Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2025/0657

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Ц.Бгийн нэхэмжлэлтэй

             захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд “Р Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, О.Он нар

Нэхэмжлэгч: Ц.Б

Хариуцагч: Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.С

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын байцаагч Т.Сгийн баталгаажуулсан 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн нөхөн бүрдүүлсэн “Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”-ыг баталсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, улсын байцаагч Т.Сгийн Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 3.11 дүгээр зүйлд заасан тусгайлсан дүгнэлт гаргаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгайлсан дүгнэлт гаргахыг даалгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 017 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгийн өмгөөлөгч Ц.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, О.О

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Ч

Хэргийн индекс: 120/***********

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Б нь Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Улсын байцаагч Т.Сгийн баталгаажуулсан 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн нөхөн бүрдүүлсэн “Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”-ыг баталсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, улсын байцаагч Т.Сгийн Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 3.11 дүгээр зүйлд заасан тусгайлсан дүгнэлт гаргаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгайлсан дүгнэлт гаргахыг даалгуулах”-аар маргасан байна.

 

2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 017 дугаар шийдвэрээр: “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 3.1.20, 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Бгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн “Р Ш” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх акт”-ыг баталгаажуулсныг хүчингүй болгож, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн үйлдсэн “Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх акт”-д тусгайлан дүгнэлт гаргахыг Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид даалгаж... шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. Үйлдвэрлэлийн ослын тохиолдол үүсээгүй буюу үйлдвэрлэлийн хүчин зүйлд өртөөгүй тухай:

 

3.1.1 Үйлдвэрлэлийн ослын тохиолдол нь ажилтан нас барсан бүхий л тохиолдлыг хамрах бус үйлдвэрлэлийн осол гэж үзэх тодорхой нэг тохиолдол буюу ажил, албан үүрэгтэй холбоотойгоор үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах ямарваа нэг хүчин зүйлд өртсөн байхыг шаардана. Тухайлбал ажилтан нь ажил үүрэгтэй холбоотойгоор осолд өртсөн байх, мэргэжлээс шалтгаалсан өвчин туссан байх гэх мэт ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүрэг, түүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулж байх үед гарсан осол, ажлын байран дээрх тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, чанаргүй байдал зэргийн улмаас гарсан осол, ажил олгогчийн хяналтад байх үеэр гарсан осол зэрэг нь үйлдвэрлэлийн ослын тохиолдолд хамаарах боломжтой юм. Талийгаач нь хүнд даацын тээврийн хэрэгсэл жолоодох ажил үүргээ хийж дууссан 18 цагаас хойш буудалд амарч байхад буюу шөнийн 00 цагийн үед хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгээгүй, ажил олгогчийн зааварчилгааны дагуу ажиллаагүй үед бие нь муудаж, эмнэлгийн яаралтай тусламж авч, эмнэлэгт хүргэгдэх замд нас барсан юм. Тус буудал нь Кан Мэйоай гэх талын эзэмшлийн, түүний хяналт дор байх бөгөөд “Р Ш” ХХК нь тус буудалд амарч буй жолоочдод хяналт тавих бус зөвхөн Кан Мэйлай буудалтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Иймд талийгаач нь ажлын байранд байгаагүй, ажил үүргээ гүйцэтгэж байгаагүй, үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үйлчлэлд өртсөний улмаас нас бараагүй байна. Талийгаач нас барсны шалтгаан нь ажил үүргээ гүйцэтгэж байх үед ямар нэгэн гадны үйлчлэлийн улмаас үүсэх үйлдвэрлэлийн ослын дээрх шалтгаануудад хамаарахгүй буюу тухайн хүний хувийн байдал, тодруулбал шинжээчийн дүгнэлтүүд болон нас баралтын гэрчилгээний дагуу архаг өвчин, зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл нас баралтын шалтгаан нь үйлдвэрлэлийн осол буюу ажлын байрнаас шалтгаалсан үйлдвэрэлийн хүчин зүйлийн улмаас бус, харин ердийн өвчний улмаас нас барсан болох нь эдгээр холбогдох баримтуудаар тогтоогддог. Гэтэл шийдвэрийн Үндэслэх хэсгийн 12-т “...үйлдвэрлэлийн осол гэдгийг зөвхөн ажил үүргээ гүйцэтгэж байх тохиолдлоор хязгаарлахгүй, амралтын зориулалттай өрөөнд амарч байх тохиолдлыг ч үйлдвэрлэлийн осолд тооцно...” гэж дүгнэсэн байх бөгөөд талийгаач нь ямар үйлдвэрлэлийн хүчин зүйлд өртсөний улмаас үйлдвэрлэлийн осолд өртсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20 дахь заалтыг буруу хэрэглэж маргааныг шийдвэрлээд байна. Иймд талийгаачийн зүрх судас, элэг, нойр булчирхайн архаг өвчин, мөн нас барсан шалтгаан болох зүрхний шигдээс зэрэг нь бүгд ердийн өвчинд хамаарч байх тул үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан гэж үзэх үндэслэлгүй байна. Гэтэл анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлэлгүй, ердийн өвчний жагсалтад хамаарах өвчнийг үйлдвэрлэлийн ослын улмаас үүсэх өвчинтэй адилтган үзсэн, талийгаач ажил үүргээ гүйцэтгээгүй, нас барсан шалтгаан нь архаг хууч өвчний улмаас буюу түүний хувдийн байдалтай холбоотой, үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үйлчлэлд өртөөгүй байхад үйлдвэрлэлийн осол гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

 

3.2. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тухай:

 

3.2.1 Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх актыг улсын байцаагч Г.Сайнтуяа нь 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталгаажуулсан бөгөөд нэхэмжлэгч Ц.Б нь тус актыг эс зөвшөөрч дээд шатны захиргааны байгууллага Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт гаргасан гомдлын дагуу дээд шатны байгууллагаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 3** дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн байдаг. Харин нэхэмжлэгчээс 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасантай нийцэхгүй байна. Маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгч хэзээ гардан авсан, үүнээс хойш хаана, хэзээ дээд шатны захиргааны байгууллагад хандаж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт гаргаж нотлоогүй. Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 3** дугаар албан бичгийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор буюу 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Иймд шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хууль буруу хэрэглэж нотлох баримт буюу шинжээчийн дүгнэлтүүдийг зохих ёсоор үнэлээгүй хэргийг хянан шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нь гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын дээрх гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

 

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар кемп буюу амрах байр нь ажлын байранд зайлшгүй хамаардаг. Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.4-д “ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед” гэсэн тохиолдол үйлдвэрлэлийн осолд хамаарахаар тусгасан. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үүргээ “Р Ш” ХХК биелүүлдэггүй, ажилтныг заавал даатгуулах даатгалд даатгуулаагүй. Байцаагч Т.Сгийн хувьд компаниас гаргасан актыг батлахгүйгээр тусгайлсан дүгнэлт үйлдэх ёстой байсан. Шүүх ажиллагааны явцад хариуцагч тал гарын үсэг зурах ёсгүй зүйл дээрээ гарын үсэг зурсан, тусгайлсан дүгнэлт гаргаагүй үйлдлээ хүлээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн. 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн дүгнэлтэд “...бага тархи нэлэнхийдээ тархины эдийн няцралтай, тархийг зүсэхэд хутгалд наалдахгүй...” гэсэн эргэлзээ бүхий дүгнэлт гаргасан. Үүнийг мэргэжлийн эмч нар маш хүнд доргилтоос үүсэх боломжтой гэж тайлбарлаж байгаа. Улсын байцаагч Т.С нь “Р Ш” ХХК-ийн нөхөн бичсэн хуурамч актад гарын үсэг зурж хийх ёсгүй үйлдэл хийсэн. Ажил үүргээ гүйцэтгэж явсан иргэн Ш.С нас барсан байхад шалтгаан нөхцөлийг шалган тусгайлсан дүгнэлтийг гаргаагүй. “Р Ш” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн наад захын шаардлагыг ханган ажилладаггүй, хүйтний, салхи ихтэй нөхцөлд Ш.Сийг халуун хоол, амрах дулаан байраар хангах үүргээ биелүүлээгүй олон цагаар ажиллуулсан, эрүүл мэндийн өдөр тутмын үзлэгт хамруулаагүй нь тогтоогдож захиргааны арга хэмжээ авагдсан нь тогтоогдсон. Иймд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргйин анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 0** дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх дараах үндэслэлээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2.1. Нэхэмжлэгч Ц.Бгаас “Улсын байцаагч Т.Сгийн баталгаажуулсан 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн нөхөн бүрдүүлсэн “Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”-ыг баталсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, улсын байцаагч Т.Сгийн Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 3.11 дүгээр зүйлд заасан тусгайлсан дүгнэлт гаргаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгайлсан дүгнэлт гаргахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргажээ.

 

2.2. Ш.С нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Бүгд Найрамдах Х А улсын “Г м” гэх газарт нүүрс тээвэрлэн ирж, “Р Ш” ХХК-иас тээвэрлэлт хийсэн жолооч нараа байрлуулах зориулалттай гэрээт буудалд амарч байх үедээ биеийн эрүүл мэндийн байдал нь муудан эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан үйл баримт тогтоогддог. Улмаар “Р Ш” ХХК нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын судлан бүртгэх акт үйлдэхдээ “зүрхний шигдээс” гэж тэмдэглэн захиргааны байгууллагад хүргүүлснийг  Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.С хянан баталгаажуулсан байна. 

 

2.3. Маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүх “...ажил олгогчийн хяналтад байх байранд, ажилтан ажил дууссаны дараа амарч байх хугацаанд нас барсан тохиолдлыг үйлдвэрлэлийн осолд тооцохоор зохицуулагдсан ба ажлын байранд гарсан үйлдвэрлэлийн ослын хувьд ажилтан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, эсхүл гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулснаас бусад тохиолдлыг үйлдвэрлэлийн осол гэж үзэхээр байна... “Р Ш” ХХК-ийн Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг “Г м” руу тээвэрлэлт хийсэн жолооч нарыг байрлуулах амраах зориулалт бүхий зочид буудлын амрах өрөөнд Ш.Сийн биеийн эрүүл мэндийн байдал нь муудан улмаар зүрхний шигдээсээр нас барсан, тухайн зочид буудлын өрөөг ажил олгогчийн хяналтад байх байр буюу ажлын байр гэж ойлгох бөгөөд...” гэж тус тус дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

 

2.4. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын 2.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно:”, 2.1.4-д “ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед” 3.1-д “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссыг ажил олгогчийн болон ажилтны төлөөлөл бүхий 3-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулна” гээд 3.8-д “Комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 48 цагийн дотор судлан бүртгэх бөгөөд акт үйлдэн комиссын дарга, гишүүд гарын үсэг зурж, байгууллагын тамга, тэмдэг дарсан байна”, 3.10-д “Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн хяналтын, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч ажлын 5 хоногт багтаан тус тус хянан баталгаажуулна”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “ажлын байр" гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг”, 3.1.20-д “үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг” гэж тус тус зохицуулсан.

 

2.5. Гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр осол гарч, тухайн осол гарснаас 2 сар 23 хоногийн дараа “Р Ш” ХХК-иас 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх акт”-ыг үйлдэж, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус актыг улсын байцаагчид хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн “...уг актыг нөхөн үйлдсэн...”  гэх тайлбарыг үгүйсгэхгүй боловч осол хилийн гадна тохиолдсон, холбогдох байгууллагын дүгнэлт ирэх хугацаа зэргээс хамаарсан гэх хариуцагчийн тайлбарыг үндэслээд дээрх дүрмийн 7.2-т Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт ... нөхөн гаргахгүй” гэсэн хугацааны дотор багтсан гэж үзнэ.

 

2.6. Дээрх хууль, дүрмийн зохицуулалтаас дүгнэвэл “Р Ш” ХХК-ийн хяналтад байх байранд ажилтан Ш.С нь ажил дууссаны дараа амарч байх хугацаанд нас барсныг үйлдвэрлэлийн осолд тооцохоор буюу тээвэрлэлт хийсэн жолооч нарыг байрлуулах, амраах зориулалт бүхий тухайн зочид буудлын өрөөг ажил олгогчийн хяналтад байх байр гэж үзэхээр байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

2.7. Харин гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан “...ажилтан нь ажил үүрэгтэй холбоотойгоор осолд өртсөн байх, мэргэжлээс шалтгаалсан өвчин туссан байх гэх мэт ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүрэг, түүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулж байх үед гарсан осол, ажлын байран дээрх тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, чанаргүй байдал зэргийн улмаас гарсан осол, ажил олгогчийн хяналтад байх үеэр гарсан осол зэрэг нь үйлдвэрлэлийн ослын тохиолдолд хамаарах боломжтой...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. 

 

3. Учир нь шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэх бөгөөд энэ тохиолдолд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана”, 29.4-д “Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:”, 29.4.1.ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах;”, “29.4.2.ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах”, 33 дугаар зүйлийн 33.2.5-д “үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах” гэж зохицуулсан.

           

3.1. Уг заалтын дагуу тус актыг хянах хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь уг чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр шууд баталгаажуулж гарын үсэг зурсан нь хуульд нийцээгүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх ба хариуцагчаас уг үйл баримттай маргадаггүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа “...Ш.Сийн амарч байсан хугацаа уртын хугацаа буюу ажлын цагт хамаарч байгаа. Мөн “Р Ш” ХХК нь Эрүүл мэндийн сайдын баталсан журмын дагуу ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй байдаг... Иймд хариуцагчийн зүгээс үйлдвэрлэлийн осолд хамаарч байна...” хэмээн тайлбарласан.

 

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “... “Р Ш” ХХК-ийн удирдлагууд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиа мөрддөггүй, аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгаа өгдөггүй, ажилчдыг амь нас эрүүл мэндийн даатгалд заавар хамруулах ёстой байтал хамруулаагүй, халуун хоолоор үйлчилдэггүй байсан...” гэж, нэхэмжлэгч “...өвлийн хүйтэнд хүнд нөхцөлд амрах дулаан байргүй, халуун хоол ундгүй ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ядарч туйлдсаны улмаас амь нас нь хохирсон” гэж тус тус тайлбарлан маргадаг. Энэ үндэслэлийг ч хариуцагч улсын байцаагч хянан баталгаажуулахдаа, дүгнэлт гаргахдаа харгалзан үзэх нь зүйтэй болно.

 

3.3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргйин анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 017 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                               А.САРАНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                               Д.ОЮУМАА