Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/439

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч Б.Э,

шинжээч Г.Г,

хохирогч Ж.*******, түүний өмгөөлөгч О.А,

шүүгдэгч О., түүний өмгөөлөгч Ч.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт О.д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ** дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр ** төрсөн, ** настай, дээд боловсролтой, ** мэргэжилтэй, “*******” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл ** хамт ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын /РД:**/

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч О. нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, *******  гудамжинд байрлах ******* цэнгээний газрын өргөтгөлийн ажлыг иргэн Б.*******аар аман хэлцэл байгуулан гүйцэтгүүлэх явцад өргөтгөлд зохих анхааруулах тэмдэг байрлуулаагүйгээс 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр тухайн цэнгээний газраар үйлчлүүлж байсан хохирогч Ж.******* нь өргөтгөлийн талбай руу орж, доошоо унан, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан буюу суурин газар буюу байгууллагын нутаг дэвсгэр дээрх үйлдвэрлэлийн талбай ажлын хэсэг нь гадны хүмүүсийн нэвтрэх боломжийг хязгаарласан байна гэснийг биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч О. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

           2. Хохирогч Ж.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* гэсэннэртэй газар ба нэрийн буруу хэлсэн байж магадгүй гэх хүний газарт үйлчлүүлж байх үедээ 21 цагийн орчим ариун цэврийн өрөө орохоор найзтайгаа яваад ариун цэврийн өрөөнд оочирлож байх үедээ хажуу талын онгорхой харанхуй өрөө рүү дуу чимээ байсан учир утсаар ярих зорилгоор ороод хоёр алхаад доош явган хүний цементэн зам дээр унаж нурууны яс хугарсан, шуу хэсэгт төмөр мэт зүйлд зүсэж гэмтээсэн мөн тухайн үедээ зөөлөн эдийн гэмтэл шарх авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-46 дахь тал),

            3. Гэрч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ямар нэгэн хүн орж болохгүй гэсэн тэмдэглэгээ байхгүй байсан бөгөөд хажуу хана дагуу бөөрөнхий саарал савнууд байсан, хаалга дээр ямар нэгэн тэмдэглэгээ байхгүй байсан..”, гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-60 дахь тал),

            4. Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хувиараа барилгын өргөтгөлийн засварын ажил хийдэг... тэгээд тухайн газрын захиралтай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр гал тогооны өрөөний өргөтгөлийн ажлыг хийсэн...шалны ажлыг хийж байгаад ажлаа түр зогсоогоод материалаа хүлээж байсан...тухайн байгууллагатай амаар тохиролцож засвар хийсэн түүнээс гэрээ хэлцэл хийгээгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал),

            5. Гэрч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...засвар хийж байсан 2 давхрын өрөөний хаалга хагас онгорхой байсан урд талаар нь пивоны савнууд тавьсан байсан бөгөөд орохыг хориглосон тэмдэг 00-ийн хаалганы хажуу талд байсан ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дахь тал), 

6. Гэрч Т.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...орохыг хориглосон тэмдэг байсан эсэхийг санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 дахь тал),

7. Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...гадна хаалган дээр татсан байсан туузнууд хөөс, шилэн хөвөн зөөсөн байсан учир унасан байсан... засварын ажил хийж байгаа газрыг хамгаалалтад авсан зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал),

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 8248 дугаартай:

“-Ж.*******гийн биед ууцны 3 дугаар нугалмын хугарал, зүүн шуунд сорви бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэргийн гэмтлийн зэрэгт хамаарна.” (хавтаст хэргийн 83-84 дэх тал),

9. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр хамгааллын улсын ахлах байцаагч Г.Гантөмөрийн ХАБ-25/21 дугаартай

                 - “Ти энд би гоц мэргэн” ХХК-ийн захирал О. нь Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна”  гэж заасны дагуу хөдөлмөр аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хяналт тавих үүрэгтэй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 90-92 дахь тал),

           10. Шинжээч Г.Гантөмөрийн мэдүүлэг (хавтаст хэргийн 97-98 дахь тал),

           11. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 18-25 дахь тал),

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 133 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 110 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 115 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 120 дахь тал),  хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 123-124 дэх тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О. нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, ******* гудамжинд байрлах өөрийн ажиллуулдаг ******* цэнгээний газрын өргөтгөлийн ажлыг Б.*******аар аман хэлцэл байгуулан өргөтгөлийн ажлыг хийх явцад өргөтгөл буюу нүхэнд холбогдох анхааруулах тэмдэг байрлуулаагүйгээс тухайн цэнгээний газраар үйлчлүүлж байсан хохирогч Ж.******* нь өргөтгөлийн талбай руу орж, доошоо унаж ууцны хугарал  буюу хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэдэгт хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан үйлдлийг ойлгодог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл “Ти энд би гоц мэргэн” ХХК нь иргэн Б.*******тай аман хэлцэл хийж, хөлсөөр ажиллах явцад дээрх осол гарчээ.

