| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2023/0522/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/552 |
| Огноо | 2023-08-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Гармаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/552
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Гармаа,
шүүгдэгч /хохирогч Э.Тэмүүлэн, М.Нисэхсайхан нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэйс овогт Энхболдын Тэмүүлэн, Боржигон овогт Мягмарын Нисэхсайхан нарт холбогдох эрүүгийн 2310017120813 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд, мэргэжилгүй, “Таван богд” ХХК-д Харилцаа хөгжүүлэлтийн ажилтан, ам бүл 3, аав ээжийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 53 дугаар гудамж 434 тоот оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/775 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 23/27 дугаар тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Бэйс овогтой Энхболдын Тэмүүлэн /РД:УХ97100958/
2. Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд, мэргэжилгүй, Өгөөмөр зах дээр машины сэлбэг зардаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хороолол архивчдын гудамж 1016 дугаар байрны 20 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогтой Мягмарын Нисэхсайхан /РД:ШЕ86022613/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Тэмүүлэн нь 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцох явцдаа “огцом хаазлаж, машин мөргөх шахлаа” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж, мөргөн М.Нисэхсайханы биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч М.Нисэхсайхан нь 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцох явцдаа “огцом хаазлаж, машин мөргөх шахлаа” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар нүүрэн тус гэх газарт нь цохиж, мөргөн Э.Тэмүүлэнгийн биед хамрын ясны хугарал, дух баруун нудний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, баруун чихний төвгөр, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Э.Тэмүүлэн, М.Нисэхсайхан нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “гэм буруу дээр маргахгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Э.Тэмүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: М.Нисэхсайханаас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй гэв.
Хохирогч М.Нисэхсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Э.Тэмүүлэнгээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2310017120813 дугаартай хэргээс:
Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/,
Хохирогч М.Нисэхсайханы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,
Хохирогч Э.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,
Гэрч Л.Шинэцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,
Гэрч Э.Баярцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №5318, 5323 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22, 28-29 дэх тал/,
Шүүгдэгч Э.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дахь тал/,
Шүүгдэгч М.Нисэхсайханы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/,
Шүүгдэгч/хохирогч Э.Тэмүүлэнгийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дэх тал/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/775 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 54-58 дахь тал/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 23/27 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 51 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 81 дэх тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 82 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 83 дахь тал/,
Шүүгдэгч/хохирогч М.Нисэхсайханы хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хавтаст хэргийн 32 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 78 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 79 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 80 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Тэмүүлэн, М.Нисэхсайхан нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Э.Тэмүүлэн, М.Нисэхсайхан нар нь 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Э.Тэмүүлэн нь үргэлжилсэн цагаан шугам давж Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн улмаас М.Нисэхсайхан нь “машин мөргөх шахлаа” гэж маргалдаж улмаар харилцан зодолдож бие биенийхээ нүүрэн тус газарт нь цохиж, мөргөн М.Нисэхсайхан нь Э.Тэмүүлэнгийн биед “хамрын ясны хугарал, дух, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, баруун чихний төвгөр, эрүү, хүзүүнд зулгаралт” бүхий гэмтлийг, Э.Тэмүүлэн нь М.Нисэхсайханы биед “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/,
Хохирогч М.Нисэхсайханы мөрдөн байцаалтад өгсөн: Би 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Нисэхийн төв замаар явж байтал 09-76 УБВ улсын дугаартай саарал өнгийн “Приус 20” маркийн машин үргэлжилсэн шугам даваад эргэх гэж байж байсан. Би дуут дохио өгтөл огцом урагшаа хаазлахаар нь би баруун тийш дарж түүнээс бултаад нөгөө талын эгнээнд ороод зогссон. Би машинаасаа бууж очоод “чи яаж байна, чамаас болж машин мөргөх шахлаа” гэж хэлэхэд “хохино” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд тухайн машины жолоочийн хацар хэсэгт нэг удаа алгадсан. Тэгтэл тэрээр миний хамар хэсэгт нэг удаа толгойгоороо мөргөчхөөд зугтаагаад яваад өгсөн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ...Миний хамар цөмөрсөн юм шиг байна. Миний хамарт өмнө нь ямар нэгэн гэмтэл байгаагүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,
Хохирогч Э.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Нисэхэд “Хурмаа” супермаркет руу эргэх гээд үргэлжилсэн шугам даваад зогсож байтал цаад талаас цагаан өнгийн “кровн” маркийн машин над руу дуут дохиогоо өгсөн. Тэгэхээр нь би тухайн тээрийн хэрэгслийг өнгөрөөчхөөд эргэх гэтэл над руу дуут дохиогоо өгөөд байсан цагаан өнгийн “Кровн” маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь машинаасаа бууж ирээд манай найз охин Баярцэцэгийн сууж байсан талын хаалгыг татаж онгойлгон машинд орж ирээд миний нүүр хэсэг рүү гараараа түлхсэнээ намайг нэг удаа алгадахаар нь машинаасаа буугаад “чи яагаад байгаа юм бэ” гэхэд намайг дахин хэд хэдэн удаа алгадсан. Тэгэхээр нь би түүнийг заамдаж аваад зууралдаж байхад манай эхнэр болон тухайн залуутай хамт явж байсан жирэмсэн эмэгтэй гарч ирээд бид 2-г салгах гэтэл салахгүй байсан. Манай найз охин Баярцэцэг нь замаас машинаа холдлуулах үед тухайн эрэгтэй хүн намайг мөргөхөд миний духанд түүний хамар хэсэг таараад хамарснаас цус гарсан. Би тухайн эрэгтэй хүнийг цааш нь түлхээд машиндаа суугаад яваад өгсөн. Тэгтэл тухайн эрэгтэй хүн миний араас машинтайгаа ирээд дахин хэрүүл хийгээд миний аманд салаавч өгөөд байхаар нь би дахин зодоон болох юм байна гэж ойлгоод тухайн эрэгтэйгээс салаад явсан. ...Миний дух хэсэгт хавдсан, хамарны дээд тал болон зүүн нүдний хажуу хэсэгт шалбарсан байна. ..гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,
