Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2020/00363

 

 

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2020/00363

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.Э -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Н.Д-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ................................нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Э.Эгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 онд Н.Дтай танилцаж, 2017 оны 9 сарын 01-ний өдөр гэрлэлтийн 1110000785 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2018 оны 1 сарын 28-ны өдөр охин Д.С төрсөн. Бид зан харилцааны таарахжмгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгү йболсон. Н.Д тай цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцлуулж өгнө үү. Бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Приус-30 маркийн суудлын автомашинаас надад болон охиндоо ноогдох хэсгийг гаргуулах, мөн банкны хамтран зээлдэгчээс хасуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

 

Хариуцагч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 онд Э.Э тай танилцаж, 2017 оны 9 сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний охин С 2018 оны 1 сарын 28-ны өдөр төрсөн. Бид хамтран амьдрах хугацаанд зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Миний хувийн өмчлөлийн Приус 30 маркийн автомашиныг 2018 оны 11 сард өөрийн цалингийн зээлээр худалдан авсан. Э.Э нь машин авахад нэг ч төгрөг гаргаагүй. Зөвхөн банкнаас зээл авахад батлан даагчаар орсон. Одоо би эрхэлсэн ажилгүй, машинаараа таксинд явж зээлээ төлдөг. Нэхэмжлэгч Э.Эгийн нэхэмжилсэн 8 000 000 төгрөгийг гаргаж өгөх боломж байхгүй. Харин охин Д.Сын хүүхдийн тэтгэлэгийг 18 нас хүртэл нь төлнө гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Н.Д-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Э.Э, Н.Д нар 2017 онд танилцаж, гэр бүл болж 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Д.С-ын эцэг, эх болцгоож, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон байна. /хх-5/

Гэрлэгчид цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүй, тусдаа амьдраад тодорхой хугацаа өнгөрсөн, цаашид хамтран амьдрах нөхцөл байдал байхгүй талаар хэн аль нь тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд охин Д.С-ыг эх Э.Э-гийн асрамжинд үлдэхээр харилцан тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснээр эх Э.Эд охин Д.С-ыг эцэг Н.Д-тай уулзуулах нөхцлөөр хангаж, эцэг нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүх нэхэмжлэгч Э.Э-гийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ноогдох хэсгээ гаргуулах шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчид нь ..... улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг Хаан банкны цалингийн зээлээр авсан асуудлаар болон уг зээлийн төлбөр бүрэн төлөгдөөгүй талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Э.Э нь уг зээлэнд өөрийн дансанд байсан 230 000 төгрөгийг суутгаж авснаас өөрөөр уг төлбөрийг хариуцагч төлж байсан талаар тайлбарлажээ.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байна гэсэн, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө, 126.4-т гэрлэснээс хойш ...хүүхэд асарсан, ...хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд хамтран өмчлөх эрх эдэлнэ гэсэн зэргээр дээрх хөдлөх эд хөрөнгө болох Приус-30 маркийн автомашин нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө буюу гэр бүлийн 3 гишүүний өмч гэж үзэхээр байна.

 

Гэвч дээрх хөдлөх эд хөрөнгийн үнэ бүрэн төлөгдөөгүй байгаа болох нь хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар тогтоогдож байх тул шүүх уг зээлийн төлбөрт бодитойгоор төлөгдсөн дүн 5 226 225 төгрөгийг /гэр бүлийн 3 гишүүнд хувааж, нэг хүнд ноогдох хэмжээг 1 742 075 төгрөгөөр тогтоов./ тухайн хөрөнгийн бодит үнэ гэж тооцож, гэр бүлийн 2 гишүүнд ноогдох хөрөнгөнд нийт 3 484 150 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ. /хх-ийн 16/

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Э,  Н.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Д.С-ыг эх Э.Э-гийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Д.С-ыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Д-аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг Н.Д-ыг хүүхэдтэй нь уулзуулахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.Э-д даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.4, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан ......улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг Н.Д-ын эзэмшилд үлдээж, хариуцагч Н.Д-аас гэр бүлийн хоёр гишүүнд оногдох хувь буюу 3 484 150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Э-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 4 515 850 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н.Д-аас улсын тэмдэгтийн хураамжинд 140 896 төгрөгийг, хүүхдийн тэтгэлэгт тохирсон улсын тэмдэгтийн хураамжинд 33 148 төгрөгийг гаргуулан тус тус улсын орлогод оруулсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