Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/394

 

    2023            05           16                                      2023/ШЦТ/394

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Д.Батзаяа  

Шүүгдэгч: А.А*******, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр

Хохирогч О.Бэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өлзий түрүү овогт А******* А*******д холбогдох 2305000000429 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Хустай 1в-10 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй

Өлзий түрүү овогт А******* А******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.А******* нь “...2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Файр” шөнийн цэнгээний газарт хохирогч О.Бийг хойноос татаж боосон гэх шалтгаанаар биед нь халдаж гараараа нүүрэн тус газарт нь цохиж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар   

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.А******* нь “...2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Файр” шөнийн цэнгээний газарт хохирогч О.Бийг хойноос татаж боосон гэх шалтгаанаар биед нь халдаж гараараа нүүрэн тус газарт нь цохиж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А*******ын ..Хохирогч нь намайг бүжгийн талбайд бүжиглэж байхад ирээд боогоод байсан. Талбай дээр гарч ирээд Ганбаа ахыг цохиод унагахаар нь би хохирогчийг цохисон. Ийм хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2305000000429 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.Бийн хохирогчоор өгсөн “...2023 оны 2 дугаар сарын 25-ны өдөр найз Б*******тэй хамт нисэх дээр уулзаад хорооллын “Файр” бааранд орж архи уусан. Манай хамаатны дүү Эрдэнэбаяр ирж намайг авсан. Тэрнээс өмнө хаана хэнд зодуулсан талаар мэдэхгүй байна. Миний бие өвдөөд согтуу байсан болохоор хаана хэнтэй маргаж зодуулснаа санахгүй байна. Эмч хэлэхдээ тархины цус хуралттай, тархи хавагнасан, дагзны зүүн тал руу шугаман хугаралтай гэж хэлсэн. Толгой их өвдөж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Т******* гэрчээр өгсөн “...Би тухайн өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Файр” баарны гадна найз Бэ, Б*******, Ж*******, Б*******, Төгөлдөр нартай уулзсан. Бэ 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хөдөө яваад 7 дугаар сард ирнэ гэсэн болохоор гаргаж өгөх гээд тухайн бааранд орж 0.75 литрийн Соёрхол гэх нэртэй архи, ус, ундаа, 2-3 пиво авч уугаад дуусахаар нь дахин 0.7 литрийн Эдэн нэртэй архи, ус, ундаа аваад нэг нэг татчихаад бүгд бүжиглэхээр бүжгийн талбай дээр гарсан. Тухайн үед би ширээндээ суугаад үлдсэн. Тэгээд байж байхад Ж******* ирээд “Бэ хүнтэй маргалдаад байх шиг байна очоод салгаадхаач” гэж хэлэхээр нь би бүжгийн талбай дээр очиход Бэ 177 см орчим өндөр нуруутай, шардуу царайтай, хувцсыг нь санахгүй байна, нэг залуутай маргаад зогсож байхаар нь салгах гэсэн чинь яах ийхийн завдалгүй нөгөө залуу Бийн нүүр хэсэгт нэг удаа цохиод унагасан. Унахдаа дагзаараа шууд шалан дээр унасан. Би тэр залууг нэг алгадаад мөргөсөн. Тэгээд зууралдаад байж байхад хамгаалагч нар ирээд салгаад намайг баарнаас гаргасан. Тухайн үед би гадаа байж байхад Ж*******, Б******* хоёр баарнаас Бийг гаргаж ирсэн. Гадаа дүү нь гээд Эрдэнэбаяр ирсэн байсан. Бийг машинд нь суулгаад гэмтэл рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Ц гэрчээр өгсөн “...Би тухайн өдөр ажлын байран дээрээ буюу өөрийн ажилладаг “Файр” бааранд ажлаа хийгээд байж байхад бүжгийн талбай дээр зодоон болоод байхаар нь манай хамгаалагч нар очиж салгасан. Намайг тэдэн дээр очиход нэг нь хамраа барьчихсан цус гарсан байдалтай байсан. Тэр залууг цохисон гэх залуу гал тогооны өрөөнд оруулж суулгаад зодуулсан гэх залуугийн найзууд нь цагдаа дуудсан. Цагдаа ирэхэд зодсон зодуулсан гэх залуучууд хоорондоо гомдол саналгүй гэж тохирцгоогоод гэр гэр рүүгээ явсан. Тэгтэл 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 21 цагийн орчим зодуулсан гэх залуу нь миний чихнээс цус гараад байгаа, бас хамар хугарсан, намайг зодсон гэх залуучуудыг таних уу гэж ирж асуухаар нь танихгүй гэхэд яваад өгсөн. Харин ирэхдээ 06-05 УНР улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.А гэрчээр өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө хорооллын эцсийн “Файр” бааранд Бэ манай найз Төгөлдөр, Б******* гэх найзуудыг 21 цагийн үед дуудсан. Би тэр хоёрыг тухайн бааранд хүргэж өгөөд буцах санаатай очсон боловч хамт орсон. Тэнд Бэ, Б*******, Төгөлдөр, Бямбаа нарын хамт хоёр шил архи авч хувааж уугаад бүжиглэсэн. Би машинаас цэнэглэгч аваад буцаад ороод ирэхэд Бэ бүжгийн талбай дээр нэг залуутай муудалцаад зогсож байсан. Тэгэхээр нь би Төгөлдөрт хандаж “Цаад Бат- Эрдэнэ чинь тэнд хүнтэй муудалцаад байна, чи очооч” гэж хэлээд араас нь дөнгөж очсон чинь нөгөө залуу Бийг нэг цохиод унагасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Б*******ийн гэрчээр өгсөн “...Би тухайн өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Файр” баарны гадаа найз Бэ, Б*******, Ж*******, Төгөлдөр бид 5 уулзаад Бэ 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хөдөө яваад 7 сард ирнэ гэж байсан болохоор гаргаж өгөх гээд тухайн бааранд ороод 0.75 литрийн Соёрхол архи, ус, ундаа, 2-3 пиво аваад ууж суунгаа бүжиглэж байснаа санаж байна. Би тасраад хэсэг унтсан. Сэрээд харахад Бэ газар унасан байхаар нь гүйж очоод сэргээх гэсэн чадахгүй байсан. Тэгэхээр нь Ж*******тэй хамт Бийг тэвэрч гаргаад машинд суулгаж өгчхөөд гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд З.Б гэрчээр өгсөн “...Би 2023 оны 02 дугаар сарын 25-ны орой Ганбаатар, А*******, Маргад, Отгонбаатар нарын хамт хорооллын эцсийн “Файр” бааранд орсон. Тэнд 1 шил 0.75 литрийн архи, хэдэн пиво захиалсан. Архинаасаа 3, 3 татаад 00-ийн өрөө рүү А*******, Ганбаатар нарын хамт явж байсан чинь араас нэг үл таних залуу дуудаад байсан. Бид гурав тоогоогүй очоод оочирлоод зогсож байхад нөгөө залуу А*******ыг заамдаад авсан. Тэгэхээр нь Ганбаатар бид хоёр тухайн залууг А*******аас салгаад “Дэмий юм дэмий шүү” гэж хэлээд А*******ыг аваад гарсан. Бид гурав бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байтал нөгөө залуу дахин ирээд А*******тай маргаад эхэлсэн. Ганбаатар бид хоёр салгаад байж байхад нөгөө залуу Ганбаатарын нүүрэн тус газарт цохиод авсан. Тэгтэл А******* тухайн үл таних залуугийн нүүр хэсэгт нэг удаа цохитол тэр залуу газарт унасан. Тэр үед Отгонбаатар, Маргад-Эрдэнэ хоёр байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3204 дугаартай шинжээчийн “...О.Бийн биед дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, гавлын дагз ясны шугаман хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэн, зүүн чамархайн дэлбэнгийн суурийн урд хэсгийн эдийн няцрал, цус харвалт, зүүн зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Энэ гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.А*******д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч А.А******* нь “...2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Файр” шөнийн цэнгээний газарт хохирогч О.Бийг хойноос татаж боосон гэх шалтгаанаар биед нь халдаж гараараа нүүрэн тус газарт нь цохиж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан...” болох нь хохирогч О.Бийн мэдүүлэг, гэрч Э.Төгөлдөр, Ч.Цогтсайхан, Д.Ананд, Д.Б*******, З.Буяндэлгэр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3204 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

          Шүүгдэгч А.А******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

          Шүүгдэгч, хохирогч нар нь бүжгийн талбайд маргалдаж улмаар  шүүгдэгч хохирогчийн биед халдаж нүүрэн тус газар нь цохиход хохирогч газар унаж толгойндоо хүнд гэмтэл авсан нь шүүгдэгчийн буруутай үйлдэлтэй буюу цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч А.А*******ын “...2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Файр” шөнийн цэнгээний газарт хохирогч О.Бийг хойноос татаж боосон гэх шалтгаанаар биед нь халдаж гараараа нүүрэн тус газарт нь цохиж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч А.А*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Хохирогч О.Бэ нь гэмт хэргийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 15,000,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд 2,500,000 төгрөг, эмчилгээний зардалд төлсөн төлбөрт баримтаар 1,553,676 төгрөг нийт 19,053,676 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байна.

 

Шүүгдэгч А.А******* нь  нийт 1,700,000 төгрөгийг  хохирогч О.Бэд төлсөн байх ба шүүх, хохирогчийн нэхэмжилсэн үлдэгдэл 17.353.676 /арван долоон сая гурван зуун тавин гурван мянга зургаан зуун далан зургаа/ төгрөгийн нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтаст хэрэгт авагдсан материалыг судлахад  хохирогчийн нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийн тооцоог гаргах боломжгүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар  хохирогч О.Бэ нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас бий болсон гэм хорийн нэхэмжлэлийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч А.А******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч А.А*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд шүүгдэгч А.А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,0000 /арван мянга/нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн  хугацаанд хэсэгчлэн  төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

            Шүүх, шүүгдэгчид ял сонгож оногдуулахдаа гэмт хэрэг гарсан нөхцөл байдалд дүгнэлт хийж, шүүгдэгчийн хөдөлмөрлөх эрхийг нээлттэй үлдээж хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлөх боломжийг талуудад олгох нь зүйтэй гэж дүгнэсэн болохыг тэмдэглэж байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.А*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Өлзий түрүү овогт А******* А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А*******ыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж уг ялыг  3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг түүнд даалгасугай.

 

3. Шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч О.Бэ нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохиролд нийт 19.053.676 /арван есөн сая тавин гурван мянга зургаан зуун далан зургаа/ төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг төлсөн болохыг дурдаад үлдэгдэл 17.353.676 /арван долоон сая гурван зуун тавин гурван мянга зургаан зуун далан зургаа/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

 6. Шүүгдэгч А.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