Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2020/00489

 


 

 

2020 оны 02 сарын 20 өдөр                   Дугаар 183/ШШ2020/00489                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, ........................... тоотод оршин суух, эмэгтэй. А-гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянзүрх дүүрэг, .................... тоотод оршин суух, эрэгтэй Б- д холбогдох,

2015 оны ........ төрсөн, хүү ......... хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн эцэг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А-г, хариуцагч Т.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд Б-тэй танилцаж, улмаар хамт амьдарч байгаад 2015 оны хүү ....... төрүүлсэн. Б- нь манайд амьдардаг байсан ба хүүхэддээ ерөөсөө анхаарал халамж тавьдаггүй байгаад багахан асуудлаас болж маргалдаж муудалцсан. Улмаар 2015 оны 7 дугаар сард Б- хүү бид хоёрыг хаяж явсан. Тэр цагаас хойш нэг ч удаа хүү дээрээ ирж байгаагүй, би олон удаа гэртээ ирээч гэж гуйдаг байсан боловч ерөөсөө ирдэггүй байсан. Миний хүү .........г уушигны сүрьеэ гэсэн оноштой өвдөж хагалгаанд ороход хүртэл хүү дээрээ нэг ч удаа ирээгүй, мөнгө төгрөгийн асуудал ерөөсөө өгдөггүй, залгахаар утсаа хүртэл авдаггүй байсан. Одоо миний хүү ............... 5 настай, ......... дугаар цэцэрлэгт явдаг, одоохондоо биеийн байдал гайгүй болоод эдгэрч байгаа. Иймд хүү .......... эцэг Б-гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би А-гтай 2014 оны 7 дугаар сард танилцсан, 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 5 дугаар сар хүртэл хамт амьдарсан. 2015-........... хүү ......... төрсөн. Гэвч би ......... өөрийн төрсөн хүү биш гэж бодож байна. Учир нь танилцснаас хойш хүүхэд төрсөн хугацаа нь миний хүүхэд байх боломжгүй байгаа. Хүүхэд төрөх хугацааг танилцсан дотно харилцаанд орсон зэргийг тооцоолоод үзэхээр А-г нь надтай танилцахдаа жирэмсэн ббайсан гэж үзэж байгаа. Иймээс би хүү .........эд миний хүүхэд мөн эсэхэд шинжээч томилуулах, эцэг нь мөн эсэхээ мэдэх хүсэлтэй байна. Тиймээс би хүүхдийн тэтгэлгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүүхэд төрсөн хугацаа эргэлзээтэй байсан тул шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Одоо маргахгүй, хүүхэд төрөөд удалгүй бид тусдаа амьдарсан гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А-г нь хариуцагч Т.Б-д холбогдуулан 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, хүү Б-гийн .......... тэтгэлэг тогтоолгох үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нь ......... миний хүүхэд мөн эсэхийг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ /хх-1, 22/.

 

Нэхэмжлэгч Д.А-г, Т.Б- нар танилцаж үерхэж, хамтран амьдарч, тэдний дундаас 2015 оны .......... өдөр хүү ....... төрсөн болох нь 1122001150 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-7/, зохигчийн тайлбар, эрүүл өсөн бойжиж байгаа болох нь Энхтитэм өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-6/ зэргээр тогтоогдож, Хан-Уул дүүргийн ...... дугаар цэцэрлэгийн бэлтгэл Г бүлэгт суралцаж байгаа болох нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 82 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна /хх-5/.

 

Нэхэмжлэгчийн тайлбараар 2013 онд, хариуцагчийн тайлбараар 2014 онд зохигчид танилцаж, үерхэж, хамтран амьдарсан байх бөгөөд хоорондын зан харилцааны таарамжгүй байдал, үл ойлголцол зэргээс шалтгаалан 2015 оны 7 дугаар сараас тусдаа амьдарч, хариуцагч нь хүүхдээ эргэж ирдэггүй, хүүхдээ асрах болон тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцоогүй, өөр бусадтай хамтын амьдралтай болсон, хүү ......... нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээтэй байгаа үндэслэлээр нэхэмжлэгч нь хүү .........эд тэтгэлэг тогтоолгохоор гаргасан шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй, эцэг мөн болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагчийн хүсэлтээр томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 390 тоот дүгнэлтээр Т.Б- нь Э..........ийн биологийн эцэг байх боломжтой, магадлалыг тооцоолж үзэхэд 99,99 хувийн магадлалтай гэж гарсан байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг, эхийн үүрэг бөгөөд хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр заасан.

 

Шинжээчийн дүгнэлтээр 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, хүү .........ийн эцэг хариуцагч Т.Б- мөн болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул зохигчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, хүү .........ийн эцгийг Түвшинжаргалын Б- гэж 1122001150 дугаартай төрсний гэрчилгээнд бичигдсэн буюу захиргааны журмаар хүүхдийг эцгээр нь овоглон тогтоосон иргэний бүртгэл хүчин төгөлдөр байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэжээн тэтгэх үүрэгтэй тул эцэг Т.Б-гээс тэтгэлэг гаргуулан хүү .........ийг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Т.Б- нь Баянзүрх дүүргийн харьяалалтай байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т зааснаар нэхэмжлэгч өөрийн оршин суугаа газарт хүүхдийн тэтгэлгийн асуудлаар нэхэмжлэл гаргах нь шүүхийн онцгой харьяалалд хамаарах бөгөөд хариуцагч харьяаллын талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөгний 35.868 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 34.332 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.868 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, хүү .........ийн эцэг нь Түвшинжаргалын Б- мөн болох нь шинжээчийн дүгнэлт, захиргааны журмаар тогтоогдсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан Б-гийн .........ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг  Б- / с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Д.А-гт даалгасугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөгний 35.868 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан илүү төлсөн 34.332 /гучин дөрвөн мянга гурван зуун гучин хоёр/ төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох,

хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагчаас 35.868 /гучин таван мянга найман зуун жаран найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Д.ЯНЖИНДУЛАМ