Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/919

 

                                                                                                                  

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Э.Оргилбат,

хохирогч **********,

шүүгдэгч **************, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************** холбогдох эрүүгийн 2208 02063 1788 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****** оны 03 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ***** дугаар хороо, ******** дүгээр гудамжны ******** тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 417 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай адгийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, *******,***********,**********

 

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй гэсэн бол хохирогч ********* “...Тухайн өдөр би гэртээ байсан чинь ******** согтуу, Баянхонгороос ирлээ гээд 0.33 архи авч орж ирсэн. Чи намайг хардлаа гээд “гэртэй чинь шатаагаад явна” гээд гараад явсан. Гадаа юм түчигнүүлээд байхаар нь “нээрээ шатаачих юм болов уу” гээд ухасхийгээд гарсан чинь дал руу тас хийгээд цохисон. Буцаад гэртээ орж ирсэн чинь чамайг ингээд гүйцээгээд алчихъя гээд байхаар нь түлхчихээд зугтаад хүүхдийнх рүүгээ орсон...” гэв.

 

Эрүүгийн 2208 02063 1788 дугаартай хэргээс:

 

Улсын яллагчаас хохирогч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал), шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 133, 162 дэх тал),

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 63 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дахь тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал), хохирогч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 92 дахь тал), хохирогчид эмчилгээний төлбөр төлсөн тухай баримт (хавтаст хэргийн 149 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч, хохирогч нар “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч З********** гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

               Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

     Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ****** нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ***** дугаар хороо, ******* дэнж ******** тоот гэртээ эхнэр ******** маргалдан труба төмрөөр нуруу хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь баруун 8 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, нуруунд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан, мөн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл дөрвөн удаагийн үйлдлээр эхнэр ********* байнга зодсон үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ үйл баримт нь хохирогч ****** “...2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр манай нөхөр болох ******** гэрээсээ гараад гадуур явж байгаад орой 20 цагийн орчим архи уусан байдалтай халамцуу орж ирээд надаас хэрүүл өдөөд, “чи намайг хөдөө Баянхонгор аймагт явж байхад хардсан байна” гээд хэл амаар доромжлоод байхаар нь би “чамайг яасан гэж хардах юм, чи юу яриад байгаа юм” гээд маргалдахад “чамайг одоо алчихъя, гэрийг чинь шатаачихаад зайлна” гээд гэрээс гарч яваад гадаа юм түчигнүүлээд байхаар нь араас нь гарахад труба төмрөөр миний дал хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би газар унахад манай нөхөр гэрт орж ирээд “одоо чамайг ална” гээд дайраад байхаар нь би хөлөөрөө өшиглөж холдуулчихаад хажуугаар нь гараад зугтааж хүүхдийнхээ гэрт орж цагдаад дуудлага өгсөн. Намайг урьд өмнө нь зодож байсан, тухайн үедээ цагдаад дуудлага өгч шалгуулаад 2 удаа баривчилгаанд явж нэг удаа шүүхээр орж торгуулж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

гэрч ******** “...аав архи уухаараа агсамдуу, ээж архи уухаар нь уурлаад байдаг. Манай аав 2020 онд шүүхээр орж 500,000 төгрөгөөр торгуулсан. 2021 онд мөн ээжтэй маргалдаж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...******** биед баруун 8 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, нуруунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал), аюулын эрсдлийн зэрэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал), шийтгэх тогтоол, шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 42-47, 84-85 дахь тал), согтуурсан,мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол (хавтаст хэргийн 76 дахь тал), асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 79-82 дахь тал), шүүгдэгч ******** яллагдагчаар дахин өгсөн “... би жижиг төмөр трубагаар эхнэрийнхээ ар нуруу хэсэгт 1-2 удаа цохисон...би өмнө нь эхнэрийнхээ биед гар хүрээд 2020 онд шүүхээр 1 удаа орж 500,000 төгрөгөөр торгуулсан, 2021 онд эхнэртэйгээ маргалдаад баривчилгаанд явж байсан...2021 оны 10 дугаар сард мөн баривчилгаанд явж байсан. Сая хөнгөн гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 133, 162 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана.Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.

 

Хохирогч ********* эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ****** нуруу хэсэгт нь төмөр трубагаар цохисон идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие махдодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, үйлдлээрээ зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж шүүх үзэв.

 гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...эхнэр, нөхөр...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.

 

Шүүгдэгч ******* нь эхнэр ******** биед удаа дараа халддаг болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал), шийтгэх тогтоол, шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 42-47, 84-85 дахь тал), асап сангийн лавлагаа баримтуудаар тогтоогдож байх тул “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хангасан гэж дүгнэв.

 

Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан...нь байнгын шинжтэй” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд байнга гэдэг нь гурав ба түүнээс дээш удаа гэсэн тооны давтамжийг тодорхойлсон ойлголт юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд халдсан бие даасан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулсан бол давхар зүйлчлэх ба эдгээр үйлдлүүдийн аль нэгэнд нь хариуцлага хүлээсэн эсэх нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг үгүйсгэхгүй.

 

Шүүгдэгч ******** нь эхнэр ******* эрүүл мэндэд дөрвөн удаа халдаж зодсон болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, асап сангийн лавлагаа, аюулын эрсдэлийн зэрэг хийсэн тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбар, шийтгэврийн хуулбар баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “байнга зодсон” буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэв.

 

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал

Хохирогч ******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохиролтой холбоотой эмчилгээний зардлын баримт шүүхэд гаргаж ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Гурав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч ******* “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах...”, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг тус тусад нь эдлүүлэх...”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

            Гэр бүлийн гишүүдээ асран хамгаалах, хайрлах, халамжлах үүрэг нь өргөн утгаараа хуулиар хязгаарлагдахгүй, ямар нэгэн хууль, дүрэм журамд үндэслэж үүсдэггүй, илүү ёс суртахуун, жам ёсны шинжтэй бөгөөд шүүгдэгч ******* эхнэрийнхээ эрүүл мэндэд байнга хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан санаатай үйлдэл нь түүний нийгэмд аюултай зан төлвийн бодит илрэл юм.

 

Шүүгдэгч ****** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ухамсарлан гэмшиж байгаа байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 10 (арав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоож, ялын хүрээ хязгаарыг шүүгдэгчийн оршин сууж буй Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоохоор шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

            ******** холбогдох хэрэг хоёр удаа шүүхээс буцсан бөгөөд хоёр удаагийн шүүгчийн захирамжид гэр бүлийн баталгаатай албан ёсны эхнэр нөхөр байхад “хамтран амьдрагч” гэж буруу тодорхойлсон талаар дурдсан боловч яллах дүгнэлтэд уг алдааг мөн л засаагүй, шүүгчийн захирамжийн холбогдох заалт биелээгүй байгааг анхаарвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *************,**********,********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 10 (арав) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 10 (арав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 (нэг) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар тогтоосугай.

4. Шүүгдэгч ******** оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ****** мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ************ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.НАРАНЖАРГАЛ