Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2020/00698

 

 

 

 

 

 

 

   2020          03             03                                           184/ШШ2020/00698

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, дугаар хороо,  байр, тоотод оршин байх, Б ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, өөрийн байранд оршин байх, К ХХК/рд:5050626/-д холбогдох

 

Бетон зуурмаг худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 126,771,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.    

 

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б ХХКнь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “К К” ХХК-тай бетон зуурмаг худалдах-худалдан авах гэрээ байгуулж 232,000,000 төгрөгийн зуурмаг авахаар тохиролцсон. Тухайн зуурмагийн төлбөрт захиалагч талын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар пропертиз ХХК-тай байгуулсан 15/00162 тоот гэрээний дагуу худалдан авсан Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Икс апартмент хотхоны Д блок 1 давхар 1А тоот хаяганд байрлах 116 м.кв талбайтай үйлчилгээний талбайг 1 м.кв-ийн үнийг 2,000,000 төгрөгөөр тооцож “К К” ХХК-ийн захирал Д.Уранчимэгийн нэр дээр шилжүүлсэн. Гэрээ байгуулснаас хойш “К К” ХХК нь гэрээнд заасан бетон зуурмагийг нийлүүлэх боломжгүй болсноор тухайн зуурмагийн үнийг манай байгууллагад төлөхөөр болж 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 14 удаагийн гүйлгээгээр 105,229,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үлдэх 126,771,000 төгрөгийг ямар нэг шалтгаангүйгээр өнөөдрийг төлөөгүй байна. Төлбөр төлөхгүй байгаа шалтгаанаа бизнесийн үйл ажиллагаа доголдолтой бусад газруудад бетон зуурмаг нийлүүлсэн ч мөнгөө авч чадахгүй байна гэх тайлбарыг өгсөөр өнөөдрийг хүрээд байна. Иймд худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 126,771,000 төгрөгийг хариуцагч “К К” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлээ дэмжиж байна. Бид бетон зуурмагийн төлбөрийн үлдэгдэл 126,771,000 төгрөгийг нэхэмжилж байгаа.  К ХХК нь манай компанитай байгуулсан гэрээний дагуу Эрдэнэзам ХХК-ний хурдны замын төслийн талбайд 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд 232,000,000 төгрөгийн бетон зуурмагийг бэлтгэн нийлүүлэх үүрэг хүлээсэн. Төлбөрт хариуцагч компанийн захирал Д.У нэр дээр манай компани өөрийн өмчлөлийн 274,000,000  төгрөгийн үнэлгээ бүхий 116 м.кв байрыг 1 м.кв-ийн үнийг 2,0 сая төгрөгөөр тооцон нийт 232,000,000 төгрөгөөр бодож түүний өмчлөлд шилжүүлэн өгсөн. Хариуцагч тал гэрээний дагуу бетон зуурмаг нийлүүлж байхдаа цемент авах мөнгө хүрэхгүй байна,  зуурмагаа нийлүүлж чадахгүй болох гээд байна гэж хүсэлт тавьсны дагуу манай компани Э ХХК-иас зуурмагийн төлбөрт орж ирж байгаа мөнгөний 70 хувийг манай компанид шилжүүлж байхаар тохирсон боловч мөнгө шилжүүлэх болгондоо гэрээний үүргээ зөрчиж байсан. 300 орчим кум.м зуурмаг захиалсан хугацаандаа ирэхгүй байх үйлдэл удаа удаа дараа гарч байсан.

2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 03-ний өдрийг хүртэл гэрээний хугацаанд 231,297,000 төгрөгийг бетон зуурмаг нийлүүлж, төлбөрийг бүрэн авсан байгаа. Үүний 70 хувь 161,907,900 төгрөгийг манай компанид өгөхөөр байсан боловч манайд 105,229,000 төгрөг шилжүүлсэн байдаг. 70 хувийн төлбөрөөс 54,000,000 төгрөг дутуу шилжүүлсэн.

Гэрээний хугацаа 2018 оны 6 дугаар сарын 20-ноос 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл байгуулсан. Үнэхээр тэр хугацаандаа багтаад гэрээний үүргээ биелүүлээд явах боломжтой.  Гэтэл 2 жил дамнан зуурмаг нийлүүлэх боломжтой гэсэн зүйл яриад ийм зүйл ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Бид зуурмаг нийлүүлэх талаар ярьсан. Манай компани зуурмаг нийлүүлэхэд ямар нэгэн үүрэг хүлээгээгүй.

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүйтний улирал эхэлж барилгын ажил зогсож Эрдэнэзам ХХК-ийн барилгын ажил бүрэн зогссон. Ингээд тооцоо нийлье, төлбөрөө төлөх талаар хэлж яриад 2 удаа боломж олгоод байхад шийдэж чадаагүй байж ийм зүйл яриад байгаа нь утгагүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 232,000,000 төгрөгийн зуурмагийг нийлүүлэхдээ Б ХХКнь “К К” ХХК-иас ямар нэгэн нэмэлт төлбөр авахгүй байсан ч зуурмаг хийх цементгүй болсон зэрэг тухайн зуурмагийг өөрийн хөрөнгөөр нийлүүлэх боломжгүй байсан гэдэг нь нотлогдож байна. Гэрээний дагуу 232,000,000 төгрөгийн зуурмагийг 100 хувь нийлүүлэх үүрэгтэй байсан ч манайх нэмж бетон зуурмагийн төлбөрийг төлсөн. Төлбөрөө төлөхгүй ажил олж өгвөл төлбөрөө төлнө гэхээр нь 2019 оны 5 сард А ОХХК-д бетон зуурмаг нийлүүлэх ажил олж өгсөн боловч мөнгөө өгөөгүй. Ажлын хөлсөнд А О ХХК-иас авах үлдэгдэл төлбөрт 2 өрөө 47 м.кв талбай бүхий орон сууц байгаагаа шилжүүлээд өгчих гэхэд үнийн дүн дээр зөрүү гарсан учир бид шилжүүлж авч чадаагүй. К КХХК-д тооцоогоо нийлээд шийдвэрлэж өгөхийг хүссэн ч тооцоо нийлээгүй. 2,736,000 төгрөгийн тухайд энэ мөнгө энэ гэрээтэй хамааралгүй, зуучлалын гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө байгаа. Энэ талаараа хариуцагч тал ч тайлбар дээрээ бичсэн байдаг.

Иймд зуурмагийн төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Талуудын хооронд Иргэний хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Биет болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлнэ гэсний дагуу нэхэмжлэгч тал төлбөрт орон сууц шилжүүлэн өгч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т заасан үүргээ биелүүлсэн. Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т заасны дагуу үлдэгдэл төлбөр 126,771,000 төгрөгийг манайд төлөх үүрэгтэй, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-т зааснаар үүргээ гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн, үүргээ биелүүлээгүй тул хариуцагч компаниас 126,771,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч К К ХХК-ийг төлөөлөн захирал Д.У шүүхэд гаргасан тайлбартаа: Б ХХК-ийн төлөөлөгч Э.Х нь 2018 онд манай компанийн технологич Б.Болор-Эрдэнээр дамжин танилцаж өөрийгөө “Э Зам” ХХК-ийн өмгөөлөгч хийдэг. Танай компаниас зуучлалын 10 хувийн төлбөртэй 450 маркийн бетон зуурмаг м3-ийг нь 160,000 төгрөгөөр зуучлалын 10 хувиа хасаад 144,000 төгрөг манай компанийн борлуулалтын үнэ НӨАТ ороогүй 168,200 төгрөгөөр 600 м3 “Э З” ХХК-д нийлүүлэх санал тавьсан. Санхүүгийн хямралтай надад алдагдалтай хэдий ч эргэлтэнд орох үүднээс саналыг зөвшөөрч 2018 оны 5 дугаар сарын 01-нд 03/18 тоот гэрээг надаар баталгаажуулан захирлаараа баталгаажуулаад буцааж өгнө гэж авч яваад өгөөгүй бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 09-нд ажилтан Б.Болор-Эрдэнээр нэхүүлэн зургийг нь Viber-аар дамжуулан авсан. 2018 оны 5 дугаар сарын 01-ээс 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл “Э З” ХХК-ийн захиалгын дагуу 450 маркийн бетон зуурмаг 549 м3 нийлүүлж дууссан бөгөөд зуучлалын 10 хувийн төлбөрийг ч мөн адил өгч дууссан. Дараа нь Э.Х нь Б.Б-Э-ээр дамжин дахиж холбогдоод багсармал гэх тусгай зориулалтын зуурмагны 380 м3 ажил байна. Өмнө нь танайхаас алдагдалтай үнээр зуурмаг авсан учраас одоо ашигтай санал тавья гэж холбогдсон. Энэ саналын гол нь багсармал зуурмаг энэ багсармал зуурмаг нь өртөг өндөртэй, хүнд даацын маш өтгөн бетон зуурмаг бөгөөд үйлдвэрээр зуурахад үйлдвэртээ мотор эвдрэх эрсдэл өндөртэй бетон зуурмаг бөгөөд үнэхээр л дараа нь үйлдвэрийн мотор эвдэрсэн. 380 м3-ийг үйлдвэрлээд өгвөл дараа нь 3,000 м3 бетон зуурмагийн ажлын гэрээ хийлгэж өгнө цаана нь дахиад ч танайд өгүүлэх ажил байна гэхээс гадна Э.Х өөрт нь байгаа Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Икс аппартмент хотхоны Д блок 1 давхар 1 А тоот хаягт байрлах 116 м2 үйлчилгээний талбайг манайд шилжүүлэн өгье харин төлбөрийг “Э З” ХХК-иас бетон зуурмагийн ажлын төлбөрт орж ирсэн мөнгөнөөс 70 хувийг нь үйлчилгээний талбайн төлбөрт авч байх санал тавьсан. Дараа дараагийн оруулж ирэх ажлыг нь бодоод энэ саналыг хүлээн авч гэрээ надаар баталгаажуулан захирлаараа баталгаажуулан буцааж өгнө гэж авч яваад өгөөгүй бөгөөд 2019 оны 8 дуаар сарын 09-нд ажилтан Б.Б-Э-ээр яриулан зургийг нь Viber-аар дамжуулан авсан. Дараа нь үйлчилгээний талбайг шилжүүлэн өгөхдөө үйлчилгээний талбайг шилжүүлж өгч байгаа нь эгчийн компани учраас мөн үл хөдлөхөд өгөхөд хэрэгтэй гэх үүднээс гэрээ хийнэ гэхээр нь гарын үсэг зурж баталгаажуулан надад мөн адил нэг хувь нь үлдээгүй үйлчилгээний талбайг шилжүүлэн авсан. 2018 оны 8 дугаар сарын 17-ноос 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал “Э з” ХХК-ийн захиалгын дагуу багсармал зуурмаг 409 м3 153,000 төгрөг нийт 62,577,000 төгрөгөөр гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэж дуусгасан.  Дараа нь дахин 250 маркийн бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээг Э.Х нь надаар баталгаажуулан авч явсан одоог хүртэл баталгаажуулснаа авчирч өгөөгүй зураг нь ч ирээгүй. Энэ хугацаанд гэрээгээ удаа дараа нэхээд өгөөгүй болно. Гэрээг авч яваад буцааж өгөөгүйн улмаас гэрээний нарийн заалтуудыг би санахгүй байгаа ч манай бетон зуурмагийн үйлдвэр нь 996м3*139,000=138,444,000 төгрөг, хүйтний нэмэлттэй бетон зуурмагийг 220.5*148 200=32,678,000 төгрөг нийтдээ 171,122,000 төгрөгний бетон зуурмаг нийлүүлсэн. "Э З"ХХК нь дахиж авалгүй ажил нь дууссан. Багсармал болон 250 маркийн бетон зуурмагний төлбөр нь нийтдээ 233,699,000 төгрөг болсноос "Э З" ХХК-аас 231,297,000 төгрөг орж ирсэн. Мөн бетон зуурмагийн сул ачилт бетон зуурмаг тээвэрлэдэг автомашин нь 7мЗ-12мЗ ийн багтаамжтай тээвэрлэдэг бөгөөд үүнээс бага мЗ-ээр талбайгаас захиалах захиалгад яалт ч үгүй сул ачилт гарсний төлбөр нь 1,039,500 төгрөг болсноос үлдэгдэл бетон зуурмагийн төлбөрийн хамт нийтдээ 3,441,000 төгрөг аваагүй байгаа болно. Дээрхи бетон зуурмагийн төлбөрт "Э З" ХХК-аас орж ирсэн бэлэн мөнгөнөөс Э.Х дансанд 120,465,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Ингээд 2018 он дуусч 2019 онд манай компанийн технилогич Б.Болор-Эрдэнэ "Э З" ХХК-ийн оронд "А О" ХХК- ийн захиралтай бетон зуурмаг нийлүүлэхээр Э.Хярьсан байна, та зөвшөөрөх үү Э.Хнь өөрөө "А О" ХХК-иас мөнгөө авах юм байнаа Э.Хэрлэнхүүгийн ах нь "А О" ХХК-д ажилладаг захиралтай нь хуурай ах дүү болсон хүн байдаг гэхээр нь зөвшөөрч Э.Х нь "А О" ХХК-тай ярьж холбож өгсөнөөр 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг дуустал 250 353 500 төгрөгний бетон зуурмаг нийлүүлээд байж байтал "А О" ХХК нь бетон зуурмаг манай үйлдвэрээс авахаа зогсоосон. Бетон зуурмаг өгөх тоолондоо бетон зуурмагт орох гол материал болох цементийн төлбөр, бетон зуурмаг тээвэрлэх автомашины түрээсийн төлбөрийг "А О" ХХК-аас авч үлдсэн төлбөрийг Э.Х-дөгөх зорилгоор байнга үлдээж байснаас гадна гэрээ хийх зорилгоор гэрээний эхийг бэлдэн майл хаягаар нь илгээсэн ч "А О" ХХК нь гэрээ баталгаажуулж өгөөгүй ч "Э З" ХХК-ийн гэрээний үргэлжлэл юм чинь гэж бодон Э.Х-дитгэн бетон зуурмаг илгээсэн /Одоог хүртэл "А О" ХХК нь тооцоо нийлж баталгаажуулаагүй байгаа бөгөөд манай тооцоогоор 100 аад сая төгрөгний бетон зуурмагийн төлбөрийн авлага байгаа/ Үүнээс Б.Болор Эрдэнээр дамжуулан Э.Хэрлэнхүүгээр өөрөөр нь авлага шилжүүлэх тухай албан тоот төлөвлүүлэн "К К" ХХК-ийн албан бланкан дээр хуулбарлан буулгаж гарын үсэг зурж баталгаажуулж Э.Х-дөгсөн. Уг албан тоотод Э.Х-дшилжүүлэн өгөх мөнгөн дүнг 87,093,400 төгрөгөөр бичиж өгсөн. Яагаад гэвэл "А О" ХХК-тай тооцоо нийлж баталгаажуулаагүй, мөн Э.Хэрлэнхүүгээс үйлчилгээний талбайд /Б  ХХК-тай хийсэн гэрээний 3.1 т бетон зуурмагийн төлбөрийн нөхцөлд НӨАТ орсон гэж зааснаас үйлчилгээний талбайн үнэ болох 232,000,000 төгрөгт НӨАТ ороогүй гэж заагаагүй/ НӨАТ бичиж өгөхийг Б.Болор-Эрдэнээр дамжуулан хүссэн. НӨАТ-өө бичээд өгвөл үлдэгдэл төлбөрийг Э.Х-тэй тооцоо нийлж "А О" ХХК-д авлага шилжүүлэх мөнгөн дүнг албан тоотоор нэмж өгөхөд бэлэн байгаа бөгөөд үлдэгдэл төлбөр Э.Х-дөгөхөөр гарвал мөн бетон зуурмагаар төлөх хүсэлтэй байна хэмээн Б.Болор-Эрдэнээр дамжуулан уламжилсан. Гэтэл "БатСутай" ХХК-ийн нэрээр нэхэмжлэл манай компанид гаргасныг ойлгохгүй байна. Юу болсон талаар "А О" ХХК-н захиралаас асуух тодруулах, тооцоо нийлж баталгаажуулахаар хэд хэдэн удаа ажил дээр нь очиход ажилдаа байхгүй байх бөгөөд утасдаж асуутал эрүүл мэндийн шалтгаанаар ажилдаа очихгүй утсаар ярих боломжгүй байна гэж хэлсэн. Мөн Э.Хнь өөрөө тооцоогоо яаж авах талаар "А О" ХХК-тай ярилцаж тохиролцон "А О" ХХК-д манай компаниас бетон зуурмаг өгүүлсэн байх гэж бодож байна. Манай компанийн зүгээс Э.Х-дтөлбөр барагдуулах зорилгоор бетон зуурмаг илгээсэн "А О" ХХК болон Э.Хнарын хоорондох төлбөр тооцоо, тохиролцооны талаар огт сонирхоогүй. Үйлчилгээний талбайг одоог хүртэл зарж борлуулаагүй, түрээслээгүй, бартерт өгөөгүй байгаа бөгөөд буцааж авна гэвэл Э.Х-дшилжүүлэн төлсөн төлбөрөө буцааж аваад үйлчилгээний талбайг өгье. Энэ үйлчилгээний талбайг Э.