Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 04

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон 

Улсын яллагч хяналтын прокурор Г.Амарсайхан

Иргэний нэхэмжлэгч А.Бүрэнжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар, 

Шүүгдэгч П.Отгонбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Отгонбаярт холбогдох эрүүгийн 201617000291 тоот хавтаст хэргийг 2016 оны 12 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ЕН72101103, Амбаа овгийн Пүрэвийн Отгонбаяр 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч П.Отгонбаяр нь 2016 оны 08 сарын 30-ны шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт Тоёото марк-2 маркийн 48-20 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож явахдаа Б.Ариунболорын хөлийг дайрч гэмтэл учруулсан, хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлээгүй, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэргүүдэд холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч П.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Манай байшин дээр ажиллаж байсан мужаан, цахилгаанчин хоёртоо би нэг шил архи гаргаж өгсөн. Түүнийг бид гурав хувааж уугаад манай цахилгаанчин Гантулга “би шинэ эхнэртэйгээ танилцуулна, манайх руу явъя” гээд хамт явсан. Тэднийд очоод дахиад 2 шил архи уусан. Архиа ууж дуусаад Гантулга эхнэр Одмаатайгаа маргалдаж муудаад байсан. Би тэр хоёрыг муудахаар нь болье гээд гарах гэхэд Одмаа “ эгчийгээ хоёр хүүхэдтэй маань манай эгчийнд хүргээд өг “ гэж хэлсэн. Би Гантулгыг эхнэртэй нь эвлэрүүлэх гээд жаахан суухад эвлэрэхгүй байсан. Ариунболорын ээж нь “ эгчийндээ хүргээд өг “ гэхээр нь хүргэж өгөх гээд гараад л ийм асуудал болсон. Машиныг ухрааж байхдаа хүүхдийг мөргөсөн, Ариунболорыг дайрснаа мэдэж байгаа. Би гэртээ очоод унтсан байсан. Би жолоодох эрхийн үнэмлэхтэй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх үүрэгтэйг мэднэ. Хохирогчид эмчилгээний зардалд бэлэн мөнгөөр нийт 290.000 төгрөг өгсөн. Хэвтэж байхад нь эргэж тойрч таяг авч өгсөн. Гэмшиж байна... гэв. 

 

- Насанд хүрээгүй хохирогч Б.Ариунболорын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016.08.29-ний өдөр гэртээ ээж Одмаа, дүү Оюунболор, Гантулга ахын хүү Ариунболд нарын хамт байж байтал Гантулга ах Отгонбаяр эгч, Нэргүй ах 3 манай гэрт халамцуу орж ирсэн. Тэгээд тэд нар манай гэрт архи ууцгаасан. Тэгээд шөнийн 2 цагийн үед архи ууж дуусчихаад Гантулга ах манай ээж хоёр хоорондоо муудалцаад байсан чинь ээж Одмаа өөрийн эгч болох Хүсэлмаа гэх хүн рүү явлаа намайг хүргээд өг гээд явсан юм. Тэр үед ээжийг Гантулга ах явуулахгүй гээд гэрийн гадаа муудалцаад байхаар нь би Отгонбаяр эгчид хэлэх гээд машиных нь хажууд очиход Отгонбаяр эгч хөдлөөд явсан. Тэгэхэд нь би машиных нь дэргэд дагаад явж байтал машин эргэхэд би түлхэгдээд унасан чинь ар талын дугуй нь миний хөлийг дайрч гарсан. Тэгэхэд миний баруун хөлний шилбэ хугарсан байна гэж эмч хэлсэн. Отгонбаяр миний хөлийг дайрчихаад зохих албан тушаалтанд мэдэгдээгүй. Би хөлөө эмчлүүлмээр байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийн материалтай танилцахгүй. Шүүх хуралдаанд суухгүй гэх мэдүүлэг. /хх-30-31/

 

- Иргэний нэхэмжлэгч А.Бүрэнжаргал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Энэ хэргийн талаар, яг юу болсон талаар би мэдээгүй, дараа нь охиноосоо асууж мэдсэн. Миний охиныг хэвтэж байхад нь энэ хүн миний охиныг 2-3 удаа эргэж очиж байсан, таяг авч өгсөн, эмчилгээний зардалд. 290.000 төгрөг өгсөн гэсэн. Одоо би охин Ариунболорыг хууль ёсоор өөр дээрээ авсан, надтай хамт амьдарч байгаа. Охины маань хөл нь эдгэрч байгаа, хичээлдээ явж байгаа. Хазгар доголон юм байхгүй. Охин маань хичээлдээ явж байгаа болохоор одоо нэхэмжлэх зүйл байхгүй ...гэв.

 

- Иргэний нэхэмжлэгч А.Бүрэнжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: Миний том охин болох 9 настай Ариунболорыг Отгонбаяр гэх эмэгтэй 2016.08.30-ны шөнө машинаар дайрсан байсан. Тэр явдлыг би Сүндалай гэх эмэгтэйгээс сонссон юм. Тэгээд би эхнэр Одмаагаас юу болсон талаар асуухад Отгонбаяр гэх хүн дайрсан нь үнэн. Гэхдээ гайгүй юм шиг байна лээ. Эмнэлэгт үзүүлээгүй Болороо гэх сургуулийн эмчээр бариулж боолт хийлгэсэн гэсэн. Тэгэхээр нь би Одмааг эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Тэгээд Одмаа охиноо аваад аймаг орж эмнэлэгт үзүүлэхэд охин Ариунболорын хөл гэмтсэн байсан. Намайг охин дээрээ очиход хөл нь гибстэй гишгэж чадахгүй хэвтэж байсан. эмчилгээний зардалд хэдэн төгрөг орохыг хэлж мэдэхгүй байна. Надад бол Отгонбаяр мөнгө өгөөгүй. Одмаад 260.000 төгрөг болон таяг авч өгсөн гэсэн. Нэхэмжлэлтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Шүүх хуралдаанд сууна ... гэх мэдүүлэг./хх-33-34/ 

 

- Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 409 тоот акт: 1.Б.Ариунболорын биед баруун том шилбэ ясны диафиз хэсгээр ташуу, бага зэрэг зөрөөтэй хугарал, метафиз хэсгийн ташуу цууралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд болон энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт. /хх-38/

 

-Техникийн шинжээчийн 2016.11.18-ны өдрийн №50 дугаартай дүгнэлт: 1.Жолооч П.Отгонбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5.в-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтан иртэл хүлээнэ” мөн дүрмийн 2.7.а-д заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт аюулгүй байдал хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө ” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 2.Явган зорчигч насанд хүрээгүй Б.Ариунболор нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3.2 дахь асуултаар хариулагдсан болно. 4.1 дэх асуултаар хариулагдсан болно гэх дүгнэлт. /хх-45-46/ 

 

-Гэрч Ж.Гантулгын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016.08.29-ний өдөр Отгонбаяр, Нэргүй нартай хамт Отгонбаярын гэрт 1 шил 0.5 литрийн Алтантүрүү нэртэй архи уусан. Дараа нь Отгонбаяр, Нэргүй нартай хамт миний хамтран амьдрагч Одмаагийн гэрт очиж 0.5 литрийн болон 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи 2 шилийг авч Отгонбаяр, Нэргүй, Одмаа бид 4 хувааж уусан. Тэгээд 29-өөс 30-д шилжих шөнө 2 цагийн үед архи ууж дуусчихаад би Одмаатай согтуудаа маргалдаж байтал Одмаа хоёр хүүхдээ аваад явлаа гээд би түүнийг явуулахгүй гээд байж байтал Одмаа “хүүхэд дайрчихлаа шүү дээ” гэж орилсон. Тэгээд би очиход Одмаагийн том охин Ариунболор нь уйлчихсан газар сууж байсныг Одмаа өргөж аваад миний эзэмшлийн 6002 ДОР улсын дугаартай машинд суулгаад Болормаа гэдэг сургуулийн эмчийн гэрт нь очиж Ариунболорыг үзүүлж эмнэлгийн анхан шатны тусламж авсан. Тэгээд би буцаад Отгонбаяртай уулзах гээд гэрийнх нь хаалгыг тогшиход хүүхэд нь ээж унтчихсан гэж хэлсэн. Тэр үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Эхлээд Отгонбаяртай өөртэй нь уулзах хэрэгтэй байх гэж бодсон гэх мэдүүлэг./хх-49/ 

 

-Гэрч Д.Одмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016.08.29-ний орой Отгонбаяр, Нэргүй, Гантулга нар манайд халамцуу орж ирсэн. Тэд нар Отгонбаярынд 1 шил архи уучихаад ирлээ гэж байсан. Тэгээд манайд ирээд 0.5 литрийн Улаанбаатар архи задлахад нь би уугаагүй. Арихуу дуусгаад дахиж архи авахаар явахад нь Нэргүй ах гэртээ бууж үлдсэн юм. Тэгээд дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн архи авчираад уухад нь би 2-3 хундагыг уусан. Тэр үед Отгонбаяр бие засахаар гараад гаднаас Номин гэх хүүхнийг дагуулж орж ирсэн. Номио ууж байсан архинаас хэдэн хундага татчихаад миний утсыг аваад хүнтэй ярьхад нь би хэн ярьж байгаая гээд утсаа аваад тэр хүнтэй нь ярьсан чинь надтай хамтран амьдрагч Гантулга хэнтэй яриад байгаая гээд хардаад надтай маргалдаад байхаар нь би хоёр охиноо аваад явлаа гэж Гантулгад хэлээд Отгонбаярыг манай эгчийнх рүү хүргээд өгөөч гээд хамт гарахад манай хоёр охин Отгонбаярын араас хамт гарсан. Тэгэхэд Гантулга намайг явуулахгүй гээд Отгонбаярын машины зүүн талд зогсож байтал том охин Ариунболор орилохоор нь харахад Отгонбаяр машинтайгаа зүүн гар тал руу эргэхдээ манай охиныг дайраад унагачих шиг болсон. Тэгэхээр нь гүйгээд очиход Ариунболор газар уначихсан хөлөө бариад уйлахаар нь Отгонбаярын машины арын суудалд суугаад та миний охины хөлийг дайрчихлаа эмнэлэг явж үзүүлье гэхэд би дайраагүй машинаас буу гээд байхаар нь охиноо аваар Гантулгын машиныг би жолоодоод сургуулийн эмч Болормаагийн гэрт очиж охиныхоо хөлийг үзүүлж эмнэлгийн анхан шатны тусламж авсан. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлээд рентген зураг авахуулахад манай охин Ариунболорын баруун хөлний шилбэ дээр доор хоёр хэсэг хугарсан шагайн хэсэгт цуурсан, зүүн хөлний өвдөгний доод талаар шалбарсан. Тухайн үед цагдаад мэдэгдээгүй. Отгонбаярыг таньдаг болохоор дараа нь уулзаад учраа олчих байх гэж бодсон. Сумын эмнэлэгт үзүүлэх гэж байгаад больсон. Учир нь манай сургуулийн эмч Болороо их сайн бариач гэж би урьд нь сонсож байсан болохоор тэр шөнөдөө Болормаа эмчээр Ариунболорын хөлийг бариулаад боолгуулж анхны тусламж авсан... гэх мэдүүлэг /хх-50-51/   

 

- Хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл / хх- 7/, 

 

- Гэрэл зураг /хх -10, 12-13 /, 

 

- Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал. 2016.11.06 /хх-08/,

 

- Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-09/, 

 

- Хилийн 0146-р ангийн захирагчийн 2016.10.27-ны өдрийн 1/120 тоот албан бичиг /хх-16/

 

-  Хилийн 0146-р ангийн захирагчийн 2016.10.19-ний өдрийн Б/153 дугаартай тушаалын хуулбар /хх-17/ 

 

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл. 2016.11.09 /хх-11/

 

- Насанд хүрээгүй хохирогч Б.Ариунболорын төрсний гэрчилгээний хуулбар. /хх-36/

 

- Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн 2016.09.19-ний өдрийн 409 тоот үзлэг хийсэн акт. /хх-38/

 

- Амбулториор эмчлүүлэгчдийн карт /Б.Ариунболор/. /хх-39-41/

 

- Техникийн Шинжээчийн 2016.11.18-ны өдрийн 50 тоот дүгнэлт. /хх-45-46/

 

-П.Отгонбаярын Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-74/

 

-Сүхбаатар аймгийн Замын цагдаагийн тасгийн тодорхойлолт /хх-76/

 

-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5-р багийн засаг даргын 2016.10.10-ны өдрийн 05/116 тоот тодорхойлолт /хх-68/

 

-Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5-р багийн засаг даргын 2016.11.10-ны өдрийн 175 тоот тодорхойлолт /хх-69/

 

-П.Отгонбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-70/

 

- АЯ №0207510 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар. /хх-79/

 

- Хураан авсан тухай тогтоол, тэмдэглэл.2016.11.22 /хх-39-40/ зэрэг болно. 

