Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 00036

 

            

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

            Нарийн бичгийн дарга Э.Булгантамир

            Улсын яллагч Ч.Сэлэнгэ

            Хохирогч М.Мөнхтөр, Л.Зоригтбаатар

            Хохирогчийн өмгөөлөгч З.Баттулга

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн

            Шүүгдэгч Б.Батчулуун нарыг оролцуулан Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Баттуяагийн Батчулуунд холбогдох 201614000511 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

            Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 35 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-6-44 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овгийн Баттуяагийн Батчулуун /РД:ФМ81101312/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

            Шүүгдэгч Б.Батчулуун нь 2016 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Захиргааны 3 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд талын авто машины зогсоол дээр замын цагдаагийн зохицуулагч М.Мөнхтөр, Л.Зоригтбаатар нарыг албан үүргээ гүйцэтгэж явахад нь хүч хэрэглэн эсэргүүцэж М.Мөнхтөрийн биед хөнгөн гэмтэл, Л.Зоригтбаатарын гадуур хүрэмний малгайг урсан, нэг мөрдөсийг татаж ханзалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                               ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Шүүгдэгч Б.Батчулуун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дээдэс буудалд Амархүүгийн тоглолтыг үзэхээр Ариунболд, Ариунболдын эхнэр Хишгээ, Лхагва-Очир, Манлайбаатар, Эрдэнэсүх нарын хамт очоод тоглолт үзэнгээ 0,75 литрын архи 2 шилийг хувааж уусан. Гэтэл надтай хамт явсан ах хүнтэй муудалцаад байхаар нь жолооч дуудаад Ариунболд ахыг хүргэж өгөхөөр явж байгаад цагдаад баригдсан. Би Цагдаагийн албан хаагч болох Мөнхтөрийн тавьсан шаардлагыг биелүүлсэн, архи уусан гэдгээ хэлсэн, үлээ гэхэд нь үлээсэн, бичиг баримтаа шалгуулсан. Тэгээд буудлын гадаа үлдсэн хүмүүс рүүгээ очиж чадахгүй боллоо гэдгээ хэлэх гээд утсаар ярьтал Мөнхтөр араас татахаар нь би зөрүүлээд алгадсан нь үнэн. Унагааж өвдөглөж зодоогүй. Шүдийг нь хуглаагүй гэж бодож байна, Зоригтбаатар нь намайг барьчихаад тавихгүй байсан, Үүрийнгээ нэг мэдсэн ирчихсэн л байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

2. Хохирогч М.Мөнхтөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр замын цагдаагийн  24 цагийн үүргийг тасгийн зохицуулагч цагдаагийн ахлагч Л.Зоригтбаатарын хамт гүйцэтгэсэн. Шөнийн 00 цаг 30 минутын үед бид хоёр эмнэлгээс 1-15-р байрны зүүн талын төв замаар уруудаж явтал Дээдэс буудлын зогсоол дээрээс нэг суудлын авто машин хөдлөөд явахаар нь араас нь дохиж захиргааны 3-р байрны арын зогсоол дээр зогсоосон. Батчулуун худлаа мэдүүлж байна. Батчулуун шаардлага биелүүлж драгер үлээгээгүй, бичиг баримтаа шалгуулаагүй. Эрүүлжүүлэх дээр ирсэн хойноо драгер үлээсэн. Машиныг зогсоогоод тойрох үед жолооч нь машинаас буунгуут шууд утсаар хэн нэгэнтэй яриад цаашаа яваад байхаар нь араас нь очоод та шалгуулаач гээд тохойноос нь таттал эргэж хараад чи ер нь яах гээд байгаа юм бэ? утсаар яриулахгүй, хэн болоод миний хувцаснаас татдаг, миний биед хүрдэг гөлөг вэ гээд зүүн хөл рүү 2-3 удаа өшиглөсөн, нүүр рүү гараа атгаж байгаад цохисон. Дахиж цохих гэхээр нь би зогсоол дээр байсан машинуудыг тойрч гүйгээд машинаасаа станцаа аваад захиргааны 3-р байрны үүд рүү дөхөж явтал араас гүйж ирсэнээ хавсарч унаган дээрээс өвдөглөсөн. Нүүрээ хаагаад тонгойх үед Зоригтбаатар хүрч ирж салгасан, би станцаар 102 руу ярьж нэмэлт хүч дуудсан. Тэгээд бүрэлдэхүүн ирээд Батчулууныг авч явсан. Батчулуун уруул руу цохих үед амнаас цус гараад би шүлсээ хаяж байсан. Шүдээ хугарсаныг тухайн үедээ мэдээгүй. Эмчид үзүүлэхэд шүд хугарсан байна гэсэн ба хугарсан шүдийг авч шүд  суулгаж хийлгэхэд 1 400 000 төгрөгөөр хийлгэ гэсэн гомдолтой байна. Одоо 22 дугаар шүд хөндүүр өвддөг, шүдний хугарал гэмтэлтэй. Би байнга гадаа ажилладаг учир хүйтэнд салхи авахаар шүд маань янгинаж өвддөг боллоо. Батчулуун их согтуу байсан учир болсон үйл явдлаа санахгүй худал мэдүүлээд байна. Би эмчилгээний зардал 1 000 000 төгрөг авч 700 000 төгрөгөөр өмгөөлөгч авсан, тархи толгойны зураг, эм тарианд бусдыг нь зарцуулсан. Мөн тархи доргисон байна гэсэн учир 10 хоног баричаар бариулсан.Цаашид гаргах эмчилгээний зардлаа жич нэхэмжилнэ, гомдолтой байна гэв.

