| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 164/2020/0005/Э |
| Дугаар | 2020/ДШМ/08 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.О |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2020/ДШМ/08
Ц.Х, М.Т нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Т.Ж, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд
Прокурор А.О,
Шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч Б.Б
Шүүгдэгч М.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Ц.Х өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Ц.Х, М.Т нарт холбогдох эрүүгийн 1916000000144 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1986 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг 24-23 тоотод оршин суудаг, урьд нь 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил тэнсэн харгалзах ялаар, 2003 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 159 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 10 сар 15 хоногийн хорих ялаар, 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 05 сар 20 хоногийн хорих ялаар, 2011 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 04 сарын хорих ялаар, 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хорих ялаар, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 04 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, ЖБ86021573 регистрийн дугаартай, У овогт Ц. Х.
Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10-р хороо, 1-191 тоотод оршин суудаг, урьд 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, ЙН90122013 регистрийн дугаартай, Б овогт М. Т.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Х нь “... 2019 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг 23 дугаар байр иргэн Ц.Б гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 1 ширхэг 32 инчийн лед зурагт, 2 ширхэг савхин куртик, 1 ширхэг гутал зэрэг эд зүйл хулгайлан авч, иргэн Ц.Б 1.060.000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Х, М.Т нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалантын хороо толгойтын 9-1 тоотод оршин суух Б.Б гэрт ороод гарахдаа нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар алтан аяга 1 ширхэг, мөнгөн тагш 1 ширхэгийг хулгайлан хохирогч Б.Б 2.545.000 төгрөгний хохирол, М.Т нь алтан аягыг Н.Г 50.000 төгрөгөөр худалдан иргэний нэхэмжлэгч Н.Г 50.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Анхан шатны шүүх: Шүүгдэгч У овогт Ц. Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч У овогт Ц. Х, шүүгдэгч Б овогт М. Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х 1 жилийн хугацаагаар хорих ялаар, М.Т 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Ялтан Ц.Х оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, ялтан М.Т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар ялтан Ц.Х Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 4 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 8 сар 22 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж жинхэнэ эдлэх ялыг 3 жил 08 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Ялтан Ц.Х, М.Т нарыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар ялтан Ц.Х 45.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Б олгож, хохирогч Б.Б нь шаргал аягаа сэргээн засварлахад гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж ялтан Ц.Х, М.Т нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг шаргал аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Б буцаан олгож, Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, ялтан нар нь цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй... зэргийг дурдаж ялтан Ц.Х, М.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Х өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдол, тайлбартаа: Ц.Х 3 жил 8 сар 22 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Х нь урьд өмнө ял шийтгүүлж Говь-Сүмбэр аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан. Ц.Х нь тухайн тэнсэн суллагдсан цагаас хойш харьяа газрынхаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бүртгүүлж байнгын хяналтанд байсан нь тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хурал дээр улсын яллагч ярьж тайлбарлаж байсан болно. Ялтан Ц.Х дээрх хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан 8 сар 22 хоногийн хугацаанаас нийт 58 хоногийн хугацаа үлдсэн байх бөгөөд Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 58 хоногийн хорих ял үлдсэн гэж үзэхээр байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж дээрх 8 сар 22 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэсэн нь учир дутагдалтай байна. Ц.Х Шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогч Б.Б 45.000 төгрөг төлөхөөр гаргасныг төлсөн байгаа. Иймд шүүгдэгч Ц.Х учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан хорих ялыг багасгаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүхээс оногдуулсан ял шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байна.
Шүүгдэгч Ц.Х Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ХМШЗ/62 дугаар шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 08 /найм/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хорих ялтай тэнцүү хяналтын хугацаа тогтоосон байна.
Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заажээ.
Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ гэжээ.
Эдлээгүй үлдсэн хорих ял гэдэг ойлголтод ялтны биеэр эдлээгүй нийт ялыг хамааруулан ойлгох бөгөөд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Ц.Х Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг 3 жил 08 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Х өмгөөлөгч Б.Б Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон ялтан Ц.Х эдлээгүй үлдсэн ялтай тэнцүү хэмжээний буюу 8 сар 22 хоногийн хяналтын хугацаанаас дахин гэмт хэрэг үйлдэх үед нь үлдсэн байсан 58 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх ёстой гэсэн агуулга бүхий тайлбар, давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Х өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүгдэгч Ц.Х, М.Т нарын цагдан хоригдсон 41 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.Э
ШҮҮГЧИД Т.Ж
Ш.Б