Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/936

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ (томилолтоор),

шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2308 00000 0968 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 28ы өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** оны 02 дугаар сарын 03-ны өдөр Булган аймагт төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч, эрхзүйч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо ******** дугаар гудамж, ****** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ***********,************,*********

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ****** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ********** шүүхийн хэлэлцүүлэгт “...Хохирогч гадуур 3 хоног, гэртээ ирээд 2 хоног нийт 5 хоног архи уусан. Эхнэр “...манай нөхөр намайг цохиж гэмтээгээгүй, гараа зангидаж цохиогүй, би нөхөртөө гомдол байхгүй...” гэж мэдүүлэг өгсөн боловч энэ нь тусгагдаагүй байна. Мөн хохирогч сэтгэл санааны хямралтай хүн. Миний асрамжид байдаг. Мөн манай нөхөр намайг гараараа түлхсэн байх гэж хэлэхэд нь мөрдөгч ******** “гараа зангидаж цохихгүй бол яаж хамар хугарах юм” гэж хэлсэн. ...Согтуу унтаж байхад нь би хоол хийж өгсөн. Гэтэл миний аягалж өгсөн хоолыг гараараа цохиж унагаасан. Энэ асуудал мэдүүлэгт тусгагдаагүй байна. ...Гал дээр 2 алгаараа дарж унаж алгаа түлж, гал руу унах гэж байхад нь би татаж авсан. Энэ хүн надад баярлах хэрэгтэй. Би иргэний үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Би цохиогүй боловч гэм буруугаа хүлээж байна. Би одоо залхаж байна. Манай 90 гаран настай аавын биеийн байдал муу байгаа. Ард талын амьдрал хэцүү байна. Эдгээр асуудлыг асуудлуудыг харгалзан хөнгөн шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Эрүүгийн 2308 00000 0968 дугаартай хэргээс:

Улсын яллагчаас хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 29 дэх тал), гэрч ***** мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5918 дугаар шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 12-13 дахь тал), шинжээч эмч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 04/2599 дугаартай албан бичиг, түүний хавсралт (хавтаст хэргийн 50-51 дэх тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 40-48 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хохирогч ******* гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 2-3 дахь тал), хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 33-36 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 38-39 дэх тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 40-48 дахь тал), ял шалгах хуудас (хавтаст хэргийн 58 дахь тал), шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 61-74 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******** гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх боловч “хохирогчийг цохиогүй, гал руу унах гэж байхад татах үйлдэл хийсэн” талаар мэтгэлцэж, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо ********* тоот гэртээ эхнэр ******* маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ үйл баримт нь хохирогч ********* “...Би Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилт ******** тоотод нөхөр *******хамт амьдардаг юм. 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө ...********* намайг татаж сэрээхдээ дахиад архи уучихсан согтчихсон байдалтай надад хандаж “бантан хийчихсэн байна идэх үү, чам шиг гуйлгачинд олдохгүй хонины махтай бантан шүү” гэж хэлэхээр нь би “ийм хэрүүл уруултай хоол идэхгүй” гэж хэлээд аягатай хоолоо түлхтэл******** босож зогсож байгаад намайг орон дээр сууж байхад миний хамар хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохиход миний хамраас цус гарахаар нь би цагдаа руу дуудлага өглөө гэж хэлээд өөрийнхөө Нокиа 3310 утсыг орон дээрээс аваад дуудлага өгөх гэж байтал ******* миний гар утсыг аваад гэрийн хана руу шидсэн. Би *******хандаж ядаж 103 дуудаад өгөөч гэж гуйхад “чиний утсыг би мэдэхгүй” гэж хэлээд утсыг маань нуугаад гаргаж өгөөгүй. ...Гурван гал эмнэлэгт очиж зураг авхуулахад хамар ясанд баруун талд дотогш чихэгдсэн хугаралтай гэсэн хариу өгсөн. ...2016 онд намайг зодож би гэмтлийн эмнэлэгт тархины гэмтэл цус харвалт оноштойгоор 9 хоног хэвтэж эмчлүүлж байсан. Ер нь ******* байнга л агсам согтуу тавьж намайг хэл амаар доромжилж орилж чарладаг архины хамааралтай хүн байгаа юм. ... би гэр дотроо унаж бэртсэн ямар нэгэн зүйл мөргөж гэмтсэн зүйл огт байхгүй... би болсон асуудлыг бүгдийг нь сайн санаж байна... эдгээр гэмтлийг Батцогт надад учруулсан, би өөр ямар нэгэн байдлаар гэмтэж бэртээгүй. ...би **** өөр хүнд зодуулж цохиулсан зүйл огт байхгүй. ...хамар хэсэг рүү нэг удаа цохисон нь үнэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 29 дэх тал),

