Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/198

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,   

улсын яллагч Н.Нямдорж,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ** мэргэжилтэй, “**” ХХК-д ** ажилтай, ам бүл ** хамт, ** оотод оршин суух, ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны шөнийн 03 цагийн орчимд ******* дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам центрийн зогсоолын харуулын байран дотор иргэн О.*******тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж биед зүүн хацарт зөөлөн эдийн няцралт, зүүн завжинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Д.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

           2.Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12-15 дахь тал),

           3.Хохирогч О.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 03 цагийн орчимд миний ажиллаж байсан ******* дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам центрийн авто машин орох хэсэгт үл таних 2 залуу зууралдаад ноцолдоод байсан. Би харуулын путиг дотроос хараад байсан чинь авто машины дугаар таниг камерыг налаад газар унасан. Ингээд би харуул путигнээс гарч ирээд болгоомжтой наа чинь их үнэтэй гэж хэлсэн чинь өндөр залуу над руу асаад чи яах гээд байгаа би төлөөд өгнө гээд маргаан болоод байсан. Намайг цохисон залууд хандаж чи найздаа хэлчих тэх үү одоо явцгаа гэж хэлсэн чинь чи тэгээд яахын гээд маргаан үүсгээд байсан. Тэгээд би согтуу хүмүүс юм чинь гэж бодоод цагдаад дуудлага өгчхөөд харуулын байрандаа байж байсан чинь намхан орж ирээд чиний камерыг чинь төлөөд өгнө гэхээр нь би эвдрээгүй байна та 2-т би зүгээр байгаач гэж хэлсэн чинь сүүлд нэрийг нь мэдсэн ******* гэдэг залуу харуулын байранд байхдаа миний нүүрэн тус газар гараараа цохиод байсан. Тэгээд би доошоо тонгойсон чинь миний араас толгойн тус газар хэд хэдэн удаа цохиод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

                 4. Хохирогч О.*******ын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би Д.******* гэдэг залуугаас хохирлоо барагдуулж авсан байгаа. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дахь тал),

                 5. Гэрч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр их сургуулийн ангийн хүүхдүүдийн хамтаар шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэл тухайн газраасаа найз *******ы хамтаар гараад ******* дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам центрийн авто машины зогсоол руу орж бэлэг тавиад буцаад авто машин орж ирдэг хаалгаар гарах гэж байсан чинь найз ******* хальтарч тухайн авто машины хаалтын камерыг хөндсөн. Ингээд харуул гарч ирээд та нар яаж байгаа юм эвдэрсэн байна цагдаа дуудна гэж хэлээд бид 3 тухайн камерыг шалгасан чинь зүгээр байсан чинь хоорондоо маргалдаад цагдаа дуудна гэж хэлээд явуулахгүй хаалтаа нээхгүй байсан. Тэгээд маргаан үүсээд ******* тухайн харуул гэх залуутай маргалдаж зууралдсан чинь тухайн залуу зугтаагаад харуулын байр луугаа орсон чинь ******* араас нь дагаж ороод би араас араас нь салгах гэж орсон чинь ******* тухайн залуутай зууралдаад би салгах гээд дундаар нь орсон чинь ******* тухайн залуугийн нүүр болон толгойн тус газар нь гараараа цохисон. Ингээд цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

                 6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 251 дугаартай:

             “-О.*******ын биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

              -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.

              -Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

    -Шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал)

                 7.Шүүгдэгч Д.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 16-ны шөнө би их сургуулийн ангийнхаа хүүхдүүдтэй шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэж байгаад тухайн газраасаа гараад найз *******ын хамтаар ******* дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах наадам центрийн авто машины зогсоол дээр очоод машин дотор шинэ жилийн бэлгээ үлдээчхээд буцаад гарах гэж байгаад хальтарч унаад авто машины нээгддэг хаалтыг нь очиж мөргөсөн чинь тухайн үед залуу ажлаа хийж байсан залуу харуулын байрнаас гарч ирээд хаалт эвдэлсэн байна гээд маргаан болсон. Тэгээд тухайн гражаас гаръя гэж хэлсэн чинь гаргахгүй дотроо зогсоод байсан. Тэгээд би тухайн залуутай маргалдаад зууралдаад байсан чинь тухайн залуу харуулын байр луугаа орохоор нь би согтуу байсан учраас найзынхаа хамтаар харуулын байрлуу нь ороод нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. Удалгүй цагдаа ирээд бид нарыг хэлтэс рүү аваад явсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал).

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 63 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 66 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны шөнийн 03 цагийн орчимд ******* дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам центрийн зогсоолын харуулын байран дотор иргэн О.*******тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж биед зүүн хацарт зөөлөн эдийн няцралт, зүүн завжинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.

Шүүгдэгч Д.*******ы “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай хохирол учруулах” гэмт хэргийн үйлдэл нь хохирогч О.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 251 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Д.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй болохыг тэмдэглэж, хохирогчийн “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо барагдуулж авсан..” гэсэн бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 25 дахь тал)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.*******ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

             

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал /...32 настай, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилтай.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

 

  1. Бусад асуудлаар:

Шүүгдэгч Д.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.*******д оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

            4. Шүүгдэгч Д.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.*******д сануулсугай.       

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТБОЛОР