Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2022/0234

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т ХХК /РД:*******/

Хариуцагч: Монгол Улсын Сангийн Яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ж, хариуцагч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Т.Э, гэрч Л.Б, Г.Г,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ё нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Т ХХК нь “Монгол Улсын Сангийн Яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.Сгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Хяналт шалгалтын тухай” ***** тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай компани 2011 оноос гадаад дотоод худалдаа, техник тоног төхөөрөмж импортлон худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ хугацаанд төрийн худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргийн биелэлт болон тендер зохион байгуулахтай холбоотой маргаан, зөрчилд холбогдож байгаагүй юм.

 Гэтэл Сангийн Яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ***** тоот дүгнэлтээрээ манай компанийг тендерт оролцуулах эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж манай компанийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаад бид туйлын гомдолтой байна.

Учир нь Дундговь аймгийн ОНӨГ-аас ирүүлсэн “Сумдын албан хэрэгцээнд бохирын машин нийлүүлэх тендерт материал ирүүлэхдээ хавсаргаж өгсөн К банк банкны Дорноговь салбарын тамга тэмдэг, гарын үсэгтэй ***** тоот зээл олгох боломжтой гэсэн агуулгатай тодорхойлолтыг хавсаргаж өгсөн нь үнэн болно.

Бид 2021 оны 01 дүгээр сард тодорхой тендерт оролцохоор төлөвлөн ажиллаж байсан бөгөөд компанийн санхүүгийн чадавхыг ( давуу талыг ) харуулах зорилгоор К банк банкнаас зээл олгох боломжтой эсэх талаарх лавлагааг авахыг хүссэн. Гэвч энэ үед Ковид-19 цар тахлын улмаас Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоон банк санхүүгийн байгууллагууд ажиллахгүй байсан, мөн хөл хорионы болон тендерийн нээлт хийх хугацаа сунгагдах эсэх нь тодорхойгүй байсан тул өөрийн харилцагч банк болох К банк банкны орон нутаг дах салбараас зээл олгох боломжтой гэсэн тодорхойлолтыг авахаар зорьсон.

К банк банк 2021 оны 01дүгээр сарын 18-ны өдөр К банк банкны Дорноговь салбарын тамга тэмдэг, гарын үсэгтэй ***** тоот зээл олгох боломжтой гэсэн агуулгатай тодорхойлолтыг эх хувиар манай компанид ирүүлсэн.

Уг тодорхойлолтыг бид нүдээр хараад хуурамч гэж дүгнэх боломжгүй учир өөрийн тендерт оролцох файлын санд хавсаргасан. Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаал болон тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заагдсан материалын бүрдүүлэлтэд банкны тодорхойлолт байх ёстой гэсэн заалт байхгүй бөгөөд манай компанитай харилцагч банкны тодорхойлолт хүчингүй гэдгийг бид мэдэх боломжгүй энэ нь тухайн банкны дотоод асуудал болно.

К банк банкны Дорноговь салбарын тамга тэмдэг, гарын үсэгтэй үйлдэх ***** тоот тодорхойлолтыг манай компани хуурамчаар үйлдэх боломжгүй, шаардлага байхгүй юм.

Мөн харилцагч банкны тодорхойлолтоор манай компанийн үйл ажиллагааг дүгнэж байгаа нь өөрөө хэт нэг талыг барьсан явцуу ойлголт бөгөөд манай компанийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Мөн Дундговь аймгийн Орон нутгийн өмчит газраас зарласан “Сумдын албан хэрэгцээнд бохирын машин нийлүүлэх” тендер нь 500 сая төгрөгийн хяналтын төсөвтэй, тендерийн бичиг баримтын өгөгдлийн хүснэгтэд санхүүгийн чадавхи харуулсан бичиг баримт буюу маргаан бүхий тодорхойлолтыг шаардаагүй.

Тендерт заавал бүрдүүлэх шаардлагатай материалын жагсаалтад ороогүй тендерт шалгарснаас хойш 30 хоногийн дараа дээрх тодорхойлолтыг (уг тодорхойлолтыг бид хуурамчаар үйлдээгүй, тэгж үйлдэх боломжгүй юм.) үндэслэн төрийн байгууллагын албан тушаалтнууд хэт нэг талыг барьсан шийдвэр аргаж байгаад гомдолтой байна. Тендерт оролцох үед манай компанин Хаан болон К банк банкин дах харилцах данснуудын үлдэгдэл тендерийн шаардлагыг бүрэн хангаж байсан болно. Гэтэл Сангийн Яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ***** тоот дүгнэлтээрээ манай компанийг тендерт оролцуулах эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байгаа нь бидний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж, цар тахлын үеэрх хүнд хэцүү энэ цаг үед компанийн ажилчдын амьдрал, амьжиргааны эх үүсвэрийг доройтуулж алдагдуулсан шийдвэр боллоо.

Иймд Сангийн Яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.Сгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ***** тоот дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сангийн Яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ***** тоот дүгнэлтээрээ манай компанийг тендерт оролцуулах эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байгаа нь бидний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж, цар тахлын үеэрх хүнд хэцүү энэ цаг үед компанийн ажилчдын амьдрал, амьжиргааны эх үүсвэрийг доройтуулж алдагдуулсан шийдвэр боллоо.

Иймд Сангийн Яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.Сгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ***** тоот дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С би Т ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ***** тоот дүгнэлт нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг тогтоож хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул энэхүү хариу тайлбарыг хүргүүлж байна.

Нэхэмжлэлд К банк банкны Дорноговь салбарын ***тоот зээл олгох боломжтой гэсэн агуулга бүхий тодорхойлолтыг хавсаргаж өгсөн нь үнэн бөгөөд уг тодорхойлолтыг нүдээр хараад хуурамч гэж дүгнэх боломжгүй учир тендерийн файлын санд хавсаргасан. Тус компанитай харилцагч банкны тодорхойлолт хүчингүй гэдгийг мэдэх боломжгүй энэ нь тухайн банкны дотоод асуудал байх ба харилцагч банкны тодорхойлолтоор уг компанийн үйл ажиллагааг дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьсан явцуу ойлголт бөгөөд компанийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж шийдвэр гаргасан” гэж дурджээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйлийн 521.2.1 дэх заалтад “энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах” бүрэн эрхийг худалдан авах ажиллагааны улсын байцаагчид олгосон ба тус заалтад дурдсан 14.1.6 дахь заалтад “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон " гэж заасан байдаг болно.

Тус хуулийн дагуу зохион байгуулсан худалдан авах ажиллагаанд Т ХХК нь хуурамч баримт бичиг бүхий тендер ирүүлсэн тухай мэдээллийг захиалагч байгууллагаас тус яаманд ирүүлсэн тул хуульд зааснаар ажиллагаа хийсэн. Сонсох ажиллагааны үеэр тус компани банкны хуурамч тодорхойлолтыг өөрийн тендерт хавсарган, тоон гарын үсгээр баталгаажуулан илгээсэн болох нь нотлогдсон.

 Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах , холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 7.4 дэх заалтад “Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ” гэж заасан байдаг.

Тендерт оролцогч өөрийн хүргүүлсэн тендерийн үнэн зөвийг захиалагчийн өмнө хариуцдаг бөгөөд тэрхүү хуурамч баримт бичгийг хэн үйлдсэн нь “илт худал мэдээлэл бүхий тендер” гэдгийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 Харин хуурамч баримт бичиг үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэхээс шалтгаалан хууль хяналтын байгууллагын тогтоох асуудал юм. Түүнчлэн тендерт оролцогч өөрийн хүргүүлсэн баримт бичигт холбогдох хариуцлагыг бүрэн хүлээх ба тендер шалгаруулалтад тухайн тодорхойлолтыг шаардсан байсан эсэх асуудал нь түүний тендерт хуурамч баримт бичиг байсан үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй болно.

Т ХХК-ийн тендертээ ирүүлсэн К банк банкны 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн ***тоот тодорхойлолтыг хуурамч баримт бичиг болохыг К банк банкны 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн №**** тоот албан бичгээр тодорхойлсон байдаг ба худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн хувьд энэхүү мэдээлэлд үндэслэн дүгнэлт гаргах нь Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийн 2.1.3-т зааснаар “асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх” зарчмыг бүрэн хэрэгжүүлж ажилласан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад зааснаар илт худал бүхий тендер ирүүлсэн байхыг тогтоодог бүрэн эрхтэй этгээд юм. Бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн хуулийн этгээдийн тендер шалгаруулалтад оролцохдоо ирүүлсэн баримт бичигт нь худал хуурмаг мэдээлэл байна уу, илт худал мэдээллийн шинжтэй байна уу гэдгийг тогтоох үүрэгтэй. Бусдаар тухайн тодорхойлолт нь яаж тухайн компанийн тендерт орсон бэ, гэдэг нь Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн тогтоох асуудал биш. Тухайн баримт бичгийг банкны эрх бүхий этгээдийн гарын үсэг болон тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж байгааг тусдаа Эрүүгийн хуульд заасны дагуу шийдвэрлэдэг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Т ХХК нь “Монгол Улсын Сангийн Яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.Сгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ***** тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Монгол Улсын Сангийн Яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.Сгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ***** тоот дүгнэлтийн 1 дэх заалтаар: “Т ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоож байна”,

2 дахь заалтаар: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, 521 зүйлийн 521.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн Т ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамааруулах санал”-ыг төсвийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байна.” гэж дүгнэлт гаргасан байна.

Монгол Улсын Сангийн Яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.Сгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ***** тоот дүгнэлтийг гаргахдаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.1.6,  521 зүйлийн 521.2.1 дэх заалтыг тус тус үндэслэсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйлийн 521.2-д “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 521.2.1-д “энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах;” , мөн хуулийн  14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ:”, 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж заасан байна.

К банк банкны Дорноговь аймаг дахь салбарын захирал А.Болормаагийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн №**** тоот албан бичигт “Танай байгууллагаас ирүүлсэн албан бичгийн дагуу Т ХХК-ийн тодорхойлолтыг  Дорноговь аймаг дахь салбарын захирал А.Болормаа миний бие гаргаж өгөөгүй тус компани хуурамчаар үйлдсэн байгааг анхааруулж байна. Тус компани нь Говь-сүмбэр аймагт мөн энэхүү тодорхойлолтоор тендерт оролцохоор материал хүргүүлж, тодруулга авахад өөрсдөө хуурамчаар үйлдсэн гэж тайлбар бичиж өгсөн болно. Та бүхэн хуурамч материал бүрдүүлээд байгаа энэхүү компани дээр зохих арга хэмжээг авч ажиллана уу.”  гэсэн байна.

Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №70 тоот албан бичигт “...Т ХХК нь тендер шалгаруулалтад оролцохдоо К банк банкны Дорноговь аймгийн салбарын захирлын зээл олгох тухай албан тоотыг хуурамчаар үйлдсэн байх үндэслэлтэй байна.”  гэсэн байна.

К банк банкны Дорноговь аймаг дахь салбарын захирал А.Болормаа нь 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...манай салбараас ***** тоот тодорхойлолтыг гаргаж өгөөгүй, манай салбараас тухайн компанид гаргаж өгч байсан тодорхойлолт байхгүй, 2021 оны 01 дүгээр сард манай албан тоот ***дугаар хүрээгүй байсан, мөн манайх явуулж байгаа албан тоотууд  дээрээ дугаар дардаг байгаа. Манайх дугаар дараад сондгой тоотойг нь авч үлдээд тэгш тоотойг нь тухайн байгууллагад нь явуулдаг байгаа. Иймд манай хийж өгсөн тоот биш, тухайн компани нь хуурамч үйлдэл хийсэн байна гэдгийг хэлээд хариугаа явуулсан байгаа, Г.Гыг өөрийг нь дуудаад уулзаж байсан. Г.Г нь уучлаарай би өөрөө янзалсан, одоо танд бас яг адилхан янзлаад харуулахад бэлэн байна, өмнөх онд авч байсан тодорхойлолтоо янзлаад явуулсан гэж Г.Г хэлсэн. Фотошопоор өмнө нь хийж байсан тамгыг хэрэглэсэн, гарын үсгийг дуурайгаад зурсан гэж Г.Г тайлбараа өгсөн. Энэ тодорхойлолтыг харахад миний гарын үсэг биш, манай явж байгаа тоотууд доор нь дандаа давхар дугаар дарагддаг байгаа. Энэ тодорхойлолт дээр ямар ч дугаар байхгүй байна,  тус тодорхойлолт нь хуурамч” гэсэн  агуулгаар тайлбарласан болно.

Мөн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гэрч Г.Г мэдүүлэг өгөхдөө “Өмнө нь бол би тодорхойлолт авсан байсан. Тэрийг бага зүйлийг нь засаж янзлаад явуулсан.Тухайн үед би өөрт байсан бичгийг засаад явуулсан, бланк нь бол хуурамч байгаа. тамга нь ч гэсэн хуурамч байгаа.К банк банкны ***** тоот тодорхойлолт хуурамч” гэсэн агуулгаар тайлбарласан болно.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд К банк банкны Дорноговь аймаг дахь салбарын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн  ***** тоот тодорхойлолт үнэн зөв болох нь тогтоогдохгүй байна.  

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ... хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэж заасан байна.

Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах , холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 7.4-д “Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ.” гэж заасан байна.  

Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд тендерт оролцогч нь өөрийн илгээсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлан шалгах, залруулах үүрэгтэй байх ба энэ үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хариуцлагыг өөрөө дангаар хүлээхээр, хариуцлагатай байх зарчмыг баримтлахаар зохицуулсан байна.

Дээр тайлбарласан үйл баримтууд, эрх зүйн зохицуулалтуудаас  үзэхэд, К банк банкны Дорноговь аймаг дахь салбарын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн  ***** тоот тодорхойлолт үнэн зөв болох нь тогтоогдохгүй байх тул Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ***** тоот дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх үзлээ.

Иймд Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ***** тоот дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “...бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн байна.

Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд “банкнаас зээл авах боломжтой байх” гэсэн шалгуур тавиагүй  байна.

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “... компанийн санхүүгийн чадавх, давуу талыг харуулах зорилгоор К банк банкнаас зээл олгох боломжтой эсэх талаарх лавлагааг авахыг хүссэн ...  тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заагдсан материалын бүрдүүлэлтэд банкны тодорхойлолт байх ёстой гэсэн заалт байхгүй бөгөөд манай компани банкны тодорхойлолт хүчингүй гэдгийг бид мэдэх боломжгүй, энэ нь тухайн банкны дотоод асуудал болно ... банкны тодорхойлолтыг манай компани хуурамчаар үйлдэх боломжгүй, шаардлагагүй ... Тендерт заавал бүрдүүлэх шаардлагатай материалын жагсаалтад ороогүйгэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.

Гэвч тендерт оролцогч нь өөрийн илгээсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хариуцлагыг өөрөө дангаар хүлээхээр, хариуцлагатай байх зарчмыг баримтлахаар дээрх хууль, журамд зохицуулсан байх тул  нэхэмжлэгч дээрх байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 521 дүгээр зүйлийн 521.2.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус  баримтлан Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.Сд холбогдуулан гаргасан “Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.Сгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Хяналт шалгалтын тухай” №***** тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.БАТЗОРИГ