Монгол Улсын дэд бүтцийн хөгжлийн сайдын 2004 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 163 дугаар Барилгын норм ба дүрэм батлах тухай тушаалын хавсралтаар батлагдсан Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийн 

6 дугаар зүйлийн 6.2.2-т “Суурин газар буюу байгуулагын нутаг дэвсгэр дээрх үйлдвэрлэлийн талбай, ажлын хэсэг нь гадны хүмүүсийн нэвтрэх боломжийг хязгаарласан хашаагаар хамгаалагдсан байна. Хамгаалалтын хашаа нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 -Үйлдвэрлэлийн талбайн хайс, хашааны өндөр нь 1.6 м-ээс, харин ажлын хэсгийн хайсны өндөр нь 1.2 м-ээс багагүй байна.

-Хүмүүс олноор зорчих газарт тулгаж тавьсан хашлага нь 2 м-ээс багагүй өндөртэй байхаас гадна, хамгаалалтын үргэлжилсэн саравчаар тоноглогдсон байвал зохино.

-Саравч нь цасны болон бусад ачааллын үйлчлэлийг даахаар тооцогдон хийгдсэн байна.

 -Хашлага нь ажил гүйцэтгэх хугацааны турш хяналт тавьж байх зориулалттай, ажил дууссаны дараа хааж түгжигддэг явган болон дааман хаалгатай байна” гэж,

Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж тус тус заасан.

 

Гэтэл аюулгүй ажиллагаатай холбоотой ерөнхий шаардлагыг хангуулаагүй, өргөтгөлийн нүхийг битүүмжлэх, хүн унахаас хамгаалсан хаалт хамгаалалт хийгээгүй, тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй өргөтгөлийн нүхийг таглаагүй байна.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч О. нь “Ти энд би гоц мэргэн” ХХК-д захирал албан тушаалтай буюу ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар зохих заавар өгөх, ажлын байрны аюулгүй байдлыг хангуулж ажиллуулах үүрэгтэй этгээд бөгөөд уг үүргээ хэрэгжүүлээгүй буюу осол гарсан гэх өдөр өргөтгөлийн ойр орчимд хяналт тавьж, хашаа, тэмдэг тэмдэглэгээ байршуулаагүй, гэрэл тавиагүй зэрэг шаардлага хангуулаагүйн улмаас хохирогч Ж.******* уг нүхэнд гишгэн доош унаж, түүний биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь хохирогч Ж.*******, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр хамгааллын улсын ахлах байцаагч Г.Гантөмөрийн ХАБ-25/21 дугаартай дүгнэлт, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч О.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

  1. Хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь хавтаст хэрэгт хохиролтой холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад 639,600 төгрөгийн баримт, шүүхийн хэлэлцүүлэгт ажилгүй байсан хугацааны цалин хөлс 615,070 төгрөг, нийт 1,254,670 төгрөгийн төлбөр төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч О. нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх үзэв.

Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлах нь зүйтэй.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

  Шүүгдэгч О.гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

           Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч О. нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хохиролыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал /... 39 настай, 9-12 насны хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, тодорхой эрхэлсэн ажилтай/ зэргийг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая / төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

 

  1.  Бусад асуудлаар:

   Шүүгдэгч О.д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч ******* овогт *******ын г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль түүнд  нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын г 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая / төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

            3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.д оногдуулсан 1,000,000 /нэг сая / төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

            4.  Шүүгдэгч О.д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О. нийт 1,254,670 төгрөгийг хохирогч Ж.*******д нөхөн төлсөн болохыг дурдсугай.

            6.  Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг О.д сануулсугай.       

            8.  Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Б.БАТБОЛОР