Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2025/0637

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                              С.Г*******ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч М.Цэцэгмаа

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, өмгөөлөгч Ц.Г*******

Нэхэмжлэгч: С.Г*******

Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн С.Г*******ийг ажлаас халах тухай 03 дугаар захирамжийг хүчингүй болгож, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг /энэ өдрийн байдлаар нийт 21,821,694 төгрөг/ нөхөн олгож, энэ үнийн дүнгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2025/0067 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г*******, Т.М*******

Хариуцагч Ж.Э*******

Хариуцагчийн өмгөөлөгч Л.М****, Б.С****

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цэрэндаваа

Хэргийн индекс: 123/2025/0043/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С.Г*******өөс Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан “Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн С.Г*******ийг ажлаас халах тухай 03 дугаар захирамжийг хүчингүй болгож, С.Г*******ийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг /энэ өдрийн байдлаар нийт 21,821,694 төгрөг/ нөхөн олгож, энэ үнийн дүнгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх”-ээр маргасан.

2.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2025/0067 дугаар шийдвэрээр:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 52 дугаар зүйлийн 52.1, 52.1.1, 52.1.7, 52.1.10, 54 дүгээр зүйлийн 54.4, 55 дугаар зүйлийн 55.3, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн С.Г*******ийн Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан гаргасан Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн С.Г*******ийг ажлаас халах тухай 03 дугаар захирамжийг хүчингүй болгож, С.Г*******ийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 21,821,694 төгрөгийг нөхөн олгож, энэ дүнгээс татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд шүүх буруу дүгнэлт хийсэн тухайд:

Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /цаашид Хариуцагч гэх/-ын 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн С.Г*******ийг ажлаас халах тухай 03 дугаар захирамжийн 1 дэх заалтад Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлт, тэмдэглэл”-ийг баримтлан нэхэмжлэгчийг ажлаас халсан. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Б*******гаас гаргасан өргөдлийн дагуу Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга С.Г*******ийн ёс зүйн асуудлыг хянасан.

Нэхэмжлэгч С.Г*******ийг албаны бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж дүгнэхдээ Сонгуулийн ерөнхий хорооны дарга, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга руу тус тус албан бичиг явуулсан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад танилцуулалгүй ээлжит бус хурал зарласан гэж буруутгаж, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т зааснаар төрийн албанаас халах хариуцлага ногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн байдаг.

Энэхүү дүгнэлт, тэмдэглэл үйлдэж буй аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь хуулийн дагуу байгуулагдаагүй, С.Г*******ийн ёс зүйн асуудлыг хэлэлцээгүй буюу зөвхөн ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг хянах эрх хэмжээгээ хэтрүүлж, сахилгын зөрчил гаргасан хэмээн нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр буруутгасан.

Үүнийг нэхэмжлэгчээс хариуцагчид удаа дараа тайлбарласан байхад хуулийн хүчин төгөлдөр болоогүй Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хариуцагчийн үйлдлийг зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй.

Анхан шатны шүүх Ёс зүйн дэд хорооны эрх зүйн байдалд дүгнэлт хийлгүйгээр маргаан бүхий захиргааны актыг хууль ёсны гэж үзсэнд гомдолтой байна. Тодруулбал, хариуцагч гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг өөрөө сонгон хэрэглэхдээ нөхцөл байдлыг бүрэн тогтоосон байх шаардлагатай боловч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоож чадаагүй байхад маргаан бүхий захиргааны актыг хууль зөрчөөгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

Ингэхдээ гомдол гаргаж буй шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.15-д ...нэхэмжлэгчийн албаны эрх мэдлээ хэтрүүлсэн болох нь нэгэнт тогтоогдож байгаагаас гадна өөрийн хууль бус үйлдлээ үндэслэлгүй зөвтгөн тайлбарлаж байгаа зэргээс нэхэмжлэгчид хариуцагчаас тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан, сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулах эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасныг буруутгах үндэслэлгүй гэж хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын зорилго, агуулгыг хумьж, нэхэмжлэгчийг нэмж буруутгасанд гомдолтой байна.

Шүүх өнгөрсөн хугацаанд болсон үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүхээс уг захиргааны актын хууль зүйн үндэслэл болон бусад захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан эсэхийг бүрэн хянаагүй байдаг. Гэтэл шүүх энэ үүргээ хэрэгжүүлэлгүй зөвхөн маргасан үндэслэл чинь буруу байна гэх агуулгаар хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад үл нийцнэ.

Нэхэмжлэгч нь орон нутгийн нөхөн сонгуультай холбоотой эрх хэмжээгээ хэрэгжүүлсэн байдаг. Энэхүү харилцааг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар зохицуулсан. Ингэхдээ уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10-т зааснаар сонгуулийг 70-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлах, нөхөн болон дахин сонгуулийг уг хуульд нийцүүлэн зохион байгуулах үүргээ зөрчсөн төрийн албан хаагчийг төрийн албанаас халахаар заажээ. Нэхэмжлэгчийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9.10-т заасныг зөрчсөн болохыг тогтоосон дүгнэлт байхгүй бөгөөд түүнд ногдуулсан сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

3.2. Маргаан бүхий захиргааны акт Төрийн албаны тухай хуульд нийцээгүй тухайд:

Хариуцагчийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн С.Г*******ийг ажлаас халах тухай 03 дугаар захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн байхад үүнийг анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр зөвтгөж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. 16.1.4-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь эрх зүйн үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч С.Г******* нь төрийн захиргааны албан хаагч болохын хувьд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасан 4 төрлийн нэмэгдэл баталгаагаар хангагдана.

Уг хуулийн 48 дугаар зүйлийн 48.8 дахь хэсэгт Энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь түүнийг төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчид ирээдүйд учрах эрх зүйн үр дагаврыг харгалзан үзэлгүйгээр сахилгын шийтгэлийн хэр хэмжээг тодорхойлж, маргаагүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Хуулийн дагуу байгуулагдаагүй, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны эрх зүйн үр дагавар үүсгэхгүй дүгнэлтээр Төрийн албаны тухай хуульд зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д тус тус зааснаар хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг зөрчсөн байхад нэхэмжлэгч сахилгын шийтгэлийн хэр хэмжээтэй маргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна гэж хуульчилсныг анхаарч үзээгүй.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ыг нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа огт мөрдөөгүй байдаг.

Энэхүү журмын 1.4-т заасан сахилгын шийтгэл ногдуулахад баримтлах зарчмуудыг зөрчсөн байх бөгөөд 1.4.2-т сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх зарчмыг хариуцагч анхаарч үзэлгүй, маргаан бүхий захиргааны акт гаргасныг зөвтгөх үндэслэлгүй юм. Хэрэгт авагдсан баримтаар мөн журмын 2-т заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах харилцааг зохицуулсан бөгөөд эдгээр ажиллагаа огт хийгдээгүй, 3-т заасан сахилгын шийтгэл ногдуулахад харгалзаж үзэх 7 нөхцөл байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг ч тогтоогоогүй байхад маргаан бүхий захиргааны актыг хууль ёсны гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Журмын 6.1-д албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулна гэж заасныг хариуцагч илэрхий зөрчсөн байдаг.

3.3. Албан бичиг үйлдсэн нь Албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэх бодит хууль зүйн боломжгүй тухайд:

Маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т зааснаар албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төрийн албан хаагчийн хориглох зүйлийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Ингэхдээ нэхэмжлэгчийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга болон Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга руу албан бичиг явуулсан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дур мэдэн зарласан гэх нөхцөл байдлуудыг албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэхдээ нотлох баримтыг буруу үнэлсний улмаас анхан шатны шүүх үйл баримтад эрх зүйн дүгнэлтийг бүрэн хийж чадаагүй байдаг.

Хэрэгт авагдсан баримтыг бүхэлд нь авч үзвэл, нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэс нь тухайн сумын нөхөн сонгуулийн асуудалтай холбогддог. Тодруулбал, Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр батламжлагдсан Зуунмод сумын 1-р тойргоос нэр дэвшиж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож батламжлагдсан Б****ийн Б*******, Баянхошуу 3-р тойргоос нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдож батламжлагдсан Б***ийн Х*** нарыг сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчөөс чөлөөлсүгэй гэсэн тогтоол гаргасан байдаг.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д Нөхөн сонгууль гэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41, 42 дугаар зүйлд зааснаар Хурлын Төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг ойлгоно гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д Орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийг тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нөхцөл байдал үүссэнээс хойш 60 хоногт багтаан товлон зарлана гэж, 9.9-д Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна гэж тус тус заасантай холбогдуулан сонгуулийн эрх бүхий төрийн байгууллагуудаас удаа дараа албан бичиг ирүүлсэн үйл баримт тогтоогддог.

Хуульд зааснаар аливаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нь нөхөн сонгуультай холбоотой зардлыг төлөвлөх, батлуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг ба хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч С.Г******* нь мөн адил нөхөн сонгуулийн төсөв, зардлыг тооцоолох, Хурлын төлөөлөгчдөд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй юм.

Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13 дахь хэсэгт Энэ хуулийн 9.10-т заасныг зөрчсөн төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-т заасны дагуу төрийн албанаас хална гэсэнтэй нийцээгүй шийдвэр гаргасан хариуцагчийг зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй.

Тодруулбал, Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арав дахь удаагийн сонгуулийн гуравдугаар хуралдааны тэмдэглэлээр нэхэмжлэгч С.Г******* нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Э*******оос ирүүлсэн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №32 тоот албан бичиг ирснийг уншиж танилцуулжээ.

Үүнд: ...Дагалдаж ирсэн албан бичиг нь Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн 1/01 тоот хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай утга агуулгын хувьд ижил байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн тухай хуулийн 1-р бүлгийн 9-р зүйлийн 9.8 болон 9.9 дээр зааж өгсөн. Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 3 дахь 7 хоногийн Ням гаригт товлон зарлана гэж. Энэ өдөр нь 6 дугаар сарын 22-нд таарч байна гэж нэхэмжлэгч нь өөрийн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж, хуралд танилцуулсан байдаг.

Энэхүү хуралд оролцсон төлөөлөгч М.Б******* 2 хүнээс утсаар асуусан гэлээ. Аман зүйлээр явна гэж байхгүй. Хамаагүй ээ гэж хэлсэн бол албан бичиг албан ёсоор авч байж энэ асуудлыг ярьмаар байна гэж;

мөн төлөөлөгч М.Б******* Албан бичгээр л хариу хэрэгтэй байна. Амаар шийдэхгүй,Албан бичгээр аваад хариулт нь хэрэгтэй байна,Ч.А******* төлөөлөгчийн саналтай санал нэг байна. Утсаар ярьсан нөхдүүдтэй албан бичгээр хариу авах ёстой, амаар хариу авна гэж байхгүй. Тэрийг харж байж шийдвэрлэх саналтай гэж,

С.Г*******: ... Бид хуулийн хугацаанд товоо тогтоохгүй бол 1-рт сонгуулийн зардалгүй болно. 2-рт энэ асуудал хэрхэн шийдэх вэ гэдгийг мэдэхгүй байгаа шүү дээ. Гэтэл энэ сонгуулийн хууль өөрөө хүчин төгөлдөр явж байгаа гээд Хуулийн хугацаанд нөхөн сонгуулийн товыг тогтоох тогтоол батлах учиртайг би төрийн албан хаагчийн хувьд Та бүхэнд танилцууллаа гэсэн тэмдэглэл үйлдэгдсэн байдаг.

Улмаар тус Хурлаас нөхөн сонгуулийн тов тогтоох асуудлыг хэлэлцэхийг хойшлуулж шийдвэрлэсэн ба сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга өөрийн хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд эрх бүхий байгууллагуудад нөхөн сонгуультай холбоотой асуудлаар зохион байгуулалтын шинжтэй албан бичгүүдийг хүргүүлсэн байдаг. Үүний гол шалтгаан нь тэрхүү эрх бүхий байгууллагуудаас удаа дараа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандсан албан бичгийг ирүүлсэн, түүний мөрөөр хуралдаан зохион байгуулсан ч хуулийн тодорхой бус нөхцөл байдлын улмаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын хувьд төлөөлөгч нарт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдалд хүрсэн байдаг.

Тодруулбал, төлөөлөгч М.Б***гийн тайлбарласанчлан амаар явж болохгүй учраас албан бичгээр хандахаас өөр сонголт нэхэмжлэгчид байхгүй тул 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Нөхөн сонгуулийн товын тухай 04/17 дугаар албан бичгийг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Э*******од, мөн өдрийн Хүсэлт гаргах тухай 04/18 дугаар албан бичгийг Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дд тус тус хаяглаж хүргүүлсэн.

Энэхүү хоёр албан бичгийг үйлдэхдээ нэхэмжлэгч С.Г******* нь 04 индексээр өөрийн гарын үсэг, тамгаар баталгаажуулсан байх ба Хурлын бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар бус нөхөн сонгууль зохион байгуулах эсэх асуудлаар арга зүйн дэмжлэг, туслалцаа авах зорилгоор тухайн албан бичгүүдийг хүргүүлжээ.

Үүнийг анхан шатны шүүх албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан зохицуулалт нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэсэнтэй адил утгаар ойлгогддог.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 34.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус нотлох баримтыг үнэлэх талаар хуульчилсан. Анхан шатны шүүх С.Г*******өд ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болгосон аймгийн Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үнэлж, түүнд дурдагдсан асуудал нь аливаа зөрчилд хамаарах эсэхийг баримтад тулгуурлан шалгаж тогтоогоогүй буюу Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан албаны эрх мэдлээ хэтрүүлэх гэснийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл болох нэхэмжлэгч С.Г******* нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т албаны эрх мэдлээ хэтрүүлэх гэсэн төрийн жинхэнэ албан хаагчид хориглосон зүйлийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй учраас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасан сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэл бодит байдалд бүрдээгүй байхад нэхэмжлэгчийг төрийн албанаас халсан нь хууль бус гэж үзэж байна.

3.4. Анхан шатны шүүх Фэйсбүүк групп чатаар Албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзсэн нь эрх зүйн үндэслэлгүй тухайд:

Энэхүү гомдлын 1.3-т тайлбарласан нөхөн сонгуулийн асуудлаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 төлөөлөгчөөс ээлжит бус хуралдааныг товлосон албан бичгийг хүргүүлсэн байдаг. Тодруулбал, Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч С.А****, Г.М*****, Г.Т****, Ц.У****, Д.Д****, С.Ү****, О.Ө****, Э.М****, Р.Б*****, Б.Т**** нарын гарын үсэгтэй, 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Ээлжит бус хуралдаан хуралдуулах тухай 02 албан бичгийг Хурлын дарга Ж.Э***д хүргүүлсэн байх ба тухайн албан бичгийг нарийн бичгийн дарга С.Г*******өд шилжүүлсэн.

Тухайн албан бичигт үүссэн нөхцөл байдлын талаар тайлбарлаж, ... Иймд дээрх хууль тогтоомжид тодорхой заасны дагуу нөхөн сонгуулийг товлон зарлах асуудлыг хуульд заасан чиг үүргийн хүрээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай байгаа тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46.3-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүйн саналаар, эсхүл Хурлын Зөвлөл, Хурлын даргын санаачилгаар хуралдуулна гэж заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10:00 цагт ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулна уу гэжээ.

Энэхүү албан бичигт товыг тогтоосон байх бөгөөд зарлан хуралдуулах асуудлыг давхар тусгасан. Тухайн албан бичгийг үндэслэсэн нэхэмжлэгчийн урилгаар хариуцагч түүнийг буруутгасан үйл баримт тогтоогджээ. Гэвч нэхэмжлэгч С.Г*******ийн хувийн /G****/ фэйсбүүкээс 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 8 цаг 25 минутад хаалттай групп чатад Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус хурлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46.3 дахь заалтын дагуу төлөөлөгчийн 1/3 шаардсанаар хуралдуулах бүрэн эрхийн хүрээнд Ажлын алба хурлын бэлтгэл хангах, хурал зохион байгуулах үүрэгтэй тул төлөөлөгчид та бүхнийг 10 цагт хуралдаа хүрэлцэн ирэхийг урьж байна гэсэн байдаг.

Хэрэв энэхүү групп чатыг албан ёсны гэж үзвэл Хурлын дарга Ж.Э******* энэхүү групп чатад байдаг ба хурлын өмнө товлон зарлагдаагүй гэж үзэж залруулга хийх боломжтой байсан, тухайн өдрийн 10 цагт Хурлын дарга Ж.Э******* өрөөндөө байсан бөгөөд хурал нь ирц хүрээгүй үндэслэлээр огтоос хуралдаагүй байхад үүнийг албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Хэдийгээр анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр тухайн групп чатад үзлэг хийж, нотлох баримт бүрдүүлсэн боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч нарт урилга хүргүүлж, бусад 10 төлөөлөгчийн хуульд заасан эрхийн дагуу товлож, зарласан хуралдааныг бусад төлөөлөгч нарт уламжилсныг албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэх үндэсгүй. Тодруулбал, Хурлын товыг хэрхэн мэдэгдэх талаарх нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ байхгүй бөгөөд хурлын нарийн бичгийн дарга хуульд зааснаар боломжит арга хэмжээ авч, бусад төлөөлөгч нарт уламжилсныг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахуйц зөрчил гэж үзэхгүй, харилцаа холбооны албан бус хэрэгсэл ашигласны төлөө нэхэмжлэгчийг ажлаас халсан нь буруу гэж үзэж байна.

3.5. Нэхэмжлэгч С.Г******* нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг зөрчөөгүй тухайд:

Маргаан бүхий захиргааны актад Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.4-т заасныг үндэслэсэн нь буруу байхад анхан шатны шүүх хууль ёсны захиргааны акт гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Төрийн албан хаагчид энэ хуулийн 7.1-д заасан нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэхийн тулд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт заасан хориглолт, хязгаарлалтаас гадна дараах үйл ажиллагааг хориглоно" гэж хуульчилсан.

Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д зааснаар томилох эрх бүхий албан тушаалтан болох Хурлын дарга нь дүгнэлтэд үндэслэж, зөрчил гаргасан этгээдэд зөрчлийн шинж байдалд нийцүүлэн хуульд өөрөөр заагаагүй бол ёс зүйн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байхад ёс зүйн зөрчил, сахилгын зөрчлийг адилтган үзсэн хариуцагчийн үйлдлийг зөвтгөх боломжгүй юм.

Тодруулбал, хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хорооны шийдвэр дүгнэлт хэлбэртэй байна. Шийдвэрт хуралдааныг даргалагч, оролцсон гишүүд, нарийн бичгийн дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж хуульчилсан ба хариуцагч нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны хуралд оролцсон боловч тухайн хурлын дүгнэлт нь хүчин төгөлдөр болоогүй болохыг анхааралгүй маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар тухайн Ёс зүйн дэд хорооны дүгнэлтэд нарийн бичгийн дарга гарын үсэг зураагүй учраас анхнаасаа хүчин төгөлдөр болоогүй гэж үзэж байна. Энэхүү дүгнэлтийг нэхэмжлэгчид өнөөг хүртэл албан ёсоор гардуулж, танилцуулаагүй ба хүчин төгөлдөр болоогүй, эрх зүйн үр дагавар үүсгэхгүй дүгнэлтийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл хууль зүйн үндэслэлгүй байна.

3.6. Шүүх сахилгын зөрчил эсхүл ёс зүйн зөрчлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу тухайд:

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гэж энэ хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заасан. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д төрийн албан хаагчийн үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн 10 нийтлэг хэм хэмжээг тусгасан. Төрийн албан хаагчийн ёс зүйн 10 нийтлэг хэм хэмжээний хүрээнд тавигдах ёс зүйн нийтлэг шаардлагыг хуулийн 8 дугаар зүйлд тодорхойлохдоо 8.1 дэх хэсэгт нийтлэг үүрэг байдлаар, 8.2 дахь хэсэгт хориглолт байдлаар хуульчилжээ.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан 7 ёс зүйн нийтлэг шаардлага буюу үүрэгт, 8.2-т заасан 8 хориглолтын аль алинд албаны эрх мэдэл-тэй холбоотой зохицуулалт тусгагдаагүй байна. Тодруулбал, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан нийт 15 ёс зүйн нийтлэг шаардлагад албаны эрх мэдэл-тэй холбоотой хэм хэмжээ байхгүй буюу ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн хэмээн үзэх үндэслэлгүй юм.

Төрийн албан хаагчийн ямар үйлдэл, эс үйлдэхүй ёс зүйн зөрчил болохыг зөвхөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар тогтоох /хуулийн 2.1 дэх хэсэг/ ба Төрийн албаны тухай хууль болон бусад хуульд заасан хэм хэмжээг зөрчсөнийг ёс зүйн зөрчил гэж үзэхгүй. /Өөрөөр хэлбэл Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 5.1.2-т энэ хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн хэмээн тодорхой тусгажээ/

Албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэл нь сахилгын зөрчил үү, эсхүл ёс зүйн зөрчил үү гэдгийг тогтоогоогүй. Ёс зүйн зөрчлийн гол шинж нь тухайн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас төрийн албаны нэр хүнд иргэдийн өмнө буурсан, эсхүл төрөө дээдлэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан сөрөг үр дагавар үүсгэсэн байдаг. Гэтэл С.Г*******ийн явуулсан гэх 2 албан бичиг, төлөөлөгч нар хүргүүлсэн урилга нь иргэдэд хандаагүй, түүний улмаас төрийн албаны нэр хүндэд ямар нэгэн сөрөг үр дагавар үүсээгүй болно.

Гэтэл маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Ёс зүйн дэд хороо нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаар төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар уг хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх ёстой. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т Ёс зүйн зөрчлийг хянан шалгах ажиллагааны явцад тухайн асуудал нь гэмт хэргийн, зөрчлийн, сахилгын шинжтэй бол гомдол, мэдээллийг холбогдох материалын хамт зохих байгууллага, эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ гэж заасан. Тодруулбал, Ёс зүйн дэд хороо нь зөвхөн ёс зүйн асуудлаар ажиллах бөгөөд сахилгын шинжтэй бол гомдол, мэдээллийг баримтын хамт зохих байгууллага, эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх үүрэгтэй. Гэвч Ёс зүйн дэд хороо нь хуулиар олгоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлсэн байхад түүнийг үндэслэн албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзсэн хариуцагчийн үйлдлийг хууль бус гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2025/0067 дугаар шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1.“шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...2.Иргэн С.Г******* нь Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн С.Г*******ийг ажлаас халах тухай 03 дугаар захирамжийг хүчингүй болгож, С.Г*******ийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгэх гэж нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.

Харин шүүх хуралдаанд Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан, Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн С.Г*******ийг ажлаас халах тухай 03 дугаар захирамжийг хүчингүй болгож, С.Г*******ийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 21.821.694 төгрөгийг нөхөн олгож, энэ дүнгээс татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэх" гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон...” гэжээ.

Иргэн С.Г******* нь 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хариуцагчаар тодорхойлсон. /1-р хавтаст хэргийн 26-р хуудсанд авагдсан/ 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжид мөн адил иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хариуцагчаар татсан.

Харин нэхэмжлэлийн хувийг Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Э*******д гардуулсан байдаг. Шүүх хуралдаан дээр даргалагчийн зүгээс “...Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан хэргээ хэлэлцүүлэх бол итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулах, тайлбар авах зэрэг ажиллагаа хийхийн тулд шүүх хуралдааныг хойшлуулах шаардлагатай болно, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд хуралдаан үргэлжлэх боломжтой...” гэж хэлсэн.

Нэхэмжлэгч С.Г******* нь 4 сарын хугацаанд ажилгүй, цалин хөлсгүй амьдарч байсан, цаашид хэдий хугацаагаар ажилгүй байхаа мэдэхгүй байна гээд шүүгчийн саналыг хүлээн авч “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан хариуцагчаа тодорхойлж байна гэснээр шүүх хуралдаан үргэлжилсэн.

Дээр дурдсан нөхцөл байдлыг холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар үнэлэлт дүгнэлт хийлгэх шаардлагатай гэж үзэж байна.

4.2.Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... 1.7.Дээрх үйл баримтаас үзвэл С.Г******* нь албан тушаалын тодорхойлолтод заасан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэн, хуульд заасан журмын дагуу зохион байгуулагдах хурлыг ямар нэгэн шийдвэргүйгээр хуралдах нөхцлийг бүрдүүлж, сум, багийн Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиг үүргийг хэрэгжүүлэхдээ ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээс хэтрүүлж, мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын эрх хэмжээнд халдаж, түүнд хаяглагдсан төлөөлөгчдийн хүсэлтийг түүний ямар нэгэн шийдвэргүйгээр өөрөө дур мэдэн шийдвэрлэж, хурал зохион байгуулсан байна.

1.8.Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий таваас долоо хүртэл төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулна. Зөвлөлийг Хурлын дарга тэргүүлнэ, 52 дугаар зүйлийн 52.1-т Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 52.1.1-т тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах, 52.1.2-т тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, 52.1.7-т Хурлын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, 52.1.10-т тухайн Хурлыг дотоод, гадаадад төлөөлөхгэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрхийг хуульчилсан байхад энэ эрхэд халдаж, мөн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т албаны эрх мэдлээ хэтрүүлэх гэж төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байна... гэжээ.

Ээлжит бус хурал зарлан хуралдуулах тухай Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын МАН-аас сонгогдсон 10 гишүүний гарын үсэг бүхий албан бичиг, мөн Ардчилсан намаас сонгогдсон гишүүдийн гарын үсэг бүхий албан тоот ирсний дагуу 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хуралдаа ирж оролцох талаар гишүүдийн групп чатад урилга бичсэн.

Энэ талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга мэдэж байсан, тухайн хурал ирц хүрэлцэхгүй гэх шалтгааны улмаас хуралдаагүй. С.Г*******ийн хувьд ээлжит бус хуралдааныг дур мэдэн зарласан зүйл байхгүй, тийм эрх ч байхгүй. Гишүүдийн гарын үсэг бүхий албан бичгүүдэд ээлжит бус хурлын огноог цагтай нь бичсэн байсан. Өөрөөр хэлбэл дур мэдэн хурал зарлаагүй, холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэж байна.

Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 29 төлөөлөгчтэй байх ёстой, одоо 27 гишүүн байгаа. 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 10 гишүүний гарын үсэг бүхий албан бичиг ирсэн. Агуулга нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10:00 цагт ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах тухай.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан

46.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна

46.2. Иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн Хурлын ээлжит хуралдааныг улиралд нэг удаа хуралдуулна

46.3. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүйн саналаар, эсхүл Хурлын Зөвлөл, Хурлын даргын санаачилгаар хуралдуулна гэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл С.Г******* нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дур мэдэн зарласан зүйл байхгүй хуралдааныг хуралдуулах эрх бүхий этгээдүүдийн шийдвэрийг биелүүлсэн, харин ч хуралдаа ирж оролцох талаар гишүүдийн групп чатад урилга бичээгүй бол арга хэмжээ авагдах байсан гэж үзэж байна.

4.3.Шийдвэрийн Үндэслэх хэсэгт .. 1.10.Монгол Улсын Засar захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-т нутгийн өөрөө удирдах байгууллага гэж аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хэлэх бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичиг нь нутгийн өөрөө удирдах байгууллагын өмнөөс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад мэдэгдэхгүй бусад байгууллагад хандаж хүсэлт гаргах тухай, нөхөн сонгуулийн товын тухай”, мэдээлэл хүсэх тухай зэрэг агуулга бүхий албан бичгийг өөрөө төлөвлөж, албан бичиг буюу хэвлэмэл хуудсын ашиглан, гарын үсэг зурж баталгаажуулан явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаагаар мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7, 52.1.10-д тус тус заасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлсэн нь нэхэмжлэгч хууль бусаар албаны бүрэн эрхээ хэтрүүлэн дур зоргоор ажиллаж байсан нь тогтоогдож байна гэж үзлээ... гэжээ.

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/01 дугаар албан бичгээр Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандан нөхөн сонгууль явуулах, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахтай холбоотой асуудлаар зохих арга хэмжээ авахыг мэдэгдсэн байсан. Үүний дагуу Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 42 дугаар албан бичиг ирсэн. /энэ талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Э******* мэдэж байсан/

С.Г******* нь Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын хувиар өөрийн суманд үүссэн нөхцөл байдалтай холбоотой асуудлын талаар тайлбар ирүүлэхийг хүссэн агуулга бүхий 04/18 дугаар албан тоотыг Сонгуулийн ерөнхий хороо руу явуулсан.

Холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нь хэвлэмэл маягт, тамга тэмдэг хэрэглэх эрхтэй, С.Г******* нь хэн нэгэн албан тушаалтны өмнөөс гарын үсэг зураагүй, эрх зүйн үр дагавар бүхий тушаал шийдвэр биш харин мэдээлэл лавлагааны шинжтэй хүсэлт илгээсэн, бусдаас нуусан хаасан үйлдэл, эс үйлдэхүй байхгүй тул ажлаас халагдах зөрчил дутагдал гаргаагүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл С.Г******* нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлж маргаж буй 04/18 дугаар албан бичгийг Сонгуулийн ерөнхий хороо руу явуулсан.

Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүрмийн арван долдугаар зүйлийн 1-д хурлын нарийн бичгийн даргын гүйцэтгэх чиг үүргийг зааж өгсөн байдаг.

 1.4. бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгчдөд туслах

1.6. “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хурлын зөвлөлөөс Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг байгууллага, Засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүдтэй өдөр тутам шууд харилцах асуудлыг эрхлэх

1.8. Хууль тогтоомж, төр засгийн тогтоол шийдвэр, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавьж ажиллах

1.11. “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг түшихгэсэн байдаг, үүнээс харахад С.Г******* нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн болох нь харагддаг.

Албаны бүрэн эрхээ хэтрүүлэх нь эрүүгийн гэмт хэрэг тул хянан шалгаж тогтоодог байгууллага нь тусдаа байдаг. Өнөөдрийн байдлаар С.Г*******ийг гэмт хэрэг үйлдсэн, гэмт буруутай болохыг тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй.

4.4.С.Г*******ийг ажлаас халах тухай тушаал нь Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх ёс зүйн дэд хорооны 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлт, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.4-т заасныг үндэслэсэн байдаг.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан. Хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, олон нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэ хуулийн зорилт оршдог.

Харин аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хорооны үйл ажиллагааны журмаар байгуулагдсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн дагуу байгуулагдаагүй тул түүний гаргасан аливаа шийдвэр нь хууль бус, ямар нэгэн эрх зүйн үр дагавар бий болгохгүй.

Үүний тодорхой жишээ бол Төрийн албаны тухай хуулийн Аравдугаар бүлэг буюу “Ёс зүйн хэмжээ гэсэн хэсэг 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсон.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хорооны үйл ажиллагааны журмын 4.1.7.а-д зааснаар Ёс зүйн дэд хороо нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлыг хянан шийдвэрлэнэ гэсэн байдаг.

С.Г******* нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч биш, харин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, төрийн захиргааны албан тушаалтан тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх ёс зүйн дэд хорооны 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлт нь хууль бус, ямар нэгэн эрх зүйн үр дагавар бий болгохгүй гэж үзэж байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх ёс зүйн дэд хороо нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх эрхгүй. Энэ нь Монгол Улсын ёс зүйн хорооны 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн албан бичгээр тодорхойлогдоно. 4/89 тоотод Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх ёс зүйн дэд хороог Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1., 13.2 дахь хэсэгт заасны дагуу байгуулагдаагүй гэсэн.

Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүрмийн Арван хоёрдугаар зүйлийн 1-д төлөөлөгчийн ёс зүйн хороог нам, намаас сонгогдсон төлөөлөгчдийг оролцуулан 7-9 хүний бүрэлдэхүүнтэйгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас томилно гэснээс харахад ч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Ёс зүйн хороо нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ёс зүйн асуудлыг шалган тогтоох, хянан шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна. /гэрч нар анхан шатны шүүх хуралдаан дээр Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ёс зүйн хороо байдаг талаар хэлсэн/

Эдгээрийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүйн саналаар, эсхүл Хурлын Зөвлөл, Хурлын даргын санаачилгаар хуралдуулна”, 46.6-д “Анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна. Хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор төлөөлөгчдийн аль нэг нь удирдана”, 52 дугаар зүйлийн 52.1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

-52.1.1-д “тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах;

-52.1.4-т “эрх бүхий этгээдээс Хурлаар хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах;

-52.1.7-д “Хурлын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах” гэж зааснаас тус тус үзэхэд ээлжит бус хуралдааныг хуралдуулах саналыг нийт Төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь, санаачилгыг Хурлын зөвлөл, Хурлын дарга гаргах бөгөөд эдгээрийн аль ч тохиолдолд тухайн хуралдааныг товлон зарлах, бэлтгэл хангах эрх нь гагцхүү Хурлын даргад хадгалагдана.

Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 10 Төлөөлөгчөөс Хурлын дарга Ж.Э*******д хандаж гаргасан 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн “Ээлжит бус хуралдаан хуралдуулах тухай” 02 дугаар хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч Хурлын нарийн бичгийн дарга С.Г******* Төлөөлөгчдийн дундын групп чатанд мөн оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 08.25 цагт “…10.00 цагт хуралдаа хүрэлцэн ирэхийг урьж байна” гэж бичсэнийг албаны бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Хэдийгээр дээрх албан бичгээр 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 10.00 цагт ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулахыг Хурлын даргаас шаардсан байх боловч хуульд заасны дагуу Хурлын даргаас хуралдааныг товлон зарлаагүй байхад ийнхүү Төлөөлөгчдөд дур мэдэн зар түгээсэн төдийгүй хуралдааны бэлтгэл хангах ажлыг зохион байгуулсан нь,

-түүнчлэн дээрх хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.10-т заасан “тухайн Хурлыг дотоод, гадаадад төлөөлөх” Хурлын даргын бүрэн эрхэд халдаж, түүний зөвшөөрөлгүйгээр Хурлын өмнөөс Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Д****д хандаж 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 04/18 дугаар албан бичгийг хүргүүлсэн нь  тус тус хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдож байх тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн  дүгнэлт, тэмдэглэл гарсан эсэхээс үл хамааран нэхэмжлэгч С.Г*******ийг албаны бүрэн эрхээ хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас халсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцсэн төдийгүй энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

2.Тухайлбал Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн гуравдугаар хуралдааны тэмдэглэлээс үзэхэд уг хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний 8-д байсан “Нөхөн сонгуулийн тов тогтоох”-ыг Төлөөлөгчдийн олонхийн саналыг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гартал хойшлуулахаар шийдвэрлэсэн, харин уг хуралдаанд оролцсон нэхэмжлэгч С.Г*******өөс:

“…Та бүхэн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн явуулдаг талаар сургалтад суусан. Энэ асуудлаар одоо хүртэл шийдвэр гараагүй тул тогтоолыг хүчингүй болгох ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй. Тэгэхээр нөхөн сонгуулиар 2 чөлөөлөгдсөн төлөөлөгчийн орны төлөөлөгчийг сонгож нөхөх ёстой. Улсын төсөвт сонгуулийн зардлыг тусгаж, хуулийн дагуу товоо гаргах гээд ажиллаж байна… хуулийн хугацаанд товоо тогтоохгүй бол 1-рт сонгуулийн зардалгүй болно. 2-рт Цэцийн асуудал хэрхэн шийдвэрлэгдэхийг мэдэхгүй байгаа шүү дээ. Гэтэл сонгуулийн хууль хүчин төгөлдөр явж байгаа… хуулийн хугацаанд нөхөн сонгуулийн товыг тогтоох батлах учиртайг би төрийн албан хаагчийн хувиар Та бүхэнд танилцууллаа… сонгуулийн зардал мөнгөтэй холбоотой зардал суугдаж чадахгүй байх юм бол манай Хурал өөрсдөө л хариуцах болно шүү… одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиа баримтлах хэрэгтэй…” гэх зэргээр нөхөн сонгуулийн товыг Төлөөлөгчдөөр тогтоолгох саналыг удаа дараа гаргасан нь тусгагдсан байна.

Өөрөөр хэлбэл нөхөн сонгуулийн тов тогтоох эсэх талаар дээрх байдлаар зарчмын зөрүүтэй байр суурьтай байсан нэхэмжлэгч С.Г******* нь Хурлын нарийн бичгийн даргын хувьд нэр бүхий 10 гишүүнээс Хурал хуралдуулах санал гаргасантай холбоотойгоор Хурлын даргын аливаа шийдвэр, зөвшөөрөлгүйгээр ээлжит бус хурлыг ийнхүү зохион байгуулсныг хуулиар олгогдсон албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзнэ.

3.Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн “Хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай” 2025 оны 1/01 дугаар чиглэлийг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт хүргүүлэхдээ “…нөхөн сонгууль товлон зарласан тогтоол болон зохион байгуулах асуудлаар шууд холбогдох албан хаагчийн мэдээллийг 2025 оны 2 дугаар сарын 10-ны дотор ирүүлэх”-ийг шаардсан байх бөгөөд нэхэмжлэгчээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Э*******од хандаж дээрх Хурлаас гарсан шийдвэр буюу нөхөн сонгуулийн товыг хойшлуулахаар болсон талаар 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 04/17 дугаар албан бичгээр мэдэгдэж байсан атлаа Хурлын даргын эрх хэмжээнд халдаж, нэр бүхий Төлөөлөгчдөөс “товлосон” гэх нэрийдлээр хуулийн дагуу товлогдоогүй хурлын бэлтгэл ажиллагааг хангасан нь хууль бус үйлдэл юм. 

Энэхүү үндэслэл, дүгнэлтийг нотлох үйл баримт 1-р хавтаст хэргийн 222 дугаар талд авагдсан байгааг ч тэмдэглэх нь зүйтэй.

Учир нь Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий Төлөөлөгчдөөс 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 09/15 дугаар албан бичгээр Хурлын дарга Э.Э*******д хандаж ээлжит бус хуралдааныг мөн оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 09.00 цагт зарлан хуралдуулахыг шаардаж, 18-ны өдрийн дотор хурал товлосон шийдвэр гаргахыг хүссэн нь Хурлын Төлөөлөгчдөд хурал товлох эрх олгогдоогүйн нотолгоо юм.

4.Дээрхээс гадна нэхэмжлэгчийн дур зоргоор ажиллаж байсан үйлдлийн талаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1.4-т тодорхой дурдсан, үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд “…С.Г*******ийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн…” гэх боловч хуулийн уг заалт нь “Ажлын албаны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Хурлын нарийн бичгийн дарга тушаал гаргана” гэсэн зохицуулалт, түүнчлэн мөн зүйлийн 54.1 дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ажлын албатай байна”, 54.3 дахь хэсэгт “Ажлын албаны дарга нь тухайн Хурлын нарийн бичгийн дарга байх бөгөөд орон тооны байна” гэснээс үзэхэд ч Хурлын нарийн бичгийн дарга дур мэдэн Хурлыг төлөөлөх, тэр тусмаа нөхөн сонгууль товлох, явуулах эсэх талаар Төлөөлөгчид нэгдмэл байр суурьгүй, маргаантай байхад Хурлын даргын зөвшөөрөл, чиглэлгүйгээр Сонгуулийн ерөнхий хорооны даргад хандаж нөхөн сонгууль явуулахтай холбоотой мэргэжил, арга зүйн асуудлаар бус харин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн гуравдугаар хуралдаанаас нөхөн сонгууль товлохыг хойшлуулахаар шийдвэрлэсний үр дагаврын талаар, Номт, Баянхошуу багийн оршин суугчдийн төлөөлөл хэрэгжихгүй, эрх нь хангагдахгүй байгаа талаар, Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн нь орон нутгийн нөхөн сонгуулийн тов тогтоох асуудлыг гацаах үндэслэл болох эсэх, нөхөн сонгуулийн товыг хугацаанд нь товлоогүйгээс үүдэж ямар үр дагавар үүсэх талаар хариу хүссэн нь Хурлын нарийн бичгийн даргын эрх, чиг үүргээс давсан, эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэх хангалтай үндэслэл болно.

5.Маргаан бүхий захирамжийн нэг үндэслэл нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлт, мөн өдрийн тэмдэглэл.

Гэвч Монгол Улсын Ёс зүйн хорооны Ажлын албаны даргын гарын үсэг бүхий нэхэмжлэгч С.Г*******т хүргүүлсэн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 4/89 дүгээр албан бичигт “…Дээрх Ёс зүйн хороо нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсэгт заасны дагуу байгуулагдаагүй…;

-мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд энэ талаар болон “…хуулийн хүчин төгөлдөр болоогүй Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийн талаар шүүх дүгнэлт хийгээгүй…” гэх боловч 4 гишүүнтэй Ёс зүйн дэд хороог уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Ёс зүйн дэд хороо нь байгууллагын албан хаагчийн тооноос хамааран 3-7 гишүүнтэй байх бөгөөд гишүүд дотроосоо даргаа сонгоно”, 13.2-т “Нийт албан хаагчдын олонхын дэмжлэг авсан хүнийг Ёс зүйн дэд хорооны гишүүнээр таван жилийн хугацаагаар сонгоно” гэснийг хэрхэн зөрчиж байгуулсан болох нь тодорхойгүй, түүнчлэн 10 дугаар зүйлийн 10.5-д “…Ёс зүйн дэд хорооны шийдвэр дүгнэлт хэлбэртэй байна. Шийдвэрт хуралдааныг даргалагч, оролцсон гишүүд, нарийн бичгийн дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан боловч дүгнэлтэд Ёс зүйн дэд хорооны дарга, 2 гишүүн гарын үсэг зурсан, тэмдэглэлийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны Хууль, эрх зүй, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга А.Б**** хөтөлсөн байгаагаас үзэхэд Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг процессын хувьд хууль бус гэж үзэхээргүй байна.

6.Харин шийдвэрийн Үндэслэл хэсгийн 1.15-д “…нэхэмжлэгчээс өөрийн хууль бус үйлдлээ үндэслэлгүй зөвтгөн тайлбарлаж байгаа…” гэсэн нь маргааны үйл баримтаас хальсан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэнтэй төдийлөн нийцэхгүй боловч энэ нь нэгэнт тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэх, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үр дагаварт хүргэхгүй.

7.Шүүгчийн 2025 оны 190 дүгээр захирамжаар анх С.Г*******ийн гаргасан нэхэмжлэлээр Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулж захиргааны хэрэг үүсгэсэн, Хурлын дарга Ж.Э******* нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариу тайлбарыг бичгээр гаргасан төдийгүй анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцсон, түүнчлэн маргаан бүхий актыг Хурлаас бус харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.6-д заасан “Хурлын нарийн бичгийн даргыг томилж, чөлөөлөх” бүрэн эрхийн хүрээнд Хурлын дарга гаргасан байх тул нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны явцад хариуцагчийг “Хурлын дарга” гэж тодруулсантай холбогдуулан энэ хүрээнд маргааныг хянан шийдвэрлэснийг процессын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2025/0067 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, өмгөөлөгч Ц.Г******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БААТАРХҮҮ

                  ШҮҮГЧ                                             М.ЦЭЦЭГМАА

                  ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН