| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 114/2025/0022/3 |
| Дугаар | 221/МА2025/0656 |
| Огноо | 2025-10-08 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2025/0656
“Б т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Б.Адъяасүрэн
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “Б т” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Э
Нэхэмжлэгч: “Б т” ХХК
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1-10/**** дүгээр татгалзсан шийдвэрийн “Б т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Б т” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутагт 450610**** нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 038 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, Г.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Х
Хэргийн индекс: 114/2025//*****
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б т” ХХК-иас хариуцагч Дархан-Уул аймгийн засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1-10/**** дүгээр татгалзсан шийдвэрийн “Б т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Б т” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутагт 450610**** нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.
2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 038 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Б т” ХХК-ийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1-10/**** дүгээр татгалзсан шийдвэрийн “Б т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Б т” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутагт 450610**** нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “Б т” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Маргаан бүхий захиргааны актыг хугацаа тогтоож түдгэлзүүлсэн, тухайн хугацаанд хариуцагчийн хийх ёстой үйлдэл, түүний үр дагаврын тухайд шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр, түүнийг хэрэгжүүлэх талаар хариуцагчийн үүрэг, үр дагаврын талаар үндэслэлгүй дүгнэлт өгсөн байна. Хэрэв маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байгаа бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийн хоорондын маргаан байгаа үед тогтоосон хугацаанд шийдвэр гаргаагүй бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасан үр дагаварт хүргэх нь тус хуулийн 1.1-д заасан шүүхийн зорилготой нийцнэ. Харин маргаан бүхий акт нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байгаа төдийгүй гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөж буй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д заасан шийдвэр нь заавал хэрэгжүүлэх үүрэгтэй шийдвэр болно. Харин үр дагавар нь гаргасан шийдвэрийн хувьд нэхэмжлэгч эсхүл гуравдагч этгээдийг аль нэгийн эрхийг хөндсөн бол шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Хариуцагчийн зүгээс магадлалыг биелүүлэх түүнтэй холбоотойгоор бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, оролцогчийг сонсох түүний үндсэн дээр маргаж буй аль компанийн хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгааг сонгох ажиллагааг огт хийгээгүйгээрээ Монгол Улсын Үндсэн хуулийн 50.2-т заасныг зөрчсөн. Үүнд шүүх дүгнэлт өгөөгүй байна.
3.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 191 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож маргаан бүхий захиргааны актууд болох Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/*** тоот захирамжийг хүчингүй болгуулах, тус шаардлагын хүрээнд гуравдагч этгээдээр татагдсан “Б т” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр А/*** тоот захирамжийг тус тус захиргааны байгууллага шинээр акт гаргах хүртэл 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Магадлалд гаргасан хяналтын гомдлыг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 221 тоот тогтоол гарснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 191 тоот магадлал хуулийн хүчин төгөлдөр болж 3 сарын хугацаа тоологдож эхэлнэ. Уг хугацаа 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болох бөгөөд нэхэмжлэгчийн хувьд тус хугацаанд өргөдөл хүсэлтээ гаргасан. Харин “С х” ХХК-аас ямар нэгэн хүсэлт, санал гаргаагүй. Мөн нэхэмжлэгчийн зүгээс ямарваа ажиллагаа хийгээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч Дархан-Уул аймаг дах захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 24 тоот шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасны дагуу шүүхээс тогтоосон 3 сарын хугацаа тасалдсан гэж тооцох бөгөөд маргаан бүхий захиргааны акт болох Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1-10/**** дүгээр Хариу хүргүүлэх тухай албан бичгийг тухайн хугацаанд гаргасан захиргааны акт гэж үзнэ. Гэтэл тухайн тохиолдолд санаатайгаар хууль бус эс үйлдэхүй гаргаж, түүнийгээ хожим шүүхийн өмнө хүлээн зөвшөөрч батлуулж, түүний гүйцэтгэлд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1-10/**** дүгээр Хариу хүргүүлэх тухай албан бичгийг гаргаж үр дагавар нь “Б т” ХХК-д газар эзэмших эрх олгосон захиргааны акт хүчингүй болж, сэргээгдэхгүй нөхцөлд хүрсэн атал анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан зорилготой нийцэхгүй.
3.3. Шүүхээс “Б т” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гаргасан өргөдлийг Газрын тухай хуулийн 32.1-д зааснаар шинээр газар эзэмших хүсэлт гаргасан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь тухайн тохиолдолд шинээр газар эзэмших авах хүсэлт биш харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 191 тоот магадлалыг хэрэгжүүлэх буюу шүүхийн шийдвэрийн зохих ёсоор биелүүлэх ингэхдээ бодит нөхцөлийг харгалзан өөрт газар эзэмших эрх олгосон 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/*** тоот шийдвэрийг сэргээлгэхээр гаргасан хүсэлт болно. Нэгэнт шинээр газар эзэмших эрх авах тухай хүсэлт биш тул Газрын тухай хуулийн31 дүгээр зүйлийн 31.2, 33.1.1 31.3-ыг үндэслэж хариуцагч татгалзсан нь ч үндэслэлгүй бөгөөд шүүх тус заалтуудыг хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд Дархан-Уул аймаг дах захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 0038 тоот шийдвэр нь 106 дугаар зүйлийн 106.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасны үндсэн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “Б т” ХХК-аас хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1-10/**** дүгээр татгалзсан шийдвэрийн “Б т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Б т” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутагт 450610**** нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
2.1. Нэхэмжлэгчээс дээрх шаардлагын үндэслэлээ “...шүүхээс тогтоосон хугацаанд шинэ захиргааны акт гаргаагүй хууль бус эс үйлдэхүй гаргасан болохоо хүлээн зөвшөөрч түүнийг хожим нөхөн гүйцээж захиргааны акт гаргасан бөгөөд тус шийдвэр нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна...” гэж, харин хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ “...Шүүхийн шийдвэр гарснаас хойш Засаг даргаас ямар нэг шийдвэр гараагүй тул тус захирамж хүчингүй болсон... аймгийн Засаг даргын 2025 оны 01-10/**** дүгээр албан бичиг нь захиргааны шийдвэр гэх ойлголтод хамаарахгүй...” гэж тус тус тайлбарлан маргадаг.
2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана.” гэж тус тус заасан.
2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн маргаж буй Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1-10/**** дүгээр албан бичгээр нэхэмжлэгчид “...Танай компанийн хүсэлтийг судлан үзэхэд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудыг зөрчиж байгаа тул тухайн байршилд газар эзэмшүүлж шийдвэрлэх боломжгүй ба Газрын тухай хуулийн холбогдох заалтын дагуу газар зохион байгуулалтын хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дараа танай хүсэлтийг шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй...” гэх агуулга бүхий хариуг хүргүүлжээ.
2.4. Гэтэл Анхан шатны шүүх Дархан-Уул аймгийн Засаг даргын дээрх “Хариу хүргүүлэх тухай” 1-10/**** дүгээр албан бичгийн үндэслэлд дурдсан Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана” гэх үндэслэлүүдийг бүрэн шалгаж тогтоолгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулалгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.
2.5. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч “Б т” ХХК-ийн газар эзэмших эрх сэргээлгэх хүсэлт гаргаж буй Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 450610**** нэгж талбарын дугаар бүхий газар нь одоогийн байдлаар ямар зориулалттай төлөвлөгдсөн болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад шинээр эзэмшүүлэх, эсхүл нийтийн эдэлбэр газарт хамаарагдах эсэх, тухайн газар дээр одоо ямар нэгэн барилга байгууламж баригдсан эсэх, бусад этгээд хүсэлт гаргасан эсэхийг тодруулаагүй, хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүргээ анхан шатны шүүхээс хангалттай хэрэгжүүлээгүй байна.
2.6. Үүнээс гадна, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа маргаан бүхий газрыг Амины орон сууц, үйлчилгээ, авто үйлчилгээний зориулалтаар баталж, мөн аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/*** дугаар захирамжаар тухайн газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн атлаа аймгийн Засаг даргын 2025 оны 1-10/**** дүгээр албан бичгээр “...газар зохион байгуулалтын хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дараа танай хүсэлтийг шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй...” гэх хариуг хүргүүлсэн нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл тухайн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дахин тусгагдсан эсэх, хэрэв тусгагдаж байсан бол хэдэн онд ямар зориулалтаар өөрчилж төлөвлөсөн, эсхүл өмнөх газар зохион байгуулалтын төлөвлөгөөний холбогдох хэсэг хүчингүй болсон эсэх зэрэг нөхцөл байдлууд тодорхойгүй үүнтэй холбоотой нотлох баримтуудыг дутуу бүрдүүлж хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
2.7. Нэхэмжлэгчийн зүгээс “... “Б т” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлт шийдвэрлэж хариу өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч, улмаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 114/ШШ2023/0***дүгээр захирамжаар хариуцагчийн хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт тогтоогдож байна. Үүний дараа мөн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 114/ШЗ2023/0*** дугаар захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдсэн байх бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй албан бичиг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд үйлдэгдсэн эсэхийг тодруулж, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай.
2.8. Түүнчлэн, анх нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцлахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 32 дугаар зүйлийн 32.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 33.4 дэх заалтуудыг үндэслэсэн байх бөгөөд нэхэмжлэгч газар эзэмших эрхээ сэргээлгэхээр хариуцагчид хандахдаа өмнө газар эзэмших эрхийг цуцлах болсон дээрх үндэслэлүүд буюу газрын давхцал арилсан эсэх, дуудлага худалдааны үнийг төлсөн талаар нотлох баримт цуглуулаагүй.
2.9. Өөрөөр хэлбэл өмнө Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2023/0191 дүгээр магадлалаар эдгээр нөхцөл байдлыг тодруулан, хариуцагчийг хуульд заасан эрхийн хүрээнд дахин шинэ акт гаргах шийдвэр гаргаснаар маргаан бүхий акт хүчингүй болсон хэдий ч нэхэмжлэгч этгээдийн газар эзэмших эрх нь дахин сэргээгдэхийн тулд дээрх нөхцөл байдлуудыг хариуцагч тодруулсан байх ёстой.
2.10. Нөгөөтэйгүүр хариуцагчаас маргаан бүхий албан бичигт нэхэмжлэгчийн эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа талаар дурдсан энэ тохиолдолд уг албан бичгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах шаардлагатай байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх, маргааны үйл баримт, шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах, нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосны дараа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэхээр байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 038 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА