Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2025/0629

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Б.Адъяасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Б.Буянбадрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Октябрь, Э.Жавхланбаатар нар

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Татварын ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын дарга Ч.Ч 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дугаартай “Б.Б-ийн татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлэх тухай” тухай тушаалыг хүчингүй болгож, Б.Б намайг Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргаар эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, Татварын ерөнхий газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/** дугаартай “Б.Бд сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаал нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ий өдрийн 0546 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, Ц.Т, Ч.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Ө

Хэргийн индекс: 128/********************

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Бэс Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан “Татварын ерөнхий газрын дарга Ч.Ч 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дугаартай “Б.Б-ийн татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлэх тухай” тухай тушаалыг хүчингүй болгож, Б.Б намайг Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргаар эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, Татварын ерөнхий газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/** дугаартай “Б.Бд сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаал нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 0546 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, 47.2, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 60 дугаар зүйлийн 60.1, 60.1.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бэс Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын дарга нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дугаар тушаалыг хүчингүй болгож, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/** дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Б.Бат-Эрдэнийг Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилж,

Шийдвэрийн 2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан Б.Б-ийн ажилгүй байсан 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх цалин хөлсийг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2025/0546 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, Шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заасан Захиргааны ерөнхий хуулийн ... “46 дугаар зүйлийн 46.2” гэснийг “37 дугаар зүйлийн 37.6” гэж. Тогтоох хэсгийн 2-т заасан “2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл” гэснийг “2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл” гэж өөрчлүүлэх. Шийдвэрт тусгагдсан маргаан бүхий 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/240 дугаартай тушаалыг хүчингүй болгосон хууль зүйн үндэслэлийн талаар болон ажилгүй байсан хугацааны цалинг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгасан хугацааг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Шийдвэрт нэхэмжлэгч надаас гаргасан хариуцагч Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимэдсүрэн хууль хяналтын байгууллагын шийдвэргүйгээр Б.Б миний улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлж, хууль түүнд нийцүүлэн гаргасан журмыг зөрчсөн гэх тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулж, Б.Б надад холбогдуулан шалгаж байсан эрүүгийн хэрэг нь гэмт хэсгийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тус маргаан бүхий актыг хүчингүй болгох ёстой байсан гэж үзсэн байдаг. Татварын ерөнхий газрын даргад Улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлэх эрх хуулийн хүрээнд олгогдсон байж болно. Гэхдээ энэ бол дур зоргын асуудал байж болохгүй. Татварын ерөнхий газрын даргад эрх олгогдсон байлаа гээд хүссэн ажилтан, албан хаагчдын Улсын байцаагчийн эрхийг үндэслэлгүйгээр түдгэлзүүлээд байж болохгүй. Үүнд тодорхой зохицуулалт шаардлагатай бөгөөд энэхүү зохицуулалт нь ч Татварын албаны хүний нөөц бүрдүүлэлтийн журамд тодорхой тусгагдсан. Тухайн тушаалыг гарах үед Б.Б намайг Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж болохгүй, Б.Б-ийн ажлыг түдгэлзүүлж гэх хууль хяналтын байгууллагын шийдвэр огт байхгүй байсан нь тогтоогдож байгаа. Намайг үндэслэлгүйгээр холбогдуулан шалгаж байсан хуулийн этгээд нь Нийслэлийн татварын газарт харьяалагддаггүй, хяналт шалгалтаар орж байгаагүй хуулийн этгээд байсан.

 

3.2. Татварын ерөнхий газрын дарга нь ашиг сонирхлын зөрчил үүсэж магадгүй гэж үзээд, бодоод, таамаглаад, журамд заагаагүй үндэслэлээр, хууль бус, эрх зүйн үндэслэлгүй тушаал гаргаж, үүнийг нь анхан шатны шүүхийн зөв зүйтэй тушаал гарсан байна, харин эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон тул тухайн үеэс хүчингүй болох ёстой байж гэж үзээд байна вэ, яагаад Монгол улсын иргэн Б.Б үндэслэлгүй, гэмт хэргийн шинжгүй хэрэгт холбогдон шалгагдсанаас болоод ажлаасаа чөлөөлөгдөх, Улсын байцаагчийн эрхээ хязгаарлуулах, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс тухайн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болсон шийдвэр нь гарах хүртэл ажилгүй, цалингүй, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалгүй байх ёстой гэж үзсэнийг ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Татварын ерөнхий газрын дарга Ч.Ч 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дугаартай “Б.Б-ийн татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлэх тухай” тушаал нь тушаал гарах үеэсээ эрх зүйн зөрчилтэй, Татварын албаны хүний нөөц бүрдүүлэлтийн журмын 8.2.4-д заасан “хууль хяналтын байгууллагын шийдвэрийг үндэслэн” тушаал гаргана гэх заалтыг зөрчсөн хууль бус захиргааны акт байх тул  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2025/**** дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, Шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заасан Захиргааны ерөнхий хуулийн ... “46 дугаар зүйлийн 46.2” гэснийг “37 дугаар зүйлийн 37.6” гэж. Тогтоох хэсгийн 2-т заасан “2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл” гэснийг “2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл” гэж өөрчилж өгнө үү” гэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

4.1. Татварын ерөнхийн газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дугаар татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлсэн тушаал нь нэхэмжлэгчийг “хахууль авах” гэмт хэрэгт холбогдуулан шалгагдаж, яллагдагчаар татагдсан нөхцөл байдлыг харгалзан томилох эрх бүхий этгээдийн эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий шийдвэр. Мөн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэгтгэх асуудал нь зөвхөн нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийн хүрээнд хэрэгждэг тул дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэгдэж буй нь хэрэг нэгтгэх ойлголтод хамаарахгүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн гэх шаардлагыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хууль ёсны байдалд нөлөөлсөн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Татварын ерөнхий газрын Б/** дугаар тушаалыг илт хууль бус гэж дүгнэхдээ А/*** дугаар тушаалтай холбон тайлбарлаж, захиргааны актын нэмэлт зохицуулалт буюу эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж буй нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд хариуцагчийг ямар ч тушаал гаргахгүй байх ёстой байсан гэж үзсэн нь үндэслэлгүй.

 

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.9 дэх хэсэгт заасан эрх зүйн хамгаалалт нь сахилгын зөрчил гаргаагүй, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан албан хаагчид хэрэгжих боломжтой ба хариуцагч нь нэхэмжлэгчийг эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж буй нөхцөл байдлаас нь шалтгаалж сахилгын шийтгэл оногдуулаагүй. Харин түүнийг ажил үүрэг түдгэлзээгүй, хэвийн хэрэгжиж байх хугацаа буюу 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд үйлдэгдсэн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлээгүй зөрчилд хариуцлага тооцож, хууль хэрэгжүүлсэн явдал юм. Б.Бд холбогдох авлига албан тушаалын гэмт хэрэг нь прокурорын тогтоол шийдвэрээр хэрэгсэхгүй болсныг өнөөдрийг хүртэл Татварын ерөнхийн газрын дарга мэдээгүй, энэ талаар Татварын ерөнхий газарт тогтоол шийдвэр ирээгүй байгаа бөгөөд мэдээгүй, мэдэх боломжгүй зүйлийг мэдсэн мөртлөө шийдвэрээ засахгүй байгаа мэтээр дүгнэн буруутгах боломжгүй юм. Мөн Б.Бд холбогдох эрүүгийн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн прокурорын тогтоол нь 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр буюу түүнийг ажлаас нь халсан 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/** дугаар тушаал гарснаас хойш даруй 126 хоногийн дараа гарсан байдаг бөгөөд төрийн захиргааны байгууллагыг хууль дээдлэх, хуульд үндэслэх зарчим баримтлан эрх үүргээ хэрэгжүүлсэн байдлыг үгүйсгэх, тодруулбал түүний хэрэг шийдвэрлэх хүртэл хууль тогтоомжийг зөрчсөн үйлдлийг шийдвэрлэхгүй байх, ямарваа нэг түүний буруутай үйлдлийг хянан шалгах, шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх ёстой мэтээр дүгнэж буйг зөвтгөх үндэслэлгүй байна.

 

4.3. Б.Б-ийн ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаагүй, ээлжийн амралтын мэдэгдэл олгоогүй байхад ээлжийн амралт эдэлсэн гэх хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан “Нийслэлийн татварын газрын ажлын дотоод журам, хэрэгжилт, ажлын цаг бүртгэл, цалин хөлсний тооцооллын үйл ажиллагааг хяналт, арга зүйгээр хангах удирдамж”-ийн дагуу тус газрын Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын хэрэгжүүлсэн хяналт шалгалтаар ирүүлсний үндсэн дээр хариуцлага хүлээлгэсэн. Хэрэв анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн хариуцагч хууль хэрэгжүүлэх үүргээ ч мөн түдгэлзүүлэх ёстой байсан гэж үзвэл Төрийн албаны тухай хууль энэ нөхцөлд хэрэгжихгүй болох юм. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 125/ШШ2025/0/*** дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, илтэд алдаатай шийдвэр болсон тул тус шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Б.Бэс Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан “Татварын ерөнхий газрын дарга Ч.Ч 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дугаартай “Б.Б-ийн татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлэх тухай” тухай тушаалыг хүчингүй болгож, Б.Б намайг Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргаар эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, Татварын ерөнхий газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/** дугаартай “Б.Бд сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаал нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

 

3. Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дугаартай “Б.Б-ийн татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлэх тухай” тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

 

3.1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ЦХШЗ/*** дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.Бд 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг 3 сарын хугацаагаар авч шийдвэрлэсэн бөгөөд тус захирамжийг үндэслэн Татварын ерөнхий газрын дарга 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/4** дугаар тушаалаар мөн нэхэмжлэгчийн албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

 

3.2. Б.Б дээрх эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасан байх ба улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ЕШЗ/1*** дүгээр захирамжаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, тус хүчингүй болгосон захирамжийг үндэслэн Татварын ерөнхий газрын дарга 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дүгээр тушаалаар өмнө гаргасан Б/4** дугаар тушаалаа хүчингүй болгосноор нэхэмжлэгч ажил үүргээ хэвийн эрхлэх нөхцөл байдал бий болсон. 

 

3.3. Гэвч Татварын ерөнхий газрын дарга мөн өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаатай холбогдуулан ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэж үзэн дээрх нөхцөл байдал арилах хүртэл хугацаагаар улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлжээ.

 

3.4. Татварын ерөнхий газрын даргын 2022 оны А/105 дугаар тушаалаар баталсан Татварын албаны хүний нөөц бүрдүүлэлтийн журмын 8 дугаар зүйлийн 8.2.4-д заасны дагуу эрхийн хүрээнд уг тушаалыг гаргасан гэж хариуцагчаас тайлбарлаж байгаа боловч  Татварын ерөнхий газрын дарга нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Б.Бат-Эрдэнийг албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлэх тухай” Б/4** дугаар тушаалын үндэслэл арилсан гэж үзэж, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/**** дүгээр тушаалаар дээрх тушаалыг хүчингүй болгосон атлаа мөн өдрийн А/*** дүгээр тушаалаар өмнө нь үүссэн үйл баримт болох Б.Бат-Эрдэнийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан нөхцөл байдлыг үндэслэн түүний улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлсэн нь үндэслэлтэй зөв гэж үзэхээргүй байна.

 

3.5. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг “...хахууль авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй” гэж дүгнээд, Б.Б нарт холбогдох эрүүгийн 240*********** дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Энэ хуулийн 55.1-д заасан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгосон бол шийдвэр гаргасан этгээд энэ тухайгаа ажил олгогчид ажлын гурван өдрийн дотор мэдэгдэнэ”,

55.3.Энэ хуулийн 55.1-д заасан хугацаа өнгөрсөн, эсхүл энэ хуулийн 55.2-т заасан нөхцөл үүссэн өдрөөс ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргээгдсэнд тооцно”, 60 дугаар зүйлийн 60.1-д “Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална:, 60.1.9.ажил үүрэг гүйцэтгэхийг эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлсэн” гэж зохицуулсан.

 

3.7. Энэ тохиолдолд нэгэнт Прокурорын 2025 оны 07 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.Б буруутгаж байсан маргаан эцэслэн шийдвэрлэгдэж, “гэмт хэрэг үйлдээгүй” болохыг тогтоосноор төрийн албан хаагчийн баталгааг хангах үүргийг хариуцагч биелүүлэх үүрэгтэй, энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дүгээр тушаалыг анхан шатны шүүх хүчингүй болгосныг буруутгах боломжгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

 

3.8. Харин анхан шатны шүүхээс “...Б.Бд олгох олговрыг дээрх 3.8 дахь хэсэгт дурдсан прокурорын тогтоол гарсан 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх ажлын 53 өдрөөр тооцох нь зүйтэй” гэж дүгнэн нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу, “Албан үүргээ биелүүлэхийг хязгаарлах” захирамж хүчингүй болсон цаг хугацаанаас буюу 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тооцох байсан тул шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй.

 

3.7. Учир нь тухайн тохиолдолд нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар тасалдсан цаг хугацааны үр дагаврыг нөхөн сэргээх, түүний хувьд төрийн албанд ажилласан хугацаа тасалдахгүй байх, нийгмийн болон эрүүл мэндийн нөхөн төлөлт, бичилтэд сөрөг нөлөө үүсэхгүй байх нөхцөл бололцоог бий болгох үүргийг хариуцагч хүлээхээр байна. 

 

4. Татварын ерөнхий газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/** дугаартай “Б.Бд сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаал нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Б.Б намайг Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргаар эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

 

4.1. Маргаан бүхий Б/** дугаар тушаалаар нэхэмжлэгчийг “...тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ээлжийн амралтын мэдэгдлийг хүргүүлээгүй байхад амарсан зөрчил гаргаж байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг алдагдуулсан нь тогтоогдсон тул төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж, татварын итгэмжит зөвлөх цолыг хурааж” шийдвэрлэсэн.

 

4.2. Анхан шатны шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн 2024 оны ээлжийн амралтын хуваарь, түүнд гардуулсан мэдэгдэх хуудас, ээлжийн амралтын мөнгийг олгосон цалингийн карт зэргийг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан бөгөөд тус баримтад нэхэмжлэгч Б.Б 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал ээлжийн амралттай байсан болох нь тогтоогдож байна.

 

4.3. Мөн нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад “...2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдож байсан...” гэж тайлбарлаж байгаа нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/106-х дугаар тогтоолоор нотлогдож байх тул маргаан бүхий 2025 оны Б/** дугаар тушаалын  “...2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ... ажил тасалсан” гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

4.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий 2025 оны А/23 дугаар тушаалыг өмнөх эрүүгийн хэрэгт шалгагдаж байсантай холбогдуулж гаргаагүй, харин ажил тасалсан, ээлжийн амралтын мэдэгдлийг өгөөгүй байхад амарсан, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж, төрийн албанаас халсан гэх тайлбарыг ирүүлсэн ба маргаан бүхий актыг гаргахдаа Нийслэлийн Татварын газрын даргын 2023 оны А/04 дүгээр тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журмын 6.1.2-т заасныг үндэслэл болгожээ.

 

4.5. Гэвч дээрх А/** дугаар тушаалд дурдагдсан зөрчлүүд нь хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдсэн, Татварын ерөнхий газрын даргын 2022 оны Б/15 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.1.2-т “хариуцсан нэгжийн удирдлагад мэдэгдэлгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сард ажлыг удаа дараа тасалсан, 3 ба түүнээс дээш удаа ажлын цагаа бүртгүүлээгүй...”, Нийслэлийн Татварын газрын даргын 2023 оны А/04 дүгээр тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журмын 6.1.2-т “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын төхөөрөмжид сард 3-аас дээш удаа бүртгүүлээгүй, ажлын цагаас удаа дараа хожимдсон, эрт явсан тасалсан тохиолдолд, мөн хоцорсон болон тасалсан хугацаа нь сарын 100 минут болсон бол 1 өдрөөр ажил тасалсанд тооцно”  гэх уг зөрчлүүдэд хамаарагдах заалтын алиныг зөрчсөн болох нь ойлгомжгүй, зөрчлийг хангалттай нотлоогүй.

 

4.6. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар “...хариуцагч Татварын ерөнхий газрын дарга нь маргаан бүхий А/*** дугаар тушаалаар Б.Б-ийн татварын улсын байцаагчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн атлаа түдгэлзүүлсэн үндэслэл хэрхэх нь тодорхойгүй буюу эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулах замаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан захиргааны акт илт хууль бус актын шинжийг агуулж байна...” гэж дүгнэж, маргаан бүхий тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийг Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэгтгэх асуудал нь зөвхөн нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийн хүрээнд хэрэгждэг тул дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэгдэж буй нь хэрэг нэгтгэх ойлголтод хамаарахгүй...” гэж дурдсан байх боловч нэхэмжлэгч Б.Бэс Татварын ерөнхий газрын даргын 2024 оны А/*** дүгээр тушаалтай маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд хариуцагчаас дахин акт гаргаж нэхэмжлэгчид “ажлаас халах сахилгын шийтгэл” оногдуулсан байх тул нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг шүүх хүлээн авч хамтад нь шийдвэрлэсэн нь шүүн таслах ажиллагааны хэмнэлттэй байх зарчимд нийцжээ.

 

5.1. Нэхэмжлэгчээс Татварын ерөнхий газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/** дугаартай тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн бөгөөд шүүх уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасантай нийцэж байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ий өдрийн 0546 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс” гэснийг “2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс”,  “...даалгаж” гэснийг “даалгасугай” гэж өөрчлөн, “нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг хассан өөрчлөлтийг тус тус оруулж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                    Б.АДЪЯАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                    Ц.САЙХАНТУЯА

 

 

ШҮҮГЧ                                                    Д.ОЮУМАА