Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/412

 

  2023           05           22                                     2023/ШЦТ/4*******

 

                                                    

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Э*******чимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн, 

Улсын яллагч Г.Онон, 

Шүүгдэгч Н.Э*******,

Хохирогч Д.Т******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш******* овогт Н******* Э*******д холбогдох эрүүгийн 2205027142489 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1970 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Цогт Онон” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 1, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ******* дугаар байрны 8 дугаар орцны ******* тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

Ш******* овогт Н******* Э*******, /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Э******* нь “2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны 8 дугаар орцны гадна хохирогч Д.Т*******ийг зодож түүний биед зүүн чамархайн хуйх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны 8 дугаар орцны гадна хохирогч Д.Т*******ийг зодож түүний биед зүүн чамархайн хуйх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээрх үйл баримт нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э******* “...Согтуудаа хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг,  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Т*******ийн  “...гомдолтой...” гэх мэдүүлэг,

 

 

Эрүүгийн 2205027142489 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Т*******ийн хохирогчоор өгсөн “...Би 2022 оны 08 дугаар сарын 01-ний оройн 21 цагийн үед Дүүхээ худалдааны төв ороод хүнсний ногоо аваад гэр лүүгээ орох гээд ******* дугаар байрны 8 дугаар орцны үүдэнд зүс таних 2 залуу зогсож байсан 1 нь том биетэй өндөрдүү хүн нөгөөх нь дунд зэргийн нуруутай туранхай залуучууд байсан. Өндөр биерхүү залуу нь надаас архины мөнгө нэхсэн би чамд өртэй юм уу? Чи юу яриад байна өгөхгүй гэж хэлэхэд намайг уг залуу заамдаад түлхсэн тэгээд би газар унахад хоёр хөлийн гуя хэсэг рүү өшиглөсөн тэгээд босоод ирсэн чинь зүүн гараараа миний нүд, толгой хэсэгт 2-3 удаа цохисон тэгээд намайг боогоод би ухаан алдаад унасан сэрэхэд хажууд ямар нэгэн хүн байгаагүй тэгээд би гэртээ орсон. Тэгээд би хэд хоног толгой бие минь өвдөөд гэрээсээ гарч чадахгүй байж байгаад хэд хоногийн дараа цагдаад хандсан юм. Миний толгой, нүдрүү цохиж толгойн цус хуралт, нүд хөхрүүлсэн, гуя хэсэг бас хөхөрсөн. Хоёр ширхэг хиймэл шүд маань унаж гээгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 06-13 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Г******* гэрчээр өгсөн “...Тухайн өдрийн орой 18-19 цагийн орчимд би түц орж тамхи авчхаад гэр лүүгээ орох гээд ******* дугаар байрны 8 дугаар орцны үүдэнд ирэхэд манай орцны Э******* ах согтуу сууж байсан тэгээд намайг ирэхэд Э******* ах орцны чип байна уу гэсэн байна гээд онгойлгох гэж байтал манай орцны 1 давхрын өвөө араас ирсэн тэгсэн Э******* ах архины мөнгө нэхээд уг өвөөг шууд нүүр лүү нь цохиод өвөө газар унаад тэгэхээр нь би араас нь бариад авах гэтэл ахиж ухас хийгээд 2 удаа цохисон хаана цохисныг нь хараагүй тэгээд Э******* ах уг өвөөг заамдаж авахаар нь би араас нь татаад аваад явсан. Өвөө босоод гэр лүүгээ орж байсан. Тэгээд би өвөөг орчихоор нь Э******* ахыг буцаагаад орц руу оруулаад гэрт нь 9 давхарт гаргаж өгөөд 2 давхарт гэртээ орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 10900 дугаартай шинжээчийн “...Д.Т*******ийн биед зүүн чамархайн хуйх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 тал/, 

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Эрдэнийн гэрчээр өгсөн “...Би тухайн өдөр гэртээ ганцаараа байж байгаад өдөр гэрээс гараад байрны саданд үл таних залуутай 2 шил архи хувааж ууж эхлээд 2 дахь шил архийг уугаад талд нь орж байснаа санаж байна тэгээд нэг мэдсэн тасраад маргааш өглөө буюу 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэртээ сэрсэн хэнээр яаж гэртээ хүргүүлж ирснээ санахгүй байна. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 02-ны өглөө босоод 8 цагийн үед гэрээс гараад явж байгаад орцны үүдэнд орцныхоо өндөр настан ахтай тааралдсан тэгсэн намайг чи өчигдөр агсам тавиад намайг цохисон шүү гээд салсан тэгэхээр нь би юм бодолгүй шууд хөдөө ажилд яваад 3 сар болоод 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ирж байна. Би Д.Т******* ахын хохирлыг бүрэн барагдуулна. Согтуудаа хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

 

            Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Н.Эрдэнийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Н.Э******* нь хохирогч Д.Т*******ийн биед “зүүн чамархайн хуйх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн гуянд цус хуралт” бүхий гэмтлийг учруулсан болох нь хэргийн 29-30 дугаар талд авагдсан шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 10900 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогч Д.Т*******ийн мэдүүлэг, гэрч Б.Г******* мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 10900 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны ******* дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 10900 дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Н.Эрдэнийг “...2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны 8 дугаар орцны гадна хохирогч Д.Т*******ийг зодож түүний биед зүүн чамархайн хуйх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Д.Т******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 303.000 /гурван зуун гурван мянга/ төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч нь уг хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байх тул Н.Э*******эс 303,000 /гурван зуун гурван мянга/ төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Э******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Э*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Н.Э*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч Н.Э******* нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 4 /дөрөв/  хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон нэг / хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Э******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих  ялаар солихыг мэдэгдэж, Н.Э*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар тогтов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш******* овогт Н******* Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э*******д 300 (гурван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эрдэнийн цагдан хоригдсон 4 (дөрөв) хоногийг нийтэд тустай ажил хийлгэх  ялын найман цагаар тооцон эдлэх ялаас хасаж тооцон биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 268 /хоёр зуун жаран найм/ цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Э******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих  ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.Э*******д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Н.Э*******эс 303.000 /гурван зуун гурван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.Т*******ид олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Э*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр хэрэглэсүгэй.


 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