Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар ШЦТ/2023/87

 

 

 

 

         2023       08           23                                    2023/ШЦТ/87

       

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                             Б.Н,  

Улсын яллагч                                               С.Б,

Шүүгдэгч                                                       Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Э-д холбогдох эрүүгийн 2304000000081 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот, Багануур дүүрэгт төрсөн, эмэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Нийслэлийн Багануур дүүргийн .......... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Х овгийн Г-н Э /РД:/.

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч Г.Э нь 2023 оны 6 дугаар сарын 29-өөс 6 дугаар сарын 30-нд шилжих шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороо, ........ тоотод өөрийн төрсөн хүүхэд 1 сар 29 хоногтой Н.Д-г шөнө хөхүүлж байхдаа унтсаны улмаас хөхөөрөө ам, хамрыг нь дарж болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Г.Э нь 2023 оны 6 дугаар сарын 29-өөс 6 дугаар сарын 30-нд шилжих шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 17-08 тоотод өөрийн төрсөн хүүхэд 1 сар 29 хоногтой Н.Д-г шөнө хөхүүлж байхдаа унтсаны улмаас хөхөөрөө ам, хамрыг нь дарснаас амьсгал бүтэж амь насыг нь хохироон хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн болох нь Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн түргэн тусламж 103 яаралтайн их эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5-р хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10-р хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-ын мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/, гэрч Г.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/, Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 71-р хуудас/, Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 11 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-32-р хуудас/, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Г.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тус хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тус хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлдүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х овгийн Г-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овгийн Г-н Э-ныг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүгдэгч Г.Э-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргйг биелүүлээгүй, албадлагын арга хэмжээ авсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдвол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Г.Э-д тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг баталж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ хэрэгт холбогдуулан сэтгэл санаа бусад гэм хорын хохиролд холбогдох зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Г.Э-ы иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН