Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00033

 

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2020/00033

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Зэрэг сум, Бургасан багт оршин суух, ... регистрийн дугаартай, О овогт Б-ийн Бгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1969 онд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. Би Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуульд 6 настайдаа элсэн орж, 3 дугаар ангиасаа Ховд аймгийн 2 дугаар 8 жилд элсэн орж 1983 онд сургуулиа төгссөн. 1983 оны 9 дүгээр сард Увс аймгийн Хөдөө аж ахуйн ТМС-т барилгачнаар суралцаж 1985 оны 06 дугаар сарын 30-нд төгссөн. 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажилласан.

Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрт барилт ачнаар ажилд орсон тушаал Ховд аймгийн архиваас олдоогүй тул өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна.

Иймд Б.Б намайг 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б.Бгийн 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Б нь 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан болох нь:

Хүсэлт гаргагчийн баталгаажилтын хуудасны хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 1 дүгээр сарын 08-ны 45 дугаар лавлагаагаар ирүүлсэн Ховд аймгийн ХАА-н Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Б.Бгийн 1985 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,

Гэрч З.Наранхүүгийн ...Намайг Ховд аймгийн ХАА-н Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байх үед Б.Б нь 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн ХАА-н Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болон хүсэлт гаргагч тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т.Гэрэлмаагийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Олохун овогт Баттөрийн Бг 1988 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ОЮУН-ЭРДЭНЭ