад шүүгдэгч намайг чулуугаар цохихоор нь би дахиж дарж унагаасан. Шүүгдэгч сая хэлэхдээ миний тохой дээр дарсан гэж байгаа. Тэр нь 2 гараас нь барьж байхад миний гарыг хумслаад байсан учир би тэгж дарсан. Тэгээд хүзүү маажаад байсан. Би найзыгаа дуудахад манай найзтай хамт явж байсан 2 залуу ирсэн. Тэгээд манай найз цагдаа дуудсан…” гэв,

 

Гэрч П.Амарсанаагийн “…2016 оны 10 дугаар сарын 03-ны шөнө би таксинд явж манай найз Энхбаатар над руу залгаад “яаралтай Черри дэлгүүрийн урд талаар эргээд ороод ир, би энд зогсож байна” гэж ярьсан. …тэгээд би Черри дэлгүүрийн урд талаар ороод хотын түргэн тусламжийн авто баазын урд талд манай найз Энхбаатар нь машиныхаа аваарын гэрлийг асаасан хажууд нь нэг үл таних эмэгтэйн хоёр гарыг бариад дээр нь гараад суусан байсан. Намайг харах үед Энхбаатарын нүүр нь хоёр хацрын аль нэгэн дээр нь зүсэгдсэн, дух нь бас шарх болсон байдалтай байсан. Тэгээд би “яасан юм” гэж асуусан чинь “энэ хүүхэн машин дотор пиво асгачихлаа, намайг зүгээр үү гэж хэлэхээр нь би зүгээр гэсэн чинь “чи юундаа ярвайгаад байгаа юм бэ” гэж хэлээд буусан хойноо машин өшиглөсөн” гэж Энхбаатар нь хэлсэн. Тэгээд “наад нүүр амаа яасан юм бэ” гэж асуусан чинь “энэ хүүхэн чинь машинаас буусан хойноо машин өшиглөхөөр нь буугаад харах үед ууж байсан пивоны шилээр миний нүүр лүү цохисон” гэж хэлсэн. Одоо тэгээд “наадах чинь чамайг дахиад цохьчих юм биш босгочихгүй юу” гэсэн чинь “би түрүүн дарчихсан байж байгаад босгосон чинь дахиад намайг чулуугаар цохьчихлоо” гэж хэлсэн. ...Маргаан болсон гэх газар чулуу болон пиво байсан. Намайг очих үед даруулсан байсан эмэгтэйн найз нь бас пиво барьсан зогсож байсан. Би аль хацрыг нь сайн санахгүй байна. Аль нэг хацраас нь цус гарсан, духнаас нь цус гарсан байдалтай байсан…” гэсэн мэдүүлэг /хх-48/,

Гэрч Н.Цэрэнбатын “…намайг дуудлагаар очих үед 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн байсан бөгөөд нэг эрэгтэйн толгойноос цус гарсан, нөгөө хоёр эмэгтэйтэйгээ хэрэлдээд байсан…” гэсэн мэдүүлэг /хх-47/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №13760 тоот актын “...Энхбаатарын биед дух, зүүн хацрын төвгөрийн шарх, зүүн дээд зовхи, зүүн хацрын өнгөц шарх, хүзүү, баруун гарын сарвууны зулгаралт тогтоогдлоо.. …Дээрх гэмтэл хатуу мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-16/,

 

Шүүгдэгч Д.Болорцэцэгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгаж хуудас /хх-28/, сэжигтэн, яллагдагчийн хүүхдийг харгалзан дэмжих, эд хөрөнгийг хамгаалах тогтоол /хх-44/, шинжээч эмчийг байцаасан тэмдэглэл /хх-17, 49/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Д.Болорцэцэг нь 2016 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчим бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах явцдаа пивоны шил, чулуу зэргийг зэвсгийн чанартай зүйл болгон хэрэглэж иргэн Д.Энхбаатарын бие махбодид “…дух, зүүн хацрын төвгөрийн шарх, зүүн дээд зовхи, зүүн хацрын өнгөц шарх, хүзүү, баруун гарын сарвууны зулгаралт…” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Д.Энхбаатар, гэрч П.Амарсанаа, Н.Цэрэнбат нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹13760 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Д.Болорцэцэгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна.

 

Хэрэгт шалгавал зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Д.Болорцэцэгийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

 Хохирогч Д.Энхбаатар энэ хэрэгтэй холбогдуулан ямар нэг нэхэмжлэл гаргаагүй бөгөөд тэрээр шүүх хуралдаанд “…гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн тул шүүгдэгч Д.Болорцэцэгийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Болорцэцэгийн согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, харин үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, бага насны хүүхэдтэй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 

Шүүгдэгч Д.Болорцэцэг нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.Болорцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах зүйтэй гэж үзлээ.

 

Мөн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Сэжигтэн, яллагдагчийн хүүхдийг харгалзан дэмжих, эд хөрөнгө хамгаалах” тогтоолоор 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Болорцэцэгийн Энхрийшагайг түүний эх Д.Болорцэцэгийн төрсөн эгч Д.Болорсайханд харгалзан дэмжүүлэхээр хүлээлгэн өгсөн байх бөгөөд бага насны Б.Энхрийшагайн асран хамгаалах, харгалзан дэмжих асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдэд заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Болорцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1.Шүүгдэгч Сүмбэр овогт Доржсайханы Болорцэцэгийг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Доржсайханы Болорцэцэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Д.Болорцэцэгийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн 201625022552 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Болорцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

 

            5.Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Болорцэцэгийн бага насны хүү Б.Энхрийшагайг Д.Болорсайханы асрамжид үлдээж, Д.Болорсайхан нь шаардлагатай гэж үзвэл асран хамгаалах, харгалзан дэмжих асуудлыг Баянзүрх дүүргийн Засаг дарга тамгын газарт хандаж шийдвэрлүүлэхийг дурьдсугай.   

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, ялтан Д.Болорцэцэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.Болорцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР

 

                  ШҮҮГЧИД                                     Б.ДУЛАМСҮРЭН

 

С.ОЮУНЧИМЭГ