Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2021/0859/З |
Дугаар | 128/ШШ2022/0241 |
Огноо | 2022-03-31 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2022/0241
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “ПК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.М
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Гуравдагч этгээд: “ИБКМ” ХХК нарын хооронд үүссэн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, улсын бүртгэлийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай” 5360 дугаар дүгнэлт, тус дүгнэлтэд үндэслэн бүртгэгдсэн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. “ПК” ХХК нь нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй улсын бүртгэл хийгдэхээс өмнө “ИБКМ” ХХК /80 хувь/, “От” ХХК /13 хувь/, иргэн Б.М/7 хувь/ нарын 3 хувьцаа эзэмшигчтэй байсан.[1]
2.2. “ИБКМ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь иргэн Л.Э.[2]
2.3. Хувьцаа эзэмшигч Л.Э болон Б.Мнарын хооронд 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гэх “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”[3] болон “Компанийн хувьцаа худалдах гэрээ”[4]-ний дагуу 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн улсын бүртгэлд хийсэн өөрчлөлтөөр “ПК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Б.М/87 хувь/, “От” ХХК /13 хувь/ нар болсон.[5]
2.4. Эрхийн шилжүүлгийн үндэслэл болсон дээр дурдсан “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” болон “Компанийн хувьцаа худалдах гэрээ”-г Нийслэлийн тойргийн нотариатч У.М 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 603 тоот дугаартай бүртгэсэн гэх боловч тус нотариатын бүртгэлийн дэвтрийн 603 дугаарт Э овогтой Б болон Б овогтой М нарын хооронд байгуулсан “ПЭ” ХХК-ийн эрх шилжүүлэх, компанийн хувьцаа худалдах гэрээг гэрчилсэн байдаг.[6]
2.5. Хувьцаа эзэмшигч Л.Эаас гаргасан гомдол, тус гомдлын дагуу хяналт шалгалт хийхдээ авсан дээрх нотариатчийн тайлбар зэрэг бусад баримтуудыг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Э нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 5360 дугаартай “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай” хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг гаргасан.[7]
2.6. Нэхэмжлэгчийн зүгээс “... улсын байцаагчийн 5360 дугаартай дүгнэлт нь Захиргааны ерөнхий хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн, тухайлбал, улсын байцаагч нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй, тодруулбал, Л.Эын гарын үсгийн чөлөөт загварыг шинжлэн судлуулах боломжтой байтал шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй, гомдолд дурдагдаж буй гэрээг баталгаажуулсан нотариатчаас тайлбар гаргуулаагүй, мөн холбогдох гэрээнүүдийг хуурамчаар үйлдсэн буюу гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж буруутгасан атлаа холбогдох эрх бүхий цагдаагийн байгууллагаар гэмт хэргийн шинжтэй байж болох энэхүү үйлдлийг шалгуулсны дараа хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг хянаж шалгах ажлыг хийх ёстой байсан, улсын байцаагч нь иргэн Л.Эаас ирүүлсэн гомдол нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаанаас хэтэрсэн байхад хүлээж аван хяналт шалгалт хийсэн нь үндэслэлгүй, хяналт шалгалтын ажиллагааны хугацааг сунгаснаа захиргааны шийдвэр гаргах ажиллагааны оролцогч нарт мэдэгдээгүй ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.7. Хариуцагчийн зүгээс “... 5360 дугаартай улсын байцаагчийн дүгнэлт гаргах ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт оруулж бүртгэсэн нь улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчсөн, мөн хуурамч нотлох баримт бүрдүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон учраас дүгнэлт гаргасан, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.1.7 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх заалтад зааснаар “ПК” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан бүртгэлийг хүчингүй болгож, хуурамч нотлох баримт бүрдүүлж улсын бүртгэлд хууль бус бүртгэл хийлгэсэн нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул уг асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулж, Нийслэлийн тойргийн нотариатч У.Мгаас Монголын нотариатчийн танхимаар дамжуулан тайлбар, нотлох баримт гаргуулах замаар нөхцөл байдлыг тогтоосон, тийм учраас шинжээч томилж гарын үсгийн хэвийг шалгуулах шаардлагагүй гэж үзсэн, хяналт шалгалтын ажиллагааны хугацааг Хяналт шалгалтын газрын даргын цохолтоор сунгуулсан, сунгасан гэдгээ гомдол гаргагч Л.Эт мэдэгдсэн, цагдаагийн байгууллагын гэмт хэргийг шалгах ажиллагаа, улсын бүртгэлийн байгууллагын улсын бүртгэл хуульд заасны дагуу явагдсан эсэхийг шалгах ажиллагаа тусдаа ойлголтууд тул цагдаагийн байгууллагыг шалгасны дараа улсын бүртгэлийн хяналт шалгалтыг явуулна гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь заалтад заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар хийлгээгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
2.8. Гуравдагч этгээд “ИБКМ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Л.Эын зүгээс “... Б.Мнь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хуурамч гэрээгээр 225 дугаартай нотариатаар батлуулж, миний эзэмшлийн 80 хувийн хувьцааг хуурамч бичиг баримт бүрдүүлэн өөрийн нэр дээр шилжүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлж намайг хохироосон, 225 дугаартай нотариатыг хайж үзэхэд У.М гэдэг нотариатч болох нь тодорхой болсон, улмаар түүнтэй уулзаж 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 603 тоот гэрээг шалгуулахад “ПЭ” ХХК-ийн хувьцааг Э.Батдэлгэрээс Б.Мөнхбаатарт шилжүүлсэн гэрээ байсан ба “ПК” ХХК-ийн хувьцаатай огт холбоогүй гэрээ болох нь тогтоогдсон, хяналтын улсын байцаагч Б.Э нь хяналт шалгалтын хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч сонсох ажиллагаа явуулж, нөхцөл байдлыг тогтоосон, хууль тогтоомж зөрчсөн холбогдох бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн зүгээс намайг гомдол гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гээд байгаа боловч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д зааснаар төрийн захиргааны байгууллага албан тушаалтан хуулиар тусгайлан олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шалгаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, мөн цагдаагийн байгууллагаас шалгасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар шалгах ёстой байсан гэдэг нь үндэслэлгүй ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай 5360 дугаар дүгнэлт, тус дүгнэлтэд үндэслэн бүртгэгдсэн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэл нь 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр иргэн Л.Э нэхэмжлэгч Б.Мөнхбаатарт холбогдуулан “Б.Мнь М.Тайван, Э.Батдэлгэр нар болон бусад этгээдүүдтэй бүлэглэн зориуд зохион байгуулалттайгаар “ИБКМ” ХХК-ийн тамга тэмдгийг нууцаар ашиглан миний өмнөөс хувьцаа эзэмшигчийн шийдвэр гаргасан мэтээр миний гарын үсгийг дуурайлган хуурамч бичиг баримт бэлтгэж, улмаар 225 дугаар нотариатчийн тамга, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 603 тоот гэрээний дугаар, он, сар, өдрийг ашигласан гэдэг нь тодорхой байна.
Иймд “ПК” ХХК дахь миний эзэмшлийн 80 хувийн хувьцааг хуурамч гэрээгээр өөрийнхөө нэр дээр хууль бусаар шилжүүлэн, улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан хэргийг шалгаж, тус бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү“ гэх гомдлыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргажээ.
Энэхүү агуулга бүхий гомдлын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Э нь хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай 5360 дугаартай дүгнэлтийг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан байна.
Энэхүү дүгнэлт нь Захиргааны ерөнхий хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн болох нь дараах үйл баримтуудаас тодорхой харагдана.
Хяналтын улсын байцаагч нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй тухайд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 болон 24.2 дахь хэсэгт заасны дагуу захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох бөгөөд ийнхүү бодит нөхцөл байдлыг тогтоохдоо ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг хүлээдэг.
Хяналтын улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 5360 дугаар дүгнэлтийн тодорхойлох хэсгийн 3-т “Л.Эт зурсан гарын үсэг “ПК” ХХК-ийн хувийн хэрэгт авагдсан бусад баримтад зурсан гарын үсгийн хэлбэрээс зөрүүтэй байв“ гэж, 9-т “ПК ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх 2020 оны 6 дугаар сарын 09-ий өдрийн нотариатаар гэрчлэгдсэн гэрээнд иргэн Л.Э өөрийн биеэр ирж гарын үсэг зураагүй болох нь нотариатчийн тайлбар, нотлох баримтаар тогтоогдож байх тул“ хэмээжээ.
Иргэн Л.Эын гомдолд дурдагдаж буй “миний гарын үсгийг хуурамчаар дуурайлган хуурамч бичиг баримт бэлтгэж“ гэх үндэслэл нь дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоогүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд “нотлох баримт цуглуулах“ талаар зохицуулсан байдаг.
Иймд улсын байцаагч нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад шинжээч оролцуулан иргэн Л.Эын гарын үсгийн чөлөөт загварыг шинжлэн судлуулж дүгнэлт гаргуулаагүй, гомдолд дурдагдаж буй гэрээг баталгаажуулсан нотариатчаас тайлбар гаргуулаагүй зэрэг шаардлагатай нотлох баримтыг цуглуулан бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ бүрэн гүйцэд биелүүлэлгүй өөрийн үзэмжээр дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн зарчмыг зөрчсөн тухай: Хяналтын улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 5360 дугаар дүгнэлтийн тодорхойлох хэсэгт “ПК ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн бүртгэлийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулахаар шилжүүлэх нь зүйтэй” гэж дүгнэх хэсгийн 3-т “улсын бүртгэлийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж бүртгүүлсэн байж болзошгүй үйлдлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулах“ гэсэн байна.
Ийнхүү гомдлын талаар буюу гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад өөрийн үзэмжээр хандаж хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулах гэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл “ПК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Мнь гэмт хэрэг үйлдсэн эсэх, гэм буруутай болох нь нотлогдоогүй байхад гарын үсэг дуурайлган хуурамч бичиг баримт бэлтгэсэн гэж дүгнэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгож буй нь үндэслэлгүй байна.
Гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тухай: Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар тодорхойлно гэж, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж тус тус хуульчилсан. 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр иргэн Л.Эаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан гаргасан гомдолд 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр www.burtgel.mn сайтаас “ПК” ХХК дахь миний эзэмшил 80 хувийн хувьцааг миний зөвшөөрөлгүйгээр Б.Мөнхбаатарт шилжиж “ПК” ХХК-ийн 87 хувийг Б.Мэзэмшиж байгааг анх мэдсэн гэжээ.
Иргэн Л.Э нь хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт орсон тухай 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мэдсэн хэдий ч 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр буюу 7 сар гаруйн хугацаа өнгөрсний дараа Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтэст гомдол гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн байна.
Хяналтын улсын байцаагч нь хөөн хэлэлцэх хугацааг зөрчин гаргасан гомдлыг хүлээн авч, захиргааны шийдвэр гаргахад хамаарах бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад гарын үсэг дуурайлган хуурамч бичиг баримт бэлтгэсэн гэж дүгнэн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгож буй нь захиргааны үйл ажиллагааны хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж, Монгол Улсын иргэний хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших өмчлөх, гэм буруутайд үл тооцох эрхэд ноцтой халдсан байна.
Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай 5360 дугаар дүгнэлт, тус дүгнэлтэд үндэслэсэн бүртгэгдсэн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.
...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгчийн зүгээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж дурдсан байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэгт Улсын ерөнхий байцаагч нь улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана гэж заасан хэдий ч улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг улсын ерөнхий байцаагч хүчингүй болгох эрх хэмжээг хуулиар олгоогүй.
Захиргааны байгууллага буюу Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Захиргааны ерөнхий хуулийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны актыг мэдэгдэх үүргийг хүлээж байгаа. Энэ үүргийнхээ хүрээнд “ПК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхбаатарт 5360 дугаар дүгнэлт гаргасан тухай мэдэгдлийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 7/6789 дугаар албан бичгээр мэдэгдсэн байдаг.
Тус албан бичгийн сүүлийн өгүүлбэр нь хэрэв та дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй болохыг үүгээр мэдэгдье гэснийг үндэслээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.
Хяналт шалгалтын ажиллагааны явцад тухайн гомдолд дурдагдсан асуудлын бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй тухай: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж, 24.2-т энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-т тус захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж тус тус заасан.
Тэгэхээр хариуцагчийн зүгээс хяналт шалгалтын ажиллагааны явцад гомдолд дурдагдсан асуудлын бодит нөхцөл байдлыг тогтоохдоо ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах, гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах, шаардлагатай бол туршилт хийх, оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан хэдий ч улсын байцаагч нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, Л.Эын гарын үсгийг шинжээч томилуулан чөлөөт загварыг шинжлэн судлуулах бүрэн боломжтой байсан.
Мөн оролцогч Б.Мөнхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн тайлбартаа Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа Л.Эын гомдлын агуулга бүхий ижил гомдол Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа тухай мэдэгдсээр байтал уг хэргийн талаар тодруулаагүй, оролцогч нарын тайлбарыг бүх талаас нь бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүй зэргээр шаардлагатай нотлох баримтыг цуглуулан бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүй, өөрийн үзэмжээр дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Жишээ нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргагч Л.Эын гарын үсгийг “ПК” ХХК-ийн хувийн хэргийн мэдээлэлд зурагдсан бусад гарын үсэгтэй харьцуулан хараад өөрийн үзэмжээр зөрүүтэй гэж дүгнэсэн, үүн дээр мэргэжлийн шинжээч огт томилуулаагүй, шаардлагатай ажиллагааг хийгээгүй.
Гомдлыг шийдвэрлэж байгаа гол нотлох баримт нотариатчийн танхимаас ирсэн баримтаас өөр ажиллагааг хийх шаардлагатай байсан гэж үзэж байна. Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ тодорхой зургаан төрлийн баримт бичгийг бүрдүүлдэг.
Нэгдүгээрт батлагдсан маягтын дагуу гаргасан өргөдөл, хоёрдугаарт эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, тогтоол, хурлын тэмдэглэл, гуравдугаарт дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт, дөрөвдүгээрт Иргэний хуульд заасан холбогдох гэрээ, эсвэл өв залгамжлах эрхийн гэрчилгээ, тавдугаарт улсын бүртгэлийн хураамж төлсөн баримт, зургаад улсын бүртгэлийн гэрчилгээ гэх зэрэг баримтуудыг бүрдлийг хангаж, хүсэлтээ гаргаснаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах бүртгэлийг хийдэг.
Тэгэхээр эдгээр баримтуудаас үзэхэд хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх асуудал нь зөвхөн талуудын хооронд байгуулсан гэрээнээс илүүтэй хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тэмдэглэл дээр үндэслэж бүртгэл хийгддэг гэдгийг анхаарч үзэх шаардлагатай.
Үүнийг Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт тодорхой дурдсан байдаг. Гэтэл хяналтын улсын байцаагч нь зөвхөн талуудын хооронд байгуулагдсан гэрээнд гомдол гаргагчийн гарын үсгийг хуурамчаар бичсэн гэсэн үндэслэлээр бүртгэлийг хүчингүй болгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа.
Учир нь бусад баримт бичгүүд дээр үнэлэлт, дүгнэлт огт өгөөгүй, хэргийн бодит нөхцөл байдалд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, шаардах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Гомдол гаргагчийн гомдолд дурдаж буй асуудлыг хяналтын улсын байцаагч дүгнэлт гаргах ажиллагаандаа зөвхөн гомдол гаргагчийн зөв мэтээр баримтуудыг цуглуулаад байсан.
Гэтэл Захиргааны ерөнхий хуулиараа захиргааны байгууллага нь оролцогчдын хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох баримтыг цуглуулах үүрэгтэй байтал хэт нэг талын тайлбарыг үндэслэн нотлох баримтаа цуглуулж, уг шийдвэрийг гаргасан байна. Энэ нь юугаар нотлогдох вэ гэвэл захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад буюу 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Б.Мөнхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст улсын бүртгэлд гаргасан гомдолтой ижил агуулга бүхий хэрэг шалгагдаж байгааг, тийм учраас цагдаагийн байгууллагад шалгагдаж буй хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэсэн тайлбар, хүсэлтийг гаргасан.
Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч нь энэ хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тодруулаагүй, сонсох ажиллагааны үеэр гаргаж өгсөн Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1807 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг нээхээс татгалзсан тухай тогтоол Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолуудыг гаргаж өгсөөр байтал нөхцөл байдлуудыг харгалзаж үзээгүй, гарын үсгийг хуурамчаар зурсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах хэмээн өөрийн эрх хэмжээнд олгогдоогүй асуудлыг шийдвэрлэж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалган тогтоож байгаа нь логикийн зөрчилтэй, үндэслэлгүй шийдвэр байна.
Иймд 5360 дугаар дүгнэлтийг яаран гаргахаас өмнө цагдаагийн байгууллагаас тодруулах эрх нь хяналтын улсын байцаагчид байсан. Хяналт шалгалтын ажиллагаа буюу захиргааны акт гаргах ажиллагааны журмыг зөрчиж дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 35.1-т Хуульд өөрөөр заагаагүй бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй бол захиргааны байгууллага оролцогчийн хүсэлтээр анх тогтоосон хугацаанаас илүүгүй хугацаагаар нэг удаа хугацааг сунгаж болно, 35.2-т Хугацааг сунгасан тухай захиргааны байгууллага оролцогчид бичгээр мэдэгдэнэ гэж заасан. Захиргааны акт гаргах ажиллагааны явцад хугацаа нэг удаа 30 хоногоор сунгагдсан байдаг. Гэхдээ энэ нь оролцогчдын хүсэлтээр биш, захиргааны байгууллага өөрөө дур мэдэж сунгасан. Оролцогч нарт хугацаа сунгасан талаар бичгээр мэдэгдсэн баримт байхгүй. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт хийсэн 5360 дугаар дүгнэлтийн хувийн хэрэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон хэрэгт хавсаргасан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу шүүхийг үл хүндэтгэсэн эс үйлдэхүй гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нотлох баримт гаргуулах хүсэлтийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.
