Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 30

 

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2020/00030

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багийн харъяат, Завхан аймгийн Дөрвөлжин сумын 5-р баг болох Онц багт оршин суух, ... регистрийн дугаартай, Ч овогт Ш-ийн Чгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Түвшинсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Чгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Түвшинсайхан нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шагдарсүрэнгийн Ч нь 1969 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багт Шагдарсүрэнгийн 4 дэх охин болж төрсөн. Ховд аймгийн Дөргөн сумын бага сургуульд 1978 онд 1 дүгээр ангид орж 1985 оны 06 дугаар сард 8 дугаар ангиа төгссөн. Сургуулиа төгсөж ирээд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1990 оны 03 сард Дөргөн сумын Аргалант бригадын Гэзэгтэйн Чимэдтэй гэр бүл болж тус нэгдлийнхээ Аргалант бригадад мал маллаж амьдарсан. Тус нэгдлийг тартал малчнаар ажилласан.

Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр нь бичигдээгүй ажиллаж авч байсан хөдөлмөрийн хөлс нь аав Шагдарсүрэнгийн нэр байгаа учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд Ш.Чг Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ш.Чг 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ш.Ч нь 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад малчнаар ажиллаж байсан болох нь:

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1126 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадын 1985, 1988-1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант багийн малчин Чо.Шагдарсүрэн нарын хөдөлмөрийн хөлсний түүвэр, цалингийн цэс,

Хүсэлт гаргагчийн баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ш.Чгий малчин мэргэжлийн 00460 дугаартай үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэ хуулбар, Ховд аймгийн Дөргөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаартай тодорхойлолт, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

Гэрч Г.Цогтын ...Г.Ч нь 1985 онд Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж, илгээлтээр Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад малчин болж, 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл эцэг эхийн хамт нэгдлийн тэмээ малалж байсан нь үнэн... гэх тодорхойлолт,

Гэрч Б.Зуноровын ... Г.Ч нь 1985 онд Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж, илгээлтээр Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад малчин болж, 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл эцэг эхийн хамт нэгдэлд үржлийн тэмээ малалж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш.Чгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Чөөсөг овогт Шагдарсүрэнгийн Чг 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ш.Чгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ОЮУН-ЭРДЭНЭ