Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/199

 

 

 

 

 

 

 

 

    2023         3            23                                     2023/ШЦТ/199

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж, О.Жавхлан,   

улсын яллагч Н.Нямдорж,

хохирогч Д.*******, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Ч.*******, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Н.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Атган овогт ын *******ад холбогдох эрүүгийн 1810022680675 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ** ажилтай, ам бүл ** хамт ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Атган овогт ын ******* /РД:**/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.******* нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамжны 45 дугаар байрны 1 тоотод Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай тушаал гарч Богдхан уулын аман дахь газрыг ашиглах эрхийг дуусгавар болгож газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэснийг Д.*******т мэдэгдэлгүйгээр уг газрыг түүнд зарна гэж урьдчилгаа 147,631,800 төгрөгийг авч залилан Д.*******т их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            1.Шүүгдэгч Ч.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “*******ын надаас нэхэмжилж байгаа 147,000,000 төгрөгийг аваагүй. Би өөрийнхөө гарын үсэг зурж авсан 48,000,000 төгрөгийг авсан нь үнэн. Хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хүний надад өгсөн гэж байгаа мөнгийг нотлох баримтаар нотолж чадаагүй. Надаас нэхэмжилж байгаа 15,000,000 төгрөгийг би өөрийн төрсөн дүү Ариунчимэгийн 2 өрөө байрыг *******тай хамт явж байгаад ломбардад тавьсан. Энэ хүн өөрөө хамтран зээлдэгчээр оролцож 15,000,000 төгрөгийг гаргаж авч байсан. Дараагийн 15,000,000 төгрөгийг Улсын Их Хурлын гишүүн Н.******* гэж хүний дүү ******* гэж хүнд цуцлагдсан гээд байгаа газрын гэрчилгээг дахин сэргээх талаар хөөцөлдөж өгөөрэй гэж надаар гарын үсэг зуруулж шилжүүлж тэр хүнд ажлын хөлс болгож өгч байсан. ******* уг мөнгийг ажил дээр өгсөн, эсхүл Зайсанд байрлах гэртээ өгсөн гэж хоёр өөрөөр ярьдаг. Мөн өмнөх шүүх хуралдаанд юань, доллароор өгч байсан гэж байснаа одоо болохоор юань, доллар байснаа солиулж төгрөгөөр өгсөн гэж зөрүүтэй мэдүүлдэг. Аав, ээж хоёрын дэргэд өгсөн гэж хүртэл ярьж байгаа. Гэтэл манай аав, ээж хоёр мэдүүлэг өгөхдөө энэ мөнгөний талаар мэдээгүй. Хэзээ, хаана ямар мөнгө авсныг мэдэхгүй гэж мэдүүлж байсан. Настай хүмүүс худлаа ярихгүй байх. Энэ хүн ийм байдлаар намайг удаа дараа гүтгэж, дарамталж байсан учраас маш их гомдолтой байгаа. Хэрэв тухайн газрыг зарах байсан бол тийм хямд үнээр зарахгүй байх байсан. Гэрээ хийгдэх үед 2 тэрбум төгрөг гэж яригдаж байсан. Гэтэл яагаад 140,000,000 гаруй төгрөгөөр эсхүл 700,000,000 төгрөгөөр зарах юм. Намайг гадаадад удаан хугацаагаар явах болсон тул уг газрын эзэмших эрхийг хуулийн дагуу цуцалж өгнө үү гэж миний өмнөөс бичиж гарын үсэг зурж өгсөн байгаа юм. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, миний гарын үсэг биш байгаа. Энэ хүн өөрөө мэдэж байгаа. Бид хоёр хамт очиж уулзахад чиний гарын үсгийг дуурайлгаад зурсан байна гэж надад хэлж байсан. 117 дугаартай цуцлуулах санал оруулж, 118 дугаартай “Алтан саятан” ХХК-д шилжүүлэх санал авсан байдаг. Би энэ хүнд зүгээр газраа өгнө гэж байхгүй. Ийм байдлаар намайг гүтгэж ийм байдалд оруулж байна. Би энэ хүнд маш их гомдолтой байгаа. Би өөрөө маш их хохирч байгаа” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

            2.Хохирогч Д.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...******* бид хоёрын маргаад байгаа мөнгөний асуудал болоод 5 жилийн хугацаа болсон байна. Энэ хугацаанд ******* тодорхой хэмжээнд мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. ******* яллагдагчаар татагдахдаа мэдүүлэг өгсөн байдаг. Уг мэдүүлэгтээ “урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярихад би *******аас мөнгө авч байсан нь үнэн. Би хэд хэдэн хүнээс хууль, эрх зүйн зөвлөгөө авахад мөнгө авсан талаараа хэлж болохгүй гэхээр нь өмнөх мэдүүлэгтээ мөнгө аваагүй гэж явж байсан нь миний буруу, урьд өгсөн мэдүүлэгтээ буруу ярьж мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж байсандаа гэмшиж байна” гэж хэлж байсан хүн. ******* нь өөрөө гадаад явах болоод гэрчилгээгээ цуцлуулах хүсэлт өгсөн. Одоо намайг буруутгаж гүтгэж байна. Сайдын тушаалд усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдлын унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж буй 28 аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хавсралт ёсоор дуусгавар болгосугай гэж байгаа. *******ын газрыг нийтэд хамруулан газар ашиглах эрхийг дуусгавар болгосон юм шиг байгаа юм. Гэтэл үүнийг ******* намайг цуцалсан гэж нэг яриад эсхүл өөрөө цуцлуулсан ч юм шиг ямар ч ойлгомжгүй байдлаар тайлбарлаж байна. Сайдын тушаалаар газар ашиглах эрх цуцлагдсан гэдгийг мэдсээр байж надаас мөнгө авсан. *******ын өөрийнхөө гарын үсэгтэй Богд хан уулын Хамгаалалтын захиргаа, Байгаль орчны яаманд гаргаж байсан хүсэлтүүд нь хавтаст хэрэгт байгаа. Би газар эзэмших, ашиглах эрх цуцлагдсан гэдгийг нэлээд сүүлд буюу 2018 оны 6-7 сарын орчмоос мэдсэн. Тухайн үед голын эрэг дагуух газрыг цуцаллаа гэсэн мэдээлэл телевизийн мэдээгээр гарч байсан. Би *******аас “газар чинь цуцлагдчихаж байгаа юм биш үү” гэхэд “үгүй миний газар цуцлагдаагүй, би нэмж газар авах гэж байгаа” гэж байсан. Батсансар гэж хүний нэрийг барьж надад нэмж газар өгөх гэж байгаа гэж надад ярьдаг байсан. 490,000,000 төгрөгийн үлдэгдэл гэж бичсэн байгаа бичиг нь *******ын бичиг мөн. Энийг нэг болохоор мөн гээд нэг болохоор биш гэж яриад байх юм. Энийг энгийн хүний нүдээр хараад *******ын шүүхэд гаргаж байсан шүүх хуралдаан хойшлуулахад бичигтэй нь харьцуулахад тодорхой харагдаж байгаа. Гэтэл үгүй гээд байх юм. Шинжээчийн дүгнэлтийг үгүйсгээд байгаа юм шиг юм яриад байна. ******* сиди бичлэгт байгаа бичлэгийг хийхэд ******* өөрөө манай ажил дээр ирж энэ бичлэгийг хийсэн. Би *******ыг дарамталж байгаагүй, чадах ч үгүй. Энэ бичлэг дээр маш тодорхой зүйл байгаа. Манай ажил дээр ирэхээр нь хоёулаа энийг баталгаажуулаад бичлэг хийж болох уу гэхэд тэгье гээд маскаа аваад сууж байгаа ярьсан яриа байгаа. Энэ бичлэгт мөнгө авснаа хүлээн зөвшөөрч, мөнгийг чинь ингэж төлье гээд ярилцсан байгаа. Энийг яаж үгүйсгэх гээд байгааг ойлгохгүй байна. ******* надаас 48,000,000 төгрөг авсан гээд зарцуулалтаа тайлбарлаж байна. Өөрөө шүүхэд өгч байгаа мэдүүлэг үнэн зөв гэж хэлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн *******ын өөрийнх нь өгсөн мэдүүлэгт “надаас төсөв, сгез зураг, байгаль орчинд нөлөөлөх төлөв байдлын ерөнхий, нарийвчилсан үнэлгээнд 55,000,000 төгрөг гарсан. *******аас нэг ч төгрөг гараагүй. Энэ мөнгийг ээж аавын байрыг барьцаалж 3 жилийн хугацаатай 25,000,000 төгрөгийн зээл гаргуулж авч байсан юм” гэж байгаа. Тэгэхээр надаас авсан мөнгөөрөө тухайн зардлыг төлж байсан гэж байсан бол мэдүүлгээрээ ээж, аавынхаа байрыг барьцаалж төлсөн гэж мэдүүлсэн байдаг. Энэ мэтчилэн зөрүүтэй мэдүүлгүүд их өгсөн байдаг. 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл 2 дугаар хавтаст хэргийн 239 дүгээр талд байна. Үүнийг маш сайн анхаарч хараасай гэж хүсэж байна. Үүнд маш тодорхой байгаа. ******* 15,000,000 төгрөгөөр аав, ээжийнхээ байрыг барьцаанд тавьж тухайн мөнгийг намайг авсан, тэр мөнгийг огт аваагүй гэж яриад байгаа. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол байдаг. Үүнд нь би гомдол гаргаж байсан. Тухайн мөнгийг миний данс руу оронгуут нь ******* авч хэрэглэсэн гэдгийг дээрх нүүрэлдүүлэн байцаасан байцаалтад маш тодорхой мэдүүлсэн байгаа. Хамтран ажиллах гэрээний асуудлыг өмгөөлөгч нар гаргаж ирж байна. Хамтран ажиллах гэрээг хийж байхад ******* бид хоёр нэг тал байгаа. Тэгтэл хамтран ажиллах гэрээг байгуулах үед тухайн газар ямар нэгэн байдлаар хүнд барьцаалагдаагүй гэсэн тайлбар байдаг. Тэгвэл ******* Баяндаваа гэж залууд барьцаанд тавьсан байсан. Энэ талаараа хэнд ч хэлээгүй. Барьцаанд тавьсан байсан, гэрээ биелэх боломжгүй байсан гэдгийг өөрөө тайлбарлаж хэлсэн байдаг. 15,000,000 төгрөгөөр аав, ээжийнхээ байрыг барьцаалж газрын гэрчилгээг чөлөөлж *******т өгсөн гэж хэлсэн байдаг. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр банк бус санхүүгийн байгууллагаас надтай хамт очиж миний дансаар зээл авсан. Яагаад миний дансаар зээл авсан бэ гэхээр ******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ээж, аав нь өндөр настай учир зээл гарахгүй байна чи хамтран зээлдэгчээр ороод өгөөч гэхээр нь “за” гээд хамтран зээлдэгчээр орсон. Тухайн үед тодорхой хэмжээнд хамтран ажилладаг, найзалж нөхөрлөдөг байсан учраас зөвшөөрсөн. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээл авч газраа чөлөөлж авсан мөртлөө намайг авсан гэж яриад байгаа. Энэ талаар нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлд маш тодорхой байгаа. Миний дансаар мөнгөө оруулж гаргасан болохоос биш энэ нь надтай огт хамаагүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

            3.Хохирогч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ын *******тай 1993 оноос 1995 он хүртэл нэг айлын баз хүргэчүүд байсан. Тэрнээс хойш таних болсон. 2018 оны 1 дүгээр сард ******* нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Бага тэнгэрийн аманд байх 1,4 га газрыг манай компанийн нэр дээр шилжүүлж өгөх саналыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Дүнжингаравын гудамжны 48 дугаар байрны 01 тоотод надад тавьсан. Миний энэ байранд ******* түр сууж байсан юм. Надад шилжүүлэхдээ 700 сая төгрөгөөр шилжүүлэхээр тухайн үед тохирсон. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр би *******ад 117,631,800 төгрөгийг 48 дугаар байрны 01 тоотод бэлнээр нэг хэсгийг нь *******ын өртэй байсан хоёр Банк бус санхүүгийн байгууллага, аав, ээж хоёрынх нь байрны Банкны 3,4 сарын хүүг өөрийнхөө ХААН банкны ******* дугаартай дансаар төлсөн. Бэлэн өгсөн мөнгөнийхөө тоог сайн санахгүй байна. Энэ мөнгө яагаад задгай төгрөгөөр байгаа вэ гэвэл ******* нь өрийг нь төлөх Байгаль орчны яаманд газрын төлбөр, дуудлага худалдаанд оролцож байсан мөнгөн дүнг төлөөд ийм дүн гарсан. Энэ талаараа бид хоёр тооцоо нийлж мөнгө өгсөн авсан бичиг үйлдсэн. Мөн надад 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр надаас дахин 15,000,000 төгрөгийг газрын гэрчилгээ гаргахад ахин 15,000,000 төгрөгийг авч үлдэгдэл 490,000,000 төгрөг авсны дараа газрын гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгнө гэж өөрөө гараараа надад бичиж өгсөн. Энэ нь ******* нь уг газрыг 700,000,000 төгрөгөөр надад зарахаар болсноос 490,000,000 төгрөг үлдэж бусдыг нь би *******ад өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн баримт гэж үзэж байна. Мөн надаас мөнгө авахаас өмнө уг газрын эзэмшиж ашиглах эрхийг Байгал орчны яамны сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ны ******* дугаар тушаалаар хүчингүй болгосныг ******* мэдсээр байж надад газрыг шилжүүлж зарна гэж хуурч мэхэлж надаас дээрх мөнгийг авсан байна. Би уг газрыг эзэмших эрх хүчингүй болсныг 2018 оны 5 дугаар сарын сүүлээр Байгаль орчны яаман дээрээс асууж мэдсэн. Мөн Богд хан уулын дархан цаазат газрын захиргаанаас *******ад газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгосныг мэдэгдэж албан бичиг хүргүүлсэн байсан. Энэ тухай би 2018 оны 9 дүгээр сард мэдсэн юм.  2018 оны 09 дүгээр сарын 10-ны үед манай ажил дээр ******* халамцуу орж ирээд хэргээ хаалгачихсан. Газар танай компанийн нэр дээр гэрчилгээ нь гарчихсан байгаа. Дээрээс нь дахиад байгаль орчны яам 5 га газар миний нэр дээр өгсөн. Энэ хоёр гэрчилгээ 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гарсан. Маргааш авчирч өгнө гэж хэлээд гараад дахин алга болсон. Энэ тухай яриаг би бичиж танайд өгсөн байгаа. Чи дахиад гомдол гаргачихлаа намайг шоронд явуулах гээд байгаа юм уу надаар оролдох гээд байвал би чамаар оролдоно шүү гэж хэл амаар доромжилж заналхийлсэн. ******* нь гар хөлөө зүсэж хутга барьж хүнийг айлгаж сүрдүүлдэг юм....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

            4.Хохирогч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би 2020 оны 05 сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.*******д *******тай нүүрэлдүүлсэн мэдүүлэг өгсөн. Тухайн мэдүүлэг авч байх үед мөрдөгч *******д хэрэгт огт хамааралгүй 2018 оны 03 сарын 29-ны өдрийн “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын газар ашиглах эрхийг дуусгавар болгож газрын чөлөөлөх тухай тушаал гарахаас өмнөх ******* нь надаас байнга бэлнээр мөнгө авдаг байсныг нотлох зорилгоор өгсөн материалыг миний эсрэг мэдүүлэгт ашиглаж иргэд хоорондын маргаан мэт харуулсан. Гэтэл миний анх цагдаагийн байгууллагад гаргасан гомдолд 2018 оны 03 сарын 29-ний өдрийн “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын газар ашиглах эрхийг дуусгавар болгож газрын чөлөөлөх тухай” тушаалыг ******* нь яамнаас өөрөө гардаж авсан мөн Богд Хан-Уулын дархан цаазат газрын захиргаанаас дээрх шийдвэрийг гардаж авсан хэрнээ түүнээс хойш тухайн газрын гэрчилгээг өөрийнхөө нэр дээр байгаа миний нэр дээр шилжүүлж өгнө гэж надаас 2018 оны 05 сарын 01-ний өдөр 15,000,000 төгрөгийг бэлнээр авсан, 2018 оны 04 сарын 15-ны өдөр 117,631,800 төгрөгийг бэлнээр авсан, 2018 оны 05 сарын 11-ны өдөр 15,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн би нийт 147,631,800 төгрөгийг *******ад өгсөн. Энэ мөнгийг ******* нь 2018 оны 03 сарын 29-ний өдрийн “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын газар ашиглах эрхийг дуусгавар болгож газрын чөлөөлөх тухай тушаал”-аар газаргүй болсныг мэдсэн байж надад зарна гэж намайг залилж 147,631,800 төгрөгийг авсан. Би *******ад 2018 оны 05 сарын 01-ний өдөр 15,000,000 төгрөг бэлнээр, 2018 оны 04 сарын 15-ны өдөр 117,631,800 төгрөг бэлнээр, 2018 оны 05 сарын 11-ний өдөр 15,000,000 төгрөг бэлнээр нийт 147,631,800 төгрөгийг өгсөн. Тэр мөнгөө буцааж авмаар байна. Хэт их удаан шалгаж байна хэргийн түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү. ******* Богд хан уулын дархан цаазат газарт байсан газраа цуцлагдсан байсныг мэдсээр байж надад зарна гэж надаас мөнгө авч намайг залилж их хэмжээний мөнгөний асуудалд оруулсан. ******* нь урьдын танил байдлаа ашиглаж надад итгэл үнэмшил төрүүлж эрх бүхий байгууллагаас хүчингүй болгосон газар ашиглах эрхээ хүчинтэй мэтээр надад тайлбарлаж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч мэхэлсэнд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 175 дахь тал),

            5.Хохирогч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Ч.*******аас өнөөдрийг хүртэл хугацаанд нэг ч төгрөгийн хохирол барагдуулж авч чадаагүй байгаад гомдолтой байна. Ч.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 117.631.800 төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 15.000.000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 15.000.000 төгрөг тус тус бэлнээр авсан. Учир нь Ч.******* нь энэ бүх мөнгийг надад Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо бага тэнгэрийн аманд байрлах өөрийнхөө нэр дээр бүртгэлтэй газрыг зарна гэж хэлж авч байсан юм. Одоогийн байдлаар нийт 147.631.800 төгрөгийг бодит хохирол надад учирсан байна. Ч.*******ад өгсөн 147.631.800 төгрөг нь дандаа монгол мөнгөн дэвсгэрт байсан бөгөөд урд өмнө хохирогчоор мэдүүлэг өгөхдөө энэ талаар ярьж байсан. Би Ч.*******ад юань доллар өгч байсан удаа байхгүй, шүүх хурлын явцад ажил дээрээс цөөхөн хэдэн юань доллар авч замаараа солиулаад монгол мөнгөн дэвсгэрт болгож, Ч.*******ад өгсөн талаар ярьсан. Гэтэл миний ярьсан зүйлийг Ч.*******ад юань доллар өгсөн мэтээр гуйвуулан бичсэн байна. Би цагдаагийн байгууллагад удаа дараа мэдүүлэг өгөхдөө Ч.*******ад юань доллар өгч байсан талаар нэг удаа ч ярьж байгаагүй...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 209 дэх тал),

6.Гэрч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2012 онд *******, ******* гэх 2 хүнтэй танилцаж байсан бөгөөд тухайн үед өөрийгөө танилцуулахдаа Монгол дизель компанийн салбар хариуцсан захирал гэж танилцуулж байсан. 2016 оны 5 дугаар сард байхаа сайн санахгүй байна ******* нь Богд уулын тэнд газартай энэ газартаа хөрөнгө оруулалт авмаар байна гэж ярьж байсан бөгөөд *******т уг газраа хамтран ажиллах гэрээ хийж 700-аад сая төгрөгөөр зарахаар болж энэ мөнгөн дүнгээсээ *******аас ******* нь шаардлагатай үедээ мөнгө нэхээд л авчихдаг байсан. Он сарыг нь санахгүй байна ******* нь *******аас гарын үсэг зураад л хэд хэдэн удаа мөнгө аваад байдаг байсан яг хэдэн төгрөг гэдгийг мэдэхгүй байна ямар ч байсан газрын төлбөр банкны хүү, банк бусад барьцаанд тавьсан байсан газраа 13 сая төгрөг байхаа мөнгөөр чөлөөлүүлж авхуулж байсан. Тэгээд 2018 оны 5 дугаар сард байхаа *******, ******* 2-ийн дунд Богд уулын тэнд байдаг газар дээр нь маргаан болсон байсан. Яг нарийн ширийн асуудлыг мэдэхгүй байна. Уг нь энэ хамтран ажиллах ажил нь бүтсэн бол ийм маргаан гарахгүй байсан байх. 2018 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн 117,000,000 төгрөг байхаа их хэмжээний мөнгийг хамтран ажиллах гэрээний дагуу ажилдаа зарцуулна гэж байсан, 2018 оны 05 дугаар сарын 1-ний өдөр 15 сая төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 17- ний өдрийн 4,200,000 төгрөгийг ******* нь Приус-10 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авахаар *******аас авч байсан, 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 12,000,000 төгрөгийг Ариунаагийн байрны сүүлд тавьсан өрнөөс гэсэн баримтыг үйлдэж мөнгө авсан, 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдийн 32,000,000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 600,000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 036 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг зэргийг авах үед нь би хажууд нь байсан бөгөөд энэ баримт дээрх гарын үсгийг ******* нь дандаа өөрөө зурж баримт үйлддэг байсан гэхдээ зарим мөнгийг юунд зарцуулсныг сайн мэдэхгүй байна. *******ад тогтсон ажил байдаггүй эхнэр хүүхэд нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг. *******ын зан харилцааны хувьд жаахан архи уучихдаг хүн хуураад явахаар хүн биш гэж боддог. *******ын тухайд гэвэл ХХК-ийн захирал бөгөөд энэ компани нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн хуулийн зөвлөгөө өгдөг газартай юм байна лээ. *******тай хамт 2017 оны намар байхаа Капитрон банкинд 3 сарын хүү 2,100,000 төгрөгийг *******аас аваад төлж байсан төлж байсан энэ үед би хамт явж байсан. Одоо би *******, ******* нартай харилцаа холбоотой байдаг миний мэдэж байгаагаас гадуур энэ 2-ын дунд мөнгө өгч авалцсан асуудал байж магадгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал),

7.Гэрч А.рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 онд Дөрвөн хайрханы нөмөр гэсэн компанийг хамтран нээсэн байсан. Хамтарч ломбард ажиллуулаад байсан. ******* нь *******ад хандан одоо ингээд чиний гарын үсэг хэрэгтэй болно, чи хэд хэдэн цаасан дээр гарын үсгээ зураад өгчих гэж хэлэхээр нь ******* гарын үсгээ зураад өгсөн гэж надад хэлж байсан, 2018 оны 3 дугаар сард бага тэнгэрийн аманд авсан газрыг ******* өөрийнх нь хүсэлтээр гэснээр цуцалсан байсан. Уг нь бол ******* өөрөө цуцлах хүсэлт өгөөгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дахь тал),

8.Шүүгдэгч Ч.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн: “...Би *******аас 132.631.800 төгрөг авсан нь үнэн. Би хэд хэдэн хүнээс хууль эрх зүйн талаар зөвлөгөө авахад мөнгө авсан талаараа хэлж болохгүй гэхээр нь би урьд өгсөн мэдүүлгүүд дээр мөнгө аваагүй гэж явж байсан нь миний буруу. Би *******ын ажлын байранд хоёулаа байхдаа авч байсан мөнгөн дэвсгэртийг нь одоо санахгүй байна ямар ч байсан хоёр тор мөнгө болж байсан. Би 15.000.000 төгрөгийг *******т зарна гэж байсан газраа хүнд 15.000.000 төгрөгөөр барьцаалсан байж байгаад төлбөрийг төлж барьцаанаас чөлөөлж авсан. 54.000.000 төгрөгийг хүнээс зээлж авсан тул зээлийн төлбөрт төлсөн, 8.000.000 төгрөгийг байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гаргахдаа төлж байсан, байгаль орчны төлөв байдлын үнэлгээний дүнд 6.000.000 төгрөг төлсөн үлдэгдэл 49.000.000 төгрөгийг нь хэрхэн яаж зарцуулснаа санахгүй байна. Би өөрийн найз Энхбаяр гэх хүнээс 54.000.000 төгрөгийг бэлнээр авч байсан ба Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо бага тэнгэрийн амны задгайд байрлах 1.4 га газрын  төлбөрийг Энхбаяраас урд өмнө зээлж аваад Баянзүрх дүүргийн газрын албанд тушааж байсан...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 38 дахь тал),

9.Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 6419 дугаартай “...Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Ч.*******ын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загварууд нь адилтгалын шинжилгээний шаардлагыг хангана. Шинжилгээнд ирүүлсэн 2018.04.15-ны өдрийн Бэлэн мөнгө хүлээн авсан баримт, 2018.05.11-ний өдрийн Д.******* гэж гарчигласан бичвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хадгалагдаж буй 2018.02.26-ны өдрийн Хүсэлт-д тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүдийг Ч.******* зурсан...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 51-54 дэх тал),

10.Ч.*******ын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Д.*******т гэж гарчигласан: “Ч.******* би *******аас “Алтан саятан бест” ХХК-ийн нэр дээр газар ашиглах гэрчилгээг гаргах ажилд зориулан 15,000,000 төгрөг бэлнээр нь авлаа. Мөн гэрчилгээ гарсан хойно үлдэгдэл болох 490,000,000 төгрөгийг авах болов” гэсэн гар бичвэр (1 дүгээр хавтаст хэргийн 55 дахь тал),

11.Бэлэн мөнгө хүлээн авсан тухай 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн: “Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 16 дугаар байрны 40 тоотод оршин суух регистрийн дугаартай овогтой ******* миний бие нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаартай тушаалаар улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах дугаартай гэрчилгээг Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутагт орших Богд Хан-уулын дархан цаазат газар нутгийн Бага тэнгэр нэртэй 1,4 га талбайг Аялал жуулчлалын зориулалтаар ашиглахыг зөвшөөрч 5 жилийн хугацаатайгаар Ч.******* надад 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр олгосон. Уг газрын газар ашиглах гэрчилгээг шилжүүлэхэд хэрэг болж байгаа 15.000.000 төгрөгийг урьдчилгаа болгон бэлнээр авсан тул дээрх мөнгийг газар зарсан мөнгөнөөс хасаж тооцно уу” гэсэн баримт (хавтаст хэргийн 108 дахь тал),

12.Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 354 дугаартай: “....Иргэн Ч.******* нь Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 тоот тушаалаар Бага тэнгэрийн аманд 1.4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 0160603 тоот газар ашиглах гэрчилгээг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ашиглахаар авсан байна. Иргэн Ч.*******ад хамгаалалтын захиргаанаас 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 328 тоот газар ашиглах эрхийг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Иргэн Ч.*******ын газар ашиглах эрхийг Засгийн газраас өгсөн чиглэл, УИХ-ын өргөдлийн байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ******* тоот тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон талаар мэдэгдэхэд иргэн Ч.******* нь хамгаалалтын захиргаанд өргөдөл гаргасан. Хуулийн хугацаанд иргэнд хариуг хүргүүлсэн байна...” гэсэн хариу хүргүүлэх тухай албан бичиг (хавтаст хэргийн 111-136 дахь тал),

13.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах” 0160603 дугаар гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 138 дахь тал),

14.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай: “...Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай...” гэсэн тушаал (2 дугаар хавтаст хэргийн 12-14 дэх тал),

15.Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын газрын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах тухай” 328 дугаар албан бичиг (2 дугаар хавтаст хэргийн 11 дэх тал),

16.“Алтан саятан бест” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (1 дүгээр хавтаст хэргийн 19 дэх тал),

17. Бэлэн мөнгө хүлээн авсан тухай: “Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 16 дугаар байрны 40 тоотод оршин суух овогтой ******* миний бие нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо Эрэлийн 46 дугаар байрны 57 тоотод оршин суух Дорж овогтой *******т Монгол улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2016-09-26-ны өдөр №01606003 дугаартай улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг Баянзүрх дүүргийн Бага тэнгэрийн аман дахь 1.4 га газарт Аялал жуулчлалын чиглэлээр РД: Ч.******* надад олгосон газрыг 700 сая төгрөгөөр зарахаар тохиролцож урьдчилгаа болгон 117,631,800 төгрөг хүлээн авлаа. Ч.*******...” гэсэн баримт (2 дугаар хавтаст хэргийн 128 дахь тал),

 

           

            18.Мөрдөгчийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай: “...Ч.******* нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо бага тэнгэрийн аманд байрлах 1.4 га газрыг Д.*******т шилжүүлж өгнө гэж 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 15.000.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 15.000.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 117.631.800 төгрөг нийт 132.631.800 төгрөгийн хохирол учруулан хуурч мэхлэн итгэл эвдэх замаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэх хэрэгт Д.******* нь Ч.******* надад өглөгтэй мөнгө авсан асуудал байгаа үүнийг манай ажлын байранд ирж өөрийн биеэр хэлж байсан үеийн аудио бичлэг мөн Ч.******* бид хоёрын утсаар ярьж байгаа бичлэг байна гэх 2 ширхэг Сиди-г эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй байх тул Эрүүгийн 181002268 дугаартай хэрэгт 2 ширхэг Сиди-г эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 234 дэх тал),

19.Хохирогч, гэрчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 111-117, 239-245 дахь тал),

20.Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 118 дугаар албан бичиг (3 дугаар хавтаст хэргийн 67 дахь тал),

21.Утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 82-88, 89-93),

22.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ч.*******ын гаргасан гомдол (хавтаст хэргийн 187-188 дахь тал),

23.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0507 дугаартай захирамж (3 дугаар хавтаст хэргийн 96-97 дахь тал),

24.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/4860 дугаартай захирамж (3 дугаар хавтаст хэргийн 193 дахь тал),

25.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт гаргасан Ч.*******ын өргөдөл (3 дугаар хавтаст хэргийн 189 дэх тал),

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 74 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 81-84 дэх тал), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 132-143 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.******* нь үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж, 45 дугаар байр, 1 тоотод Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай тушаалаар Богдхан уулын Бага тэнгэрийн ам дахь газрыг ашиглах эрхийг дуусгавар болсныг мэдсээр байж, тус газрыг хохирогч Д.*******т худалдаж, газар ашиглах эрх хүчингүй болсны дараа 48,000,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 15,000,000 төгрөг, нийт 63,000,000 төгрөг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь обьектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаараа төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 0160603 дугаар “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах” гэрчилгээ (2 дугаар хавтаст хэргийн 10 дахь)-г Ч.*******ад олгосон байх бөгөөд тус яамны Сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар тушаал (2 дугаар хавтаст хэргийн 12 дахь тал)-аар газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газар чөлөөлөхийг Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 328 дугаар албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 112 дахь тал)-ээр шүүгдэгч Ч.*******ад мэдэгдсэн байхад урьдын танил Д.*******т зарна гэж, 63,000,000 төгрөгийг шилжүүлсэн авснаар залилах гэмт хэргийн үйлдэл төгссөн байна.

Улсын яллагч болон хохирогчоос “Шүүгдэгч Ч.*******ыг хохирогч Д.*******аас 147,631,800 төгрөгийг залилсан” гэж тус тус санал, дүгнэлт гаргасныг шүүх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Учир нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.******* нь “...намайг согтуу байхад ******* миний гарын үсгийг хоосон цаасан дээр зуруулж авдаг байсан, мөн мөнгө хүлээлцсэн гэх баримтуудад байгаа мөнгөнүүдийг би аваагүй, Богдхан уулын аман дахь газрыг ашиглах зөвшөөрлийг цуцлуулах хүсэлт би өгөөгүй...” гэж мэдүүлсэн.

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд Ч.*******ын эхнэр А.р гэрчээр “...чиний гарын үсэг хэрэгтэй болно, чи хэд хэдэн цаасан дээр гарын үсгээ зураад өгчих гэж хэлэхээр нь ******* гарын үсгээ зураад өгсөн гэж надад хэлж байсан, 2018 оны 3 дугаар сард бага тэнгэрийн аманд авсан газрыг ******* өөрийнх нь хүсэлтээр гэснээр цуцалсан байсан. Уг нь бол ******* өөрөө цуцлах хүсэлт өгөөгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дахь тал),

Ч.*******ын гарын үсэгтэй 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 15,000,000 төгрөг хүлээн авсан гэх компьютерын бичвэр (1 дүгээр хавтаст хэргийн 108 дахь тал), 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 117,631,800 төгрөгийг хүлээн авсан гэх компьютерын бичвэр (хавтаст хэргийн 109 дэх тал) зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч нь өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр тухайн баримтуудыг үйлдсэн гэж үзэх боломжгүйн зэрэгцээ, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалтгүй, эргэлзээ төрүүлэхүйц баримт байх тул нотлох баримтуудад дурдсан нийт 132,631,800 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээнээс хасаж тооцох нь зүйтэй.

              Харин шүүгдэгч Ч.*******ын өөрийн гараар бичиж, хохирогч, шүүгдэгч хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 15,000,000 төгрөг хүлээлцсэн бичвэр (1 дүгээр хавтаст хэргийн 55 дахь тал)-ийг талуудын хүсэл зоригт үндэслэсэн, мөн Ч.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт газар ашиглах эрх хүчингүй болсны дараа 48,000,000 төгрөгийг хохирогч Д.*******аас шилжүүлэн авсан гэж мэдүүлсэнтэй хохирогч маргаагүй зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Ч.*******ыг залилах үйлдлээр хохирогч Д.*******аас нийт 63,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлтэй.

              Түүнчлэн шүүгдэгч Ч.*******ын шүүх хуралдаанд өгсөн “хохирогч Д.*******т хоосон цаасан дээр гарын үсэг зурж өгдөг байсан, мөн өөрийнх нь гарын үсэгтэй Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд гаргасан гэх “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” хүсэлтийг бичээгүй, хүн өөрийн газар ашиглах зөвшөөрлийг цуцлуулахаар хүсэлт гаргах боломжгүй, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын газар ашиглах зөвшөөрлийг цуцалсан шийдвэртэй холбоотой Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл) нь Ч.*******ын гарын үсэгтэй 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Богд хан уулын Дархан цаазат газрын, Бага тэнгэрийн аман дахь газар ашиглах эрхийг цуцлах тухай” Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд гаргасан гэх хүсэлт (1 дүгээр хавтаст хэргийн 56 дахь тал), хохирогч Д.*******ын үүсгэн байгуулсан “Алтан саятан бест” ХХК-иас “Богдхан уулын Дархан цаазат газрын Багатэнгэрийн ам дахь газрыг ашиглах хүсэлт ирүүлж байсан тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн албан бичиг (3 дугаар хавтаст хэргийн 67 дахь тал), Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ч.*******ын гомдол (3 дугаар хавтаст хэргийн 187-188 дахь тал) зэрэг нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, харилцан үйл баримтыг нотолж байх тул шүүгдэгчийн дээрх мэдүүлгийг үнэн зөв, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж шүүх үнэлж, хэргийн нөхцөл байдлыг тогтоосон болно.

Шүүгдэгч Ч.*******ын хохирогч Д.******* 63,000,000 төгрөгийг залилсан үйл баримт нь дээрх шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал болон талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон төдийгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Ч.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******т 63,000,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд шүүгдэгч нь хохирогчид 15,000,000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчээс үлдэх 48,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Ч.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх”,

         Хохирогчийн өмгөөлөгчөөс “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна”,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч “Торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэсэн тус тус  санал, дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч Ч.*******ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэргийн үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (үргэлжилсэн үйлдлээр 63,000,000 төгрөгийн хохирол учруулснаас 15,000,000 төгрөгийг сайн дураар төлсөн), гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (59 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй) зэргийг харгалзан улсын яллагчийн хорих ял оногдуулах саналыг үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ч.*******ыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

 

  1. Бусад асуудлаар:

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.******* цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Атган овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Атган овогт ын *******ыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ч.*******ын эдлэх 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.******* цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдсугай.

            5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

            6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******аас 48,000,000 (дөчин найман сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Д.*******т олгосугай.

            7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

            8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.   

            9.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.*******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТБОЛОР