Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2022/00406

 

“.............” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01212 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1308 дугаар магадлалтай,

“.............” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“.............” ХХК, “.............” ХХК нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 20,100,562,221.88 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “.............” ХХК-ийн төлөөлөгч Д.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Мт, А.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цолмон, хариуцагч “.............” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, Н.Ариунтунгалаг, өмгөөлөгч Б.Болдбаатар, хариуцагч “.............” ХХК-ийн өмгөөлөгч Л.Даваасүрэн, гуравдагч этгээд Д.Мтийн өмгөөлөгч Х.Батбаатар, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “.............” ХХК нь хариуцагч “.............” ХХК, “.............” ХХК нарт холбогдуулан зээлдэгч “.............” ХХК-тай байгуулсан З-СГ-ЗҮ 2017-65 дугаартай “Зээлийн гэрээ”-г цуцалж, зээл, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт нийт 19,782,346,781.86 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээл, хүүгийн тооцооллыг 2019.12.16-ны өдрөөр тооцон нийт 20,100,562,221.88 төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй маргасан.

Энэ хэрэгт Д.О, А.С, Д.Мт нар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож тайлбар гаргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01212 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч “.............” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 17,971,105,343.96 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “.............” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,129,456,877.92 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “.............” ХХК-д холбогдох нэхэмжлэгч “.............” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар хариуцагч “.............” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд “.............” ХХК-ийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сум, 4-р баг Хэрх, Эрээний аманд байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 829 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ............... дугаарт бүртгэгдсэн, 95 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилга, гуравдагч этгээд Д.Оийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Үйлдвэр 2, Зайсангийн гудамж, 35Г тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай, 263.17 мкв талбайтай, 2 давхар, эрхийн улсын бүртгэлийн ............... дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, гуравдагч этгээд А.С, Д.Мт нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Үйлдвэр /17041/, ХД-32 дугаар байрны, 2 дугаар давхарт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 208.4 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2206010298 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, гэрээгээр “.............” ХХК-ийн өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ сум, 1-р баг, Баяндавааны ард байршилтай, Хайрын билэг-1 тоот хүүхдийн амралт сувиллын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-1423000168 дугаарт бүртгэгдсэн, 1952 м.кв амралтын байр, 903 м.кв чийрэгжүүлэх төв, 250 м.кв ресторан, 11 м.кв сүүний цех, 25 м.кв 8 ширхэг жижиг байр, 64 м.кв уурын зуух, 21 м.кв харуулын байр, 105 м.кв ажилчдын байр, эрхийн улсын бүртгэлийн ............... дугаарт бүртгэгдсэн амралтын зориулалттай, 296.84 мкв, 525 м.кв, 532.5 м.кв талбайтай, Хайрын билэг-1 цогцолбор эд хөрөнгө, “.............” ХХК-ийн өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ сум, 1-р баг, Өгөөмөр тулгат гацаа байр, Хайрын билэг-2 тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-1423000167 дугаарт бүртгэгдсэн, амралтын зориулалттай, 1890 м.кв, 254 м.кв, 180 м.кв, 100 м.кв, 40 м.кв, 64 м.кв, 30 м.кв талбайтай Хайрын билэг-2 нэртэй цогцолбор эд хөрөнгө, гуравдагч этгээд Д.Оийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамжинд байршилтай, нэгж талбарын ...............дугаартай 852 м.кв газар эзэмших эрх, хариуцагч “.............” ХХК-ийн эзэмшлийн Төв аймаг, Эрдэнэ сум, 1-р баг, Баяндавааны ард байршилтай, хүүхдийн зуслангийн зориулалттай, нэгж талбарын ...............дугаартай 5 га газар эзэмших эрх, хариуцагч “.............” ХХК-ийн эзэмшлийн Төв аймаг, Эрдэнэ сум, 1-р баг, Тулгат гацаанд байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, нэгж талбарын 18691304420877 дугаартай 3.7 га газар эзэмших эрх, шийдвэрийн үндэслэх хэсгийн хүснэгтэд дурдсан 56 ширхэг хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “.............” ХХК, “.............” ХХК нарт холбогдох ашигт малтмалын ..............., ..............., ..............., ..............., ...............дугаартай тусгай зөвшөөрөл, Д.Оийн өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ сум, 1-р баг, Өгөөмөр тулгат гацаа байр, Хайрын билэг-2 тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-1423000227 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, Сэлэнгэ аймаг, Мандал сум, 4-р баг, Хэрх, Эрээний аманд бий болох гэх уурхай болон баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамж, баяжуулах үйлдвэрийн барилга тоног төхөөрөмж, баяжуулах үйлдвэрийн хаягдлын агуулахаар тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч “.............” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 100,489,077.09 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “.............” ХХК-аас 90,013,477 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгоr шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1308 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01212 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 17,971,105,343.96 төгрөг гэснийг 18,985,062,911.83 төгрөг гэж, 2,129,456,877.92 төгрөг гэснийг 1,115,499,310.05 төгрөг гэж, 6 дахь заалтын 90,013,477 төгрөг гэснийг 95,083,264.56 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,805,234.39 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч “.............” ХХК-ийн төлөөлөгч Д.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээр манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хөндөж, “.............” ХХК-д давуу байдал олгосон тул гомдолтой байна. “.............” ХХК, “.............” ХХК нар 2015.09.19-ний өдөр 15/01 тоот “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, “.............” ХХК-ийн эзэмшлийн Эрээний алтны үндсэн ордод олборлолт, баяжуулах үйлдвэр байгуулах зорилгоор хамтран ажиллахаар тохиролцсон. Уг төслийн техник эдийн засгийн үндэслэлийн дагуу нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 55,000,000,000 төгрөг байхаар тооцоологдсон юм. Тус санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгчид өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжгүй байсан тул “.............” ХХК-аас хүсэлт гаргаж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан Апт-2 хөтөлбөрт хамрагдахаар болсон. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд “.............” ХХК нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрлийг барьцаалж З-СГ-ЗҮ-2017-65 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон юм.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд зээлийн гэрээний үүргийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах боломжгүй юм.” Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Харин “.............”ХХК, “.............” ХХК нарт холбогдох ашигт малтмалын ..............., МV015617, МV015619, МV004265, МV015618 дугаартай тусгай зөвшөөрөл ... зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч “.............” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.” гэж шийдвэрлэсэн байна.

4.3. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна.”, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийг барьцаалж болно, 52 дугаар зүйлийн 52.1-д зааснаар барьцаалагч нь зээлийн гэрээний үүргээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагдсан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий этгээдэд шилжүүлж, холбогдох баримт бичгийг хавсаргана гэж заажээ. Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээр “.............” ХХК-ийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, “.............” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй орхиж тус компанид давуу эрхийг олгож шийдвэрлэсэн нь харагдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, “.............” ХХК-ийн нэр бүхий 5-н тусгай зөвшөөрлөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Мт, А.С нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

5.1. Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйгээс бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөхөд хүрээд байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх “...Барьцааны гэрээг итгэмжлэлийн дагуу М.Соёл-Эрдэнэ гарын үсэг зурж байгуулсан бөгөөд түүнд 2017.06.14-ний өдөр өмчлөгч буюу гуравдагч этгээд А.С, Д.Мт нар итгэмжлэл олгосон. Энэхүү итгэмжлэлээр М.Соёл-Эрдэнэд маргаж буй эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалах эрх олгожээ. Иймд уг үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй...” гэж шийдвэрлэсэн бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

5.2. Анх 2017.06.14-ний өдөр М.Соёл-Эрдэнэ нь А.С бид 2-т хандаж бага хэмжээний зээл авах гэж байгаа юм та нар байраа түр барьцаанд тавиад өгөөч гэж гуйсны дагуу бид зөвшөөрсөн. Иймд тэр өдрөө Гранд оффис дээр Соёл-Эрдэнэтэй очиж уулзаад өөрсдийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Үйлдвэр /17041/, ХД-32 дугаар байрны, 2 дугаар давхарт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 208.4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206010298 дугаарт бүртгэгдсэн хувийн сууцыг барьцаалах эрхийг итгэмжлэлээр олгож, нотариатаар батлуулсан. Тэрхүү явдлаас хойш юу болсныг мэдэхгүй. Гэнэт нэг өдөр намайг шүүхээс гуравдагч этгээдээр дуудсан бөгөөд шүүх дээр ирж байж л манай байрыг “.............” ХХК, “.............” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавьсныг олж мэдсэн. Өөрөөр бол М.Соёл-эрдэнийн байгуулсан Б-СГ-ҮХ2017-69 тоот барьцааны гэрээтэй бид нар танилцаагүй, мөн “.............” ХХК-ийн зээлийн мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй хаанаас ямар зээл авсныг мэдээгүй байж байгаад шүүхээс дуудсаны дараа л мэдсэн юм. Бид нарын хувьд ийм том зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавихыг зөвшөөрч М.Соёл-Эрдэнэд итгэмжлэл олгоогүй. Тухайн үедээ 10, 20 сая төгрөгийг л банкнаас зээлнэ гэж бидэнд хэлсэн тул М.Соёл-Эрдэнийн байгуулсан Б-СГ-ҮХ2017-69 тоот барьцааны гэрээ итгэмжлэлд заасан шаардлагыг хангахгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, манай байрыг үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа хөрөнгөнөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч “.............” ХХК болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Мт, А.С нарын гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