Уг хүсэлтийн дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/8818 дугаар нотлох баримт гаргуулах тухай албан бичгээр 5360 дугаар дүгнэлт, хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас, холбогдох баримтууд шаардлагатай байх тул холбогдох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан хуулбар үнэн тэмдэг даруулж ирүүлнэ үү гэж Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн. Гэтэл хариуцагчийн 5360 дугаар дүгнэлт, хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас зэрэг шаардлагатай баримтуудыг дутуу ирүүлсэн. Мөн зарим баримтуудыг хуулбар үнэн тэмдэг дараагүй байсан зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, шүүхэд хүндэтгэлгүй хандсан.
Иймд миний зүгээс 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нотлох баримт гаргуулах хүсэлтийг дахин гаргасны үндсэн дээр дахиад шүүхээс албан бичиг явуулж, 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл, ХША-5 маягтыг нотлох баримтын шаардлага хангаж ирүүлсэн ч захиргааны акт гаргах ажиллагааны хувийн хэрэг болон хяналтын дагалдах хуудас зэрэг баримтууд дутуу байсны үндсэн дээр 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын байранд 5360 дугаар дүгнэлтийг гаргах ажиллагааны хувийн хэрэгт үзлэг хийх хэрэгцээ, шаардлага үүссэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн талаар бичгээр тайлбар гаргах, шаардсан нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, шүүхэд хүргүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байна.
Иймд хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ гүйцэд хэрэгжүүлээгүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, хэрэгт ач холбогдол бүхий баримт нотолгоог цуглуулаагүй, шаардлагатай ажиллагааг хийгээгүй, захиргааны акт гаргах ажиллагаанд оролцогчдын хэн алинд нь ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоох чиг үүргээ биелүүлээгүй, хэт нэг талыг барьсан, акт гаргах ажиллагааны журмыг зөрчиж шүүхээр нотлогдоогүй байхад “ПК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхбаатарыг хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, гэм буруутайд тооцсон хэмээн дүгнэж буй хяналтын улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 5360 дугаар дүгнэлт, тус дүгнэлтэд үндэслэн хийгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Талуудын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан үйл явдлаар ямар нөхцөл байдал тогтоогдож байна вэ гэвэл улсын байцаагч 5360 дугаар дүгнэлт гаргаад улсын бүртгэлийг хүчингүй болгоод байгаа, уг дүгнэлт нь ямар дүгнэлт байсан бэ гэвэл хувьцаа эзэмшигч өөрчлөгдөж байгаатай холбоотой бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа. Үүний өмнө бидний ойлгох ёстой зүйл нь энд компанийн хувьцаа шилжээд байгаа юм.
Өөрөөр хэлбэл Компанийн тухай хууль, Иргэний хуульд заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигч дийн хурал хийгдэж, хурлаас шийдвэр гараад холбогдох эрх бүхий албан тушаалтан хувьцаа эзэмшигч нар гарын үсэг зураад түүний дараагаар Компанийн тухай хууль, Иргэний хуульд заасан гэрээ, хэлцлүүд хийгдээд явдаг процесстой. Өнөөдөр ямар зүйл тодорхой болж байна вэ гэвэл хариуцагчийн тайлбараас тухайн үед хувьцаа эзэмшигч нарын хурал болсон уу, үгүй юу, энэ асуудлыг хэлэлцсэн эсэхэд дүгнэлт өгөх биш нэмэлт байдлаар хийгдсэн гэрээн дээр зөвхөн ач холбогдол өгөөд энэ гэрээг нотариатч, гомдол гаргагчаас асуучихлаа, аль алин дээр нь 6 дугаар сарын 09-ний өдөр Л.Э гэдэг хүн байгаагүй юм байна, тийм учраас хүчингүй болголоо гэдэг шийдвэр гаргасан нь тодорхой болж байгаа юм.
Тэгэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2 дугаар зүйлд хуульд дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байна, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 1-т энэ хууль нь Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль тогтоомжоос бүрдэнэ гэж заасан байдаг. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд хэд хэдэн зарчмуудыг заасан. Ингэхдээ улсын бүртгэл үнэн бодитой байх, хараат бус байх гэж заасан. Энэ хууль тогтоомжийг дээдэлж, өөрөөр хэлбэл энэ хууль тогтоомжуудын хүрээнд маргаан бүхий актыг гаргасан уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч маргаан гарах процесс дээр очоод энэ асуудал нь шалгагдаад байгаа гэж түүнийг нотолсон баримтыг өгч байхад хувьцаа эзэмшигчдийн хурал болсон эсэх, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарсан эсэх зэргүүд дээр ач холбогдол өгөлгүйгээр зөвхөн хоёр гэрээг үндэслээд шийдвэр гаргаад зөвхөн нэг талд үйлчлээд яваад байгаа юм шиг үйл явдал харагдаад байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.2-т улсын хяналтын байцаагч 7-8 эрх хэмжээг хэрэгжүүлэхээр заасан байдаг.