 

 

Шүүгдэгч П.Отгонбаяр нь 2016 оны 08 сарын 30-ны шөнийн 02 цагийн үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Тоёото Марк-2 маркийн 48-20 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а” согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох ”, 7.17“ Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө ”, 2.5.в “ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага/ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх ”,  гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Б.Ариунболорын хөлийг дайрч “ баруун том шилбэ ясны диафиз хэсгээр ташуу, бага зэрэг зөрөөтэй хугарал, метафиз хэсгийн ташуу цууралт “ бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан, мөн хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Отгонбаярын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Б.Ариунболор, иргэний нэхэмжлэгч А.Бүрэнжарал, гэрч Ж.Гантулга, Д.Одмаа нарын мэдүүлгүүд, Шинжээч эмчийн 409 тоот акт, Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон акт, Техникийн шинжээчийн 50 тоот дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Хэргийн нөхцөл байдлыг судлан үзвэл, шүүгдэгч П.Отгонбаяр нь тухайн өдөр Ж.Гантулга, Д.Одмаа, Нэргүй нартай нийлж архи ууж, согтуурсан үедээ Д.Одмаа болон энэ хэргийн хохирогч Б.Ариунболор нарыг айлд хүргэж өгөхөөр машин жолоодсон, хамт явах хүмүүс бүгд суусан, машины ард хүн байгаа эсэхийг шалгалгүйгээр ухрах хөдөлгөөн хийж бусдыг дайрч хүндэвтэр гэмтэл учруулан хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн ба уг хэргийг хөнгөмсөгөөр найдаж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ. 

П.Отгонбаяр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй, осол гаргах, хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулж болзошгүйг буюу өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлджээ. 

 

Харин тэрээр хохирогч Б.Ариунболорыг дайрч зам тээврийн осол гаргасан, хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай болсныг мэдсэн бөгөөд туслах бололцоо байсан атлаа түүнд түргэн тусламж дуудаагүй, өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэх арга хэмжээ аваагүй, ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй зэргээр “ Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх“ гэмт хэргийг гэм буруугийн шууд бус санаатайгаар үйлджээ. 

Өөрөөр хэлбэл, П.Отгонбаяр нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй боловч өөрийн үйлдлээрээ түүнд зориуд хүргэсэн байна.

Энэ нь хохирогч Б.Ариунболорын “ Гантулга ах, Отгонбаяр эгч, Нэргүй ах 3 манай гэрт халамцуу орж ирсэн, манай гэрт архи ууцгаасан. Шөнийн 2 цагийн үед архи ууж дуусчихаад Гантулга ах, манай ээж хоёр хоорондоо муудалцаад байсан чинь ээж Одмаа өөрийн эгч болох Хүсэлмаа гэх хүн рүү явлаа намайг хүргээд өг гээд явсан юм. Тэр үед ээжийг Гантулга ах явуулахгүй гээд гэрийн гадаа муудалцаад байхаар нь би Отгонбаяр эгчид хэлэх гээд машиных нь хажууд очиход Отгонбаяр эгч хөдлөөд явсан. Тэгэхэд нь би машиных нь дэргэд дагаад явж байтал машин эргэхэд би түлхэгдээд унасан чинь ар талын дугуй нь миний хөлийг дайрч гарсан. Отгонбаяр миний хөлийг дайрчихаад зохих албан тушаалтанд мэдэгдээгүй” гэх, гэрч Д.Одмаагийн “ надтай хамтран амьдрагч Гантулга хардаад надтай маргалдаад байхаар нь би хоёр охиноо аваад явлаа гэж Гантулгад хэлээд Отгонбаярыг манай эгчийнхрүү хүргээд өгөөч гээд хамт гарахад манай хоёр охин Отгонбаярын араас хамт гарсан. Тэгэхэд Гантулга намайг явуулахгүй гээд Отгонбаярын машины зүүн талд зогсож байтал том охин Ариунболор орилоход харахад Отгонбаяр машинтайгаа зүүн гар тал руу эргэхдээ манай охиныг дайраад унагачих шиг болсон. Тэгэхээр нь гүйгээд очиход Ариунболор газар уначихсан хөлөө бариад уйлахаар нь Отгонбаярын машины арын суудалд суугаад та миний охины хөлийг дайрчихлаа эмнэлэг явж үзүүлье гэхэд би дайраагүй машинаас буу гээд байхаар нь охиноо аваар Гантулгын машиныг би жолоодоод сургуулийн эмч Болормаагийн гэрт очиж охиныхоо хөлийг үзүүлж эмнэлгийн анхан шатны тусламж авсан” гэх мэдүүлгүүдээр нотлогдоно.

 

Шүүгдэгч П.Отгонбаярт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, мөн зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

П.Отгонбаярын гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх, харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус болно. 

Тэрээр тухайн өдөр бусадтай нийлж 4 шил архи уусан, согтуурсан байснаа хүлээн зөвшөөрөх бөгөөд энэ нь гэрч Ж.Гантулга, Д.Одмаа, Нэргүй нарын “ 2016.08.29-ний өдөр Отгонбаярын гэрт 1 шил 0.5 литрийн Алтантүрүү нэртэй архи, дараа нь Одмаагийн гэрт очиж 0.5 литрийн болон 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи 2 шилийг авч бид 4 хувааж уусан “ гэх адил мэдүүлгүүдээр хэрэгт нотлогдсон байна.

 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй бөгөөд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу насанд хүрээгүй хохирогч Б.Ариунболор, иргэний нэхэмжлэгч А.Бүрэнжаргал нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. 

      

П.Отгонбаяр нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, тухайн гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн, хохирогч Б.Ариунболорт хүндэвтэр гэмтэл учирсан боловч одоо эдгэрсэн, гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардлыг төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч болон хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа болон тэрээр сургуульд суралцдаг 2 хүүхэдтэй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг үндэслэвэл түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн, тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан П.Отгонбаярын эзэмшлийн №752045 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, тэнсэгдсэн этгээдэд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгана.

Учир нь П.Отгонбаяр нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багт ам бүл 5-уулаа байнга оршин суудаг болохыг тус багийн засаг дарга 2016.10.10-ны өдрийн 05/116 тоот албан бичгээр тодорхойлсон, тэрээр Хилийн 0146 дугаар ангийн хувцас, шатахууны албаны няраваар 2016.10.19-ний өдрийг хүртэл ажиллаж байсан, нөхөр Х.Буянтогтох нь тус ангийн захирагчийн орлогч, ар тал хангалтын даргаар ажилладаг болох нь Хилийн 0146 дугаар ангийн захирагчийн 2016.10.27-ны өдрийн 11120 тоот албан бичиг, 2016.10.19-ны өдрийн Б/153 тоот тушаал зэргээр тогтоогдоно.

 

Шүүгдэгч П.Отгонбаяр нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлийн Funai маркийн 42 инчийн зурагтыг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016.11.10-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгоно.

 

 

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Амбаа овогт Пүрэвийн Отгонбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч П.Отгонбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 01/нэг/ жил 06/ зургаа/ сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 01 / нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан ялтан П.Отгонбаярт Эрүүгийн хуулийн тусгай 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар оногдуулсан 01 сарын хугацаагаар баривчлах ялыг, мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялд буюу хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 01 жил 06 сарын хугацаагаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан П.Отгонбаярт оногдуулсан 01 жил 06 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан ялтан П.Отгонбаярт оногдуулсан 01 жил 06 хоногийн хугацаагаар    хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан П.Отгонбаярт хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

           7. Ялтан П.Отгонбаяр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй бөгөөд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу насанд хүрээгүй хохирогч Б.Ариунболор, иргэний нэхэмжлэгч А.Бүрэнжаргал нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

         

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ялтан П.Отгонбаярын эзэмшлийн №752045 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй. 

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан П.Отгонбаярын эзэмшлийн Funai маркийн 42 инчийн зурагтыг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 11 сарын 10-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай. 

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан П.Отгонбаярт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар уг тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НАСАНБУЯН