Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0229

 

 

                                              

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Ө                                                                             

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга нарын хооронд үүссэн газрын зөрчил арилгаж, газар чөлөөлүүлэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа, нэхэмжлэгч Д.Ө , түүний өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М /цахимаар/ нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/250 дугаар захирамжийн иргэн В.М, У.Ц, Г.Ө, Ю.М, Я.Лх, Г.Б, Б.Мг, М.Ө, Ж.М, Х.Ид, Ш.О, Б.Ч, Б.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нийслэлийн Засаг дарга 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/250 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 17 байршилд газрын зөрчил арилгах арга хэмжээ авах тухай захирамж гаргасан.

2.2. Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны иргэн Д.Ө  нь Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, Нийслэлийн Засаг дарга нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 07/3600[1] дугаар албан бичгээр иргэн Д.Ө д хариу өгсөн.

2.3. Дээрх албан бичигт “...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Иймд дээрх гаражнууд нь нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй байрлаж байгаа тул гомдлыг хүлээн авах боломжгүй байна.” гэж тусгажээ.

2.4. Нэхэмжлэгч нарын зүгээс маргахдаа “... гараж, контейнер, түргэн үйлчилгээний цэг байгаа тус газрыг 1990 оноос хойш гараж болгон эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн тээвэрлэлт, үйлчилгээний төв, цагдаагийн хэлтэс зэрэг төрийн байгууллагуудтай гэрээ байгуулан холбогдох төлбөр хураамжийг төлж ашиглаж байсан тул Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар чөлөөлүүлэх шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж, захиргааны актыг гаргахдаа эрх нь зөрчигдсөн иргэдтэй уулзаж, сонсгох ажиллагаа хийх, оролцоог хангах, захиргааны актыг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, иргэдийг хатуу хөл хорионы үед байх хойгуур хууль бус шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, гаражуудыг буулгасан тохиолдолд үүсэх үр дагаврыг бидэнтэй ярилцаагүй, бидний ажлын байрыг шийдвэрлэж өгөөгүй байж ийм шийдвэр гаргасанд гомдолтой ...” гэх агуулгаар маргаж байна.

2.5. Хариуцагчийн зүгээс “... нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасныг зөрчсөн тул Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/250 дугаар захирамжийн дагуу газрын зөрчил арилгах арга хэмжээг захиргааны байгууллагын зүгээс хэрэгжүүлсэн ба Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн Засаг дарга нь хуулийн хэрэгжилтийг хангуулж, зөрчил арилгах эрх хэмжээний хүрээнд захиргааны актыг гаргасан ...” гэж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... А/250 дугаар захирамжийг гаргахдаа ямар нэг байдлаар мэдэгдээгүй. Ковид-19 вируст халдвар Монгол Улсад гарсан үеэр тухайн шийдвэрийг гаргасан бөгөөд тухайн захирамжийг хүлээн авч гарын үсэг зурж авсан зүйл байдаггүй. Гэнэтийн шийдвэр гаргасан учир нэхэмжлэл гаргасан. ... Ажлын байр олноороо нурсан, үүний ард олон хүний эрх ашиг зөрчигдөж, хохирсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүний улмаас хохирсон бол ийм зүйл яриад сууж байхгүй байх.” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1-р хорооллын байрнууд автомашины зогсоолын асуудалтай. 1990-ээд оноос хойш тухайн байрны оршин суугчид холбогдох удирдлагуудтай зөвшилцсөний үндсэн дээр гараж маягаар барьж түүнийг эзэмшсэн байдаг. Зарим хүмүүс хууль ёсны эзэмшил гэж үзэж худалдаж авсан байдаг. Газрын төлбөрийг төлж байсан. Тухайн дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтэстэй байгуулсан гэрээ, татварын албанд газрын төлбөрийг төлж байсан мөн Газар зохион байгуулалтын албанд өргөдөл гаргаж, цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаж байсан гэрээ зэрэг асуудлууд тодорхой байдаг.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр А/250 дугаар шийдвэрийг гаргасан. Энэ нь хөл хорионы үеэр гарсан шийдвэр юм. Энэ шийдвэр гарах гэж байгаа мөн гарсан талаар, тухайн гаражийн хууль ёсны эзэмшигч болон өмчлөгч нарын эрх ашиг зөрчигдөхөөр байхад ямар нэг байдлаар сонсох ажиллагаа явуулаагүй. 2021 оны 09 дүгээр сард тухайн захирамж гарсныг мэдэж холбогдох гомдлыг дээд шатны байгууллагад гаргасан ч хүлээж аваагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэл гаргасан этгээдүүдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ... Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлд газрыг эзэмшиж, ашиглаж байгаа бол газрын төлбөрийг төлнө гэж заасан байдаг. Гараж эзэмшиж байгаа хүмүүс газрын төлбөрийг төлөөд түүнийг татварын албан хүлээж авдаг. Үүгээр танай талаас төлбөрийг авч байгаа учир нэхэмжлэгчдийн газар эзэмшиж байгааг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд эрх зүйн харилцаа үүссэн. Гэтэл танай талаас гэрчилгээ аваагүй учраас эрх хууль ёсны эрх ашиг хөндөгдөхгүй гэдэг байдлаар газар эзэмших эрхийг хүчингүй болгоно гэж байгаа нь үндэслэлгүй юм. 1990 онд Газрын тухай хууль байхгүй байсан. Хууль гарахаас өмнө иргэд газраа ашиглаад, төлбөрөө төлж явсан. Мөн гарах үр дагаврыг бодолцоогүй. Сонсох ажиллагааны хувьд хэвлэл мэдээллээр сонсох ажиллагаа явуулсан гэдэг ч энэ талаарх нотлох баримт байхгүй байна. Сонсох ажиллагааг хийгдээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй юм. Гаргасан хүсэлтийг хүлээж авсан бол ямар нэг маргаан үүсгэхгүй зохицуулах боломж байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.” гэжээ.

3.3.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  З.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргаан бүхий захиргааны акт бол тогтоол биш зөрчил арилгах тухай Нийслэлийн засаг даргын захирамж юм. Эрх хэмжээнийхээ хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу газрын зөрчил арилгах тухай захирамж болно.

Энэ нь хэн нэгэн этгээд рүү чиглэсэн биш газар эзэмших эрхгүй этгээд мөн эрхтэй этгээдүүд газраа зохих журмын дагуу ашиглаагүй бөгөөд зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд болон Дүүргийн Засаг дарга нарт чиглэсэн захирамж юм. Нийслэл хот дахь газрын зөрчил маргааныг арилгах захиргааны акт юм. Энэ нь иргэн Д.Ө д шууд чиглэсэн шинжгүй харьяа хэлтэс албанд даалгаж гаргасан захиргааны акт. Иймээс иргэн Д.Ө д шууд чиглэсэн үйлчлэлтэй захиргааны акт биш тул энэ талаар заавал мэдэгдэх албагүй.

Ямар үндэслэлээр мэдэгдэх ёстой юм бэ гэдэгт тайлбар өгөх нь зүйтэй байх. Д.Ө  нь Газрын тухай хуульд заасны дагуу зохих хүсэлтээ гаргаад, тухайн газрыг эзэмшиж ашиглаж байсан бол гаражнаас үүдэлтэй нэхэмжлэгчийн эрх хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзнэ. Төрийн захиргааны байгууллага маргаан бүхий газар буюу Д.Ө ы газар дээр засаг дарга Д.Ө д холбогдуулан шийдвэр гаргаж, түүнийг нь үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдож Нийслэлийн газрын албаны мэдээллийн санд бүртгэгдсэн бол тухайн мэдээллийн санд бүртгэгдсэн хаягаар мэдэгдэл явуулдаг.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан үндэслэлийг зөрчиж байсан учир маргаан бүхий захиргааны актыг гаргаж Улаанбаатар хот дахь газрын зөрчлийг арилгах нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлсэн. А/250 дугаар захирамж нь газар эзэмшихтэй холбоотойгоор иргэн Д.Ө ы эрх хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

... Нэхэмжлэгч талын тайлбараас маргаан бүхий захиргааны актын талаар хангалттай няцаасан тайлбар өгч чадахгүй дан ганц сонсох ажиллагаа явуулаагүй гэдэгт тайлбар хийж байгаа нь хангалтгүй юм. Нийслэлийн Засаг даргын А/250 дугаартай захирамжийн хүрээнд Улаанбаатар хот дахь 9 дүүргийн холбогдох алба, нэгж, хэлтсүүд энэ захирамжийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан. Бүртгэлгүй газар эзэмшигч нарын гараж, хашаатай холбоотой зөрчлүүдийг арилгахаар газар дээр нь очиж хээрийн судалгаа хийдэг. Хээрийн судалгааг хийсний үндсэн дээр хавсралт дээр байгаа байршлууд гарч ирдэг. Нөхцөл байдлыг тогтоож, шаардах хуудас наасан. Шаардах хуудсаар зөрчлийг өөрөө арилгах үгүй бол эсвэл төр зөрчлийг арилгах талаар мэдэгддэг. Үүний дагуу иргэн, аж ахуй нэгжүүд өөрсдөө газрыг чөлөөлөөгүй. Ийм учраас албадан чөлөөлөх буюу газрыг чөлөөлөх ажиллагаа явагдсан. Газар дээр дүүргийн газар зохион байгуулагч нар биечилж ажилласан. Хэвлэл мэдээллээр цацсан баримтыг олон нийтэд илэрхий зүйл гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. Нийтийн эрх ашиг сонирхлын үндсэн дээр ногоон байгууламж барих нийслэл дэх газрын хомсдолыг арилгах зорилгоор зохих зөвшөөрөлгүй газар эзэмшиж байгаа зөрчлийг арилгах үндсэн бодлогын хүрээнд Нийслэлийн Засаг даргаас гарсан захирамжийг үндэслэн газар чөлөөлөх ажлыг явуулж байна. Сонсох ажиллагааны хувьд нийтэд илэрхий байдлаар хийсэн гэж үзнэ. Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ногоон байгууламж, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар талбайг бий болгох үндсэн зорилготой маргаан бүхий захиргааны актын үндсэн зорилго нь юунд оршиж байгааг шүүх харгалзаж үзээсэй гэж хүсэж байна.

... Газрын төлбөр төлөөд явж байсан гэж байна. 1990 онд ч Газрын тухай хууль байсан. Гаражинд цагаан гэрчилгээ гаргаж байсан. тухай хууль 2002 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. 20 жилийн дараа Газрын тухай хуулийг мэдээгүйгээс болоод газар эзэмших эрхийн гэрчилгээ авч чадаагүй гэдэг тайлбар хуульд нийцэхгүй юм. Хуулийг мэдэхгүй байгаа нь өөрийгөө зөвтгөх үндэслэл болохгүй юм.

Газрын төлбөрийг тухайн иргэн газрыг ашиглаж, өөрт ашигтайгаар үр ашгийг нь хүртэж байгаа учраас тодорхой хэмжээний төлбөрийг төлдөг бөгөөд хууль ёсоор газрыг эзэмших эрхтэй гэсэн утга агуулга биш. Маргаан бүхий захиргааны акт дээр Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5-г дурдсан байдаг. Үүний зарчим нь газар нь төрийн өмч байна, хувийн өмчид шилжихээс бусад тохиолдолд газар нь төрийн өмч байна. Төрийн өмчид төр өөрөө хяналт тавьдаг. Хяналт тавихдаа иргэн аж ахуй нэгж газрыг зохих зөвшөөрлийн дагуу эзэмшиж, ашиглаж байгаа эсэх. Хэрэв эзэмшиж, ашиглаж байгаа бол зориулалтын дагуу ашиглаж байгааг шалгадаг. Хэрэв хууль хууль ёсоор эзэмшиж ашиглаагүй бол тухайн газар дээр ямар үйл ажиллагаа явуулж байгаа эсэхээс хамаарч тухайн иргэний зөрчлийг арилгуулах, хяналт тавих үндсэн чиг үүрэг, эрхтэй. Тухайн эрх үүргийнхээ хүрээнд маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Маргаан бүхий захиргааны акт дээр 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг дурсан. 27.4-д хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Төрийн захиргааны байгууллага үндсэн эрхийнхээ хүрээнд хяналт тавьсан, үүгээр Д.Ө , нэхэмжлэлд дурдагдсан гаражнууд газрын зөрчил буюу газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байж таарсан. Энэ нь суурин судалгаа, нөхцөл байдлыг тогтоох маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнөх үе шат юм.

Нэхэмжлэгч ямар нэг байдлаар газар эзэмших эрхгүй байгаа нь нотлох баримт шинжлэн судлахад тогтоогдсон. Тухайн газар дээр зохих зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж буюу гарж барьсан байдаг. Гаражийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ мөн байдаггүй. Өнөөдөр нэхэмжлэгч Д.Ө ы хууль ёсны эрх ашиг яаж хөндөгдөж байгааг харах зүйтэй. Аливаа эрхийн гэрчилгээгүй, гараж өөрийнх нь мөн эсэх нь эцсийн байдлаар тогтоогдоогүй. Магадгүй Д.Ө  дүүгийнхээ гаражийг миний гараж гээд сууж байх магадлалтай. Худалдаж авсан гэрээгээр аль гаражийг яаж худалдаж авсан нь тодорхой биш байдаг.

Мөн өнөөдрийн тухайд хууль ёсны эрх ашиг нь маргаан бүхий захиргааны актад хөндөгдөж, гаражийг буулгасны улмаас хохирол нэхэмжлээгүй. Үйл баримтыг урьдчилж таамаглаад байна. Маргаан бүхий актыг хүчингүй болгож өгнө үү гэдэг бөгөөд үүний үндэслэл нь сонсох ажиллагаа хийгдээгүй гэдэг. Мөн нэхэмжлэгч тал маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлтэй огт маргаагүй. Үүнээс үзэхэд маргаан бүхий захиргааны акт холбогдох хууль тогтоомжийг зөрчиж гараагүй. Нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрсөн, гарах үр дагавраас айж нэхэмжлэл гаргасан гэдэг. Энэ нь маргаан бүхий захиргааны актын хүчингүй болгох үндэслэл биш юм. Маргаан бүхий 2021 оны А/250 дугаар захирамжийг нийтийн эрх ашгийн төлөө гаргасан агуулга бүхий зорилгодоо нийцсэн захирамж юм.”  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд мөн зүйлийн 20.2.2 дахь заалтад “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах;” гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж тус тус заажээ.

2. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд нийслэл, дүүргийн Засаг дарга нь тухайн нутаг дэвсгэрийнхээ хүрээнд газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргах эрх хэмжээтэй гэж үзэхээс гадна Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмшигч нь газрыг зөвхөн хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ, гэрээний үндсэн дээр эзэмшихээр зохицуулжээ.

3. Өөрөөр хэлбэл, аливаа газар эзэмших эрхийг хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр гэрчилгээ авч эзэмшсэнээр тухайн этгээдийн газар эзэмших эрх хууль ёсны шинжийг хангана.

4. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь маргаж буй А/250 дугаар захирамжийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан байх бөгөөд тус захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны иргэдийн зөрчлийг арилгаж, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 20 дугаар зүйлийн 20.2.2, 23 дугаар зүйлийн 23.3.5, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтуудыг үндэслэжээ.

5. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших гараж зэрэг байгууламжийг эзэмшдэг гэх В.М, У.Ц, Г.Ө, Ю.М, Я.Лх, Г.Б, Б.Мг, М.Ө, Ж.М, Х.Ид, Ш.О, Б.Ч, Б.Д нар нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр газар эзэмшиж, ашиглаж байсан зөрчил гаргасан гэж үзжээ.

6. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нар нь худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрээ, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг хураах, тээвэрлэх гэрээ, барьцаат зээлийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, гараж худалдах, худалдан авах гэрээ[2] зэргийг нотлох баримтаар хавсаргаж өгсөн хэдий боловч газар эзэмших хууль ёсны эрхийг нотлох газар эзэмшүүлэх эрхийн гэрээ, гэрчилгээгүй болох нь тогтоогдож байна.

7. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг “газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, газрыг зөвшөөрөлгүй эзэмшиж, ашиглаж байсан” гэж тайлбарласан нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

8. Ковид-19 цар тахлын улмаас хатуу хөл хориотой үед сонсгох ажиллагаа хийлгүйгээр захиргааны актыг гаргасан тухайд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.” гэж заасны дагуу Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/137 дугаар захирамжаар[3] газар албадан чөлөөлөх тухай мэдэгдлийг өгчээ.

9. Мөн Нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.” гэж заасныг хэрэгжүүлж маргаан бүхий А/250 дугаар захирамжийг гаргасныг сонсгох ажиллагаа хийлгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн гэж буруутгах үндэслэлгүй байна гэж үзлээ.

10. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсгүүдэд заасан чиг үүргийг холбогдох Засаг даргаас хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэгт зааснаар газрыг эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр эзэмшсэн байх явдал бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй гэх баримт нэгэнт тогтоогдоогүй гэдгийг дурдах нь зүйтэй.

11. Дээрх нөхцөл байдлууд тогтоогдсон тул шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэлсэн “... Дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 цар тахлын үед шийдвэрийг гаргасан бөгөө уг захирамжийг хүлээн аваагүй, гэнэтийн шийдвэр гаргасан...” гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн авах боломжгүй.

12. Мөн нэхэмжлэгч нарын анх 1990 оноос эхлэн газрын ашиглаж, үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал 2020 оны 01 дүгээр сараас гарч, хатуу хөл хорионы үед байсан гэх боловч дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргын зүгээс мэдэгдлийг удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлж байсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзвэл энэ үйл баримтыг нийтэд илэрхий, мэдэх боломжтой үйл баримт гэж үзэх боломжтой байна.

13. Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Нийслэлийн Засаг даргын А/250 дугаартай захирамжийн хүрээнд Улаанбаатар хот дахь 9 дүүргийн холбогдох алба, нэгж, хэлтсүүд энэ захирамжийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан. Бүртгэлгүй газар эзэмшигч нарын гараж, хашаатай холбоотой зөрчлүүдийг арилгахаар газар дээр нь очиж хээрийн судалгаа хийдэг. Хээрийн судалгааг хийсний үндсэн дээр хавсралт дээр байгаа байршлууд гарч ирдэг. Нөхцөл байдлыг тогтоож, шаардах хуудас наасан. Шаардах хуудсаар зөрчлийг өөрөө арилгах үгүй бол эсвэл төр зөрчлийг арилгах талаар мэдэгддэг. Үүний дагуу иргэн, аж ахуй нэгжүүд өөрсдөө газрыг чөлөөлөөгүй. Ийм учраас албадан чөлөөлөх буюу газрыг чөлөөлөх ажиллагаа явагдсан.” гэх агуулгатай тайлбар үндэслэлтэй байна.

14. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... Хариуцагч нь газрыг албадан чөлөөлснөөс нэхэмжлэгч нарт үүсэх үр дагаврыг шийдэж өгөөгүй, тиймээс үүнийг шийдэж өгөхийг хүссэн боловч хариу өгдөггүй ...” гэх агуулга бүхий тайлбарыг хэлсэн бөгөөд газрыг албадан чөлөөлснөөс нэхэмжлэгч нарт үүсэх үр дагаврыг шийдвэрлэхийг хүсэж өргөдөл гаргах, түүнийгээ шийдвэрлүүлэх эрхийг болон газрыг албадан чөлөөлсний улмаас нэхэмжлэгч нарт гэм хор учирсан тохиолдолд түүнийг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 20.2.2 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Ө ы гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/250 дугаар захирамжийн иргэн В.М, У.Ц, Г.Ө, Ю.М, Я.Лх, Г.Б, Б.Мг, М.Ө, Ж.М, Х.Ид, Ш.О, Б.Ч, Б.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 4 дэх тал

[2] 1Хх 12-85 дахь тал

[3] 1Хх 151 дэх тал