3. Хохирогч Л.Зоригтбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр М.Мөнхтөртэй 24 цагийн үүрэг гүйцэтгэж байхад Б.Батчулуун нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул би эхэлж очоод танадагч үлээлгэсэн ба Мөнхтөр драгер үлээлгэх гэтэл утсаар яриад яваад байсан. Мөнхтөр та бичиг баримтаа шалгуулаарай гэсэн чинь Батчулуун эргэж харсанаа Мөнхтөрийн хөл рүү 4-5 удаа өшиглөөд гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохисон чинь Мөнхтөрийн малгай нь газар унасан. Тэгээд Мөнхтөр рүү дайраад та нарт шалгуулахгүй, ална шүү пизда нар минь гэхээр нь Мөнхтөр зугтаагаад явсан чинь түүнийг захиргааны 3-р байрны ард барьж аваад хавсарч унагаад нуруу руу нь өвдөглөөд цохиод байхаар нь салгах гэтэл Гэгээнээ намайг барьж аваад Батчулуун нь баруун хөлөөрөө миний гуя руу 2 удаа өшиглөсөн. Тэгээд нэмэлт хүч дуудсан. Батчулуун худлаа яриад байгаад нь гайхаж байна. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

4. Гэрч Д.Амарсайханы “Анхбаярын хамт дуудлага өгсөн газарт очиход замын цагдаагийн зохицуулагч цагдаа Мөнхтөрийн жагсаал хувцас нилэнхүйдээ цус болчихсон, Мөнхтөрийн уруул нь язарч амнаас нь цус гарсан байдалтай байсан. Мөнхтөрөөс юу болсон талаар асууж замын цагдаа нартай зууралдаж байсан хүмүүсийг салгаж, Мөнхтөрийг зодсон гэх Батчулуун гэгчийг машинд суулган эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Батчулууныг машинд суулгах гэж байхад Мөнхтөрийн нүүр рүү Батчулуун гэгч утсаараа цохисон, бөгсөн бие рүү нь нэг удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 74-75-р хуудас/

5. Гэрч Д.Ариунболдын “Захиргааны 3 дугаар байрны хойд талын зогсоол руу эргэх үед араас зогсоорой гэж чанга яригчаар хэлэхээр нь Батчулуун машинаа зогсоож өөрөө машинаас бууж ард ирж зогссон замын цагдаатай уулзсан. Замын цагдаа Батчулууныг үлээ гэхэд нь багаж руу нь үлээсэн, гэтэл машиныг нь авч явна гэдгээс болж цагдаатай Батчулуун маргасан, сүүлдээ бүр хоорондоо зууралдаж нэг, нэгийгээ цохиод авах шиг болсон. Тэр намхан биетэй цагдаа нь Батчулуун дээр очоод хэрүүл маргаан хийгээд байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 81-82-р хуудас/

6. Гэрч Ш.Мэндбаярын “00 цаг 50 минутын орчим харихаар 1-12 дугаар байрны зүүн талаар уруудаад явж байтал захиргааны 3 дугаар байрны арын зогсоол дээр бөөн хүмүүс маргалдаж байхаар юу болж байгаа юм бол гээд дөхөөд очтол нэг замын цагдаатай Батчулуун маргалдаад зогсож байсан. Удалгүй цагдаагийн машин ирээд Батчулууныг эрүүлжүүлэх байр руу аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-84-р хуудас /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 771 дугаартай шинжээчийн М.Мөнхтөрийн биед тархи доргилт, 22 дугаар шүдний хугарал, дээд уруулын дотор талд язарсан шарх, зүүн шилбэний урд талд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт 22 дугаар шүдний хугарал нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт болон ял шийтгэлтэй эсэхийг лавласан лавлагаа /х/х-н 127-р хуудас/ зэрэг болно.

 

Дээрхи шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх тул шүүх үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болгосон болно..

 

         Иймд шүүгдэгч Б.Батчулуун нь 2016 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Захиргааны 3 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд талын авто машины зогсоол дээр замын цагдаагийн зохицуулагч М.Мөнхтөр, Л.Зоригтбаатар нарыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж М.Мөнхтөрийн бие махбодид тархи доргилт, 22-р шүдний хугарал, дээд уруулын дотор талд язарсан шарх, зүүн шилбэний урд талд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл, Л.Зоригтбаатарын гадуур хүрэмний малгайг урсан, нэг мөрдөсийг татаж ханзалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.Амарсайхан, Д.Ариунболд, Ш.Мэндбаяр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 771 дугаартай  дүгнэлт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч М.Мөнхтөр, Л.Зоригтбаатар нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Батчулуунд Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, заалт тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

 Шүүгдэгч Б.Батчулуунд ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэн үзэхийн зэрэгцээ анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнийг заавал нийгмээс тусгаарлах шаардлаггүй гэж дүгнэсэн болно.

 

Хохирогч Л.Зоригтбаатар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн бөгөөд хохирогч М.Мөнхтөр нь цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.1.7-д зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн 28-84 ОРА улсын дугаартай Тоёото Альфард маркийн суудлын авто машиныг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Батчулуунд буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдав.

          

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 291, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                   ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигон овгийн Баттуяагийн Батчулууныг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-д зааснаар шүүгдэгч Б.Батчулууныг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Батчулууны эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.        

4. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.1.7-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 28-84 ОРА улсын дугаартай Тоёото Альфард маркийн суудлын авто машиныг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Батчулуунд буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Хохирогч М.Мөнхтөр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Батчулуунд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар ялтан Б.Батчулуунд  хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

9 . Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батчулуунд урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.