Өөрөөр хэлбэл тухайн зөрчлийг таслан зогсоох, эд зүйлсийг хураан авах, бүртгэлд засвар өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох гэх мэт 7-8 эрх хэмжээг хэрэгжүүлэхээр улсын хяналтын байцаагчид хуульчилж олгосон байдаг. Гэтэл эдгээрээс яагаад заавал хүчингүй болгох гэдэг зохицуулалтыг авч үүнийг шийдвэрлээд байгаа вэ, түдгэлзүүлэх эрх хэмжээг хууль тогтоомжоор олгосон байна. Эрүүгийн хуулийн 23.2 дахь хэсэгт заасан хуурамч бичиг баримт үйлдэж, ашиглах гэдэг гэмт хэргийн шинжтэй асуудал яригдана. Үүнийг төрийн захиргааны байгууллага буюу хяналтын улсын байцаагч өөрөө дүгнээд шийдвэр гаргаад байгаа нь үндэслэлгүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Прокурорын газрын албан бичиг болон түүнд хавсаргаж ирүүлсэн тогтоолуудаас тодорхой харагдаж байна.
“ПК” ХХК нь гурван хувьцаа эзэмшигчтэй, түүний нэг нь гомдол гаргана, гэтэл “От” ХХК-д огт мэдэгддэггүй. Энэ талаар яагаад мэдэгдээгүй вэ, ямар учиртай вэ гэхээр н.Галсанням гэдэг хүн рүү ярьсан гэдэг. Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сан буюу opendata.mn бүртгэлээс “От” ХХК гэж хайхад “От” ХХК-ийн захирлаар Ж.Дамдинжав гэдэг хүнийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагчийн н.Галсаннямд мэдэгдээд байгаа гэдэг нь үндэслэлгүй болох нь улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сангаас тодорхой харагдаж байгаа юм. Зөвхөн гомдол гаргагчид давуу байдал олгоод байгаа зүйл нь чиний гомдлын хугацаа дууссан байна, чи дахиад гомдол гаргачих гээд өөрөө утсаар хэлээд түүнийг нь үг, үсэггүй гомдол гаргагч хуулж бичээд гомдлоо гаргасан байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын байцаагчийн 5360 дугаартай дүгнэлт нь хүчингүй болох ёстой. Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллага хууль дээдлэх зарчмыг баримтлаагүй, холбогдох хууль тогтоомжид заасныг зөрчиж, зөвхөн нэг талыг барьсан шийдвэр гаргаж, дүгнэлт гаргасан нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.“ гэжээ.
3.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Л.Эаас ирсэн гомдлын дагуу хяналт шалгалтын ажиллагааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын улсын байцаагч Б.Э миний бие хийсэн. Хугацаа хэтэрсэн гэх асуудал байсан. 6 дугаар сарын 08-ны өдөр Л.Э гомдол гаргасан байдаг.
Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулах, тайлбар авах, мэдэгдлийг маягтын дагуу хөтөлж хийсэн, утсаар мөн холбогдсон байдаг. Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор дахиж гомдол гаргая, очих боломжгүй байна, Төв аймагт хөл хорионд орсон байна гэж 7 дугаар сар эсвэл 8 дугаар сард дахиж өгсөн байдаг. Үүнтэй холбоотой хяналт шалгалтын ажиллагаа явуулсан.
Мөн газрын даргын зөвшөөрлөөр дотоод журмын дагуу 30 хоногоор сунгагдаж хяналт шалгалтын ажиллагааг явуулсан. Сая нотлох баримт, гарын үсгийн хэв гэж нэхэмжлэгчийн зүгээс дурдсан. Л.Эын Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж гаргасан гомдлын дагуу 6 дугаар сарын 10-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт оруулж бүртгэсэн Улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн, мөн хуурамч нотлох баримт бүрдүүлж улсын бүртгэлд бүртгэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Бид нотариатчтай цахим сан болон Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн архиваас нотлох баримтуудыг гаргаж, уг нотлох баримтуудыг хавсаргаж нотариатчдын танхимд явуулж тухайн нотариат үнэн зөв хийгдсэн талаар тодруулгыг авсан. Нотариатчдын танхимаас албан ёсны баримтуудыг ирүүлсэн. Мөн нотариатч тухайн үед тайлбарын хамт ирүүлсэн байдаг.
Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад үнэн зөв, бодитой байх, 16 дугаар зүйлийн 16.1.7 дахь заалтад улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах, 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх заалтад хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах гэж зааснаар “ПК” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан бүртгэлийг хүчингүй болгож, хуурамч нотлох баримт бүрдүүлж улсын бүртгэлд хууль бус бүртгэл хийлгэсэн нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул уг асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналт шалгалтын хүрээнд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг авч, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, нөхцөл байдлыг тогтоосноор хууль тогтоомж зөрчсөн холбогдох бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн шийдвэр тул “ПК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд дээрх иргэний Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай 5360 дугаартай дүгнэлт, тус дүгнэлтэд үндэслэн бүртгэгдсэн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
... “ПК” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 5360 дугаартай дүгнэлтэд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтад Улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг дээд шатны улсын байцаагч шийдвэрлэх бөгөөд түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу өнөөдрийг хүртэл хугацаанд Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаагүй. Бодит байдлыг үнэлэн тогтоогоогүй гэдэг дээр “ПК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмартуяагийн тус газарт гаргасан тайлбарыг өмнө нь уншсан. Энэ тайлбарын тодорхойлох хэсгийн 5-т тусгасан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргагч Л.Э, “ПК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мнарыг оролцуулан сонсох ажиллагааг зохион байгуулж, тэмдэглэл хөтөлсөн. Сонсох ажиллагааны явцад гомдол гаргагч Л.Э, “ПК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.М хооронд хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн нотариатаар гэрчилсэн гэрээ хийгдсэн эсэх нь тогтоогдоогүй тул 225 хувийн дугаартай нотариатч У.Мгийн гэрчилсэн гэрээний үнэн зөвийг нягтлах зорилгоор Монголын Нотариатчдын танхимд мэдээлэл авахаар хандсан байдаг.
