Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00028

 

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2020/00028

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум, 3-р баг Хонгиод оршин суух, ... регистрийн дугаартай, Б овогт Хын Сын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Са нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Х.Са 1964 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр төрсөн. Миний бие 1988 онд Дархан хотын Польтехникумын цахилгаанчны ангийг төгсөж, Ховд аймагт хувиарлагдаж ирсэн. Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны шийдвэрээр Ховд аймгийн Эрдэнэбүрэний тэжээлийн аж ахуйд хувиарлагдсан.

Ховд аймгийн Эрдэнэбүрэний тэжээлийн аж ахуйн даргыг тушаалаар 1988оны 37 дугаар сарын 01-ний өдрөөс дизельчинээр ажиллаж байгаад 1988 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс цахилгаанчны ажлыг хавсран гүйцэтгэж дизельчин, цахилгаанчнаар ажиллаж байсан.

1990 онд СнЗ-ийн тогтоол гарч Эрчим хүчний үйлдвэрүүд нэгдсэн систед -илжижсэн тул Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 84 дугаартай тушаалаар Эрдэнэбүрэн сумын дизель станц халаалтын зууханд дизельчинээр ажиллаж байгаад 1995 оноос малчин болж одоо мал маллан амьдарч байна.

Миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон тул шүүхэд хандан гомдол гаргаж байна.

Надад байгаа баримтуудыг үндэслэн миний 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Эрдэнэбүрэний тэжээлийн аж ахуйд дизельчин, 1988 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс дизельчин цахилгаанчин, 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд дизельчинээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн Х.Сыг 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Эрдэнэбүрэний тэжээлийн аж ахуйд дизельчин, 1988 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс дизельчин цахилгаанчин, 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд дизельчинээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Х.Сын 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Эрдэнэбүрэний тэжээлийн аж ахуйд дизельчин, 1988 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс дизельчин цахилгаанчин, 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд дизельчинээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Х.Са нь 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Эрдэнэбүрэний тэжээлийн аж ахуйд дизельчин, 1988 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс дизельчин цахилгаанчин, 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд дизельчинээр ажиллаж байсан болох нь:

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 652 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаа буюу Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 89 дүгээр Ажил хавсруулах тухай тушаал, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын тэжээлийн аж ахуйн даргын,1989 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр Ажилд томилох ба зэргийн нэмэгдэл олгох тухай тушаал, Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 84 дүгээр Сумдын дизель станц халаалтын зууханд ажиллагсдыг батлах тухай тушаал, Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 6 дуцгаар сарын 12-ны өдрийн 201 дүгээр Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Х.Сад олгосон Баярын бичиг-ийн эх хувь зэрэг нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х.Сын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боролдой овогт Хын Сыг 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуйд дизельчин, цахилгаанчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Х.Сын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ОЮУН-ЭРДЭНЭ