Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2020/00251

 

2020 оны 01 сарын 24 өдөр

               Дугаар 183/ШШ2020/00251

                   Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.М-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “У” /УТҮГ/ холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ........ нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1994 оноос тасралтгүй 25 жил У-йн Эдийн засгийн тэнхимд багш, ахлах багш, дэд профессор, профессорын цолтойгоор өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагаа дайчлан жирийн багшаас эрдэм шинжилгээ, зөвлөх үйлчилгээ, эдийн засаг эрхэлсэн дэд захирлаар дэвшин ажиллаж байсан. Гэтэл миний олон жилийн хөдөлмөрийг үгүйсгэн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн У-йн Б/72 тоот тушаалаар сургалтын хөтөлбөрт өөрчлөлт орсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Иймд миний биеийг урьд эрхэлж байсан профессор багшийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү. Мөн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/72 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлөхдөө хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01/180 дугаар мэдэгдлийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр туслах ажилтан Б өгсөн. Үүнээс өмнө намайг ажлаас чөлөөлөх гэж байгааг би мэдээгүй ба надруу байгууллагын дотоод цахим хаягаар мэдэгдсэн гэх боловч уг цахим хаягийг би хэрэглэдэггүй гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.М-ын Утай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэж заасны “орон тоог цөөрүүлсэн” гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Орон тоог цөөрүүлэх шалтгаан нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаар тогтоолоор У нь төрийн албан хаагчдыг мэргэшүүлж бэлтгэх, сургах зорилго бүхий төрийн албаны сургалтын байгууллага болсон. Энэ тогтоолын хавсралтаар У-йн дүрмийг шинээр баталж, дүрмийн 2 дахь хэсэгт сургалтын төрлийг тодорхойлж өгсөн. Мөн дээрх тогтоолын 3 дахь хэсэгт У-д 2019 оноос өмнө төрийн захиргаа, төрийн удирдлага болон бизнесийн удирдлагын чиглэлээр элсэн хувийн зардлаар суралцаж байгаа суралцагчдын сургалтын хөтөлбөрийг үргэлжлүүлэн дуусгавар болгох арга хэмжээ авахыг У-йн захирал З-т үүрэг болгосон. У-йн дүрмийн 4.2-т “Академийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга батална.” гэж заасан. Энэ бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан У-йн дүрмийн 3.4.3-т “Академийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлага, багш, ажилтныг холбогдох хууль, тогтоомжийн дагуу томилж, чөлөөлөх”, 3.4.7-д “Академийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх шаардлагыг хангасан хүний нөөц бүрдүүлэх, хөгжүүлэх, ажиллагсдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх, шагнаж урамшуулах” бүрэн эрхтэй. Энэ эрхийн хүрээнд У-йн үйл ажиллагааны үндсэн чиглэлд нийцүүлэн орон тоог цөөрүүлсэн. Ажил олгогч тал болох У бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэшүүлэх сургалт явуулах боломжгүй болсон тул Э тэнхимийн багшийн орон тоог цөөрүүлсэн. М.М нь Э тэнхимд багш, профессорын шатлалд ажиллах хугацаандаа “Бизнесийн статистик”, "Шинэ бизнес, бизнес овсгоо" хичээлийг дангаараа, "Бизнесийн онол, орчин үеийн хандлага", "Улсын салбарын эдийн засаг" зэрэг хичээлийг багийн бүрэлдэхүүнд орж сэдвийн хуваарилалтын дагуу мэргэшүүлэх сургалтад заадаг байв. Эдгээр хичээлүүд нь Бизнесийн удирдлагаар мэргэшүүлэх дипломын сургалтад хамаарагддаг бөгөөд дээр дурдсан Засгийн газрын 2018 оны ... дугаар тогтоолын 3 дахь хэсэгт зааснаар уг хичээлүүд цаашид заагдахаа больсон юм. Э тэнхимийн багш, профессор М.М-ын хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг 30 хоногийн өмнө буюу 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр бичгээр мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

М.М багшид мэдэгдлийг гардуулж өгөхөөр тэнхимд нь очиход байгаагүй тул туслах ажилтан Л.Б-аар хүргүүлсэн. Мөн түүнд байгууллагын дотоод цахим хаяг болох /.../ гэсэн хаягаар 2019 оны 9 дүгээр сарын 16, 18-ны өдөр мэдэгдсэн гэв. 

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

М.М-ын нэхэмжлэлтэй, “У” УТҮГ-т холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

У-йн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/104 дүгээр тушаалаар М.М-ыг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс Э тэнхимийн багшийн албан тушаалын профессорын шатлалд томилж, талууд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

Ажил олгогч У-йн захирлын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.1, 55 дугаар зүйлийн 55.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Төрийн албаны тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3, Монгол Улсын Засгийн газраас батлагдсан Сургалтын агуулга, хөтөлбөр батлах тухай 2019 оны 299 дүгээр тогтоол, Уйн дүрмийн 3.4.3, 3.4.4-т заасныг үндэслэн Э тэнхимийн багш М.М-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон цуцалсугай” гэжээ.

 

Уг тушаалаар ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгжийн ажилтны тоог цөөрүүлсэн” гэх үндэслэлээр ажилтан М.М-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ” гэж заасан үүргээ ажил олгогч “У” УТҮГ нь биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгчийн “...би У-йн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01/180 дугаар Хөдөлмөрийн гэрээг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцлах тухай мэдэгдлийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр туслах ажилтан Л.Б-аас авсан” гэсэн тайлбар, хариуцагчийн “...М.М-од хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг бичгээр 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өгөх гэсэн боловч ажил дээрээ байгаагүй тул тус тэнхимийн туслах ажилтан Л.Б-аар хүргүүлсэн, мөн У-йн бүх ажилтнууд албан цахим шуудангийн хаяг хэрэглэдэг тул журамд заасны дагуу М.М-ын /.../ гэсэн цахим шуудангийн хаягаар 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр, 18-ны өдөр тус тус хүргүүлсэн” гэсэн тайлбар, гэрч Л.Б-ын “...М.М- багшийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ажил дээрээ ирэхэд нь уг мэдэгдлийг өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Б.У-ийн “...2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр М.М- багш ажил дээрээ байгаагүй тул мэдэгдлийг өгч чадаагүй, дараа өдөр нь очиход бас тэнхим дээрээ байгаагүй тул туслах ажилтан Л.Б-д мэдэгдлийг үлдээгээд М.М- багшийг ирэхээр нь өгөөрэй гээд үлдээсэн” гэсэн мэдүүлгээр ажил олгогч “У” УТҮГ нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01/180 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн М.М- таны хөдөлмөрийн гэрээг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцлах болсоныг үүгээр мэдэгдэж байна” гэсэн мэдэгдлийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ажилтан М.М-од мэдэгдсэн байна гэж дүгнэв.

 

Хариуцагч тал  “У-йн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01/180 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгч М.М-од 2019 оны 9 дүгээр сарын 16, 18-ны өдөр түүний /.../ гэсэн Академийн багш, ажилтнуудын албан цахим шуудангийн хаягаар хүргүүлсэн” гэсэн тайлбар гаргасан хэдий боловч Ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээ, Уйн дотооддоо явуулах баримт бичгийн агуулга, Албан цахим шуудангийн хаяг ашиглах тухай баримт, Удирлагын академийн хөдөлмөрийн дотоод журамд “...хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг /.../ гэсэн цахим шуудангийн хаягаар хүргүүлснийг мэдэгдсэнд тооцох”-оор заасан болох нь нотлогдохгүй байна.

 

Иймд ажил олгогч “У” УТҮГ нь ажилтан М.М-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр цуцлах тухай мэдэгдлийг нэг сарын өмнө буюу 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө мэдэгдэлгүй 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдсэн болох нь нотлогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасныг зөрчсөн байна гэж үзэн М.М-ыг “У” УТҮГ-ын Э тэнхимийн багшийн албан тушаалын профессорын шатлалд эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалыг үндэслэн М.М-ын 0624402 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийн сүүлийн 3 сар буюу 2019 оны 7, 8, 9 дүгээр саруудын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж цалин хөлсийн 1 хоногт ногдох 35.661 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны буюу 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх нийт ажлын 71 хоногоор тооцож 2.531.931 төгрөгийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч “У” УТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч М.М-од олгох нь зүйтэй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч М.М-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “У” УТҮГ-д даалгав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.М-ыг “У” УТҮГ-ын Э тэнхимийн багшийн албан тушаалын профессорын шатлалд эгүүлэн тогтоож, хариуцагч “У” УТҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2.531.931 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.М-од олгож, М.М-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг “У” УТҮГ-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.М-оос улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгож, хариуцагч “У” УТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 55.460 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ж.СЭМЖИД