Гэрч Л.Шинэцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2023 оны 4 дүгээр сарын 19-ний 12 цагийн үед Хан-Уул дүүрэг 21-р хороо Буянт-Ухаа 2 хороолол гэрээсээ нөхөр Нисэхсайханы хамт 93- 22 УАТ улсын дугаартай “Кровн” маркийн машинтай гарсан. Бид хоёр Нисэхийн байрны Төрийн банк орж үйлчлүүлээд гэр рүүгээ буцаад явж байхдаа Хан-Уул дүүргийн 16-р хорооны хажуу талын замаас төв зам руу орох гээд явж байхад “приус 20” маркийн автомашин урдуур орох гэтэл нөхрийн машиныг шахаад урд гараад зогссон. Нөхөр машинаас буугаад “Приус” маркийн автомашины жолооч гарч ирээд хоорондоо заамдалцсан. Тэгтэл нөгөө машины залуу манай нөхрийн нүүр хэсэг рүү нэг удаа толгойгоороо мөргөхөд нөхрийн хамар нь гэмтэж цус их гарсан. Тэгээд цагдаа дуудсан....гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,
Гэрч Э.Баярцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 13 цагийн үед Хан-Уул дүүрэг 16 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах Нисэхийн тойргоор дээш өсөөд төв зам дагуу явж байгаад “Хурмаа” гэх худалдааны дэлгүүр рүү орох гээд зүүн гар тийш дохио өгөөд зогсож байхад хажуу талын зорчих хэсгээс ирж байсан “Кровн” маркийн автомашин хурдан яваад өнгөрсөн. Тэгээд эргэх гээд зогсож байхад жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод намайг даваад нэг ах манай найз залуу болох Тэмүүлэнг хоёр удаа гараараа алгадсан. Найз залуу Тэмүүлэн машинаасаа буугаад “яагаад байгаа юм бэ” гэхэд “чи яаж яваад байгаа юм бэ” гээд хоорондоо барьцалдаад авсан. Тэгснээ нөгөө ах манай найз залууг баруун гараараа нэг удаа цохиж, толгойгоороо нүүр хэсэг рүү нь 2- 3 удаа мөргөсөн. Тэр үед явган хүний замаар явж байсан хүмүүс салгасан. Тэр “кровн” машинаас жирэмсэн эмэгтэй бууж ирсэн. Тэгээд салаад явцгаасан, удаагүй цагдаагаас дуудсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №5323 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: М.Нисэхсайханы биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №5318 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.Тэмүүлэнгийн биед хамрын ясны хугарал, дух, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, баруун чихний төвгөр, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн цохих, үрэх, нидрэгдэх үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүснэ. /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
Шүүгдэгч Э.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дахь тал/,
Шүүгдэгч М.Нисэхсайханы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч, хохирогч Э.Тэмүүлэн нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж үргэлжилсэн цагаан шугам давснаас үүдэн М.Нисэхсайхан нь “машин мөргөх шахлаа” гэж маргалдан улмаар харилцан зодолдож М.Нисэхсайхан нь хохирогч Э.Тэмүүлэнгийн биед “хамрын ясны хугарал, дух, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, баруун чихний төвгөр, эрүү, хүзүүнд зулгаралт” бүхий гэмтэл, Э.Тэмүүлэн нь М.Нисэхсайханы биед “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт цус хуралт” бүхий гэмтэл тус тус учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Тэмүүлэн, М.Нисэхсайхан нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Тэмүүлэн нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/775 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 23/27 дугаар тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна. /хавтаст хэргийн 40, 51 дэх тал/
Шүүгдэгч М.Нисэхсайхан нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 32 дахь тал/
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тэмүүлэнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Нисэхсайханд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт тус тус гаргасан ба шүүгдэгч нар нь өөрөө өөрсдийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагын талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Э.Тэмүүлэнд ял оногдуулахдаа түүний Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруу үйлдэл энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, мөн урьд шүүхээр ял шийтгүүлж байсан хувийн байдал болон тэрээр “Таван Богд” ХХК-нд харилцаа хөгжүүлэлтийн ажилтнаар ажилладаг тогтмол орлоготой байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч М.Нисэхсайханд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувиараа Өгөөмөр зах дээр машины сэлбэг зарж орлого олдог хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Тэмүүлэн, М.Нисэхсайхан нарт мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол төлбөрийн талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Тэмүүлэнгийн “биед хамрын ясны хугарал, дух, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, баруун чихний төвгөр, эрүү, хүзүүнд зулгаралт” бүхий гэмтэл, хохирогч М.Нисэхсайханы биед “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт цус хуралт” бүхий гэмтэл тус тус учирсан байна.
Шүүгдэгч Э.Тэмүүлэн, М.Нисэхсайхан нар нь харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан байх ба мөрдөн байцаалтын шатанд хэн аль нэг нь хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд харилцан нэгэндээ гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Тэмүүлэн, М.Нисэхсайхан нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Бэйс овогт Энхболдын Тэмүүлэн, Боржигон овогт Мягмарын Нисэхсайхан нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тэмүүлэнг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нисэхсайханыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Тэмүүлэн, М.Нисэхсайхан нарт мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Шүүгдэгч Э.Тэмүүлэн, М.Нисэхсайхан нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Тэмүүлэн, М.Нисэхсайхан нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР