Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 20

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

            Нарийн бичгийн дарга: З.Өрнөл,

            Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

   Шүүгдэгч: Н.Дугарсүрэн, Ч.Баттогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол тус тус баталж ирүүлсэн Дугарсүрэн, Баттогтох нарт холбогдох 201616000292 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв. 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Н.Дугарсүрэн нь 2016 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд Ч.Баттогтохтой харилцан зодолдож биед нь гэмтэл санаатай учруулсан,

Ч.Баттогтох нь 2016 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд Н.Дугарсүрэнтэй харилцан зодолдож биед нь гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх хуралдаанд  шинжлэн судлаад 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэлтийн шатанд Ч.Баттогттох мэдүүлэхдээ.... “2016 оны 12 сарын 19-20-нд шилжих шөнө би найзуудтайгаа явж байгаад Дугарсүрэн гэх залуутай танилцаад тэд нар гарж пиво ууя гэсэн тэгээд тэд нар машинтай яваад сургуулийн дотуур байрны хашаанд орж зогссон. Тэнд бид нар пиво ууж байгаад бөхийн талаар ярьж эхэлсэн тэгэхэд Дугарсүрэн барилдая гээд намайг машинаас буулгаад тэгээд барилдсан. Тэгээд барилдаж дуусчихаад намайг машиныхаа урд зогсож байхад шууд миний нүүр рүү цохисон тэгээд манайг цохиод байхаар нь би машиндаа суугаад хамарнаас гарсан цусаа цэвэрлэчихээд машинаа асаагаад цагдаа дээр ирэхэд цагадаа байхгүй байсан тэгээд би буцаж очоод хашааны том хаалгыг машинаараа таглаж тавьсан тэгэхэд Дугарсүрэн нь дахиж миний нүүр рүү цохисон. Тэгээд намайг газар унагааж толгойруу дэвссэн тэгээд би сургуулийн дотуур байрлуу гүйж орсон тэгээд байж байхад Чу.Баттогтох манай эхнэр болон өөрийнхөө эхнэрийг дуудсан байсан тэгээд удалгүй цагдаа ирсэн тэгэхэд машинд байсан хүмүүсийг цуглуулахад би гарч очсон Дугарсүрэн нь намайг барьж авах гээд миний өөдөөс гараа сарвалзуулаад байхаар нь би нэг удаа нүүр рүү нь цохисон. Дахиж би Дугарсүрэнд гар хүрээгүй. ...Би өмнө хохирогч болон сэжигтнээр өгсөн байцаалтандаа бүгдийг үнэн зөвөөр ярьсан. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Надад Дугарсүрэн мэичлгээний зардал гэж 500000 төгрөг бэлнээр өгсөн. Одоо би хохирол гомдолгүй... Мэдүүлэг өгөхгүй. Бид хоёр төрийн хуулийг зөрчсөн, хоорондоо эвлэрсэн учраас хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28, 33 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэлтийн шатанд Н.Дугарсүрэн мэдүүлэхдээ.... “2016 оны 12 сарын 19-20-нд шилжих шөнө би найзуудтайгаа Их монгол зоогийн газарт байж байсан бид нар гарах гэж байгаад Чу.Баттогтохтой уулзах гээд өрөөнд нь орсон. Би 2 литрийн пиво барьж орсон байсан. Тэгээд би уг пивоо ууя гэсэн тэгэхэд Чу.Баттогтох нь гарж байгаад ууя гэсэн тэгээд араас дагаад явж гэхээр нь би би найзуудтайгаа машинтай машиных нь араас дагаад явсан. Сургуулийн хашаанд ороод машин дотор сууж байгаад пивоо ууж эхэлсэн бид нар хоорондоо бөхийн талаар ярилцаж байхад Чо.Баттогтох гэх хүн манай Увс аймаг бол бөхөөрөө алдартай танай сум бол бөхөөрөө тааруу гэсэн манай Увсыхан бүгд л барилддаг гэсэн би 10 жилд байхдаа барилддаг байсан. Тэгэхээр нь би Увсын хүн болгон бөх байна гэж юу байхавдээ гэхэд Чо.Баттогтох нь чи надтай барилдчих гээд машинаас наймаг татаж гаргасан. Тэгээд намйаг зүгээр зогсож байхад 2 удаа унагаасан тэгэхээр нь би 3 удаа дарааллаад унагаасан сүүлийнх нь дээр жоохон чанга унагаасан тэрэнд уурлаад машины хажуунаас холдоод явахаар нь би араас нь очоод та хаачих гэж байгаа юм бэ гэхэд эргэж хараад миний нүүр рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би нэг удаа зөрүүлж цохисон. Тэгэхэд Чо.Баттогтох газар унасан. Өөр би тэр хүнийг дахиж цохиж зодсон зүйл байхгүй. Би газар унахаар нь босгоод машиных нв хажууд орхисон тэгээд би хамарнаас гарсан цусаа цэвэрлэж байхад Чо.Баттогтох нь машинаа унаад тойроод явж байгаа харагадсан тэгээд Чу.Баттогтох нар бөөнөөрөө миний машинд орж пивоо задлаад ууж байгаад бөх ярьж байгаад Чо.Баттогтох Увсынхан бөхтэй энэ тэр гээд олон юм яриад байсан тэгээд Дугарсүрэнг барилдая гээд машинаас буулгасан. Тэгээд би тамхи татаж байгаад хажуудп очиж харсан. Тэр 2 барилдаад Дугарсүрэн сүүлд нэг барилдаж байхдаа Чо.Баттогохыг чанга унагааснаас болоод Чо.Баттогтох уурласан байхаа цаашаа явчихсан Дугарсүрэн араас нь дагаад явчихсан. Цаана Дугарсүрэн. Чо.Баттогтох нарын хооронд юу болсон талаар сайн мэдээгүй. Удалгүй Чо.Баттогтох нь машинаа асаагаад доороо эргүүлээд байсан. Тэгж байгаад миний машины урд талын гупрыг шүргээд салгасан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ... Би өмнө хохирогч болон сэжигтнээр өгсөн байцаалтандаа бүгдийг үнэн зөвөөр ярьсан. Би Баттогтоход эмчилгээний зардалд 500000 төгрөг бэлнээр өгч Баттогтохыг хохиол гомдолгүй болгосон. Одоо Чо.Баттогтох надаас нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Бид 2 харилцан ярьж хоорондоо эвлэрсэн. Бид хоёрын дунд ямар нэгэн маргаан байхгүй... Мэдүүлэг өгөхгүй. Бид хоёр төрийн хуулийг зөрчсөн, хоорондоо эвлэрсэн учраас хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30,36 дугаар хуудас/

Гэрч Б.Хишигбаяр мэдүүлэхдээ... “2016 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө сумын сургуулийн багш нар болох Чо.Баттогтох, Чу.Баттогтох нартай хамт явж байсан найзуудтай нь сургуулийн хашаанд орж пиво уусан. Тэгэхэд Чо.Баттогтох нь Дугарсүрэнтэй барилдая гээд машинаас гарсан. Чо.Баттогтох 2 удаа даваад дараа нь Дугарсүрэн 3 удаа давсан. Тэгээд тэрнээс болоод Дугарсүрэнтэй муудалцсан. Чо.Баттогтох сургуулийн хашаанаас гараад явахаар нь Дугарсүрэн араас нь явсан. Тэгээд хаачих гэж байгаа юм бэ гэхэд Чо.Баттогтох эхлээд Дугарсүрэнг цохисон. Дугарсүрэн зөрүүлээд нэг удаа цохисон. Тэгээд би очиж Дугарсүрэнг боль гээд аваад машин руу яваад сууж байхад удаагүй цагдаа ирсэн. Би Дугарсүрэн, Чо.Баттогтох нар нэгнийгээ цохиж байхыг харсан. Бусдаар бол нэгнийгээ газар унагааж өшиглөсөн зүйлийг хараагүй. Тэнд ухаанаа алдаж согтсон зүйл байхгүй. Хоёр багштай цуг явж байсан Төмрөө гэх залуу нь нилээд согтсон байсан. Бусад нь бол халамцуу байсан. Машинд сууж байхдаа бид нар бөх ярьж эхэлсэн. Чо.Баттогтох нь багадаа бөх барилддаг байсан. Увсынхан бүгдээрээ барилддаг гээд ярьсан. Тэгээд Дугарсүрэн барилдая гээд машинаас гарсан. Тиймээ араас хаачих гэж байгаан гээд очиход нь эргэж хараад цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

Гэрч Ц.Төмөрчулуун мэдүүлэхдээ... “2016 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Чо.Баттогтох, Чу.Баттогтох нартай Гурвантэс сумын төвд Их монгол зоог нэртэй газарт караокед суусан. Тэгээд тэндээс гарах гэж байхад 5 залуу манай өрөөнд орж ирсэн. Тэд нарын нэг нь ширээн дээр суугаад ширээ шааж аваад байхаар нь би юу болж байна яаж байна гэхэд бид баштай уулзаж юм авах гэсэн юм гэсэн. Би та хэд гараад уулзчих бид нар үйлчлүүлээд байж байна гээд тэд нартай гарсан. Би үлдэж тооцоогоо хийчихээд гараад ирсэн. Чо.Баттогтох машинд суучихаа гэж дуудсан. Тэгээд би машинд суусан. Тэгээд явж байгаад хашаа руу ороод зогссон. Тэгэхээр нь би нутгийн хүмүүс биш юм чинь гэж бодоод машиндаа ганцаараа хэсэг суусан. Тэгэхэд гадаа хоёр хүн барилдаад байсан. Би тэгээд машинаас бие засах гээд гараад явж байхад Чо.Баттогтох нь машинаа унаад явчихсан. Тэгэхээр би энэ хэд хоорондоо маргалдсан байна гэж бодоод тухайн газраас холдоод газар сууж байхад надтай хамт явж байсан залуу Хатнаа над дээр ирээд юу болсон бэ? гэхэд нь тэгэхээр нь би энэ хэд явчихлаа чи мотоциклоо аваад ир гээд явуулсан. Чо.Баттогтох багшийн машины хажууд 2 хүн очсон. Тэрний нэг нь машины хажууд үлдсэн. Нөгөөдөх нь Чо.Баттогтох багштай хамт 2-3 давхар байшингийн хажууд очсон. Тэгээд хоорондоо юм яриад байгаа бололтой байж байгаад нэг нь газар уначихсан. Нөгөө хүн нь алга болсон. Чо.Баттогтох хэнээр зодуулсаныг би мэдэхгүй. Караокений өрөөнд орж ирсэн залуучуудын нэг нь л зодож гэмтээсэн байхаа маргааш нь над руу утсаар ярьж болсон зүйлийн талаар хэлсэн. Би тухйан үед нилээд огстсон. Би 0.75 литрийн архийг 2-уулаа хувааж уусан байхаа өмнө бас уучихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

Гэрч Б.Батхишиг мэдүүлэхдээ... “2016 оны 12 сарын 19-20-нд шилжих шөнө Их монгол зоогийн газарт найз Дугарсүрэн, Хишигбаяр, Галбат нартай караокед суусан. Бид нарын цаг дуусаад гарах гээд байж байхад Дугарсүрэн Чо.Баттогтохоос машины дугуй хийлэгч авах гээд тэд нарын сууж байсан өрөө рүү нь ороод Чу.Баттогтохтой сууж байсан. Бид нар араас нь ороод очихоод нэг танихгүй залуу бид нарын өөдөөс зайл энэ тэр гээд томроод байсан. Тэгээд бид нар тэнд хэрэлдэж байгаад эв зүйгээ олоод тэндээс гарсан. Тэгээд Чо.Баттогтох нь араас дагаад явчих гээд явсан араас нь бид нар машинтай дагаж яваад сургуулийн дотуур байрны хашаан дотор орж зогссон. Чо.Баттогтох, Чу.Баттогтох нар бөөнөөрөө миний машинд орж пивоо задлаад ууж байгаад бөх ярьж байгаад Чо.Баттогтох Увсынхан бөхтэй энэ тэр гээд олон юм яриад байсан. Тэгээд Дугарсүрэнг барилдая гээд машинаас буулгасан. Тэгээд би тамхи татаж байгаад хажууд нь очиж харсан. Тэр 2 барилдаад Дугарсүрэн сүүлд нэг барилдаж байхдаа Чо.Баттогохыг чанга унагааснаас болоод Чо.Баттогтох уурласан байхаа цаашаа явчихсан. Дугарсүрэн араас нь дагаад явчихсан. Цаана Дугарсүрэн Чо.Баттогтох нарын хооронд юу болсон талаар сайн мэдээгүй. Удалгүй Чо.Баттогтох нь машинаа асаагаад доороо эргүүлээд байсан. Тэгж байгаад миний машины урд талын гупрьг шүргээд салгасан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Дугарсүрэн Чо.Баттогтох нар хоорондоо зодолдож байхыг хараагүй. Барилдаж байгаад тэрнээ сболоод уурласан байхаа. Дугарсүрэн нь түрийтэй гутал өмсөж явсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Би машиныхаа урд талын гупрыг үзэхэд шүргээд гупрыг тогтоож байсан үдээсээрээ салж унасан байсан. Бусдаар бол хагарч эвдрээгүй байсан. Би тэрийг нь маргааш янзлуулсан. Надад Чо.Баттогтохоос нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

Гэрч Ц.Мөнхтөр мэдүүлэхдээ.... “Би тэр өдөр жижүүртэй сургуулийн байранд гарч байсан. Тэгэхэд Чо.Баттогтох багш хүнд зодуулчихлаа гэж орж ирсэн. Тэгээд цагдаа дуудах гэсэн юм гээд намайг дуудсан. Тэгээд би цагдаагийн утасны дугаар хайж байхад цагдаа ирсэн. Тэгээд Чо.Баттогтох багш буцаад гарсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Жижиүүр багшийн өрөөний хүмүүстэй харилцах зорилготой жижиг шилтэй хаагдаж нээгддэг цонх байдаг. Тэр цонхны шил хагарсан байсан ба скочоор наасан байсныг Чо.Баттогтох багш татаж хагалсан байсан. Дараа нь ирж уг шилийг хийж өгсөн. Надаад нэхэмжлэх зүйл байхгүй. Тэр шил ер хагарсан шил байсан. Чо.Баттогтох уг цонхыг шиллэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

  • Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016.12.27 №49 дүгээр
  1. Баттогтохын биед тархины доргилт, баруун зовхинд цус хуралт, баруун хөмсөг, хацарт зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт, хамрын муруйлт, шүдний талласан хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/

-Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017.01.03 №61 дүгээр

1. Дугарсүрэнгийн биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн хацрын цус хуралт, дээд уруулын салстын цус хуралт гэмтэл үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/

Ч.Баттогтохын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/

Н.Дугарсүрэнгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/

Ч.Баттогтохын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн Засаг даргын тодорхойлолт “Ч.Баттогтох нь 1984 онд төрсөн, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Гурвантэс сумын Урт багийн иргэн мөн” /хх-ийн 39 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн Засаг даргын тодорхойлолт “Н.Дугарсүрэн нь ам бүл 5, аав, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг,  Гурвантэс сумын Урт багийн иргэн мөн” /хх-ийн 40 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлийн явцад банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкнуудын мэдээлэл /хх-ийн 41-56 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус үнэлгээний комиссын дүгнэлт “Тус суманд HONDA HRV маркын автомашины сэлбэг худалдаалдаггүй бөгөөд хохирогчийн үнэлгээг үндэслэн уг автомашины урд талын гупр 250000 төгрөгний үнэлгээтэй болохыг тодорхойлов” /хх-ийн 53 дугаар хуудас/

Эвлэрлийн гэрээ /хх-ийн 59 дүгээр хуудас/

Эрүүгийн хэргээс яллаглагч Чо.Баттогтоход холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай 2017.01.27-ны өдрийн 04 дүгээр прокурорын тогтоол /хх-ийн 63, 65 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Н.Дугарсүрэн, Ч.Баттогтох нар нь 2016 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд бөх барилдаж, хүчтэй унагаасан гэж маргалдан улмаар харилцан зодолдож харилцан бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Ч.Баттогтох, Н.Дугарсүрэн нарыг тус тус бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ч.Баттогтох, Н.Дугарсүрэн нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Ч.Баттогтох, Н.Дугарсүрэн нарын үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 37-38 дугаар хуудас/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргээр тогтоогдож байх тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Ч.Баттогтох, Н.Дугарсүрэн нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Баттогтох, Н.Дугарсүрэн нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баттогтох, шүүгдэгч Дугарсүрэн нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баттогтох, Н.Дугарсүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Ч.Баттогтох, Н.Дугарсүрэн нар нь төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баттогтох, Н.Дугарсүрэн нарт урьд авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

   5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.

  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