Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2022/0283

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У******* ХХК 

Хариуцагч:Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Д*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М*********  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч У******* ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/** дугаар тушаалын “У******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан Уулын Дархан Цаазат газрын Чандманийн амны хязгаарлалтын бүсэд 0.6 га газрыг аялал жуулчлалын зорилгоор ашиглах У******* ХХК-ийн эрхийг сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгуулах”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9011601109,  Регистрийн ******** дугаартай У******* ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 сарын 14 ний өдрийн А /116 дугаар тушаалын дагуу Богд хан уулын Чандманийн аманд 0.6 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах 2016/0107 дугаартай гэрчилгээ олгогдсон.

 У******* ХХК нь улсын тэмдэгтийн хураамж, газрын төлбөрт нийт 18,***,*** төгрөгийг бүрэн төлж, тус яамаар байгаль орчинд нөлөөлөх ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний тайланг батлуулан, зураг төсөв боловсруулан, уг газраа тэгшлэн, газар шорооны ажлаа хийж гүйцэтгэн, стандартад нийцсэн иргэдийн аялах, зугаалах, алжаалаа тайлахад зориулагдсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрсөн санал, дүгнэлтийг үндэслэн байгаль орчинд ээлтэйгээр барихаар хэд хэдэн урьдчилсан хэлцлүүд хийж хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр ажиллаж байсан бөгөөд гэнэт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчин мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг явуулахгүйгээр 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож газрыг чөлөөлөх тухай” А/** дугаар тушаал гаргаж У******* ХХК-ийн энэхүү газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн болно.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/** дугаар тушаалд дурдсан голын бургас модыг сүйтгэх, уул нурааж, байгалийн унаган төрхийг алдагдуулсан гэх үйлдэл, эс үйлдэл нь манай компанийн ашиглах талбай бүхий газарт огт хамааралгүй байтал энэхүү тушаалын хавсралтад дурдагдсан 29 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хамааруулж , У******* ХХК-ийн газар ашиглах эрхийг ёс суртахууны болон хууль зүйн үндэслэлгүйгээр, сонсох ажиллагаа явуулахгүйгээр, Захиргааны ерөнхий хуулийн зүйл, заалтуудыг зөрчиж, энэхүү сайдын тушаалыг гаргасан бөгөөд У******* ХХК-ийн газар ашиглах эрхийг зөрчсөн акт тул газар ашиглах эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна.

Энэхүү тушаалын манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, газар ашиглах эрхээ сэргээлгэхээр Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.7, 98 дугаар зүйлийн 98.1.2, 98.1.4-д зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд энэхүү захиргааны актыг өөрчлөх боломжтой байхаар /өөрөөр хэлбэл урьдчилан шийдвэрлүүлэх журам/ хуульд тусгайлан зохицуулсан байна.

Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар гаргасан гомдлыг Байгаль орчин аялал, жуулчлалын сайд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг зааж, шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 128/Ш32018/2**** дугаартай захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын  сайд Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу “Захиргааны актыг өөрчлөх” боломжтой гэж шийдвэрлэсэн.

Шүүгчийн захирамжийг, өөрийн гомдлын хамтаар Байгаль орчин аялал жуулчлалын сайдад тус яамны бичиг хэргээр дамжуулан гардуулсан боловч Сайд нар нь Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан дагуу албадан гүйцэтгэнэ” гэсэн хуулийн заалтыг хүндэтгэн биелүүлж, шүүгчийн захирамжийг биелүүлж,  “У ХХК” ХХК-ийн гаргасан гомдлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлэж хариу өгөөгүйд гомдолтой байна.

Шүүгчийн захирамжийг гарсан даруйд “У******* ХХК-ийн захирал Б.Г****** сайд Н.Цэрэнбатад гардуулан өгч, уг газрын орчны фото зураг болон, улсын тэмдэгтийн хураамж газрын төлбөр төлсөн баримтууд, уг газрыг ашиглах эрхийг олгогдсоноос хойш 1 жил 8 сарын хугацаанд хийсэн ажлууд, газар ашиглах гурвалсан гэрээг байгуулах гэж ХУД-ийн Засаг дарга дээр хугацаа нэлээд алдсаныг 2017 оны хавраас намар хүртэл газар шорооны ажил хийгдэж , хүйтний улирал эхлэнгүүт ажил зогсож, 2018 оны хавар эхлэх үед газрын ашиглах эрхийг цуцалснаар ямар ч үйл ажиллагаа явагдах боломжгүй болсон зэрэг учир байдлыг хэлэхэд Сайд Н.Ц******* уг тушаалыг сайтар хянагдаагүй гарсан тушаал юмаа, танай компанийн хувьд ч гэсэн газар дээрээ бургас модгүй, газрын төлбөрөө төлчихсөн, байгалийн унаган төрхийг алдагдуулах хэмжээний газар биш байсан байна.

Энэ тушаалыг боловсруулан, батлуулсан хүмүүсийн шууд буруутай үйл ажиллагаанаас болж танай компани хохирчээ, ажил хариуцсан хүмүүстээ арга хэмжээ авна, энэ материалуудыг чинь өөрийн гараар хүлээн авлаа, хариуцсан хүмүүстээ өгнө, танай газрыг сэргээж өгье.

Одоохондоо сэргээх цаг үе нь биш байна. Би газрын талаар шинэ бодлого гаргана, тэр үед сэргээгдэнэ, газрын асуудал хариуцсан мэргэжилтнээс асууж байгаарай гэж хэлсэн тул уулзалт дууссан байна. Уг уулзалтаас хойш тус яамны ТХНУГ-ын газар ашиглалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Г** Н.Г********, ТХНУГ-ын газрын дарга Н.С********* нараас үе үе утсаар болон очиж уулзан юу болж байгаа эсэхийг лавлахад сайдаас танай компанийн газар ашиглах эрхийг сэргээ гэсэн чиглэл манай газарт, бидэнд ирээгүй байна.

Сайдын эрх мэдлийн асуудал тул бид ч бас хүлээж байна, шүүгчийн захирамжтай юм чинь шийдэгдэх байх, хүлээж бай гэдэг хариуг олонтоо өгсөөр хүлээлтийг үүсгэсэн болно.

 Мөн дараагийн Сайд Д.С********-тэй уулзаж, учир байдлаа хэлэхэд Өмнөх сайдын үед олон аж ахуйн нэгжийг хохироосон шийдвэрүүд гарч байсан байна. Би энэ асуудал дээр онцгой анхаарч ажиллана гэсэн хариуг өгсөн.

Яамны сайд нар солигдсон ч төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх үндсэн зарчим, төрийн бодлого үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх зарчмын дагуу гомдолд хариу өгнө байх гэж үзэж байлаа. Мөн Сайд Н.У*******д 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гомдол гаргасан ч хуулийн хугацаанд хариу өгөхгүй байна. Иймд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 сарын 29-ний өдрийн А/** дугаар тушаалын “У******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, У******* ХХК-ийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газрын Чандманийн амны хязгаарлалтын бүс дэх 0.6 га талбай бүхий газрын аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрхийг сэргээлгэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.” гэжээ.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “У******* ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалын дагуу Богд-Хан уулын Чандманийн аманд 0.6 газрыг жуулчлалын зориулалтаар ашиглах 2016/0107 дугаартай гэрчилгээ олгогдсон.

Улмаар Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2016/0107 дугаартай улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ Богд-хан уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болоод Хан-Уул дүүргийн Засаг дарга У******* ХХК-иудын хооронд байгуулагдсан тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээний дагуу тухайн газраа ашиглаж эхэлсэн. 

Гэтэл хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны 03 сарын 29-ний өдөр "Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” А/** дугаартай хууль бус тушаал гаргаж У******* ХХК-ийн эрх болоод хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байна. Хариуцагч нь энэхүү маргаан бүхий актдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.1, 26 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.2, 40 дүгээр зүйлийн 40.2, Усны тухай хууль, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан усны сан бүхий газар усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийн мөрдөх журам Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэж энэхүү маргаан бүхий актыг гаргасан байдаг.

Өнөөдөр шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримт дээр тухайн маргаан бүхий акт нь өөр байдлаар гарсан болох нь тогтоогдсон гэж харж байна. Өөрөөр хэлбэл Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу хүргүүлж байсан албан бичгийн дугаар хоорондоо зөрүүтэй. Мэдээллүүд харилцан адилгүй, зөрүүтэй байдлууд байгаад байдаг. Энэ агуулгаараа тухайн акт нь хууль бус байсан болов уу гэж харж байна.

Хариуцагч төрийн захиргааны төв байгууллага нь хэн нэгэн этгээдийн эрх ашиг сонирхлыг нь хөндсөн захиргааны акт гаргах тохиолдолд бид нарт урьдчилан мэдэгдэж оролцоог нь хангах тухай Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д ... гэж заасныг ноцтой зөрсөн бөгөөд мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсгох ажиллагаануудыг огт явуулаагүй. Хэрвээ энэхүү сонсгох ажиллагаануудыг явуулсан бол тухайн байгууллага урьдчилан мэдэгдээд холбогдох тайлбар саналыг нь аваад нотлох баримтуудыг цуглуулсан бол энэхүү акт гарахгүй байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн эрх ашиг хөндөгдөхгүй байх боломж бүрэн байсан. Маргаан бүхий актын хавсралт хэсэг дээр ямар үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг цуцалсан болох талаар дурдсан байдаг. Тухайн газар дээрээ объектгүй болоод газрын 2017, 2018 оны төлбөрийг огт төлөөгүй гэж дурдсан. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд тухайн байгууллага нь буюу У******* ХХК нь  газар ашиглалтын төлбөрийг тухай бүр нь төлөөд явж байсан. Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албатай газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг үйлдэж байсан болох нь тогтоогддог.

Өөрөөр хэлбэл тушаалд дурдсан газрын төлбөрийг төлөөгүй гэх үндэслэл үгүйсгэгддэг. Газрыг ашиглах хугацаа хоёр жилийн хугацаанд ашиглаагүй гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд хангалттай хэмжээнд нотлогдохгүй болов уу гэж харж байна. Өөрөөр хэлбэл тухайн газар дээрээ үл хөдлөх хөрөнгө барьснаараа газрын төлбөрийг ашиглаж байна гэж үзэх нь өөрөө хэтэрхий өрөөсгөл ойлголт. У******* ХХ-ийн хувьд тухайн газар ашиглах эрх олж авсан газар дээрээ байгаль орчныг ашиглахад нөлөөлөх үнэлгээг ерөнхий үнэлгээ болоод нарийвчилсан үнэлгээнүүдийг Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээч, үнэлгээчин зэргээр батлуулаад явж байсан. Эдгээр баримтуудыг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн. Энэ агуулгаараа төсөл хэрэгжүүлэх гээд холбогдох үнэлгээнүүдээ эрх бүхий төрийн албаны төв байгууллагаар батлуулаад явж байхад газраа ашиглаагүй гэдэг агуулгаар маргаан бүхий актыг гаргаж байгаа нь өөрөө хууль бус юм. Эдгээр үндэслэлүүд байгаа учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “У******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29 - ний өдрийн А /76 дугаар тушаалаар усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн тул нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн болно.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29- ний өдрийн А/** дугаар тушаал нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дугаар зүйлийн 1,  27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2,  Усны тухай хуулийн 22 дугаар 22.2 , 22.2.1,  22 6, Усны сан бүхий газар , усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын , эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам зэргийг үндэслэн гарсан нь хуульд нийцэж байх тул хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, У******* ХХК-ийн ашиглаж байсан газар нь НИТХТ - ийн 2016 оны 50 дугаар тогтоолоор усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай төдийгүй Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасанд хамаарч байна.

Мөн У******* ХХК нь яаманд 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 09 тоот албан бичгээр дээрх маргаан бүхий тушаалтай холбогдуулан өргөдөл гаргасан байх бөгөөд түүний хариуг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 10/5415 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн байх тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан хугацаа өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох болон хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх тул Байгаль орчин , аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/** дугаар тушаалыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/** дугаар тушаалаар усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн тул нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/** дугаар тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дугаар зүйлийн 1, 27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2. Усны тухай хуулийн 22.2, 22.2.1, 22.6, Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам зэргийг үндэслэл болгож тус тушаал гарсан.

Өөрөөр хэлбэл У******* ХХК-ийн ашиглаж байсан газар нь НИТХТ-ийн 2016 оны 50 дугаар тогтоолоор баталсан усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй хэсэгчлэн, энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай байгаа. Үүнийг сая шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн зурган баримтаас тодорхой харагдана.

Усны тухай хуулийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д“Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно”, 22.6-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно”, 22.4-д “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно” гэж тус тус заасан. Мөрдөх дэглэмийг тогтоож өгсөн бөгөөд үүнд У******* ХХК-д газар ашиглахаар олгосон тухайн газар нь хамаарагдаж байгаа учраас Байгаль орчин аялал жуулчлалын сайд уг тушаалыг гаргасан. Түүнчлэн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж хориглосон зохицуулалттай. Ийм учраас У******* ХХК-д тухайн газарт газар ашиглах эрх олгох ямар ч боломжгүй учраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/** дугаар тушаал нь үндэслэлтэй гарсан. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч У******* ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/** дугаар тушаалын “У ХХК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан Уулын Дархан Цаазат газрын Чандманийн амны хязгаарлалтын бүсэд 0.6 га газрыг аялал жуулчлалын зорилгоор ашиглах У******* ХХК-ийн эрхийг сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгуулах”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А/116 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар нутгийн Чандманийн аманд байрлах 0.6 га газрыг У******* ХХК-д 5 жилийн хугацаатай, аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

Маргаан бүхий захиргааны акт буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” А/** дугаар тушаалаар Усны нөөцийг бохирдож, хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг журам зөрчиж буй” гэсэн үндэслэлээр 28  иргэн аж, ахуй нэгжийн газар ашиглах эрхийг дуусгавар  болгосон байна.

Дээрх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/** дугаар тушаалын хавсралын 6-д У******* ХХК бичигдсэн байх ба уг хавсралтын тайлбар хэсэгт “тухайн газар дээр үл хөдлөх хөрөнгө байхгүй, газрын төлбөрийг 2017, 2018 онуудад төлөөгүй гэсэн байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/** дугаар тушаалыг гаргахдаа 12 дугаар зүйлийн 1, 27 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1,  40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэсэн байна.

 Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх” зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглохоор хуульчилсан байна.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно.”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно.”, 22.6-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно” 22.4-д “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно.” гэж тус тус заасан байна.

Хэрэгт цугларсан Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн №820180047 тоот акт,[1] мөн тус албаны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 16/454 тоот албан бичиг[2] зэрэг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө газрын төлбөрөө төлсөн, төлбөрийн үлдэгдэлгүй болох нь тогтоогдож байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/** дугаар тушаалыг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслээгүй байна. 

Мөн нэхэмжлэгчид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А/116 дугаар тушаалаар газар ашиглах эрх олгосон, Газар ашиглах тухай 3 талт гэрээг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан, маргаан бүхий захиргааны акт буюу сайдын А/** дугаар тушаалыг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гаргасан зэрэг үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгож, гэрээ байгуулснаас хойш маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл 2 жил болоогүй байх тул энэхүү маргаанд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл хамаарахгүй юм.

Гэвч маргаан бүхий газар нь усан сан бүхий газрын онцгой бүстэй хэсэгчилсэн байдлаар, энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай болох нь хариуцагчаас шүүхэд ирүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн[3] болон 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн[4] лавлагаа зургууд, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Бодит байдалтай танилцсан шүүхийн үзлэгээр маргаан бүхий газар нь Туул голын эрэг дагуу цавчим өндөр газар байрлаж байгаа болох нь тогтоогдсон болно.

 Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/** дугаар тушаалыг Усны нөөцийг бохирдож, хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулахаас сэргийлэх зорилгоор гаргасан байна.

Дээрхээс үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/** дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь усны нөөцийг бохирдож, хомсдохоос сэргийлэх, байгалийн унаган төрхийг алдагдуулахаас сэргийлэх зорилгодоо нийцсэн байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/** дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх зарчимд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Мөн хэрэгт маргаан бүхий тушаал нь 2 өөр, зөрүүтэй Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн өдрийн 250 тоот санал, мөн тус хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 333 тоот саналыг үндэслэсэн байдлаар авагдсан байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү зөрүүтэй байдал нь алдаатай захиргааны акт болохыг харуулж байна гэсэн агуулгаар тайлбарлаж байх хэдий ч энэ нь маргаан бүхий 2018 оны А/** дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Учир нь сайдын 2018 оны А/** дугаар тушаалыг усны нөөцийг бохирдож, хомсдохоос сэргийлэх, байгалийн унаган төрхийг алдагдахаас сэргийлэх зорилгоор гаргасан, тус тушаал нь зорилгодоо нийцсэн талаар дээр тайлбарласан болно.

Тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/3312 тоот албан бичгээр сонсох ажиллагаа хийсэн эсэх талаарх баримтыг хариуцагчаас шаардсан боловч энэ талаарх баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө манайд урьдчилж мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй гэсэн агуулгаар тайлбарлан, энэ үндэслэлээр маргаж байх хэдий ч маргаан бүхий захиргааны акт зорилгодоо нийцсэн байх, бодит нөхцөл байдалд тохирсон байх зарчимд нийцсэн талаар дээр тайлбарласан тул нэхэмжлэгчийн энэ тайлбар үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа У******* ХХК нь яаманд 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 09 тоот албан бичгээр дээрх маргаан бүхий тушаалтай холбогдуулан өргөдөл гаргасан байх бөгөөд түүний хариуг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 10/5415[5] тоот албан бичгээр хариу хүргүүлсэн байх тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан хугацаа өнгөрсөн байна. Иймд ... хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй...” гэсэн агуулгаар  тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч нь “Монгол шуудан” ХК-ийн ажилтан Баяраад гардуулсан гэж тайлбарлан шуудангийн бүртгэлийн дэвтрийн хуулбарыг  шүүхэд гаргаж өгч байх хэдий ч “Монгол шуудан ХК-ийн  2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №09/224 тоот албан бичгээс[6] үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 10/5415 тоот албан бичгийг У******* ХХК-д хүргүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Энд тэмдэглэхэд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар газар ашиглах эрх олгосны улмаас газрын төлбөр төлсөн болон газар ашиглахтай холбоотой бусад зардлуудыг гаргасан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох ёсгүй гэсэн агуулгаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч тайлбарлаж байх бөгөөд дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчид анх сайдын 2016 оны А/116 дугаар тушаалаар газар ашиглах эрх олгохдоо олгох ёсгүй газрыг олгосон гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь захиргааны актын улмаас учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрх нь нээлттэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 2.2.1, 22.4, 22.6-д заасныг тус тус  баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” А/** дугаар тушаалын “У******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах болон Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан Уулын дархан цаазат газрын Чандманийн амны хязгаарлалтын бүсэд 0.6 га газрыг аялал жуулчлалын зорилгоор ашиглах У******* ХХК-ийн эрхийг сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий У******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “У******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.Б*******