Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/937

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Д.Түмэнжаргал (томилолтоор),

шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** холбогдох эрүүгийн 2308 00409 1097 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****** оны 03 дугаар сарын 11-ний өдөр ******* аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар гудамжны ****** тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 458 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаа шийтгүүлсэн, ********,**********,***********

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би охиныг зодоогүй...цагдаагийн албан хаагчийн эсэргүүцсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Эрүүгийн 2308 00409 1097 дугаартай хэргээс:

 

Улсын яллагчаас хохирогч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн13, 139, 142 дахь тал), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 146-147 дахь тал), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 148-150 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 785 дугаар шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 152-153 дахь тал), хохирогч ********* мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19, 23-24 дэх тал), хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал), шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлт (хавтаст хэргийн 104-106 дахь тал), хохирлын баримтууд (хавтаст хэргийн 112-113 дахь тал), шүүгдэгч ******** яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 96-97, 164 дэх тал),

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал), шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 51-56, 59 дэх тал), хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт (хавтаст хэргийн 71 дэх тал) зэрэг баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******** гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг би хийгээгүй, харин хууль сахиулагчийг хүч хэрэглэж эсэргүүцсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ******* тоотод аавыг нь сураглаж гэрт нь орохдоо охин ****** маргалдаж, гараараа түүний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргиин ***** дүгээр хороо Овоот ******** тоот хашааны гадна дуудлага, мэдээллийн дагуу тайлбар, мэдүүлэг авахаар очсон цагдаагийн алба хаагч ******* баруун нүд рүү нь цохих, үүрч шидэх, баруун мөрдсийг нь таслах, хантаазыг нь урах зэргээр албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн үйл баримтууд тус тус тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримтууд нь хохирогч ****** “...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байхад гаднаас 13 цагийн орчим үл таних эрэгтэй хүн гэрт орж ирээд “аав чинь байна уу” гэхээр нь би “байхгүй” гэж хэлэхэд гараад явсан. 14 цагийн орчим нөгөө хүн дахин орж ирээд “аав чинь ирсэн үү” гэхээр нь “байхгүй байна” гэхэд манай гэрээс гарахгүй зогсоод байхаар нь “та манай гэрээс гар” гээд гараас нь татаад хойноос нь түлхэхэд эргэж хараад миний нүүрэн тус газарт гараараа 3 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 139, 142 дахь тал),

гэрч ****** “...манай охин ******* над руу залгаад согтуу хүн ирээд намайг цохиж зодсон гэж хэлсэн... гэртээ очсон чинь манай охин ***** надад танай найз ****** хүү ***** манай хашаан дотор орж ирээд таныг гэртээ байна уу гэж асуухаар нь би аав байхгүй гэж хэлсэн чинь манай гэр рүү орох гээд байхаар нь оруулахгүй гэсэн чинь намайг цохиж зодсон гэж надад хэлсэн... хамар нь хавдсан, улайсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 146-147 дахь тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 785 дугаар “...****** биед хамар ясны хугарал, зүүн зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 152-153 дахь тал),

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 148-150 дахь тал), гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

хохирогч **** “...2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би авто эргүүлийн ээлж томилгоотой өдөр байсан бөгөөд 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор ******** тоотоос “өмнө нь намайг зодсон хүн ирсэн, цонх нүдээд байна” гэсэн дуудлага, мэдээллийн дагуу 13 цаг 30 минутын орчим тус хаяг дээр очиход ****** гэгч нь цагдаа дуудахад яваад өгсөн” гээд тухайн гэрийн эзэгтэй хүүгийн хамт гэрийг нь зааж өгнө гээд Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо *** ******* тоот руу дагуулж явсан. Тухайн айлд очиход ********** хашааныхаа гадна явж байсан, дуудаад “өөртэй чинь уулзах гэсэн юм, автомашин руу суучих, тайлбар мэдүүлэг авах гэсэн юм” гэхэд шууд баруун талын нүд рүү цохисон. Тэгээд би барьж аваад гавлах гэхэд миний баруун талын мөрдсийг таслаж, гадна хантааз урсан. Тэгээд намайг ******* гавлах гэж байхад гэрийн эзэгтэйтэй явж байсан хүү гэх эрэгтэй хүн дэмжлэг болж тусалсан...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19, 23-34 дэх тал),  

хохирогч ******* “...цагдаагийн алба хаагч нар нааш ир, машин руу ороод суу гэсэн чинь цагдааг эсэргүүцээд үүрч шидээд, цохиж аваад дээр нь гарч суухаар нь би тэр залууг татаж унагаах гэж ноцолдож байхдаа газар унахдаа баруун гар чулуу юм уу хатуу зүйл дээр цохигдоод бэртсэн... надад гомдол, санахгүй байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27 дахь тал),

шүүгдэгч ****** сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 144, 164 дэх тал), шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 11 дэх тал),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 545 дугаартай “....***** нь шинж тэмдгийн уналт таталт, зан төрхийн өөрчлөлт эмгэгтэй байна. ...***** дээрх эмгэг нь бүрэн эдгэрэх боломжгүй эмгэг болно. ...***** нь үнэн зөв мэдүүлэг өгөх, өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох, хэрэг хариуцах чадвартай байна. ****** эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. ...******* нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг, эмчлүүлж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 104-106 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь матриаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаан холбоо юм.

 

Хохирогч ****** эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ***** нүүрэн тус газарт нь гараараа цохисон идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие махдодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, үйлдлээрээ зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй субьект бөгөөд шүүгдэгч ****** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...охиныг зодоогүй...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрч *********** мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 785 дугаартай “...мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинж гэмтэл байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, шуурхай дуудлагын лавлагааны хуудас, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг баримтуудаар няцаагдана.

 

Хууль тогтоогчоос “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно гэж Эрүүгийн хуульд аутентик тайлбар хийсэн.

 

Шүүгдэгч ******* нь дуудлага, мэдээллийн дагуу албан үүргээ биелүүлэхээр очсон цагдаагийн албан хаагч ****** шаардлагыг үл биелүүлэн нүүр хэсэгт нь цохих, үүрч шидэх, мөрдсийг нь таслах, хантаазыг нь урах зэргээр хүч хэрэглэж эсэргүүцэл үзүүлсэн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* дээрх хууль бус үйлдлүүдийг тус дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

  Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” үүрэгтэй.

 

Хохирогч ******* нь “надад эрүүл мэндийн хохирол учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн бөгөөд харин хохирогч ****** ирүүлсэн хохирлын баримтууд нь (хавтаст хэргийн 112-113 дахь тал) цаг хугацаа болон зориулалтын хувьд гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой байх тул шүүгдэгч ******** 349,000 төгрөг гаргуулж, хохирогч ****** олгохоор шийдвэрлэв.

 

Гурав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Улсын яллагчаас шүүгдэгч ******* “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, уг ялын нэмж нэгтгэн нийт 8 сарын хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ял оногдуулах...” эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгч дэмжиж оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал (бүрэн эдгэрэх боломжгүй уналт таталтын эмгэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй) зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ****** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 8 сарын хугацаагаар тогтоож, ялын хүрээ хязгаарыг шүүгдэгчийн оршин сууж буй Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоохоор шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

           ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********,*********,********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн буюу хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 8 (найм) сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч ******** оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ****** мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 349,000 (гурван зуун дөчин есөн мянга) төгрөг гаргуулж хохирогч ******** олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.НАРАНЖАРГАЛ