Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/00117

 

2020 оны 01 сарын 10 өдөр

                Дугаар 183/ШШ2020/00117

                   Улаанбаатар хот

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Г-д холбогдох,

 

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд 7.142.482 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ....... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Г нь тус банктай 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2018/000370/0138 тоот “цалингийн зээлийн гэрээ” болон “хөдлөх эд хөрөнгө болон бус хөрөнгийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 6.500.000 төгрөгийн зээлийг сарын 1.8 хувийн хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хашаа байшин засварлах зориулалтаар авсан. Зээлдэгч Б.Г нь “цалингийн зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 8.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар гэрээг цуцлаж, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5.831.595 төгрөг, зээлийн хүү 1.263.798 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40.089 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдох зардал 7.000 төгрөг, нийт 7.142.482 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Х ХХК-иас зээл авсан нь үнэн бөгөөд удаан хугацаагаар ар гэрийн гачигдлаар зээлээ хийж чадаагүй, одооноос ажлаа хийж байгаа бөгөөд 1 сараас эхэлж зээлийн төлөлтөө эргэж төлөх тул надад нэг жилийн хугацаа өгнө үү. Нэг жилийн дотор зээлийг бүрэн барагдуулах түр хугацаа өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Г-ад холбогдох, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд 7.142.482 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Б.Г-, “Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2018/000370/0138 дугаар “Цалингийн зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч “Х” ХХК нь 6.500.000 төгрөгийг нэг сарын 1.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдэгч Б.Г-ад зээлдүүлэхээр тохиролцсон байх бөгөөд уг гэрээний дагуу зээлдүүлэгч “Х” ХХК-иас 6.500.000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зээлдэгч Б.Г-ад шилжүүлсэн, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 668.404 төгрөг, зээлийн хүүд 679.528 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 11.677 төгрөг төлсөн, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөөгүй болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг баримтаар нотлогджээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан “Х” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 4434 дүгээр Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр “...зээлийн гэрээний төлбөр төлөх хуваарь зөрчигдөж, зээлийн ангилал буурч чанаргүй зээлийн эргэлзээтэй ангилалд шилжсэн бөгөөд нийт 2.486.823 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байна. Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн дотор биелүүлнэ үү, төлбөрийг төлөөгүй тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг хуульд заасны дагуу барагдуулах болохыг мэдэгдэж байна” гэсэн байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2018/000370/0138 дугаар “Цалингийн зээлийн гэрээ”-г цуцлах эрхтэй юм.

 

Уг гэрээний үүргийн гүйцэтгэлд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл 5.831.595 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 1.263.798 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 40.089 төгрөг, нийт 7.135.482 төгрөгийг зээлдэгч Б.Г-аас зээлдүүлэгч “Х” ХХК-д төлөөгүй болох нь талуудын тайлбар, Зээлийн хүүгийн тооцоолол гэсэн баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2-т зааснаар хариуцагч Б.Г-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7.135.482 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч Б.Г-аас “...шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардалд 7000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргаагүй тул хүлээн зөвшөөрсөнд тооцон түүнээс 7000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2-т заасныг баримтлан 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2018/000370/0138 дугаар “Цалингийн зээлийн гэрээ”-г цуцлаж, хариуцагч Б.Г-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7.142.482 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 129.229 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 129.229 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ж.СЭМЖИД