Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 131/шш2020/00240

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Г.Л нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Э.Б холбогдох,

Хүүхдийн эцэг болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Унхдрах-Оргил нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Э.Б 2010 онд танилцаж, 2014 онд өрх гэр тусгаарлан айл гэр болж нэг гэрт амьдрах болсон. 2013 онд охин Л.Б нь төрсөн, одоо 6 настай, Номгон сургуулийн 1-р ангид сурдаг. Бид гэрлэлтээ батлуулаагүй. Э.Б нь энэ талаар санаа гаргаагүй. Охин Л.Б нь ээжээрээ овоглож явдаг. Э.Б нь гэрлэлтээ батлуулах, хүүхдээ өөрөөрөө овоглох дургүй, хариуцлага хүлээх дургүй ийм нэгэн болно. 2017 оноос гэр орондоо ирэх нь багассан, орон нутагтаа байсан ч гэр орондоо ирэхгүй, архи маш их ууна. Архи уухаараа агсам тавина. Авир их муутай. Зан харилцааны доголдолтой. Г.Л би хүүхдээ өсгөн, амьдралаа үүрч яваа нэгэн болно. Э.Б нь ажлынхаа газрын нэгэн эмэгтэйтэй дотно харилцаатай болж, амарч байгаа хугацаандаа гэр орондоо ирэхээ больсон. Ингээд охин бид 2-оос зайгаа барьж эхэлсэн тул Э.Быг охиныхоо эцгээр нь тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг хуулийн дагуу тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

Г.Лын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Л.Б нь миний төрсөн охин мөн тул шинжилгээ хийлгэхгүйгээр хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Бид цаашид тус тусын амьдралаа бодно. Эргэн нийлэхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг дэлгэцээр харуулж нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Л нь хариуцагч Э.Бт холбогдуулан хүүхдийн эцэг болон асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, энэ талаар маргаангүй байна.

Нэхэмжлэгч Г.Л, хариуцагч Э.Б нар нь 2010 онд танилцаж, 2014 онд өрх гэр тусгаарлан айл гэр болж амьдарч, 2013 онд охин Л.Б нь төрсөн, 2017 оноос тусдаа амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.

Иймд охин Л.Бын төрсөн эцэг нь Э.Б мөн болохыг тогтоож, охин Л.Быг эх Г.Лын асрамжинд үлдээж, охин Л.Быг эцэг Э.Баар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин Л.Бын төрсөн эцэг нь  Э.Б мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин Л.Быг эх Г.Лын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин Л.Быг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас/суралцаж байгаа бол 18 нас/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг Э.Баар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан хариуцагч Э.Баас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэг хүлээдэг болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар 34.214 төгрөг, нийт 104.414 төгрөг гаргуулж төвлөрсөн төсвийн санд оруулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.