Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/968

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Т.Төмөртулга /томилолтоор/,

шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** холбогдох эрүүгийн 2308 00261 1039 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 02ы өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******** оны ******* дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хороо, ****** дугаар гудамж ******* тоотод оршин суух,

урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 186 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 295 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1, 225 дугаар зүйлийн 1, 225 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил хорих,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 254 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 cap хорих,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 cap хорих,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 584 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 7 cap хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ************,***********,**********

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ******** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр:Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 2308 00261 1039 дугаартай хэргээс:

Улсын яллагчаас хохирогч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал), гэрч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16645 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 48-49 дэх тал), шинжээч эмчийн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал), шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 9 дэх тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-13 дахь тал), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14-15 дахь тал), хохирлын баримтууд (хавтаст хэргийн 143-145 дахь тал), шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дахь тал), шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 90-94 дэх тал), ял шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 99-136, 139-141 дэх тал) зэрэг баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч **** нь 2022 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вест” бааранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн ***** маргалдаж, улмаар хагархай шилээр түүний нурууны зүүн ташаа хэсэгт хатгаж, бүсэлхийд зүсэгдэж хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ үйл баримт нь хохирогч ***** “...2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр эхнэртэй хэлээд Вест баар луу ганцаараа орсон. ...Тэгтэл ******* гэх хүн намайг “цаашаа суу л даа” гэж хэлээд цээж рүү нэг удаа гараараа цохисон. Тухайн үед би ***** гэх хүнийг хоёр гарыг нь холбож байгаад буйдан дээр доош нь дарсан чинь хүмүүс “боль боль” гээд бид хоёрыг салгасан. *** бид хоёр ширээн дээр салаад сууж байхад ******* хандаж “би чамайг ална, мангар бацаан минь” гэж хэлсэн. Би тэр үед айгаад олон хүмүүсийн дунд сууж байгаад “за явъя” гэж бодоод хувцсаа өмсөөд гарах гээд босоод явж байтал ***** миний нурууны зүүн ташаа орчим нэг удаа хутгалсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

гэрч ****** “...Миний бие 2022 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вест бааранд хамгаалагчаар ажиллаж байсан бөгөөд 03 цаг 20 минутын үед манай баараар үйлчлүүлж байсан хоёр залуу хоорондоо зодолдож байхаар нь би болиулсан бөгөөд арай намхан махлаг ахын амнаас нь цус гарч байсан. Харин өндөр залуугийн биед ямар нэгэн ил харагдах гэмтэл байгаагүй. Тэгээд би тухайн хоёр хүнийг салгаж суулгаад байж байтал өөр хоёр залуу хоорондоо маргалдахаар нь тэр хоёрыг болиулаад баарнаас гаргах гээд үүд рүү аваад явсан хойгуур нөгөө хоёр хүний өндөр залуу нь “намайг дүрчихлээ” гээд орилохоор нь ...буцаад очтол өндөр залуу газарт уначихсан “намайг хутгалчихлаа” гэж хэлсэн бөгөөд тухайн үед надад зүүн талын цамцаа сөхөөд харуулахад ташааны хэсэгт арьс нь зүсэгдсэн байсан. ...Тэгээд би “хэн хутгалсан” талаар асуухад саяны намхан залуу гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37 дахь тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16645 дугаартай ********* биед бүсэлхийд зүсэгдэж хатгагдсан шарх, зүүн чамархайн хуйхны цус хуралт, зүүн зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, хоёр сарвуу, зүүн мөр, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Бүсэлхийн шарх, зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 48-49 дэх тал),  

Шинжээч эмч ****** “...******* биед бүсэлхийн шарх, зовхины зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тухайн хэсэгт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр учрах боломжтой...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56-58 дахь тал),

Шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 9 дэх тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-13 дахь тал), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14-15 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь матриаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаан холбоо юм.

 

Хохирогч ***** эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ******* хагархай шилээр нуруу, бүсэлхий хэсэгт нь хатгасан идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие махдодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, үйлдлээрээ зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч **** дээрх хууль бус үйлдлийг тус дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч ****** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

 

Улсын яллагч нь яллах дүгнэлтэд 309,350 төгрөгийн хохирлын баримт авагдсан талаар дурдсан бөгөөд хавтаст хэргийн 143-145 дахь талд хохирогч ******* 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Меd trauma эмнэлэгт хийлгэсэн толгой хэсгийн дүрс оношилгооны баримтыг үзлэгийн хуудас, и-баримт, пос машины баримтуудыг тус бүр өөр өөр хохиролд тооцож хохирлын хэмжээг нэмэгдүүлж тооцсон нь үндэслэлгүй байна.

 

Иймд тэдгээр баримтуудыг нэгтгэн нэг баримтад тооцож, шүүгдэгч ****** 169,350 төгрөг гаргуулж, хохирогч **** олгож, хохирогчийн иргэний нэхэмжлэлээс 140,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

 

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Улсын яллагчаас шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” санал, дүгнэлт гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

Шүүгдэгч **** нь урьд долоон удаа ял шийтгүүлж, ялыг биечлэн эдэлсэн боловч засрал хүмүүжил олж нийгэмшээгүй, өөрийн үйлдэлд дүгнэлт хийгээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, бусдын бие махбодид ир үзүүртэй зүйл хэрэглэн халдаж байгаа үйлдлийн арга нь түүний нийгэмд аюултай зан төлвийн бодит илрэл гэж дүгнэн түүнд торгох ялыг сонгон оногдуулах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч ***** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд түүний гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-ди-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******,**********,********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** 500 (таван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** 169,350 (нэг зуун жаран есөн мянга гурван зуун тавь) төгрөгийг гаргуулан хохирогч ******** олгож, иргэний нэхэмжлэлээс 140,000 (нэг зуун дөчин мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-ди-г хэрэгт хадгалан үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НАРАНЖАРГАЛ