Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1035

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс, 

улсын яллагч: Ж.Отгончимэг /томилолтоор/, 

шүүгдэгч: Ц.Э /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Эт холбогдох эрүүгийн ************ тоот хэргийг 2023 оны 08 дугаар сарын 25-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

* *********** овогт ********* Ц.Э РД: /**********/,

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.Э нь 2023 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ************ дүгээр хороо, *********** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***тай маргаж улмаар гараараа түүний нүүрэн тус газарт цохиж биед “хамрын нуруу, хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:         

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Ц.Э нь 2023 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *********дүгээр хороо, ********* тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр ***тай маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газарт өшиглөж, биед нь “хамрын нуруу, хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ        

          Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

-Хохирогч ***ын шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн үед гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн ************* тоотод ганцаараа байж байтал манай нөхөр Ц.Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд намайг хардаж, над руу уурлаж миний нүүр хэсгийн дух руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-р хуудас/,

-Шүүгдэгч Ц.Эын мөрдөн шалгах ажилагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: ... эхнэр ***********газар сууж байхад нь түүний нүүр рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн чинь... / хавтаст хэргийн 12-р хуудас/

-Цагдаагийн байгууллагын дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3-р хуудас/,

-Аюулгүйн зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 31–р хуудас/,

-Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 46-56-р хуудас/,

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч **********2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ****** дугаартай:

1. ***ын биед хамрын нуруу хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Тухайн хэрэг гарсан гэх хугацаанд хамаарна. /хавтаст хэргийн 14-15-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Ц.Эын яллагдагчаар өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн орчимд би Төв аймгаас Улаанбаатар хотод ажил хийж байгаад ажлаа дуусгаад ирсэн ба ирэх замдаа эхнэр *********** гар утсаар ярихад эхнэр надаас мөнгө нэхээд байхаар нь би мөнгө өгөхгүй гэж маргалдсан. Тэгээд би тухайн өдрийн буюу 2023 оны 06 дугаар сарын 27-ноос 28-ныг шилжих шөнө 00 цагийн үед би гэрийнхээ гадаа буюу Сонгинохайрхан дүүргийн ************* тоотын гадна ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад гэртээ ороход манай ********** байж байхаар маргалдаж нүүр рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн чинь манай эхнэр цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43-р хуудас/ мэдүүлж байсан.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт “...Би хөлөөрөө өшиглөсөн, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 18-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 21-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 22/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 24/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 25-30/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Э нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч **********2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 8554 дугаартай дүгнэлтээр хохирогч ***ын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон.       

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Хохирогч 2023 оны 6 сарын 28-ны өдөр нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөөгүй, харин мөн оны 7 сарын 3-ны өдөр нэг удаа мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч Ц.Эыг гараараа нэг удаа цохисон гэснийг яллах дүгнэлтэд гэмт хэргийн үйлдлийн шинжид дурдсан ч шүүгдэгч Ц.Э гэрчээр мэдүүлэг өгөхдөө “хохирогч ***ыг хөлөөрөө нэг удаа өшиглөсөн” гэж, мөн яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хөдөлбөргүй адил мэдүүлснийг, мөн хохирогчид гэмтэл шарх учирсан байдал зэргээс нь дүгнэн үзэж хэргийн үйл баримт дахь шүүгдэгчийн үйлдлийг аргыг нь “хохирогчийг хөлөөрөө өшиглөсөн” гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Ц.Эын хохирогч ***ыг өшиглөсөн үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хэдийгээр шүүгдэгч Ц.Э нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэрийнхээ эрүүл мэндийн эсрэг чиглэсэн үйлдэл гаргасан байгаа ч түүнийг тохиолдлын шинжтэй, ахуйн маргааны улмаас дээрх үйлдлийг хийсэн санаа сэдэлтийг нь үндэслэн гэр бүлийн хүчирхийллийн шинжийг бүрэн агуулаагүй байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зүйлчилсэн нь зөв байна гэж дүгнэсэн.

Шүүгдэгч Ц.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Э “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд мөн хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч *** нь гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй /хавтаст хэргийн 58/ гэж байгаа тул шүүгдэгч Ц.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч Ц.Э нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.   

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ц.Эыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.  

Шүүгдэгч Ц.Эыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд ам бүл 6, эхнэр,4 хүүхдийн хамт амьдардгийг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ. 

 Иймд улсын яллагчийн санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Эт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. *********** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Ц.Эт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.  

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардаж авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Ц.УРАНГУА