Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00029

 

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2020/00029

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Чандмань сум, 2-р баг Тахилтад оршин суух, ..... регистрийн дугаартай, А овогт Нын Өгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Ө нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1967 оны 06 сарын 03-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн бөгөөд хонь жилтэй гэж явдаг байсан атлаа иргэний үнэмлэх 1968 оноор явж байсныг зөвтгүүлэн гаргуулсан.

Манай аав Л.Н маань 1979 оны 12 дугаар сард бурхан болсон тул би ээж дүү нартаа туслаж сургуулиас завсардаж сургуулиас гарсан.

Миний бие 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн гишүүнээр элсэж Тахилт бригадад 1982 оны 6 сараас эхлэн 1987 оны 8 дугаар сар хүртэл малчин саальчинаар ажиллаж байгаад Б.Мандахтай гэр бүл болж 1987 оны 8 сараас 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан.

Миний орсон гарсан тушаалууд архиваас олдохгүй, 70-р данснаас зарим жилийн материалууд байхгүй байнх тул нэгдлийн гишүүний үнэмлэх, гэрчийн мэдүүлэг, шагнал урамшууллууд, ажиллаж байх үеийн зураг зэрэг баримтыг үндэслэн шүүхээр тогтоолгох хүсэлтэй байна.

Иймд Нын Ө намайг Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд 1982 оны 06 сарын 01-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нын Өг Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд 1982 оны 06 сарын 01-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 сарын 31- ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Н.Өгийн 1982 оны 06 сарын 01-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Н.Ө нь 1982 оны 06 сарын 01-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2125 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын Тахилт бригадын 1985-1986, 1988-1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс,

Хүсэлт гаргагчийн баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн зөвлөлөөс олгосон Баярын бичиг-ийн эх хувь, 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн зөвлөлөөс олгосон Талархал-ын эх хувь, 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн зөвлөлөөс шагнасан Талархал-ыг авсны дараа ах, эгч, дүү нарын хамт авахуулсан гэх гэрэл зураг, Малчин залуучуудын уулзалтад оролцож байх үедээ буюу 1983 оны 10 дугаар сарын 16-ны өдөр авахуулсан гэх гэрэл зураг, Нэгдлийн гишүүний 16 дугаартай үнэмлэхийн хувь,

Гэрч Д.Нын ...Н.Ө нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт бригадад 1982 оны 6 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, саальчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт,

Гэрч Ю.Ээжиймаагийн ... Н.Ө нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт бригадад 1982 оны 6 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, саальчнаар ажиллаж байсан нь үнэн, Н.Ө нь минйи ахын хүү Б.Мандахтай гэр бүл болсон тул энэ талаар тодорхой сайн мэдэж байна... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н.Өгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Алаг адууныхан овогт Нын Өг 1982 оны 06 сарын 01-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Н.Өгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ОЮУН-ЭРДЭНЭ