гэрч ******* “...2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн үеэр шөнө 00 цагийн үед гэртээ унтаж байхад манай байшингийн хаалгыг хүчтэй нүдэхээр нь би цонхоо онгойлгоод “хэн бэ” гэж асуухад хөршийн эмэгтэй ирчихсэн “манай хүн намайг зодоод байна, цагдаа дуудаад өгөөч” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5918 дугаартай “...**** биед хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

Шинжээч эмч ***** “...тухайн духны зүүн хэсэг баруун хацар орчмын хаван нь тухайн хүний биед гарч буй үйл ажиллагааны өөрчлөлттэй холбоотойгоор гэмтлийн бус гаралтай үүсч болно. Бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хохирогч ******* гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 2-3 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.

 

Хохирогч ******** эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ******* нүүр хэсэгт нь гараараа цохисон идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие махдодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, үйлдлээрээ зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй субьект бөгөөд шүүгдэгч ****** яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би эхнэрийнхээ хамрыг цохиогүй, өөрөө багана мөргөсөн...” гэсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, гэрч ***** мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5918 дугаартай “...мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэсэн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч ****** “...духны зүүн хэсэг, баруун хацар орчмын хаван нь ...гэмтлийн бус гаралтай үүсч болно. Бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэсэн мэдүүлгээр няцаагдана.

 

Тодруулбал мохоо зүйлийн хүч үйлчлээгүй тохиолдолд хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь мөргөх үед үүсэх боломжгүй талаар шинжээч мэдүүлсэн бөгөөд хохирогч Д.Норовсүрэн багана, шүүгээ мөргөсөн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй гэж шүүх дүгнэлээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.

 

Шүүгдэгч ****** нь эхнэр Д********* биед удаа дараа халддаг болох нь хохирогчийн мэдүүлэг, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, асап сангийн лавлагаа баримтуудаар тогтоогдож байх тул “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хангасан, зүйлчлэл тохирсон гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал

 

Хохирогч ******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохиролтой холбоотой эмчилгээний зардлын баримт шүүхэд гаргаж ирүүлээгүй, “надад нэхэмжлэх зүйл байхгүй” талаар мэдүүлсэн (хавтаст хэргийн 29 дэх тал) байна.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан.

 

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ***** хохирогч ******** эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 141,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал гарсан (хавтаст хэргийн 50-51, 56-57 дахь тал) талаар баримтыг шүүхэд ирүүлж, шүүгдэгч ******* нэхэмжилсэн байна.

 

Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ******* нэхэмжилсэн 141,000 төгрөгийг шүүгдэгч ******* гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

 

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” санал, дүгнэлтийг гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд үйл баримтын талаар маргаж мэтгэлцсэн нөхцөл байдал, хувийн байдал (63 настай, тэтгэвэрт) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч ****** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялын хүрээ хязгаарыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

*

1. Шүүгдэгч **********,************,*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарах ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******** оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ****** мэдэгдсүгэй.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч ******* 141,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ************ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.НАРАНЖАРГАЛ