7. “.............” ХХК нь “.............” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,100,562,221.88 төгрөг гаргуулах, “.............” ХХК, “.............” ХХК-д холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч “.............” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 17,923,914,261.43 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзаж “нэхэмжлэгч зээлийг бүхэлд нь иенээр тооцон, шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш 25.05 төгрөгөөр тодорхойлсныг зөвшөөрөхгүй, зээлийг төгрөг болон иенээр авсан тул уг гэрээний зүйлээр тус тусын үүргийг тодорхойлж төлнө, иенийг үүрэг үүсэх үеийн буюу 21.44 төгрөгтэй тэнцэх ханшаар бодох хуультай, нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаа дуусаагүй байхад шаардсан, мөн гэрээг цуцлах шаардлага гаргасан атлаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсаныг тус тус зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Хариуцагч “.............” ХХК “компанийн эд хөрөнгийг барьцаалж гэрээ байгуулсан боловч зарим гэрээ хүчин төгөлдөр бус” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.О “хувийн сууц барьцаалсан гэрээ хүчин төгөлдөр бус, зээлийн үүргийг “.............” ХХК-ийн өмчлөлийн зүйлээр хангуулах боломжтой” гэсэн, мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.С, Д.Мт нар “зээлийн болон барьцааны гэрээний үр дагаврыг ойлгоогүй, барьцааны гэрээ байгуулахад гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл аваагүй тул үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгнө үү” гэсэн тайлбарыг тус тус гаргасан байна.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

9. Дараах үйл баримтыг дурдах шаардлагатай байна.

9.1. “.............” ХХК болон “.............” ХХК-ийн хооронд 2017.07.18-ны өдөр З-СГ-ЗҮ-2017-65 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр 15,000,000,000 төгрөгийг 2017.12.10-ны өдөр хүртэл Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Эрээн, Баавгайт алтны үндсэн ордыг далд аргаар ашиглах төслийг санхүүжүүлэх зориулалтаар, жилийн 15 хувийн хүүтэй зээлэх, хугацааг хэтрүүлбэл үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд тохиролцсон, нэхэмжлэгч гэрээний дагуу 3 удаагийн шилжүүлгээр 11,368,333,275 төгрөг шилжүүлсэн, хожим 2017.12.28-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж З-СГ-ЗҮ-2017-65/1 дугаар гэрээг байгуулахдаа анх олгохоор тохиролцсон 15,000,000,000 төгрөгийг 699,626,865.65 иенд шилжүүлж, дутуу олгосон 3,631,666,671.9 төгрөгийг 169,387,438.06 иенээр өгөх, зээлийн хүүг 7.5 хувь болгон бууруулах, гэрээний хугацааг 2020.10.10-ны өдөр хүртэл сунгах, зээл эргэн төлөх хуваарийг шинэчилсэн өөрчлөлтүүдийг оруулахаар шийдвэрлэсэн, 2018.01.22-ны өдөр 169,387,438.06 иен олгогдсон, эдгээр үйл баримт тогтоогджээ.

9.2. Дээрхээс гадна

а/ 2017.07.18-ны өдөр “.............” ХХК болон “.............” ХХК-ийн хооронд байгуулагдсан Б-СГ-ТЗ2017-66 тоот барьцааны гэрээгээр тус компанийн эзэмшилд бүртгэлтэй ашигт малтмалын ашиглалтын 5 тусгай зөвшөөрөл,

Б-СГ-ҮХ 2017-67 тоот барьцааны гэрээгээр тус компанийн өмчлөлд бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р баг Хэрх, Эрээний аманд байрлалтай үйлдвэрлэлийн зориулалттай 829 м.кв талбай бүхий 95 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

б/ ”.............” ХХК, Д.О нарын хооронд байгуулагдсан Б-СТ-ҮХ 2017-68, Б-СГ-ГЭ 2017-72 тоот гэрээгээр Д.Оийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 263.47 м.кв талбай бүхий хувийн сууц, 852 м.кв эзэмшлийн газар,

в/ “.............” ХХК, А.С, Д.Мт нарын хооронд байгуулагдсан Б-СТ-ҮХ 2017-69 тоот барьцааны гэрээгээр тэдний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, 208.4 м.кв талбай бүхий хувийн сууц,

