Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2025/0655

 

 

 

 

 

 

 

 

М.Гантулгын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нар

Нэхэмжлэгч: М.Г

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий прокурор

Нэхэмжлэлийн шаардлага: “Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ахлах прокурорын ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Улсын ерөнхий проукрорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/*** дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 498 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.Г

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х

Хэргийн индекс: 128/********************

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Г нь Монгол Улсын Ерөнхий прокурорт холбогдуулан “Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ахлах прокурорын ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Улсын ерөнхий проукрорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/*** дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 498 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, 46 дугаар зүйлийн 46.2.5, Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.5, 48.1.13-д заасныг тус тус баримтлан Улсын ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/*** дугаар тушаалыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Шүүх ийнхүү хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талуудын шүүхэд, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай нэг бүрчлэн харьцуулж хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, тухайн маргааны хүрээнд хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэхээр байна. Харин хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож буй хэргийн үйл баримтын талаар шүүх үнэн зөв хууль зүйн дүгнэлт хийсэн атлаа шийдвэр гаргахдаа алдаатай шийдвэр гаргасанд гомдолтой байна. Түүнчлэн шүүх урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ахлах прокурорын ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын талаар ямар ч эрх зүйн дүгнэлт хийгээгүйд бид гомдолтой, энэ шаардлагын үндэслэлийг шүүх хэрхэн дүгнэж шийдвэрлэж байгаа нь туйлын тодорхойгүй, ойлгомжгүй болжээ. Бидэнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх дараах үндэслэл байна. Үүнд:

3.2. Хариуцагч Улсын ерөнхий прокуророос нэхэмжлэгч М.Г Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн сургалтын албаны ахлах прокурорын ажилд томилуулах утга агуулга бүхий өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзэхээр байхад энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхээс огт эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Захирамжилсан үйл ажиллагаа гэдэг бол захиргааны акт гаргахын өмнөх үе шатанд хийгддэг ажиллагаа гэж ойлгож байгаа ба хариуцагч талд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулахаар гаргаж байгаа хүсэлтэд дурдсанаас өөр ажил, албан тушаал санал болгож, прокурорын албан тушаалын зэрэглэлийг 2 дахин бууруулж хяналтын прокурорын ажил санал болгож байгааг бид ахлах прокурорын ажилд томилуулах утга агуулга бүхий хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргаж байна гэж үзэж энэ үндэслэлээр эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, ахлах прокурорын албан тушаалд томилохыг даалгах, үр дагаврыг арилгуулах нэхэмжлэл гаргасан юм.

3.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч тал 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 09 дугаартай Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг нөхөн үйлдэж гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогддог. Өөрөөр хэлбэл маргаан бүхий Б/*** дугаар тушаал гаргах цаг хугацаанд Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлт гаргаагүй, хожим нөхөж гаргасан ба одоо дахин Прокурорын тухай хуульд зааснаар ёс зүйн дүгнэлт гаргаж шинэ акт гаргах нь нэхэмжлэгч талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг улам дордуулна гэж бид үзэж энэ талаарх шүүхийн дүгнэлт, шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хожим прокурорын ёс зүйн дүгнэлт гаргасан байдал нь актын биелэлтийг түдгэлзүүлж шинэ акт гаргаснаар арилахгүй. Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлт хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий баримт байхад шинэ акт гаргахаар актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу. Улсын ерөнхий прокурор Б/*** дугаар тушаалыг гаргахдаа нэхэмжлэгчээс тайлбар, мэдүүлэг аваагүй, зөрчлийг тогтоогоогүй атлаа ажлаас чөлөөлөх тушаал нөхөж гаргасан нь хууль бус байхад шүүхээс уг тушаалын үндэслэлийн талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ алдаатай дүгнэлт хийлээ.

3.4. Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2024/***** дугаар магадлал гарч хэрэг анхан шатны шүүхэд буцаж ирсний дараа Монгол Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/*** дугаартай “Ажлаас халах тухай” тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардлагаа нэмэгдүүлсэн ба шүүхийн дээрх дүгнэлт энэ шаардлагын үндэслэлийг дэмжсэн агуулгатай байх боловч энэхүү шаардлагыг хэрхэн шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна. Захиргааны байгууллага эрх бүхий албан тушаалтан болох Улсын ерөнхий прокурор захиргааны үйл ажиллагаа явуулж ажлаас чөлөөлөх үндэслэл болсон хууль зүйн факт, үйл баримт бий болоогүй байхад илтэд үндэслэлгүйгээр уг тушаалыг гаргасан нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх үндэслэлд хамаарна гэж үзэж байна. Хожим нөхөж гаргасан, эрх зүйн үйлчлэлгүй захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа ба энэхүү Б/*** дугаартай тушаалыг илт хууль бусд тооцсоноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэхээр байгаа юм. Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. Прокурор М.Г эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, прокурор гэмт хэрэг үйлдсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр иргэд, олон нийтэд цацагдсан нь прокурор, прокурорын байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн нь нийтэд илэрхий тодорхой байсан. Түүний энэхүү үйлдэл нь төрийн алба тэр дундаа прокурор, прокурорын байгууллагын нэр хүнд, прокурорын ёс зүйн дүрэм болон Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн ноцтой үйлдэл болсон. Нэхэмжлэгчийн гаргасан үйлдэл нь “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”-ээс гадна байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх нийтлэг үүргийг зөрчсөн тул албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болсон.

4.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг баримталж шийдвэрлэсэн. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт захиргааны акт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хуульчилсан. М.Гантулгын гаргасан зөрчилтэй холбоотой түүнийг Улсын ерөнхий прокурорын тушаалаар албан тушаалаас нь чөлөөлсөн нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр юм.

4.3. Түүний гаргасан өргөдөлд үндэслэн томилон ажиллуулах боломжтой ажил, албан тушаалын талаар Улсын ерөнхий прокурорын газраас тухай бүр хариу өгсөн. Иймд М.Гас гаргасан өргөдөл бүрийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, энэ талаар түүнд мэдэгдэж байсан тул эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.

4.4. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг хуульчилсан. Мөн зүйлийн 37.1.5 дахь хэсэгт “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” нь төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг болохыг тодорхой заасан. Дээрх үүргээ нэхэмжлэгч нь төрийн тусгай албан хаагчаар ажиллаж байхдаа зөрчсөн тул төрийн албанаас чөлөөлөх үндэслэл болсон. Иймд энэ тушаал нь хуульд үндэслэсэн, холбогдох хуулиудын тодорхой заалтыг баримталсан учраас “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

4.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг хэрэглэхэд хэргийн нөхцөл байдал тодорхойгүй байх урьдчилсан нөхцөлийг шаардах бөгөөд энэхүү маргааны хувьд тодорхойгүй нөхцөл байдал бий болоогүй, дахин нэмж тодруулах үйл баримт байхгүй, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэх нөхцөл байдал байхгүй болно. Өөрөөр хэлбэл хэргийн үйл баримтыг үнэлж, хуулийг зохих ёсоор тайлбарлан хэрэглэх замаар маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан зохицуулалтыг анхан шатны шүүх хэрэглэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн шийдвэр гаргаж, хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 498 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгч М.Гас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

5.1. Миний бие эрүүгийн гэмт хэрэгт хэлсээр гүтгэгдэж, холбогдон шалгагдсан нь үнэн боловч эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс тухайн гэмт хэргийг намайг үйлдээгүй болохыг эцэслэн тогтоож гэм буруугүй гэж үзэж цагаатгасан ба Улсын Дээд шүүхээс прокурорын эсэргүүцлийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзсанаар шүүхийн эцсийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт хэргийн баримтаар хангалттай нотлогдож байгаа. Анхан шатны шүүх энэ нөхцөл байдлын талаар шийдвэр гаргахдаа үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн. Бодит байдалд Улсын ерөнхий прокурор намайг эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаатай холбогдуулж нэг мөр эрүүгийн хэргээ эцэслэн шийдвэрлүүлчхээд эргэж ажилдаа ороорой гэж хэлж ахлах прокурорын ажлыг хийлгээгүй ажил албан тушаал түдгэлзүүлж, ажил хүлээлцсэн акт үйлдэж ажил хүлээж авсан атлаа одоо намайг гэмт хэрэгт үйлдсэн, ёс зүйн зөрчил гаргасан, прокурорын нэр хүндийг унагасан зэргээр тайлбар гаргаж эргэж ажилдаа орох боломжийг хязгаарлаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй.

5.2. Маргаан бүхий тушаал гарсан талаараа надад мэдэгдээгүй, танилцуулаагүй атлаа намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан гэж хариуцагч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй төдийгүй уг тушаалын хууль зүйн үндэслэл нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаа. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, хууль бус болсон гэж үзэх дараах үндэслэл байна.

5.2.1 Шүүхээс гарсан шийдвэр нь далд санаатай, хоёрдмол утгатай, бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжгүй шийдвэр гаргасан бөгөөд 2 жил гаруй хугацаанд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй маргаанд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг хэрэглэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Учир нь тухайн хэргийн нөхцөл байдлыг тодруулах ямар ч шаардлага байхгүй, дахин нэмж тодруулах зүйлгүй, хэргийн нөхцөл байдал шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтрээгүй байхад шүүх  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг хэрэглэсэн нь буруу. Шүүх миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар хууль зүйн дүгнэлт хийх замаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12, 106.3.13, 106.3.14 дэх заалтын аль нэг заалтыг удирдлага болгон хэргийг эцэслэн шийдвэрлэхээс зайлсхийж байгаа нь шүүхэд итгэх итгэлийг алдагдуулж байна.

5.2.2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг нь Тодорхойлох хэсгээс ялгахааргүй өнгөрсөн үйл баримтуудыг нэг бүрчлэн тоочих байдлаар бичигдсэн, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл болон хэм хэмжээний тайлбарыг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр тодорхойлон дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн гэж үзэхээр байгаа юм. Иймд миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч М.Г нь Монгол Улсын Ерөнхий прокурорт холбогдуулан “Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ахлах прокурорын ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Улсын ерөнхий проукрорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/*** дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.1. Нэхэмжлэгч М.Г нь Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албанд ахлах прокуророор  томилогдон ажиллаж байхдаа 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үндэслэлээр эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгагдаж байх хугацаанд буюу Монгол Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/*** дугаар тушаалаар “...Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.7, 46 дугаар зүйлийн 46.2, 46.2.5, Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.5, Прокурорын зэрэг дэв олгох журмын 2.11, 2.14 дэх заалтыг тус тус үндэслэл болгон нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж” шийдвэрлэсэн.

2.2. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч М.Г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх бөгөөд мөн нэхэмжлэгчийн дээрх гэмт хэргийг үйлдээгүй болохыг шүүх эцэслэн тогтоосон байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй... Прокурорын гаргасан зөрчлийн шинж байдлаас харгалзан зөрчилд тохирох сахилгын шийтгэлийг оногдуулах эсэхийг шийдвэрлэхээр байна...” гэж тус тус дүгнэн захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сараар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/*** дугаар цагаатгах тогтоолоор нэхэмжлэгч М.Гд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэн хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ДШМ/692 дугаар магадлалаар М.Гд холбогдох хэсгийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6** дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, улмаар давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдож байна.

2.4. Нэхэмжлэгч М.Г нь “...миний бие шүүхэд ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйтэй холбогдуулан маргаж байхдаа маргаан бүхий ажлаас чөлөөлсөн тушаалыг хэрэгт авагдсан байхад танилцаж мэдсэн, намайг чөлөөлсөн болохыг өмнө нь мэдээгүй, байгууллагын удирдлагын зүгээс эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа асуудлаа нэг мөр шийдвэрлүүлээд ирэх хүртэл ажиллуулах боломжгүй гэж хэлсэн. Тэгээд би гэмт хэрэг үйлдээгүй болохоо шүүхээр шийдвэрлүүлээд буцаад ажилдаа орох хүсэлтийг гаргасан. Сахилгын шийтгэл ногдуулах талаар өмнө нь надад мэдэгдээгүй, надад 2020 оны 10 дугаар сард цалин олгож байсан...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

 

2.5. Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.5-д “прокурорыг томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах”, 66 дугаар зүйлийн 66.3-д “Мэргэжлийн болон ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор сахилгын шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэнэ” гэж Прокурорын ёс зүйн зөвлөл болон Улсын ерөнхий прокурорын эрхийн хүрээнд сахилгын шийтгэл ногдуулах эрх зүйн үндэслэлийг зохицуулсан.

2.6. Нэхэмжлэгчийн холбогдон шалгагдаж байсан эрүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхойгүй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн эсэхийг шүүх эцэслэн тогтоогоогүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй төдийгүй дээр дурдсанчлан “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэн цагаатгах тогтоол гарсан байхад маргаан бүхий тушаалаар ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь захиргааны үйл ажиллагааны “шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй байна.

3. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, Прокурорын тухай хуулийн 67 дугаар зүйлд “Сахилгын шийтгэл” гээд 67.1-д “Прокурор хууль, байгууллагын дотоод журам, прокурорын мэргэжил, ёс зүйн дүрэм зөрчсөн, эсхүл хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй бол тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан дараах сахилгын шийтгэл оногдуулна” гэх зэргээр төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулжээ.

3.1. Дээрх хууль болон журмын зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл, нэхэмжлэгчийн чухам ямар үйлдэл, эс үйлдэхүй нь Төрийн албаны тухай хуулийн 37-д заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн зөрчилд хамаарч буй талаар захиргааны байгууллагаас шалгаж тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй.  Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхдээ түүний гаргасан яг ямар зөрчлийг ёс зүйн зөрчил гэж үзсэн болох, тухайн зөрчлийг холбогдох журамд зааснаар шалгаж тогтоох үүрэг захиргааны байгууллагад хадгалагдах тул уг зөрчлийг шалган тогтоох, захиргааны шийдвэр гаргах ажиллагааг холбогдох журмын дагуу явуулах нь зүйтэй.

 

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Прокурор М.Гантулгын эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, прокурор гэмт хэрэг үйлдсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр иргэд, олон нийтэд цацагдсан нь прокурор, прокурорын байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн нь нийтэд илэрхий тодорхой байсан. ... Дээрх үүргээ нэхэмжлэгч нь төрийн тусгай албан хаагчаар ажиллаж байхдаа зөрчсөн тул төрийн албанаас чөлөөлөх үндэслэл болсон...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь хариуцагчид төрийн албан хаагч, албан тушаалтны ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах эрх нь хуулиар олгогдсон боловч хуульд заасан үндэслэлээр, хууль журмын дагуу ногдуулах ёстой. Харин өөрт нь буюу хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэхгүйгээр гаргах боломжгүй бөгөөд энэ тохиолдолд Монгол Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/*** дугаар тушаалыг хэвээр үлдээх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

3.3. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн гаргасан 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хүсэлтэд Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2/537 тоот албан бичгээр “...хяналтын прокурорын сул орон тоонд томилох боломж байгаа болохыг мэдэгдье” гэж, мөн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан өргөдөлд Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2/2422 тоот албан бичгээр “...Баянзүрх дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурорын сул орон тоо байгаа талаар...” гэж тус тус хариу өгсөн үйл баримт тогтоогдож байна.

3.4. Үүнээс үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь эрх хэмжээнийхээ хүрээнд дахин шинэ акт гаргах бүрэн боломжтой болох нь тогтоогдож байх бөгөөд дээр дурдсанчлан маргаан бүхий тушаалыг гаргах болсон үндэслэлийг холбогдох хууль журамд заасны дагуу шалган тогтоосны үндсэн дээр дахин шинэ акт гаргах нь зүйтэй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...хариуцагч тал 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 09 дугаартай Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг нөхөн үйлдэж гаргасан ... Өөрөөр хэлбэл маргаан бүхий Б/*** дугаар тушаал гаргах цаг хугацаанд Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлт гаргаагүй, ... одоо дахин Прокурорын тухай хуульд зааснаар ёс зүйн дүгнэлт гаргаж шинэ акт гаргах нь нэхэмжлэгч талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг улам дордуулна гэж бид үзэж энэ талаарх шүүхийн дүгнэлт, шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ...шүүх урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ахлах прокурорын ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын талаар ямар ч эрх зүйн дүгнэлт хийгээгүйд бид гомдолтой” гэж давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхээс хангах боломжгүй.

4.1. Хэдийгээр нэхэмжлэгч этгээд нь эрүүгийн хэрэгт шалгагдаж, цагаатгагдсан боловч төрийн тусгай албан хаагч, Прокурорын хувьд Прокурорын байгууллагын нэр хүндийг олон нийтийн дунд унагасан үйлдлийг гаргасан, энэ нь өөрөө ёс зүйн зөрчилд тооцох үндэслэл болсон гэх хариуцагчийн тайлбарыг шүүхийн зүгээс үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ асуудлыг захиргааны байгууллага шийдвэрлээгүй байхад өмнөх ажил, албан тушаалд эргүүлэн томилохыг даалгах эрх зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 498 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                Ц.САЙХАНТУЯА

 

 

ШҮҮГЧ                                                А.САРАНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                Д.ОЮУМАА