Мөн Монголын Нотариатчдын танхимын 225 дугаар нотариатч У.Мгаас ирүүлсэн тайлбар, 1/5А тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг 225 тамганы дугаартай “нийслэлийн тойргийн нотариатч У.М би 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 603 дугаарт Энхнасан овогтой Батдэлгэр, Батхүү овогтой Мөнхбаатар нарын хооронд байгуулсан “Пос экспресс” ХХК-ийн эрх шилжүүлэх, компанийн хувьцаа худалдах гэрээг гэрчилсэн байна. Энэхүү гэрээнд оролцогч талууд гэрээний агуулга, хууль зүйн үр дагаврыг оролцогч талуудад зөвлөсөн болно. Уг гэрээг нотариатч миний дэргэд ажлын байран дээр ирж гарын үсэг зурсан болно.” гээд бүртгэлийн дэвтрийн эх хувиас тухайн бүртгэлийн хуулбар, эрх шилжүүлэх, компанийн хувьцаа худалдах гэрээ, “Пос экспресс” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэргийг тайлбартаа хавсаргаж ирүүлсэн байдаг. Дээрх баримтуудаас үзэхэд “ПК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөний 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн бүртгэлийн нотлох баримт “ПК” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн нотариатаар гэрчилсэн гэрээнд иргэн Л.Э өөрийн биеэр ирж гарын үсэг зураагүй болох нь нотариатчийн тайлбар, нотлох баримтаар тогтоогдож байх тул бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцүүлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэн юм.” гэжээ.
3.4 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Л.Э нь “ИБКМ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд тус компани “ПК” ХХК-ийн 80 хувийг эзэмшдэг юм. Гэтэл “ПК” ХХК-ийн 7 хувийн хувьцаа эзэмшигч Батхүүгийн Мөнхбаатар нь 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 603 тоот хуурамч гэрээгээр 225 дугаартай нотариатаар батлуулж, Л.Эын эзэмшлийн 80 хувийн хувьцааг хуурамч бичиг баримт бүрдүүлэн өөрийн нэр дээр шилжүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснийг burtgel.mn сайтаас олж мэдсэн байдаг. 225 дугаартай нотариатыг хайж үзэхэд Баянгол дүүрэгт орших Гранд плазагийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг У.М гэдэг нотариатч болох нь тодорхой болсон. Улмаар төлөөлүүлэгч У.М нотариатчтай уулзаж, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 603 тоот гэрээг шалгуулахад “ПЭ” ХХК-ийн хувьцааг Э.Батдэлгэрээс Б.Мөнхбаатарт шилжүүлсэн гэрээ байсан ба “ПК” ХХК-ийн хувьцаатай огт холбоогүй гэрээ болох нь тогтоогдсон.
Тиймээс үүнийг зориуд зохион байгуулалттайгаар “ИБКМ” ХХК-ийн тамга, тэмдгийг нууцаар ашиглан манай төлөөлүүлэгчийн өмнөөс хувьцаа эзэмшигчийн шийдвэр гаргасан мэтээр төлөөлүүлэгчийн гарын үсгийг дуурайлган хуурамч бичиг баримт бэлтгэж, 225 дугаар нотариатчийн тамгыг ашиглан 603 тоот гэрээний дугаар, он, сар, өдрийг ашигласан нь тодорхой гэж үзсэн. Ингээд өөрийн эзэмшлийн хувьцааг хэрхэн, яаж шилжсэн бэ гэдэг талаар шалгуулахаар Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандан гомдол гаргасан байдаг.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-т заасан эрхийнхээ хүрээнд гомдлын дагуу “ПК” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9011771126 дугаартай хувийн хэрэг, бүртгэлийг хянаж үзээд хяналтын улсын байцаагч Б.Э нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 5360 дугаарт дүгнэлтээр улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчсөн, мөн хуурамч нотлох баримт бүрдүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн гэсэн үндэслэлээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгосон.
Хяналтын улсын байцаагч Б.Э нь хяналт шалгалтын хүрээнд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг авч сонсох ажиллагаа явуулж, нөхцөл байдлыг тогтоосноор хууль тогтоомж зөрчсөн холбогдох бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “үнэн зөв, бодитой байх“, 16 дугаар зүйлийн 16.1.7-т “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах“, 18 дугаар зүйлийн 18.7.1-т “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг талан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах“ гэж тус тус заасны дагуу хяналтын улсын байцаагч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 болон 24.2 дахь хэсэгт заасан захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоохдоо ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийж, нотлох баримтыг цуглуулж, үнэлж захиргааны байгууллагад өөрт олгогдсон эрх, үүргийн хүрээнд шалгаж, тогтоож шийдвэрлэснийг төлөөлүүлэгчийн зүгээс бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтэст гомдол гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тухай дурдсан байдаг. Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-т зааснаар улсын байцаагч нь хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар шаардлага тавьж биелэлтийг хангуулах бүрэн эрхийг улсын байцаагчид олгосон. Уг заалтаас харвал төрийн захиргааны байгууллага албан тушаалтан хуулиар тусгайлан олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шалгаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байдаг.
Мөн нэгэнт захиргааны байгууллага гомдлыг хүлээн авсан үйлдэлд, шүүх хөөн хэлэлцэх хугацаа тоолж, хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдах, хөндлөнгөөс дүгнэлт хийх эрх хэмжээг хууль, тогтоомжоор олгоогүй байдаг. Түүнчлэн хууль зөрчин бүртгэл хийж, иргэн Л.Эыг хохироосон энэ үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх хэлбэрийн үндэслэлээр шалгахгүй байх нь бүртгэл үнэн зөв байх, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, шударга шүүхээр шийдүүлэх зарчимд үл нийцэх юм. Иймд Б.Мөнхбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
... Нэхэмжлэгчийн зүгээс нэг зүйл дээр хариуцагчид гомдол гаргасан байдаг. Энэ нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар шалгах ёсгүй юм, заавал цагдаагийн байгууллага шалгасны дараа дахин энэ асуудлыг шийдвэрлэх ёстой юм гэсэн асуудал тавигдсан байдаг. Ерөнхийдөө энэ нь хоёр өөр процесс байгаа юм. Цагдаагийн байгууллага нь Эрүүгийн хуулийн тусгай ангиар зохицуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэл байна уу, үгүй юу гэдгийг шалгадаг. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газар нь улсын бүртгэлтэй холбоотой асуудлыг хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хяналтын улсын байцаагч шалгаж дүгнэлтээ гаргана. Өөрөөр хэлбэл гаргасан захиргааны акт нь хуульд нийцэж байна уу, үгүй юу гэдэгт хяналт шалгалт хийх ажиллагааг Улсын бүртгэлийн ерөнхий газар явуулж байгаа юм. Тэгэхээр энэ процесс нь тус тусдаа өөр суудал юм. Хэдийгээр эрүүгийн журмаар асуудал шийдэгдсэн ч гэсэн бүртгэлийн асуудлыг хяналтын улсын байцаагч шийдвэрлээд, хэрвээ хууль тогтоомж зөрчсөн бол Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх зарчимд нийцүүлэн үзэж тодорхой хэмжээний шийдвэр гаргах ёстой. Тэгэхээр энэ нь хоёр өөр процесс. Хоёр өөр процесс дээр дахин энэ асуудлыг ярих шаардлагагүй юм гэж үзэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай” 5360 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
1.1. Маргаж буй 5360 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийг гаргасан цаг хугацаа нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байх тул энэ тохиолдолд шүүх 2018 оны Улсын бүртгэлийн ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/, 2018 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг хэрэглэнэ.
1.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:” гээд 22.3.4 дэх заалтад “Иргэний хуульд заасан холбогдох гэрээ ...” гэж заажээ.
1.3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллага нь хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхдээ Иргэний хуульд заасан холбогдох гэрээг, тодруулбал хуулийн этгээдийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах худалдан авах гэрээг шаардах бөгөөд ингэснээр тэдгээр гэрээ нь хуулийн этгээдийн эрхийн шилжүүлгийг бүртгэхэд шаардагдах голлох баримтуудын нэг болохоор заажээ.
1.4. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “ПК” ХХК-ийн 80 хувийн хувьцаа эзэмшигчээс “ИБКМ” ХХК-ийг хасч, Б.Мөнхбаатарыг 87 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэх үндэслэл болсон хувьцаа эзэмшигч Л.Э болон Б.Мнарын хооронд 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гэх “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”[8] болон “Компанийн хувьцаа худалдах гэрээ”[9]-г бодит байдал дээр Нийслэлийн тойргийн нотариатч У.М гэрчлээгүй болох нь тогтоогдсон болно.
1.5. Тодруулбал, хяналтын улсын байцаагч Б.Э нь хяналт шалгалтын явцад Монголын нотариатчдын танхимаар дамжуулан 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 566 тоот албан бичгээр[10] нотариатч У.Мгаас авсан холбогдох тайлбар, нотлох баримтуудыг авсан, мөн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотариатч У.Мгаас шаардан авсан тайлбар баримтууд[11], түүнчлэн шүүх хуралдаанд У.Мг гэрчээр асуусан тэмдэглэл[12] зэргээр хувьцаа эзэмшигч Л.Э болон Б.Мнарын хооронд 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гэх “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” болон “Компанийн хувьцаа худалдах гэрээ”-г 603 дугаарт бүртгэж гэрчлээгүй, харин “ПЭ” ХХК-ийн эрхийн шилжүүлэг, хувьцаа худалдах гэрээг гэрчилсэн үйл баримт тогтоогдсон болно.
1.6. Энэ тохиолдолд хяналтын улсын байцаагч нь “ПК” ХХК-ийн 80 хувийн хувьцаа эзэмшигчээс “ИБКМ” ХХК-ийг хасч, Б.Мөнхбаатарыг 87 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад заасан улсын бүртгэл “үнэн зөв байх”, 4.1.5 дахь заалтад заасан “нотлох баримтад үндэслэх” гэсэн хуульд заасан зарчмын шаардлагад нийцсэн эсэхийг хянан шалгасныг буруутгах боломжгүй.
1.7. Түүнчлэн мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина”, мөн зүйлийн 18.7 дахь хэсэгт “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна:” гээд 18.7.1 дэх заалтад “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж ... зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, ... бүртгэлд ... хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, ...” гэж заасныг хэрэгжүүлэн “ПК” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн 5360 дугаартай хяналтын улсын байцаагчийн дүгнэлт нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
1.8. Иймд нэхэмжлэгчийн гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай” 5360 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хоёр. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай” 5360 дугаар дүгнэлтэд үндэслэн бүртгэгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
2.1. Нэг талаас шүүх нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай” 5360 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2.2. Нөгөө талаас дараах үндэслэлээр “ПК” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан бүртгэлийг хяналтын улсын байцаагчийн 5360 дугаартай дүгнэлтээр хүчингүй болгосныг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
2.3. Тодруулбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн хувийн хэрэг дараах мэдээллийг агуулна:” гээд мөн зүйлийн 10.1.13 дахь заалтад “ хяналтын улсын байцаагчийн дүгнэлт” гэж заажээ.
2.4. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзвэл хяналтын улсын байцаагчийн дүгнэлт нь аливаа хуулийн этгээдийн хувийн хэрэгт хавсаргагдах учиртай баримт бичиг болохоос гадна хуулийн этгээдийн улсын бүртгэл дэх мэдээллийн өөрчлөлт хуульд нийцсэн эсэхийг дүгнэх, улмаар мэдээллийн өөрчлөлтийг хүчингүй болгох зэрэг гадагш чиглэсэн эрх зүйн үр дагавар бүхий нотлох баримт болохоор байна.
2.5. Иймээс шүүх маргаж буй хяналтын улсын байцаагчийн 5360 дугаартай дүгнэлт нь хуульд нийцсэн гэж нэгэнт дүгнэсэн тул тухайн дүгнэлтээр “ПК” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан бүртгэлийг хүчингүй болгосныг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзнэ.
2.6. Мөн нэхэмжлэгчийн зүгээс хэлсэн “... улсын байцаагч нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй, тодруулбал, Л.Эын гарын үсгийн чөлөөт загварыг шинжлэн судлуулах боломжтой байтал шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй, гомдолд дурдагдаж буй гэрээг баталгаажуулсан нотариатчаас тайлбар гаргуулаагүй ...” гэх агуулгатай тайлбарыг хүлээн авах боломжгүй.
2.7. Учир нь, хувьцаа эзэмшигч Л.Э болон Б.Мнарын хооронд 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гэх “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” болон “Компанийн хувьцаа худалдах гэрээ” -г бодит байдал дээр Нийслэлийн тойргийн нотариатч У.М гэрчлээгүй үйл баримт тогтоогдож байх тул хяналтын улсын байцаагч нь Л.Эын гарын үсгийн хэвийг шинжлүүлэхээр шинжээч томилох ач холбогдолгүй буюу шаардлагагүй, энэ талаар хяналтын улсын байцаагчийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.
2.8. Мөн нэхэмжлэгчийн зүгээс дурдсан “... холбогдох гэрээнүүдийг хуурамчаар үйлдсэн буюу гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж буруутгасан атлаа холбогдох эрх бүхий цагдаагийн байгууллагаар гэмт хэргийн шинжтэй байж болох энэхүү үйлдлийг шалгуулсны дараа хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг хянаж шалгах ажлыг хийх ёстой байсан ...” гэх агуулга бүхий тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй.
2.9. Учир нь, маргаж буй 5360 дугаартай дүгнэлтээс үзэхэд хяналтын улсын байцаагч нь хувьцаа эзэмшигч Б.Мөнхбаатарыг баримт бичиг хуурамчаар үйлдсэн гэж дүгнээгүй, харин “нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж бүртгүүлсэн байж болзошгүй ...” гэж дүгнэсэн болох нь тогтоогдож байхаас гадна цагдаагийн байгууллагаас явуулах мөрдөн байцаалтын ажиллагаа болон улсын бүртгэлийн байгууллагаас хийх хяналт шалгалтын ажиллагаа нь маргааны зүйл, зорилго, зарчим, хамрах хүрээгээрээ өөр хоорондоо ялгаатай тул шууд харилцан хамааралтай буюу эхлээд эрх бүхий цагдаагийн байгууллагаар гэмт хэргийн шинжтэй байж болох энэхүү үйлдлийг шалгуулсны дараа хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг хянаж шалгах ажлыг хийх ёстой байсан гэж үзэх боломжгүй юм.
2.10. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс хэлсэн “... улсын байцаагч нь иргэн Л.Эаас ирүүлсэн гомдол нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаанаас хэтэрсэн байхад хүлээж аван хяналт шалгалт хийсэн нь үндэслэлгүй, хяналт шалгалтын ажиллагааны хугацааг сунгаснаа захиргааны шийдвэр гаргах ажиллагааны оролцогч нарт мэдэгдээгүй ...” гэх агуулгатай тайлбар нь “ПК” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан бүртгэлийг хүчингүй болгосныг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ.
2.11. Учир нь, хяналтын улсын байцаагч нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх заалтад “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж ... зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, ... бүртгэлд ... хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, ...” гэж заасныг гомдол гаргагч Л.Эаас гаргасан гомдлыг үндэслэн хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь субьектив эрхийн хяналт гэхээс илүүтэй улсын бүртгэлийн өөрчлөлт нь “хууль тогтоомжид нийцсэн эсэх”-д хяналт шалгалт хийх зорилго бүхий обьектив эрхийн хяналтын хэлбэр байх тул “Л.Эаас ирүүлсэн гомдол нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаанаас хэтэрсэн байхад хүлээж аван хяналт шалгалт хийсэн нь үндэслэлгүй” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
2.12. Мөн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд гомдол гаргагч Л.Эаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан анх 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр[13], дараа нь дахин 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гомдол[14] гаргасан баримт байх бөгөөд хяналт шалгалтын ажиллагааны хугацааг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 30 хоногоор сунгасан тухай Хяналт шалгалтын газрын даргын цохолт[15] хийгдсэн байх тул хяналт шалгалтын ажиллагааг хуульд зааснаар сунгасан, үүний дагуу хяналт шалгалтын ажиллагаа үргэлжлэх болохыг “2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутад” сонсох ажиллагаа явуулах болсныг талууд болох гомдол гаргагч Л.Э, холбогдогч Б.Мнарт мэдэгдсэн баримтуудаар[16] тус тус тогтоогдож байна.
2.13. Иймд нэхэмжлэгчийн гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай” 5360 дугаар дүгнэлтэд үндэслэн бүртгэгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.14. Харин хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дурдсан “нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмыг хэрэглээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой” гэх агуулга бүхий тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй гэдгийг дурдах нь зүйтэй.
2.15. Учир нь, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 7/6789 тоот[17] албан бичигт нэхэмжлэгчийг шууд шүүхэд хандах эрхтэй болохыг заасан байх тул нэхэмжлэгчийн зүгээс энэхүү албан бичгийн дагуу шууд шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.1, 18.7 дахь хэсэг, 18.7.1 дэх заалт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 10.1.13 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэг, 22.3.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ПК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.М ын гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай” 5360 дугаар дүгнэлт, тус дүгнэлтэд үндэслэн бүртгэгдсэн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчид буцаан олгохгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 22 дахь тал
[2] Хх 80 дахь тал
[3] Хх 49 дэх тал
[4] Хх 56 дахь тал
[5] Хх 15-16, 18 дахь тал
[6] Хх 127-136 дахь тал
[7] Хх 83-87 дахь тал
[8] Хх 49 дэх тал
[9] Хх 56 дахь тал
[10] Хх 57-70 дахь тал
[11] Хх 127-136 дахь тал
[12] Тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны 128/ТМ2022/0957 дугаартай тэмдэглэл
[13] Хх 111-112 дахь тал
[14] Хх 115-116 дахь тал
[15] Хх 117 дахь тал
[16] Хх 119-120 дахь тал
[17] Хх 6 дахь тал