Хнь хямд үнээр тооцон хямдруулж өгсөн гэж хэлж байгаа боловч манай компани өөрсдөө зарах, түрээслэх, бартерт тооцон өгөхөөр хичээсээр өдийг хүрсэн ч ямар нэг байдлаар сонирхсон албан байгууллага, хувь хүн гарч ирээгүй байна. Ганц нэг сонирхисон хүмүүс нь үнэтэй байна гэсэн хариу өгдөг. Төлбөрийг нь гаргаж өгсөөр байтал НӨАТ манай компанид олгохгүй, таалагдахгүй байгаа бол мөнгөө буцааж аваад үйлчилгээний талбайг буцааж өгөөд манай компани нь "Амур-Оргил" ХХК-тай тохиролцоонд хүрэх арга хэмжээ авахад татгалзах зүйлгүй бэлэн бөгөөд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг шүүхэд гаргасан нэмэлт тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй “Б ”ХХК-ийн нэхэмжлэлтэй “К К” ХХК-д холбогдох иргэний хэрэгтэй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагаа Худалдах худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 126,771,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ. Талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Бетон зуурмаг худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж M200-M500 маркийн, стандартын шаардлага хангасан бетон зуурмагийг нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Дээрх “Бетон зуурмаг худалдах худалдан авах гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.3-д заасны дагуу Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Х апартмент хотхоны Д блок байр, 1 давхарт 1А тоот хаягт байрлах 116 м2 талбай бүхий үйлчилгээний талбайг 232,000,000 төгрөгөнд тооцон бартераар авсан. Хариуцагчийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-д заасны дагуу “Э З” ХХК-ийн хурдны замын төслийн талбайд бетон зуурмагийг дараах байдлаар нийлүүлсэн байна. М25 маркийн 21 удаа 996 м3 нэг бүрийн үнэ 139,000 төгрөг, 138,444,000 төгрөг. М250 марк 9 удаа, 220 м3 хэмжээ, хүйтний нэмэгдэл 9,000 төгрөг, нэг бүрийн үнэ 139,000 төгрөг, мөнгөн дүн 30,649,500 төгрөг, нийт 169,093,500 төгрөг сул ачилт 1,039,500 төгрөг нийт 170,133,000 төгрөг. Харин “Э З” ХХК нь бетон зуурмагийн хэрэгцээ дуусаж цаашид хүлээн авахгүй болсон бөгөөд үлдэгдэл бетон зуурмагийг нийлүүлээгүй нь манай компаниас шалтгаалаагүй ба одоо ч гэсэн талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа. Хариуцагчийн зүгээс үлдэгдэл бетон зуурмагийг одоо ч гэсэн нийлүүлэхэд татгалзах зүйлгүй ба нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах аль агуулгаар гаргаж байгаа нь тодорхойлоогүй, бартераар төлбөрөө хийсэн байж эргүүлээд мөнгө нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүхэд бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлд дурдсанаас өөр тайлбар хэлээд байна. 213,297,000 төгрөгийн бетон зуурмагийг шилжүүлсэн, үүний 70 хувийн төлбөрийг манайд шилжүүлж байхаар тохирсон, үүнээс 54,0 сая төгрөг дутуу байгаа гэсэн тайлбарыг хэлдэг. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой биш байна. Гэрээний 2.4-т заасны дагуу бетон зуурмагийг нийлүүлсэн байдаг. Нийлүүлэхдээ 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 06-ний өдрийг хүртэл 47 удаагийн нийлүүлэлтээр бетон зуурмаг нийлүүлж, зуурмагийн үнэ болох 120,465,000 төгрөгийг нэхэмжлэгч талд өгсөн. Гэрээний хугацаа дуусаагүй байгаа, бид хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан барилгын ажил зогсож бетон зуурмаг авахгүй гэх нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу зогсоосон. Одоо үлдэх хэсгийг нийлүүлэхэд бэлэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Уранчимэгээс 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 2,736,000 төгрөгийн Хэрлэнхүүгийн өөрийнх нь данс руу хийсэн, мөн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 9,000,000 төгрөг шилжүүлсэн баримт байгаа үүнийг хасч тооцоход нийт 116,000,000 төгрөг шилжүүлсэн байгаа. Энэ бетон зуурмаг худалдах худалдан авах гэрээтэй хамт ямар нэгэн зуучлалын гэрээ байгуулагдаагүй. Хэрлэнхүүгийн дансанд орсон мөнгө Э.з ХХК-ийн шилжүүлсэн мөнгө болохоос ямар нэгэн зуучлалын хөлс биш. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч талаас үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн дээр маргах зүйл байхгүй, Зуурмагийг нийлүүлсэн талаар нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа. Гэрээний хугацаа дуусаагүй, үлдэгдэл зуурмагийг одоо ч нийлүүлэхэд бэлэн байна.

Одоо гэрээгээ цуцалсан гэж үзээд өр авлага шаардаад байна уу, эсхүл одоо гэрээгээ цуцлах гээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч К К ХХК-д холбогдуулан бетон зуурмаг худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 126,771,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Шүүх талуудын гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

 

Талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж К ХХКнь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд “Э З” ХХК-ийн хурдны замын төслийн талбайд /НӨАТ, 1-20 км тээвэрлэх зардлыг оруулан тооцож/ нийтдээ 232,000,000 төгрөгийн үнийн дүнтэй М200-М500 маркийн барилгын норм, дүрэм стандартыг хангасан бетон зуурмагийг нийлүүлэх, Б ХХКнь гэрээний нийт үнийн дүнд өөрийн Улаанбаатар пропертиз ХХК-тай байгуулсан 15/00162 тоот гэрээний дагуу худалдан авсан Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Икс апартмент” хотхоны Д блокын 1 давхар 1а тоот хаягт байрлах, 116 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг 1 м.кв талбайн үнийг 2,000,000 төгрөгөөр тооцон нийлүүлэгч талын зохих этгээдийн нэр дээр шилжүүлэн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах өгөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ”-р тогтоогдож байна./хх-ийн 25-28-р хуудас/

 

Талуудын энэхүү байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шинжийг агуулсан байх тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж шүүх үзэв.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худаалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн  авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

 Хэрэгт авагдсан бичгийн баримтаар Батсутай ХХК, болон К ХХКнар нь барилгын засвар, засал чимэглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд талуудын хооронд “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан эсэх талаар маргахгүй байна. Гэрээний дагуу Б ХХКнь хариуцагч талын хүсэлтээр буюу Каяакконкрет ХХК-ийн захирал Д.У бичгээр гаргасан хүсэлтийн дагуу 232,000,000 төгрөгийн бетон зуурмагийн төлбөрт Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Икс апартмент” хотхоны Д блокын 1 давхар 1а тоот хаягт байрлах, 116 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг 1 м.кв талбайн үнийг 2,000,000 төгрөгөөр тооцон түүний нэр дээр шилжүүлэн өгсөн гэх тайлбарыг зохигч талууд гаргадаг ба энэ талаар талуудын маргахгүй байх тул энэ үйл баримт тогтоогдсон гэж үзлээ. Иймд нэхэмжлэгч Б ХХКнь гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн талууд Эрдэнэзам ХХК-д гэрээний хугацаанд 47 удаагийн нийлүүлэлтээр нийтдээ 1,625.5 м.куб хэмжээтэй, 233,699,100 төгрөгийн бетон зуурмагийг Каяакконкрет ХХК-иас нийлүүлж, Эрдэнэзам ХХК-иас бетон зуурмагийн төлбөрт нийтдээ 231,297,000 төгрөгийг Каяакконкрет ХХК-д шилжүүлэн өгсөн болох нь хариуцагчийн шүүхэд гарган ирүүлсэн Эрдэнэзам ХХК-тай тооцоо нийлсэн актаар /хх-ийн 40, 69/ тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч тал үүнийг үгүйсгэж, няцаагаагүй болно.

 Түүнчлэн талууд гэрээний хугацаанд Эрдэнэзам ХХК-иас төлөх бетон зуурмагийн үнийг хариуцагч Каяакконкрет ХХК-иар дамжуулан авах талаар гэрээгээр тусгайлан тохиролцоогүй боловч дээрх тооцоо нийлсэн баримтаар Эрдэнэзам ХХК-иас бетон зуурмагийн төлбөрт 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хугацаанд 23 удаагийн гүйлгээгээр Уранчимэг болон Болор-Эрдэнэ нарын дансанд нийтдээ 231,297,000 төгрөгийг Каяакконкрет ХХК-иас шилжүүлэн өгсөн гэх үйл баримт болон талуудын тайлбараар бетон зуурмагийн төлбөрийг нэхэмжлэгч  Эрдэнэзам ХХК-иас гэрээний үнэд шилжүүлэн өгсөн 116 м.кв үйлчилгээний талбайн төлбөрт тооцон шилжүүлэхээр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шаардах эрхтэй байна. 

Нэхэмжлэгч нь хариуцагч Каяакконкрет ХХК-иас Эрдэнэзам ХХК-ийн тус компанид нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөрт шилжүүлэн өгсөн 231,297,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүүгийн ХААН банкин дахь 5029417551 дугаарын данс руу Д.Уранчимэгийн 5007143718, Б.Болор-Эрдэнийн 5041134779 дугаарын данснаас 14 удаагийн гүйлгээгээр нийтдээ 105,229,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, одоо үлдэх 126,771,000 төгрөгийг гаргуулахаар шаарддаг ба хариуцагч тал 120,465,000 төгрөгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Хэрлэнхүүгийн дансанд шилжүүлсэн, үлдэх төлбөрт гэрээний хугацаа дуусаагүй тул бетон зуурмаг нийлүүлэх эсхүл төлбөрт авсан Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Икс апартмент” хотхоны Д блокын 1 давхар 1а тоот хаягт байрлах, 116 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг буцаан өгнө гэсэн тайлбарыг гарган нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргадаг.

Хэрэгт авагдсан Э.Хэрлэнхүүгийн 5029417551 дугаарын дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 105,229,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн байх бөгөөд энэ талаар талууд хэн аль нь маргадаггүй. Харин уг мөнгө дээр нэмж 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 2,736,000 төгрөгийг, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 9,000,000 төгрөгийг тус тус нэмж төлсөн тул хасуулна гэж хариуцагч тал маргаж, ХААН банкны 2018 оны 08-р сарын 17-ны өдрийн Шилжүүлгийн мэдээллийг гарган ирүүлсэн ба уг баримтаар Д.Уранчимэгийн 5007143718 дугаарын данснаас Э.Хэрлэнхүүгийн 502917551 дугаарын дансанд 2,736,000 төгрөг “Koyak concrete LLC” гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хуг мөнгийг зуучлалын гэрээний дагуу төлсөн зуучлалын хөлс тул энэ төлбөрт хамааралгүй гэсэн тайлбарыг гарган 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Х.Үүрцайх, Каяакконкрет ХХК-ийг төлөөлөн П.Энхсайхан нарын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээг нотлох баримтаар гарган ирүүлсэн. Уг баримтаар Э.Х-тэй зуучлалын гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэн дээрх гүйлгээг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцон нь зүйтэй гэж дүгнэлээ. Харин хариуцагчийн  2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 9,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлээс хасч тооцох үндэслэлгүй байна.

 

Хариуцагч тал гэрээний хугацаа дуусаагүй, үргэжилж байгаа учир бетон зуурмагийг нийлүүлэх боломжтой гэх тайлбарыг гаргадаг бөгөөд талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ”-ний хугацааг талуудын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл байхаар тохиролцсон байх бөгөөд гэрээний хугацаанд нэхэмжлэгч 232,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлсэн, хариуцагч Батсутай ХХК-д уг үнийн дүнд тохирсон хэмжээний бетон зуурмаг нийлүүлэх үүргээ тус тус гүйцэтгэсэн байна. Харин хариуцагч тал гэрээгээр тухайлан тохиролцоогүй боловч Эрдэнэзам ХХК-иас төлсөн бетон зуурмагийн үнэ 231,297,000 төгрөгийг хариуцагч К ХХКнь нэхэмжлэгч Батсутай ХХК-д төлөх үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлтийн 227.4-т зааснаар уг төлбөрийг төлөх үүрэгтэй.

 

            Иймд хариуцагч Каяакконкрет ХХК-иас 123,332,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Батсутай ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,439,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Кт ХХК-иас 123,332,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,439,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 791,850 төгрөг, улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К К ХХК-иас 774,610 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.       

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Ч.НЯМСҮРЭН