Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/928

 

                                                                                                                     

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Э.Оргилбат (томилолтоор),

шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** холбогдох эрүүгийн 2308 00347 0390 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, Сонгинохайрхан дүүргийн *****дугаар хороо, ********* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ************,************,***************

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч *********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр:Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 2308 00347 0390 дугаартай хэргээс:

Улсын яллагчаас хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал), гэрч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 547 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал), шүүгдэгч ********* яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал), шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 55-59 дэх тал) зэрэг баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ********* гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хороо, ***** тоот хаягт иргэн ********* гэрт ***** согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь дух, баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхи, зүүн чих, зүүн шанаа, цээж, баруун мөрөнд цус хуралт, зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ үйл баримт нь хохирогч ******** “...Би 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэртээ амарч байтал манай ажлын газрын залуу болох ****** над руу залгаад ******** гэрт бид нар архи уугаад байж байна чи хүрээд ир гэж гэсэн. ...******* эхнэр нь хоол хийгээд, хоол идчихээд байж байтал ****** хамаатны ********* гэх залуу орж ирээд бид гуравтай хамт архи ууж байгаад тэр залуу нэг мэдсэн намайг зодоод байсан. Би тухайн үед нэлээд согтсон байсан учир юунаас болж тэр залуутай маргалдаж, тэр залуу намайг зодсон гэдгийг сайн санахгүй байна. Ямар ч байсан ***** гэх залуу миний хоолойнд хутга тулгаад, толгой руу хэд хэдэн удаа өшиглөөд байхаар нь би ******* гэрээс нь хөл нүцгэн гараад зугтаасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

гэрч ****** “...намайг согтсон хойгуур ******* гэх залуу нь манай найз *********г зодсон гэж байсан би хараагүй юм. Би тухайн үед согтоод юу болсон талаар санахгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

гэрч ******** “...манай хамаатны дүү ******* нь 23 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэрт орж ирсэн. Тэрнээс хойш би согтсон тул юу болсон талаар санахгүй байна. 2022 оны 12 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 01 цагийн үед манай хамаатны залуу ******** зодсон гэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

гэрч ******** “...Би 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хороо ***** ******* тоотод гэртээ ирсэн чинь манай нөхөр *********** өөрийн найз **********,*********** нарыг хамтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. ...**********,*********** нар нь хоорондоо юм ярьж сууж байгаад маргалдаад байсан. Тэгээд ****** гэх залуу нь ******* гэх залуугийн нүүр хэсэгт нь гараараа 2 удаа цохихооор нь би гэрээсээ гараад эхнэрийг нь дуудах гэж яваад буцаад ороод ирсэн чинь ******* манай гэрээс гараад гүйсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 547 дугаартай “...********** биед дух, баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхи,зүүн чих, зүүн шанаа, цээж, баруун мөрөнд цус хуралт, зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь матриаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаан холбоо юм.

 

Хохирогч ***** эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ******* нүүр хэсэгт нь цохих, өшиглөх идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие махдодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, үйлдлээрээ зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч ****** дээрх хууль бус үйлдлийг тус дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч ********** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримт шүүхэд гаргаж ирүүлээгүй, хохирол, хор уршгийн зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Улсын яллагчаас шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

            Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал, улсын яллагдагчийн эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

           ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********,**************,************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРАНЖАРГАЛ