Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Т.Жаргалсайхан,

Хохирогч Б.Мөнхтуяа,

Шүүгдэгч Ю.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ачит овогт Юрагийн Бат-Эрдэнэд сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201726030082 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 06-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, тогооч усны инженер мэргэжилтэй, ам бүл  4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9-р хороо, Буянт-Ухаа 23-877 тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 308 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 233 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ялаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 233а  тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ДЮ81070610 / Ачит овогт Юрагийн Бат-Эрдэнэ нь:

- 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 18:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа 23-877 тоотод иргэн Б.Мөнхтуяаг “Оройтож ирлээ” гэх шалтгаанаар хардаж үсдэн, нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Мөнхтуяа бүртгэлтийн явцад мэдүүлэхдээ:   “... 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би 18:30 минутын үед гэртээ ирэхэд нөхөр Ю.Бат-Эрдэнэ нь согтуу “намайг ямар орой ирдэг юм бэ” гээд нэлээд ууртай байсан. Тэр үед би хариуд нь “дандаа архи уучихаад сууж байх юм ” гээд гэрийн баруун орон дээр суугаад хувцасаа сольж байхад нөхөр маань “оройтож ирлээ” гэх шалтгаанаар уурлаж, босож ирээд хүүхдийн пивор сандлаар зүүн нүдний дээд дух хэсэгт цохьсон …” гэжээ. / хх 16-17 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1459 тоот дүгнэлтэнд:

1. Мөнхтуяагийн биед тархи доргилт, баруун ухархайн дотор ханын хугарал, 2 зовхи, дух, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэжээ. / хх 20 /

Шүүгдэгч Ю.Бат-Эрдэнийг 2017.01.160-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 27-30 /,  2016.01.29-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 32 /,

Шүүгдэгч Ю.Бат-Эрдэнийн урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 36 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ:  Яллагдагчаар татах тогтоолд үйлдсэн хэргийн талаар үнэн зөв бичигдсэн. Мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мөнхтуяа мэдүүлэхдээ:  Эмчилгээний зардалд 300.000 төгрөг авсан. Одоо гомдол санал байхгүй гэв.

Шүүгдэгч Ю.Бат-Эрдэнэ нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 18:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа 23-877 тоотод иргэн Б.Мөнхтуяаг “Оройтож ирлээ” гэх шалтгаанаар хардаж үсдэн, нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Мөнхтуяагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1459 тоот дүгнэлт, шүүгдэгч Ю.Бат-Эрдэнийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан  болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч Ю.Бат-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар баривчлах ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ю.Бат-Эрдэнэ нь  ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй болно.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284, 286, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Ачит овогт Юрагийн Бат-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Бат-Эрдэнийг 1 /нэг /  сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

2.  Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй Ю.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

4. Ю.Бат-Эрдэнэд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ю.Бат-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.ОЛЗОД