| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2023/0083/э |
| Дугаар | 2023/ШЦТ/84 |
| Огноо | 2023-08-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Х.Н |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/84
2023 08 15 2023/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Н,
Улсын яллагч Х.Н,
Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.О-д холбогдох эрүүгийн 2304001040067 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот, Багануур дүүрэгт төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүлжигч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, ах, хүүхдийн хамт, Багануур дүүргийн 3 дугаар хороо, ......... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овгийн С-ын О /РД: /.
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/
Шүүгдэгч С.О нь 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 81 дүгээр байрны хажуугийн авто замд 83-74 УБЯ улсын дугаартай “Хонда инсайт” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “...эсхүл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчиж, улмаар замын хажуугийн гэрлийн шон мөргөж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Б.О-ын эрүүл мэндэд зүүн талын сүүжний тогоо бяцарсан хугарал, баруун талын хөмсөгний хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, мөн 83-74 УБЯ улсын дугаартай “Хонда инсайт” маркийн тээврийн хэрэгслийг эвдэж 2,955,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.О-ын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр цалин буучихсан байсан тул урьд нь фэйсбүүкээр харилцдаг байсан Б.О ах өөрийнхөө хаягнаас “утас зарна” гэсэн зар тавьсан байхаар нь холбогдоод утас авахаар болсон. Би өөрийнхөө барьж байсан хуучин гар утсыг 80,000 төгрөгөөр зараад, ажлаасаа өглөө буугаад О ах руу залгахад “одоо очлоо” гээд гэрийн хаяг заалгаад машинтайгаа ирсэн. Би машинд нь орж суугаад “би утасныхаа тал мөнгийг өгье, манай цалин 7 хоног бүр буудаг” гэхэд О ах “за тэр мөнгө яах вэ, би эхнэрээсээ мурьчихаад ирлээ, ийшээ ойрхон гарчихаад ирье” гэхээр нь би “найзуудтайгаа амралтанд явах гэж байна” гэхэд “найзуудаа дараа нь болчих” гээд машинтайгаа хөдөлсөн. Явах зуураа “Нарны зам” гэдэг дэлгүүр ороод 0.75 литрийн 1 шил Соёрхол нэртэй архи, 1 ширхэг кола ундаа аваад машиндаа суугаад Хэрлэн гол руу явсан. О ах 1 цаг гаран явж голын эрэг дээр зогсоод авсан архиа уусан. Би тэр архинаас нь ижил хэмжээтэй уусан. Архиа ууж дуусгаад О ах “төв орж дахиад ганц юм уучихая” гэхээр нь би төв орвол машинаас нь буугаад явчихая гэж бодоод зөвшөөрсөн. Тэндээсээ хөдлөөд төмөр замын дэлгүүр орж 500 грамын 1 шил архи, ундаатай аваад ирсэн. Тэр үед О ах машинаа надад бариулаад явсан ба замдаа “хоёулаа цаашдаа харилцаатай байя” гэсэн утгатай зүйл яриад байсан. Тэгээд цагдаагийн байр дөхөөд засмал замаар явж байтал О ах “хажуу тийшээ шороон зам руу ороод зогсчих” гэхээр нь би янз бүрийн юм болчих байх гэж айгаад зогсолгүй явж байтал миний гуя, хөхнөөс бариад байсан. Тэгснээ миний гарыг түлхэх шиг болохоор нь сандраад тормос биш хаазан дээрээ гишгэсэн юм шиг байна лээ. Гэнэт л түс тас гээд юм мөргөөд зогссон. О ах руу харахад толгойноос нь цус урсаж гарсан. Би “та надад гай болчихлоо шүү дээ” гэхэд О ах “битгий орилоод бай, чи яв, би арыг нь даана, зугт” гээд авч явсан архиа машинаас гаргаж чулуудсан. Би тэндээс түргэн тусламж дуудчихаад явган явж найзындаа очоод осол гаргасан талаараа хэлсэн.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
Ю.Э-н мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 215 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-39-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8-р хуудас/,
Зам тээврийн осол гаргасан жолооч, зорчигч нараас согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 84-85-р хуудас/,
Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 163 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/,
“Хорин бугатын даваа” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Автомашины хөдөлгүүр, явах ангийн оношилгоо /хх-ийн 40-р хуудас/,
Нийслэлийн Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Т.Б-ын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн магадлагаа /хх-ийн 45-46-р хуудас/,
Жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 72-р хуудас/,
Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч З.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 66-81-р хуудас/,
Шүүгдэгч С.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-р хуудас/,
Хохирол, төлбөр төлсөн баримт /хх-ийн 88, 89-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлуулав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч С.О нь 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 81 дүгээр байрны хажуугийн авто замд 83-74 УБЯ улсын дугаартай “Хонда инсайт” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “...эсхүл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчиж, улмаар замын хажуугийн гэрлийн шон мөргөж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Б.О-ын эрүүл мэндэд зүүн талын сүүжний тогоо бяцарсан хугарал, баруун талын хөмсөгний хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, мөн 83-74 УБЯ улсын дугаартай “Хонда инсайт” маркийн тээврийн хэрэгслийг эвдэж 2,955,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хохирогч Б.О-ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч С.О-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь:
- Хохирогч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр би өөрийн цахим хаягаар “утас зарна” гэсэн зар тавьсан байсны дагуу зүс танил О гэх эмэгтэй утсаар холбогдоод утсыг маань авахаар болсон. Би 12-13 цагийн үед өөрийн эзэмшлийн 83-47 УБЯ улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгслийг унаад О-ын гэр болох Багануур дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Барс дэлгүүрийн урд талын гудамжны ойролцоо уулзсан. Уулзаад ойр зуурын юм ярьж байгаад “хоёулаа ганц юм уух уу” гэж ярилцаад дэлгүүрээс 0,750 литрийн архи аваад миний машинтай Хэрлэн гүүрний хажуу талд гол дээр очоод тэнд архиа ууцгаасан бөгөөд би ихэнхийг нь ууж О бага хэмжээтэй уусан. Би архи ууснаа санаж байгаа ба тасарчихсан байсан. Нэг ухаан ороход түс тас гээд явчихсан, сэрээд ухаан ороод харахад би машины урд талын жолоочийн хажуу талын суудал дээр, машиныг О барьчихсан, машины урд тал байхгүй болчихсон юм шиг харагдаад байсан. Тухайн үед миний зүүн талын хөл мэдээгүй болчихсон юм шиг өвдөөд байсан. Би гэмтсэнээ мэдэхгүй машинаас буугаад эмнэлэг рүү алхсан. О-д хандаж “чи явж эмнэлэгт үзүүл, гэмтчихсэн байх вий” гэж хэлээд алхаж байтал замын цагдаа таараад эмнэлэгт аваачсан. ...Би машины хохирол болох 2,955,000 төгрөгийг энэ хүнээс нэхэмжилж байна. Эмчилгээний зардлыг нэхэмжлэхгүй. Энэ машинаар амьдралаа болгож хэрэгцээндээ унадаг учраас машиныхаа төлбөрийг л нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
- Ю.Э-н мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “...хэргийн газар дээр тухайн үед очиход машин маань замын хажуу талын шонг урд хэсгээрээ мөргөж эвдэрсэн, замын хажууд гарсан байдалтай байсан. Манай нөхрийг цагдаа авч явж эмнэлгийн байгууллагад хүргэсэн. Машин барьсан гэх эмэгтэй тухайн үед байхгүй байсан тул манай нөхөр утсыг нь хэлээд дуудаж авчруулсан юм. Тэгэхэд тэр эмэгтэйг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж цагдаа хэлж байсан, намайг харахад гайгүй л харагдсан. Би машиныхаа төлбөрийг яаралтай барагдуулмаар байна, энэ машинаар таксинд явж амьдралаа болгодог, хувиараа юм зардаг. Одоо нөхөр маань ажилгүй өвчтэй байгаа учраас лизингээ төлж чадахгүй хэмжээнд хүрээд байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 215 дугаартай “...83-47 УБЯ улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгслийн ослын эвдэрсэн эд анги, бусад зардлын нийт дүн 2,955,000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 38-39-р хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8-р хуудас/,
- Зам тээврийн осол гаргасан жолооч, зорчигч нараас согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Жолооч С.О-ын согтуурал шалгахад 1,59 хувийн согтолттой, зорчигч Б.О-ын согтуурал шалгахад 1,49 хувийн согтолттой байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 84-85-р хуудас/,
- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 163 дугаартай “...1. Б.О-ын биед зүүн талын сүүжний тогоо бяцарсан хугарал, баруун талын хөмсөгний хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3. Дээрх бяцарсан хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/,
- “Хорин бугатын даваа” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Автомашины хөдөлгүүр, явах ангийн оношилгоо /хх-ийн 40-р хуудас/,
- Нийслэлийн Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Т.Б-ын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “...Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 81 дүгээр байрны хажуугийн авто замд 83-74 УБЯ улсын дугаартай “Хонда инсайт” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Б.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт: Жолооч С.О нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэсэн магадлагаа /хх-ийн 45-46-р хуудас/,
- Жолоодох эрхийн лавлагаагаар “С овогтой О нь тээврийн хэрэгслийн В ангиллын үнэмлэхтэй” гэжээ /хх-ийн 72-р хуудас/,
- Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэлд “...Багануур дүүргийн 3 дугаар хороо шинэ зам дээр 83-74 УБЯ улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгсэл гэрлийн шон мөргөсөн байна” гэжээ /хх-ийн 4-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.О-д холбогдох эрүүгийн хэрэгт хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэв.
Улсын яллагч Х.Н-ас: “...шүүгдэгч С.О-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан согтуурсан үедээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгч С.О-ас: “...Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан.” гэсэн тайлбарыг тус тус гаргав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогчийн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.
С.О нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс осол, аваар гарах, хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч өөрийн хайхрамжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.
Иймд шүүгдэгч С.О-ыг согтуурсан үедээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч Б.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 163 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/-ээр,
83-47 УБЯ улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгсэлд 2,955,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 215 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-39-р хуудас/-ээр тус тус тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Б.О нь мөрдөн байцаалтын шатанд “...Би машины хохирол болох 2,955,000 төгрөгийг энэ хүнээс нэхэмжилж байна. Эмчилгээний зардлыг нэхэмжлэхгүй.” /хх-ийн 11-12-р хуудас/ гэж мэдүүлсэн ба шүүгдэгч нь дээрх төлбөрийг бүрэн төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирол, төлбөр төлсөн баримтаар, мөн Багануур дүүргийн “Багануур гэрэлтүүлэг чимэглэл” ААТҮГ-ын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 54 дугаартай “С.О нь автомашинаар мөргөж осол зөрчил гаргасны улмаас үүссэн өмч хөрөнгийн хохирлыг барагдуулсан” гэсэн албан бичиг /хх-ийн 88, 89-р хуудас/-ээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.О-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 515,000 төгрөгийн эмчилгээний зардал гаргуулсан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчээс 515,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна” гэв.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж С.О-аас 515,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах оногдуулах, дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх санал гаргаж байна.” гэв.
Шүүгдэгч С.О: “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, би гэрээ зараад О ахад хохирол төлбөрт нийт гурван сая гаран төгрөг өгсөн. Одоо би эрхэлсэн ажилгүй, бага насны охин, ээжтэйгээ хамт амьдардаг нөхцөл байдлыг минь харгалзан үзнэ үү.” гэсэн тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч С.О-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг төлсөн” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байх ба тус хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, хохирогчид учирсан хохирол төлбөр төлсөн эсэх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, түүний хувийн байдлыг харгалзан үзэж, С.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/-н сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч С.О-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрт дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн С-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан согтуугаар Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б овгийн С-ын О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/-н сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн 8 /найм/-н сарын хугацаанд шүүгдэгч С.О-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргйг биелүүлээгүй, албадлагын арга хэмжээ авсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдвол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг С.О-д тайлбарласугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь хохирогч Б.О-т гэм хорын хохиролд 3,000,000 /гурван сая/ төгрөг төлсөн болохыг баталж, С.О-ыг бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-аас 515,000 /таван зуун арван таван мянга/-н төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол С.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН