| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2023/0176/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/196 |
| Огноо | 2023-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Н |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Н.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч Ж.Ариунжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Ариунжаргалд холбогдох эрүүгийн 2210023030143 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, ** мэргэжилтэй, “Монк тээвэрлэгч” ХХК-д ** ажилладаг, ам бүл 1, ** тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Авга овогт Жаргалдоржийн Ариунжаргал /РД:ШУ88012588/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Ариунжаргал нь 2022 оны 7 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Ундрамтай маргалдаж, түүнийг үсдэж чирэн, нүүрэн тус газар олон удаа цохисны улмаас түүний биед зүүн хөмсөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулай чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун тохойн хонхор, баруун мөр, өвдөгний зулгаралт, хүзүүний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.Хохирогч С.Ундрамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ажил дээрээ байж байгаад гадаад улсаас ирсэн найз Турунатай хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монопол гэх нэртэй караокед орж дуулаад хүний 3 лааз пиво уусан юм. Найзтайгаа хамт 00.00 цагийн орчим тухайн газраас гараад байрны буудал руу хоёулаа хамт төв зам руу алхаад явж байтал замын цаад талаар буюу ертөнцийн зүгээр зүүн талаар 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүн явж байсан. Тэр эмэгтэй нь намайг хараад Нисэхийн янхан явж байна гээд орилоод инээгээд байсан. Тухайн үед би караокеноос гарахдаа авсан шилтэй пивоо тэр эмэгтэй рүү чиглүүлээд шидсэн чинь даваад цаана нь газар унасан чинь тэр танихгүй эмэгтэй зам хөндлөн гарч ирээд намайг үсдээд газар чирсэн. Тэгээд миний өвдөг зулгарсан, мөн зүүн талын хөмсөг болон нүд, баруун талын зулай руу гараараа хэд хэдэн удаа цохисон юм. Тухайн эмэгтэй мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан байх. Тэгээд мөн хажуугаар явж байсан хүмүүстэй маргалдаад байх шиг байсан. Би тэд нарын талаар бол нарийн сайн санахгүй байна. Ямар ч байсан тэр танихгүй эмэгтэй л надад гар хүрч зодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 10208 дугаартай:
“-С.Ундрамын биед зүүн хөмсөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулай, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун тохойн хонхор, баруун мөр, өвдөгний зулгаралт, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.
-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал)
4.Шүүгдэгч Ж.Ариунжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 22.00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн 7 дугаар сургуулийн автобусны буудал дээр машинаа янзлаад зогсож байсан юм. Тухайн өдөр би найзуудтайгаа хамт хүний 2, 2 ширхэг сэнгүр нэртэй 0.5 литрийн пиво уусан байсан юм. Тухайн үед зам хөндлөн 2 эмэгтэй хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нэг эмэгтэй нь гартаа шилтэй пиво барьчихсан уугаад, орилоод явж байсан бөгөөд замын цаанаас надаас юм асуухаар нь бага зэрэг согтсон байсан болохоор чи намайг таних юм уу гээд орилсон чинь тухайн пиво барьсан эмэгтэй нь над руу барьж байсан шилтэй пивоо шидсэн чинь тухайн пиво нь миний ард талд хагараад унасан юм. Тэгэхээр нь миний уур хүрээд яаж байгаа юм гээд тэр пиво шидсэн гэх эмэгтэй дээр очоод хэрэлдсэн бөгөөд бид хоёр хэсэг маргалдсан чинь тухайн эмэгтэй намайг шууд үсэдсэн тэгэхээр нь би бас тэр эмэгтэйг үсдээд бид хоёр хэсэг ноцолдоод хэд хэдэн цохилцсон бөгөөд би тэр хүний яг хаана хэдэн удаа цохисон эсэхээ санахгүй байгаа юм. Тухайн эмэгтэй бас намайг цохиж зодсон, үснээс зулгаасан бөгөөд тухайн үед би шүүх эмнэлэгт үзүүлээгүй юм. Тэгээд тухайн эмэгтэй шууд салаад явсан бөгөөд би машинаа янзлаад үлдсэн юм. ....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал).
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 35 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), “Мөнх тээвэрлэлт” ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дэх тал), хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 50 дахь тал) зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ариунжаргал нь 2022 оны 7 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Ундрамтай маргалдаж, түүнийг үсдэж чирэн, нүүрэн тус газар олон удаа цохисны улмаас түүний биед зүүн хөмсөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулай чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун тохойн хонхор, баруун мөр, өвдөгний зулгаралт, хүзүүний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.
Шүүгдэгч Ж.Ариунжаргалын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай хохирол учруулах” гэмт хэргийн үйлдэл нь хохирогч С.Ундрамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 10208 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ж.Ариунжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Ж.Ариунжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Ундрамын эрүүл хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй болохыг тэмдэглэж, хохирогчийн “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 45 дахь тал)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Ариунжаргалын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал /...35 настай, эрхэлсэн тодорхой ажилтай.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Ариунжаргалыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ж.Ариунжаргалд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Авга овогт Жаргалдоржийн Ариунжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Ариунжаргалыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Ариунжаргалд оногдуулсан 450,000 байнатөгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ж.Ариунжаргалд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ж.Ариунжаргалд сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Ариунжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР