Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 317

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Минжирмаа нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0469 дүгээр магадлалтай, Г.Б-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.2 дахь хэсэгт заасныг баримтлан Nortbenz ND3310DSAJ маркийн 0778 ГАА улсын дугаартай /арал №LBZF56FB67A016923/, ногоон өнгийн өөрөө буулгагч авто машин, тэвш /арал№ LA8GFL10080000392/-тэй автотээврийн хэрэгслийг Х.М-д шилжүүлж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0469 дүгээр магадлалаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Маргаан бүхий автотээврийн хэрэгсэлүүд анхнаасаа М.Гантөмөрийн нэр дээр бүртгэлтэй, Х.Цэрэнпил уг авто машины болон чиргүүлийн эзэмшигч өмчлөгч байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан Х.Цэрэнпилийн тодорхойлолт, М.Гантөмөрийн тодорхойлолт, М.Гантөмөрийн мэдүүлэг, М.Гантөмөрийн нэр дээр бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдээр нотлогдож байхад давах шатны шүүх бүрэлдэхүүн маргаан бүхий тээврийн хэрэгсэл анхнаасаа хэний эзэмшил өмчлөлд байсан, X.Мөнхбатад хэрхэн шилжснийг хэрэгт авагдсан баримтаар тогтоох боломжгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д заасантай нийцээгүй байна гэжээ. Үүнийг гэрчлэх нотлох баримт, гэрчийн мэдүүлэг хангалттай байгаа учир үүнтэй санал нийлэхгүй гомдолтой байна. М.Гантөмөр нь автотээврийн газарт X.Мөнхбатын нэр дээр тээврийн хэрэгслүүдийг шилжүүлэхэд өөрийн биеэр очоогүй нь хэргийн 9-р хуудсанд байгаа тээврийн хэрэгслийг шилжүүлэх маягт дээр зурагдсан гарын үсэг болон регистр нь минийх биш, би очоогүй, авто тээврийн хэрэгсэлүүд миний нэрнээс шилжиж Х.Мөнхбатын нэр дээр шилжин очсныг мэдээгүй гэдгээ нотолсноор, мөн хариуцагч Говь-Алтай аймгийн авто тээврийн газар ч хууль журмаа зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрснөөр миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл бүрдсэн.

Автотээврийн тухай хууль, Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 3.1-д зааснаар болон хариуцагч нарын мэдүүлгээр бол тээврийн хэрэгслийг шилжүүлэхдээ, шилжүүлж байгаа болон шилжүүлэн авч байгаа иргэд, иргэний үнэмлэхтэйгээ өөрсдийн биеэр очиж тээврийн хэрэгсэл шилжүүлэх маягтыг авто тээврийн газрын тухайн ажил үүргийг хариуцан ажиллаж байгаа мэргэжилтнээс авч шилжүүлж байгаа дээр нь өөрийн овог нэр, регистр, хаягаа тодорхой бичиж өөрийн гарын үсгээ зурж, шилжүүлэн авагч дээр шилжүүлж авч байгаа иргэн өөрийн овог нэр регистр, хаягаа бичиж гарын үсгээ зурж албан тушаалтанд өөрсдөө өгч үүнийг нь Автотээврийн тухай хууль, Автотээврийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг Говь-Алтай аймгийн Автотээврийн газар зөрчснөөс иргэн Г.Баяраа миний эрх ашиг зөрчигдөж захиргааны хэргийн шүүхэд хандах болсон. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдсоор байтал нотлогдоогүй мэтээр үзэж хавтаст хэрэгт байгаа бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгоно гэсэн хуулийн заалтаа зөрчсөнд гомдолтой байна. Зам тээврийн сайдын 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 59 дүгээр тушаалаар батлагдсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 3.1-д “иргэн бол иргэд өөрсдийн биеэр ирж бүртгэлийн маягтад бусдад шилжүүлсэнээ, шилжүүлж авч байгаагаа нотолж гарын үсгүүдээ зурж баталгаажуулах" гэж тодорхой заасан байхад шүүх бүрэлдэхүүн бүртгэл хийхдээ тухайн үед талуудаас гаргасан баримтыг автотээврийн үндэсний төвөөс гаргуулах шаардлагатай гэж үнэлэлт дүгнэлт өгч миний нэхэмжлэлийг буцаасанд харамсаж байна.

Учир нь хавтаст хэрэгийн 7-11-р хуудсанд авто тээврийн үндэсний төвөөс уг тээврийн хэрэгслүүдийг шилжүүлэхэд бүрдүүлж өгсөн баримтуудыг хуулбар үнэн гэсэн тамгаа дараад гаргаж өгснийг байхгүй мэтээр дахиж шаардсантай санал нийлэхгүй байна. Мөн Автотээврийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан шаардлага нь иргэн хуулийн этгээдэд өөр өөр шаардлага тавигддаг байтал ижил шаардлага тавигддаг мэтээр үнэлж автотээврийн төвөөс баримт шаардсан байгаатай санал нийлэхгүй байна.

 Автотээврийн төвийн архиваас Г.Б миний итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Мөнхбаатар нь байгаа бүх баримтыг миний олгосон итгэмжлэлийн дагуу шалгаж нэг бүрчлэн тулгаж авахад 2 тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний шилжилтийн маягт 1 хуудас, 2 иргэний үнэмлэхний хуулбараас өөр баримт байхгүй байсан болно. Эдгээр баримтууд нь хавтаст хэрэгт байгаа. Үүнээс өөр нотлох баримт байхгүй гэдгээ хариуцагч нар ч хүлээн зөвшөөрч байгаа болно. Иргэд хоорондоо шилжүүлж байгаа тохиолдолд албан татвар төлсөн тухай баримт, татварын гэрчилгээ, тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дэвтэр, жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримт зэрэг нь бүртгэлтэй огт хамааралгүй ач холбогдолгүй болно. Үүнээс дүгнэлт хийхэд энэ нь буцаах үндэслэл болохгүй биелэгдэхгүй заалт болно. Миний нэхэмжлэлийг буцааж анхан шатны шүүх дурдсан нөхцөл байдлуудыг тодруулж нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх гэж хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн. Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Автотээврийн тухай хууль, тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Г.Б би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйл, 32 дугаар зүйлд заасаны дагуу нотлох баримтуудаа цуглуулж гэрчүүдээ асуулгах хүсэлтээ гарган асуулгаж, шаардлагатай, ач холбогдолтой нотлох баримтуудаа бүрэн цуглуулж бэхжүүлсэн. Үүнд анхан шатны шүүх бүрэлдэхүүн ч хуульд заасан журмынхаа дагуу анхааралтай хандсан болно.

 Гэтэл давах шатны шүүх бүрэлдэхүүн миний хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтыг үнэлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 106.4 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж гомдолтой байна. Өөрөөр хэлбэл нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн материалтай бүрэн танилцаагүй байна. Анхан шатны шүүхэд буцаах үндэслэл болгосон шалтгаанууд нь хавтаст хэрэгт нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр бүрэн бэхжсэн хариуцагч болон гуравдагч этгээдээс өөр гаргаж өгөх нотлох баримт байхгүй учир Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар  зүйлийн 17.3-т ”Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар,...үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ” гэж тус тус заажээ.

Эндээс үзвэл, маргаан бүхий захиргааны акт шүүхэд хандаж байгаа этгээд болох нэхэмжлэгчид зөвхөн өөрт нь хамааралтай байх шаардлагатай бөгөөд хуулийн энэ шаардлага хангагдаагүй нөхцөлд түүнийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх, энэ нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохыг дээрх хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”:, 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” хэмээн зохицуулсан байна.

Иргэн Г.Б нь Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн даргад холбогдуулан “NORTBENZ-0778 ГАА улсын дугаар бүхий автомашиныг чиргүүлийн хамт М.Гантөмөрөөс Х.М-ын нэр дээр шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг тус аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

Г.Б нь “...уг машины үнийг Х.М-тай хамтран төлж худалдаж авсан, ...дундын өмч, ...надад мэдэгдэлгүйгээр бүртгэлд өөрчлөлт оруулсан ...” хэмээн  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, уг бүртгэлийн улмаас өөрийн өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэлийн шаардлагад хамаарах захиргааны акт буюу маргаж буй бүртгэлээр автомашиныг иргэн М.Гантөмөрөөс Х.М-д шилжүүлэн бүртгэсэн, бүртгэл нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэн Г.Б-тай хамааралгүй гэж үзэхээр байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Тодруулбал, анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь захиргааны хэргийн шүүх дүгнэлт хийх боломжгүй, тус шүүхийн харьяалалын бус байгааг анхаараагүй байна.

Нэхэмжлэгчийн тайлбар, маргааны үйл баримтаас үзэхэд талуудын хоорондох өмчлөх эрхийн талаарх маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө захиргааны хэргийн шүүх маргаж буй бүртгэл нь холбогдох хууль, журамд нийцсэн эсэх, үүний улмаас нэхэмжлэгч Г.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг дүгнэх боломжгүй юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх алдааг залруулахгүйгээр бүртгэлтэй хамааралтай нотлох баримт бүрэн биш гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу болно.

Дээрх байдлаар шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчин, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авсан нь буруу байх тул хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зөв гэж  дүгнэв.

Захиргааны хэргийн шүүхийн энэ тогтоол нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн талаарх маргаанаа иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэх, уг шүүхийн шийдвэрийн үр дагаврыг үндэслэн бүртгэлийн асуудлаар хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагад хандахад саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0469 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгон, Г.Б-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “NORTBENZ-0778 ГАА улсын дугаар бүхий автомашиныг чиргүүлийн хамт М.Гантөмөрөөс Х.М-ын нэр дээр шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                                   Л. АТАРЦЭЦЭГ