г/ “.............” ХХК, “.............” ХХК-ийн хооронд байгуулагдсан Б-СГ-ҮХ 2017-70, Б-СГ-ҮХ 2017-71, Б-СГ-ҮХ 2017-73, Б-СГ-ГЭ 2017-74 тоот гэрээгээр тус компанийн өмчлөлд бүртгэлтэй Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р баг хаягт байрлалтай Хайрын билэг-1, 2 цогцолбор үл хөдлөх эд хөрөнгүүд, 5 га болон 3.7 га эзэмшлийн газар, Д.Оийн хувийн сууц, гараж,

д/ “.............” ХХК болон “.............” ХХК, “.............” ХХК-ийн хооронд байгуулагдсан Б-СГ-ТТ 2017-75, Б-СГ-ИХ 2017-76 тоот гэрээгээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р баг Хэрх, Эрээний аманд байрлалтай уурхайн тоног төхөөрөмж, цахилгаан хангамж, хаягдлын агуулахыг тус тус барьцаалсан байна.

10. Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх зохицуулалтад заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон үл хөдлөх, хөдлөх, эдийн бус хөрөнгө хөрөнгийн барьцааны гэрээний шинжийг агуулсан, эдгээр гэрээ бичгээр байгуулагдсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд, эдийн бус буюу тусгай зөвшөөрөл, газар эзэмших эрх барьцаалсныг эрх бүхий этгээдэд бүртгүүлсэн нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр болох талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

11. Зээлийн гэрээний дагуу төлөгдсөн төлбөрийн хэмжээ, цаг хугацааны талаар зохигч хэн аль нь маргаагүй.

12. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сард дуусах боловч зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч гэрээг цуцалж, 2019.09.26-ны өдөр шүүхэд хандсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг зөрчөөгүй, тухайлбал, хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн, түүнд зөрчлийг арилгах нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй учир нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй, хариуцагчийн зөрчлийг ялимгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

13. Анхан шатны шүүх “.............” ХХК-аас зээлийн төлбөр шаардсан нэхэмжлэлийн тухайд гэрээний дагуу олгосон 11,368,333,275 төгрөгөөс түүнд ногдох зээлийн хүүг гэрээнд жилийн 15 хувиар /анхны гэрээнд заасан/ тооцож, төгрөгөөр төлсөн төлбөрийг хасч 15,055,333,813.50 төгрөг, 169,387,438.06 иенээс сарын хүүг /нэмэлт гэрээний дагуу/ жилийн 7.5 хувиар тооцож, нийт 190,628,622.48 иенээс төлсөн 72,914,794.04 иенийг хасч зөрүү 117,713,828.44 иен буюу 2,915,771,530.46 төгрөг /нэхэмжлэл гаргах үеийн ханш 24.77 төгрөг/ нийт 17,971,105,343.96 төгрөгийг хариуцагч “.............” ХХК-аас гаргуулж, үлдэх 2,129,456,877.92 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Анхан шатны шүүх барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шийдвэрлэхдээ Б-СГ-ҮХ 2017-71 тоот барьцааны гэрээнд Д.Оийн өмчлөлийн хувийн сууц, ирээдүйд бий болох хөрөнгө эдгээрт барьцааны эрх үүсээгүй, “.............” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ашигт малтмалын ашиглалтын 5 тусгай зөвшөөрөл барьцааны зүйл мөн боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуулах боломжгүй гэж үзэн эдгээр хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, барьцааны бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

14. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж өөрчлөлт оруулахдаа “иенийг иенээр, төгрөгийг төгрөгөөр буцаан төлөх талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч төлөгдсөн төлбөрийг алдаатай буюу 2,162,425.84 иенийг нэхэмжлэгч хасч тооцоолсон атал дахин хассан гэж үзэн 18,985,062,911.83 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ. Энэ дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй.

Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын зарим хэсгийг хангасан шийдлийг давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн гэжээ.

15. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

16. Гуравдагч этгээд “.............” ХХК-ийн “өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, “.............” ХХК-ийн эзэмшилд бүртгэгдсэн ашигт малтмалын ашиглалтын 5 тусгай зөвшөөрлийн эрхээр зээлийн гэрээний үүргийг хангуулах”-ыг хүссэн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

16.1. Анхан болон давж заалдах шатны шүүх “...ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн барьцааны эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг иргэний шийдвэр гүйцэтгэлийн журмаар хэрэгжүүлэх боломжгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай, шүүх уг нэхэмжлэлийг хангах боломжтой байжээ.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д зааснаар ...бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байж болох бөгөөд мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 158.3-т хэрэв барьцаагаар хангах үүргийг гүйцэтгэх хугацаа болсон, эсхүл барьцааны гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй.

Зохигчийн хооронд хэд хэдэн барьцааны гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр үл хөдлөх болон хөдлөх, эдийн бус хөрөнгө буюу эрхийг тус тус барьцаалсан, нэхэмжлэгч нь нэгэнт шүүхэд хандаж, барьцааны зүйлээр бүхэлд нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг гаргасан тохиолдолд уг шаардлагыг нэг мөр, нэг ажиллагаагаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар биелүүлэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т заасныг зөрчихгүй юм.

Хоёр шатны шүүхийн “... ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо баримталсан Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт “барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагч нь хүсвэл барьцаалагдсан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий өөр этгээдэд шилжүүлэх тухай өргөдлийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргана, мөн зүйлийн 52.2-т төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 52.1-т заасан баримт бичгийг хянаж, тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан нь гэрээний үүргийг барьцааны зүйлээр хангах нөхцөл бүрдсэн бол эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийг шилжүүлэн бүртгэхтэй холбоотой зохицуулалт байна.

16.2. Харин анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа “.............” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байсан дээрх ашиглалтын 5 тусгай зөвшөөрлийн эрхийг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хүчингүй болгосныг зохигч хэн аль нь маргаагүй байх тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.5-д зааснаар барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч “.............” ХХК-ийн “хариуцагч “.............” ХХК-ийн тусгай зөвшөөрлөөр үүргийг хангуулах” гомдлыг хангаж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй нөхцөл тогтоогдсон гэж үзэв.

16.3. “.............” ХХК, “.............” ХХК-ийн хооронд байгуулагдсан Б-СТ-ҮХ2017-70,  Б-СТ-ҮХ2017-71, Б-СГ-ҮХ 2017-73 тоот гэрээгээр тус компанийн өмчлөлд бүртгэлтэй Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р баг хаягт байрлалтай Хайрын билэг-1, 2 цогцолбор үл хөдлөх эд хөрөнгүүд, 5 га болон 3.7 га эзэмшлийн газар, тус банк болон “............. ХХК, “.............” ХХК-ийн хооронд байгуулагдсан Б-СТ-ТТ 2017-75, Б-СГ-ИХ 2017-76 тоот гэрээгээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4–р баг Хэрх, Эрээний аманд байрлалтай уурхайн тоног төхөөрөмж, цахилгаан хангамж, хаягдлын агуулахыг тус тус барьцаалсан гэрээ хүчин төгөлдөр ба барьцаагаар хангагдах зээлийн үүргийг хариуцагч “.............” ХХК биелүүлээгүй учир эдгээр барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 158 дугаар зүйлийн 158.3, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, барьцааны эрх дуусгавар болох гэрээ болон хуульд заасан үндэслэлгүйгээс “.............” ХХК-ийн өмчлөлийн, барьцаанд байгаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн тус компанийн гомдлын энэ хэсгийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэнэ.

16.4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Оийн өмчлөлийн хувийн сууц (гараж)-тай барьцааны гэрээний зүйл болоогүй буюу тэрээр өөрийн өмчлөлийн зүйлээ барьцаалахыг зөвшөөрч барьцааны гэрээ байгуулсан нь тогтоогдоогүй гэж шүүх үзэж, уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэр, магадлалд зохигч гомдол гаргаагүйг дурдав.

17. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Мт, А.С нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо, “биднийг төлөөлж М.Соёл-эрдэнийн байгуулсан Б-СГ-ҮХ2017-69 тоот барьцааны гэрээтэй танилцаагүй, “.............” ХХК-ийн зээлийн мөнгөнөөс аваагүй, их үнийн дүнтэй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэл олгоогүй тул байрыг барьцаанаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

“.............” ХХК болон А.С, Д.Мт нарын хооронд байгуулагдсан Б-СТ-ҮХ2017-69 тоот барьцааны гэрээгээр тэдний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, 208.4 м.кв талбай бүхий хувийн сууцыг барьцаалсан бөгөөд тухайн гэрээ нь хүчин төгөлдөр, зээл авсан хариуцагч “.............” ХХК нь зээлийг төлөөгүй хугацаа хэтрүүлснээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар барьцааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, тодруулбал, барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй учир барьцааны эрх хэвээр үлдэнэ. Иймд барьцаа хөрөнгийг чөлөөлөх хуульд заасан үндэслэлгүй, гомдол хангагдахгүй.

18. Дурдсан үндэслэлээр хариуцагч “.............” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд А.С, Д.Мт нарын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1308 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч “.............” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Мт, А.С нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “.............” ХХК /төлөөлөгч Д.О/-ийн 2020.07.20-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Мт, А.С нар 2020.07.20-ны өдөр төлсөн 1,473,115.61 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Д.ЦОЛМОН