Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 202/МА2018/00012

 

 

     2018            04              30                                             202/МА2018/00012

 

*** банкны нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай  

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 136/ШШ2018/00094 дүгээр шийдвэртэй, 

 

Нэхэмжлэгч: , *** банкны Дорноговь салбар-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  А-ийн А-д холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл 3752653,36 төгрөг, зээлийн хүү 307203,51 төгрөг, нотариатын хөлс 4000 төгрөг, нийт 4063586,87 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *** банкны Дорноговь салбарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одонтуяа, хариуцагч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа  нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Р, хамтран үүрэг гүйцэтгэгч А.А нар нь *** банкны Дорноговь салбарын харъяа Төв тооцооны төвөөс 2017.04.13-ны өдөр 5381095403 тоот зээлийн гэрээ байгуулан 5336479,99 төгрөгийн тэтгэврийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зээлийн барьцаанд ирээдүйд орох тэтгэврийн орлогоо барьцаалсан. Зээлдэгч С.Р нь 2017.06.02-ны өдөр нас барж, 2017 оны 7 сараас эхлэн тэтгэврийн санхүүжилт зогсож, улмаар 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 5381095403 тоот зээлийн гэрээний 1.3.1 дэх нөхцөл зөрчигдөн зээл хугацаа хэтэрч байна. Банкнаас зээлийг төлүүлэх зорилгоор хамтран үүрэг гүйцэтгэгч А.Атай удаа дараа уулзсан боловч одоог хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Зээлдэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээлийн төлбөр 1583323, зээлийн хүүгийн төлбөрт 215496,37, нийт 1799323 төгрөгийг төлсөн. Банк зээлийн гэрээний дагуу 2017.12.13-ны өдрийн байдлаар 2017 оны 4 сарын 13-ны өдрийн 5381095403 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээлийн үлдэгдэл 3752653,36 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 307203,51 төгрөг, нотариатын хөлс 4000 төгрөг, нийт 4063856,87 төгрөг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамж гаргуулах шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч А.А шүүхэд гаргасан тайлбартаа: *** банкны нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. 2017.04.13-ны өдөр Р гэдэг хүний тэтгэврийн зээлийн батлан даагчаар гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ би энэ хүнтэй ямар ч хамаатан садан биш, танихгүй. Тухайн өдөр л харсан, огт танихгүй хүн. Уг хүний нөхрийг Ням гэдэг. Нямын нас барсан ахын эхнэрийг Ц гэдэг эгч байдаг ба энэ эгчийнд хаяа юм оёулах гэж очдог,  ээж бас юм оёход нь туслах гэж очдог байсан. Тухайн үед Ц эгчийн хүү нь эмнэлгийн группт орно, эрүүл мэндийн дэвтэр сунгуулах мөнгө хэрэгтэй байна, Ргаас мөнгө зээлнэ гэсэн боловч банкны зээлэнд батлан даагч хэрэгтэй байна, охиныг нь хүлээхээр хугацаа алдах гээд байна, та өөрийн охиндоо /А/ хэлээд банкны зээлэнд гарын үсэг зураад өгөөч гэж манай ээжид хэлж гуйсан юм билээ. Тэгээд ээж надад Ц эгчийн гуйсныг дамжуулж хэлж байсан. Энэ үед Р гэдэг хүн бас ээжээс миний утасны дугаарыг авч надруу хэд хэдэн удаа залгаад “Миний эмчилгээнд явах хугацаа болсон, миний охиныг иртэл түр тэтгэврийн зээлэнд батлан даагч болоод гарын үсэг зураад өгчих, дараа нь батлан даагчийг сольж болдог болохоор эгч нь охиноо ирэхээр солиулъя” гэж гуйгаад ярьдаг байсан. Энэ хүнийг банкнаас хэдэн төгрөг авсныг би мэдээгүй, гарын үсэг зурж өгөөд л салсан. 2017.09.01-ний өдөр *** банкны мэргэжилтэн Болор-Эрдэнэ надтай уулзъя гээд “Р гэдэг хүний тэтгэврийн зээлэнд гарын үсэг зурсан байна. Энэ хүн одоо нас барсан учир зээлийг төлж барагдуулах шаардлагатай. Та энэ хүнтэй хамаагүй юм бол ар гэрийнх нь улсуудтай уулзаж зээлийг төлж барагдуулах талаар хэлж, уулзуул” гэж хэлсэн. Би энэ талаар Ц эгчтэй уулзаж охиных нь /бэр/ утсыг авсан. Тэгээд очиж уулзахад “би мэдэхгүй, ямар ч байсан надад хэдэн төгрөг хадгалуулж байгаад Цт мөнгөнөөсөө зээлүүлсэн, тэрийгээ авахаараа хотруу эмчилгээнд явна, энэ мөнгийг төлөхөд хэцүү л байна, ер нь манай ээж худлаа үнэн хэлж ямар ч хамаагүй хүнээр зээл авахуулдаг байсан” гэж надад ярьсан.  Нөхөртэй нь яг уулзаагүй, утсаар хэлсэн. Би өөрөө энэ мөнгийг төлөх боломжгүй, манайх ам бүл 7-уулаа, манай нөхөр хөгжлийн бэрхшээлтэй /сонсголгүй/ учир ажил хийдэггүй. Манай ээж тэтгэвэрт, байнгын эмчийн хяналтанд байдаг, өвчтэй. Хүүхдүүд маань бага насны цэцэрлэг, сургуульд явдаг. Миний цалин өрхийн амьжиргаандаа арай ядан хүрдэг. Дээр нь бид нар түрээсийн байранд амьдардаг. Амьжиргааны түвшингээс доогуур, зорилтод бүлгийн өрхөд хамрагддаг. Манай ээж бид хоёр Р болон Ц гэдэг хүнд сайн санаж тус хүргэсэн болохоос өөр зүйлгүй. Ийм зүйл болно гэж бодсон ч үгүй. Энэ зээлсэн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар *** банкны Дорноговь салбараас А.Ад холбогдуулан гаргасан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 3752653,36 төгрөг, зээлийн хү 307203,51 төгрөг, нотариатын хөлс 4000 төгрөг, нийт 4063586,87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** банкны Дорноговь салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79972 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулуийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч *** банкны Дорноговь салбарын захирал Ч.Мөнх-Эрдэнэ давж заалдсан гомдолдоо болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одонтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй  байна. А.А нь 2017.04.13-ны өдөр *** банкинд С.Рг нийт 24 сараар тэтгэврийн зээл авахад нь хүлээн зөвшөөрч хамтран зээлдэгчээр орж цаашид уг зээлийг төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гарсан аливаа эрсдэлийг бүрэн хариуцаж дуусгах үүрэг хүлээсэн бөгөөд зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч болсон. Мөн 2017.04.13-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээний 3-р зүйлийн 3.3-т “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж заасан байдаг. Зээлдэгч С.Р нь нас барснаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн тул гэрээний үүрэг зөрчсөнөөс хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг *** банк Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасны дагуу шаардах эрхтэй юм. Тэтгэвэр авагч нас барснаар түүний нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх дуусгавар болсон боловч зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох тохиролцоо гэрээнд  байхгүй. Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барсан бол түүний үүрэг дуусгавар болох тухай хуулийн заалтыг тухайн маргаантай харилцаанд буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв. 

 

Хариуцагч А.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэр хүн намайг гуйгаад түр гарын үсэг зураад өгчих, хүүхдээ ирэхээр батлан даагчийг сольчихно гэсэн болохоор, өвчтэй хүний зовлон мэдэх болохоор тус болох гэж л гарын үсэг зурсан. Би цэцэрлэгт ажилладаг, хүүхдүүдээ орхиод гарчихсан байсан болохоор гарын үсэг зурж өгчихөөд л явсан. Дараа нь ийм асуудал болно, хариуцлага хүлээнэ гэж огт бодоогүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч *** банкны Дорноговь салбар нь хариуцагч А.Ад холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 3752653,36 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 307203,51 төгрөг, нотариатын хөлс 4000 төгрөг, нийт 4063856,87 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлээ 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээнд үндэслэжээ.

 

Хариуцагч А.А нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мөнгийг аваагүй, төлөх боломжгүй гэж маргажээ. 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч *** банкны Дорноговь салбар эс зөвшөөрч “... хуулийн заалтыг маргаантай харилцаанд буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан байна. 

Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх талуудын хоорондын гэрээний агуулга, маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч *** банк ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр С.Р, А.А нартай зээлийн гэрээ байгуулж, 5336479,99 төгрөгийг 24 сарын хугацаатай, нэг жилийн 18 хувийн хүүтэй, зээлдэгчийн буюу С.Ргийн ирээдүйд орж ирэх тэтгэврийн орлогыг барьцаалж зээл олгосон үйл баримт тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй,  харин нэхэмжлэгч нь зээлдэгч С.Р нас барсан тул хамтран үүрэг гүйцэтгэгч А.Ааас гэрээний үүргийг шаардсанд тэрээр гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлийг хэрэглээгүй, зээлдэгч С.Ртай ах, дүү төрөл, садангийн хамааралгүй, зээлийг төлөх боломжгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх өндөр насны тэтгэвэр авах эрх нь тухайн хүний хувийн салшгүй байдалтай холбоотой эрх төдийгүй үүнийгээ барьцаалж зээл авах нь хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэж, улмаар зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч нас барсан нь тухайн үүрэг дуусгавар болох үндэслэл болно гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан үүрэг дуусгавар болох тухай зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. 

Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй” бөгөөд хуульд заасан нөхцөл шаардлага хангаж тэтгэвэр авах эрх тухайн хүнд үүсдэг төдийгүй энэхүү тэтгэврийн орлогоо барьцаалан зээл авах нь хүний хувийн салшгүй холбоотой үүргийг үүсгэдэг болно. 

Улмаар гэрээний 1.3.4-т “банк зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд зээлдэгчийн ... тоот төгрөгийн тэтгэврийн харилцах дансанд орж ирэх мөнгөн хөрөнгөнөөс зээлийн төлбөрийг үл маргах журмаар шууд бэлэн бусаар төлүүлнэ”, 1.4-т “зээлдэгчийн ирээдүйд орж ирэх тэтгэврийн орлого нь энэхүү зээлийн барьцаа болно” гэж зааснаас тус тус үзэхэд гэрээний энэхүү тохиролцоо нь ирээдүйд авах тэтгэврээ барьцаалж зээл авч байгаа С.Рд хамааралтай болохоос бус гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч гэж заагдсан боловч өөрийн орлого, эд хөрөнгөө барьцаалаагүй А.Ад хамааруулах боломжгүй юм. 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид” гэх бөгөөд гэрээний дээрх заалтуудаас үзэхэд хуулийн энэхүү нөхцөл шаардлага хариуцагч А.Аын хувьд хэрхэн тодорхойлогдсон нь ойлгомжгүй, мөн хамтран үүрэг гүйцэтгэгч А.Ад зээл олгох үндэслэл нь юу байсан, тэрээр С.Ртай ямар хамааралтай зэрэг нөхцөл байдал нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тодорхой тусгагдаагүй байна. 

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ... нас барсан ... үндэслэлээр үүрэг дуусгавар болохоор заасан тул хариуцагч А.Аын гэрээнд хамтран үүрэг  гүйцэтгэгч гэж заагдаж, гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр тусгагдсанаа мэдэж ойлгосон байдал нь хуулийн энэхүү маргаантай харилцаанд хамааралтай зохицуулалтыг хэрэглэхгүй байх үндэслэлгүй юм. 

Иймд анхан шатны шүүхийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйн гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 136/ШШ2018/00094 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *** банкны Дорноговь салбарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** банкны Дорноговь салбарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 79972 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                 Г.ТЭГШСУУРЬ 

                                                                                  Х.БАЙГАЛМАА