Улсын дээд шүүхийн

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2022/00477

 

“..............” ХХК дахь Банкны

эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 614 дүгээр шийдвэр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 205/МА2020/00034 дүгээр магадлалтай,

“..............” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

Ч.Мд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 16,861,053.90 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ч.Мгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “..............” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Ч.Мд холбогдуулан зээлийн үлдэгдэл 12,337,244.89 төгрөг, хүү 3,870,619.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 638,689.26 төгрөг, нотариатын хөлс 14,500 төгрөг, нийт 16,861,053.90 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

2. Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 614 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т тус тус зааснаар хариуцагч Ч.Мгээс зээлийн үлдэгдэл 12,337,244.89 төгрөг, зээлийн хүү 3,870,619.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 638,689.26 төгрөг нийт 16,846,553.9 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “..............” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т тус тус зааснаар хариуцагч Ч.Мгээс нотариатын зардал 14,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “..............” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч Ч.М нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол Барьцааны №2052000056 дугаартай гэрээний барьцааны үл хөдлөх хөрөнгө болох: Ч.Мгийн өмчлөлийн Завхан аймгийн Улиастай сумын 6 дугаар баг, Өлзийт 1 дүгээр гудамж 4 тоотод байрлалтай 120 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0918002831 дугаартай хувийн сууц, Ч.Мгийн эзэмшлийн Завхан аймгийн Улиастай сумын 6 дугаар баг, Өлзийт 1 дүгээр гудамж 4 тоот, 000497725 эзэмших эрхтэй, 17338288404073 нэгж талбарын дугаартай, 74 мкв талбайтай, 15 жилийн хугацаатай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч “..............” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 205/МА2020/00034 дүгээр магадлалаар Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 614 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг” гэж нэмж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ч.Мгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 160,750 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Ч.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах хяналтын шатны гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Капитал банкны нэхэмжлэлийн шаардлагын үндсэн зээлээс буюу 15 сая төгрөгөөс 12,486,563 төгрөгийг төлсөн байхад үлдэгдэл нь 12,337,244 төгрөг болон зээлийн хүү 3,870,619, нэмэгдүүлсэн хүү 638,689 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба анх 15,499,711 төгрөг нэхэмжилж байсан бөгөөд шүүх хуралдаанд итгэмжлэл нь дууссан хүн оруулсан гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл хэргийг хэрэгсэхгүй болгоход миний буруу байхгүй байхад дахин нэхэмжлэл гаргахдаа 1,361,343 нэмж нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 15,499,711 төгрөгөөс тооцохын бол 50 хувиар багасгах ёстой би ганцаараа аваагүй учраас 7,749,856 төгрөгийг хасч тооцох ёстой. Би 15 саяын зээлийг аваад 12 сая гаран төгрөг төлсөн. Гэтэл дахиад 16,861,053 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Уг 16,861,053 төгрөгөөс 9,111,197 төгрөгийг эс зөвшөөрч хяналтын гомдлыг гаргаж байна. Иймд дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж 7,749,856 төгрөг болгож өгнө үү.

4.2. Капитал банкнаас 2015 оны 03 сард 5 жилийн хугацаатай зээл авсан. Уг зээлийг Ш.Бат-Өлзий болон Ч.М гээд 2 хүн зээл авсан. Үүний талаар нэхэмжлэлийн шаардлага дээрээ тодорхой бичсэн байсан. Зээлийн гэрээний хавсралт хэсэг болсон зээлийн эргэн төлөлтийн хувиар нь 2015.03.20-ны өдрөөс 2020.03.20-ны өдөр хүртэл нийт 10,829,292 төгрөгийн хуваарьтай байхад зээлийн эргэн төлөлтийн хувиараас илүү буюу 12,466,563 төгрөг нэхэмжилж түүнийг анхан болон давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

4.3. Хүүгээс хүү бодно гэсэн гэрээ байгуулаагүй. Гэтэл нэмэгдүүлсэн хүү 466,891 төгрөгийг хариуцагч төлсөн одоо 638,689 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү дахин нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нотариатын зардлын төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй нотариатын баримт нь хэнд, ямар байгууллага тушаасан нь тодорхойгүй байгаа юм. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэсэн ба зээлийн хүү нь зээлийн эргэн төлөлтөөс их байна гэж хуульд заагаагүй уг хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

6. Нэхэмжлэгч “..............” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Ч.Мд холбогдуулан зээлийн үлдэгдэл 12,337,244.89 төгрөг, зээлийн хүү 3,870,619.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 638,689.26 төгрөг, нотариатын хөлс 14,500 төгрөг, нийт 16,861,053.90 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч “...нэхэмжилж байгаа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй, зээлийг Ш.Бат-Өлзийтэй хамтран авсан, төлбөрийг зөвхөн надаас шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй, өмнө нь Капитал банкны эрх залгамжлагчаас 2020 оны 03 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж хүлээн авахаас татгалзсан, дахин нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул дээрх хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх ёсгүй” гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан ба давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзлээ.

8. Хэргийн баримтад авагдсан 2015.03.20-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр Ч.М, Ш.Бат-Өлзий нар нь “Капитал банк” ХХК-аас 15,000,000 төгрөгийг, жилийн 24 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлэх, хугацаа хэтрүүлбэл үндсэн зээлийн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Ч.Мгийн өмчлөлийн хувийн сууц болон эзэмшлийн газраар хангуулахаар тохирсон нь тогтоогджээ.

Зохигчийн хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох болон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

8.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж болно гэж заасан байна.

8.2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн ба бусад үйл ажиллагаа эрхлэх банкнаас олгох зээлийн гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээг бичгээр байгуулахаас гадна улсын бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр болдог бөгөөд зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хуулийн дээрх шаардлагыг хангасан байна.

9. Хүчин төгөлдөр гэрээний талуудын хэн аль нь үүргийн гүйцэтгэлийг харилцан шаардах эрхтэй.

10. Зээлийн гэрээг нэг талаас “Капитал банк” ХХК, нөгөө талаас Ч.М, Ш.Бат-Өлзий нар байгуулсан, иймээс тэднийг зээлийн үүргийг бүхэлд нь хүлээлгэн өгөх хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-д нийцэх боловч Ш.Бат-Өлзий нас барсан учир мөн зүйлийн 241.3-т зааснаар нэхэмжлэгч үүргийг бүхэлд нь Ч.Мгээс шаардсан нь хууль зөрчөөгүй, энэ талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий байна. Иймээс “зээлийг хоёулаа авсан, нэхэмжилж буй төлбөрийн 50 хувийг төлүүлэхээр шийдвэрт өөрчлөлт оруулна уу” гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

11. Зохигч зээлийн гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан боловч хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан сар тутам төлөх зээлийн хүү болон үндсэн зээлийн зохих хувийг төлөх үүргээ 2019 оны 3 дугаар сараас эхлэн зөрчсөн, нэхэмжлэгч шүүхэд гэрээний хугацаа дуусгавар болсон 2020 оны 3 дугаар сард хандаж нэхэмжлэл гаргаж, энэ өдрөөр гүйцэтгэвэл зохих үүргийг тодорхойлсон боловч шүүхээс нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэн 2020.06.11-ний өдрийн 1476 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

12. Нэхэмжлэгч 2020.07.03-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэлээ гаргаж уг өдөр хүртэл төлөгдөөгүй үндсэн зээл болон гэрээний хугацаан дахь зээлийн хүүгээс гадна хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангахдаа хууль зөрчөөгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээх ба мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй болно.

13. Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч шүүхэд хандахдаа холбогдох баримтыг нотариатчаар гэрчлүүлсний зардал 14,500 төгрөг төлсөн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал буюу хохиролд тооцогдох ба уг хохирлыг нэхэмжлэгч хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар шаардах эрхтэй тул энэ нэхэмжлэлийг хангасан нь хууль зөрчөөгүй байна.

14. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, иймээс хариуцагч төлбөрийг сайн дураар гүйцэтгээгүй бол үүргийн гүйцэтгэлийг Ч.Мгийн өмчлөлийн хувийн сууц болон эзэмшлийн газраар хангуулахаар шийдвэрлэх нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцнэ. Барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангахдаа шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

15. Хариуцагчийн бусад гомдлын тухайд.

15.1. Зээлдэгч зээлсэн мөнгөө, тогтоосон хүүгийн хамт гэрээний хугацаа дуусах хүртэл тохиролцсон хуваарийн дагуу төлснөөр гэрээний хугацаа дуусгавар болоход төлбөр бүрэн барагдах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй, гэрээний хуваарь зөрчигдснөөс үндсэн зээлийн төлбөр хасагдахгүй, үүнээс шалтгаалж сар тутамд төлөх зээлийн хүүгийн хэмжээ буурахгүй, түүнчлэн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг гэрээ болон хуулиар хүлээдэг тул “гэрээний хуваарьт зааснаар хугацаа дуусахад зээлийн хүүд нийт 10,829,292 төгрөг төлөхийг заасан атал гэрээний хугацаанд 12,466,563 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 466,8091.67 төгрөг тус тус төлүүлсэн, одоо нэмж зээлийн хүүд 3,870,619 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 638,689 төгрөг гаргуулахаар шаардсаныг зөвшөөрөхгүй” гэх хариуцагчийн гомдол үндэслэл муутай гэж үзэв.

15.2. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд үүргийг зохих ёсоор шударгаар гүйцэтгэх ёстой ба нэхэмжлэгч гэрээний хугацаа дууссан хугацаагаар үүргийг тодорхойлж анх 2020 оны 03-р сард нэхэмжлэл гаргасан, шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, дахин 2020.07.03-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн гүйцэтгэх үүргийг уг хугацаагаар тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх эрхийн хүрээнд ба мөн дээр дурдсанаар нэхэмжлэгч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй тул “дахин нэхэмжлэл гаргахад зээлийн төлбөр нэмэгдсэн, зөрүү 1,361,343 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох”-ыг хүссэн хариуцагчийн гомдол хангагдахгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 205/МА2020/00034 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ч.Мгийн 2020.12.30-ны өдөр 160,750 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД