Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2020/00222

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

   Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, Ногоон чулуутын 8 дугаар гудамж, 13 тоот хаягт оршин суух албан ёсны хаягтай БНСУ-ын Мажангру 417 Бионгил 35 хаягт оршин суух Үхэр овогт Ганболдын Биширийн /регистрийн дугаар: ЧА84022271/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, ногоон чулуут 8 дугаар гудамж 13 тоот хаягт оршин суух Гууль овогт Бат-Очирын Мөнхтуяад /регистрийн дугаар:ЙЭ85031305/ холбогдох

 

 “Гэрлэлт цуцлуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй “Хүүхдийн асрамж тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхцэцэг, хариуцагч Б.Мөнхтуяа, нарийн бичгийн даргад Ж.Номинжаргал  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Бишир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Бишир миний бие Б.Мөнхтуяатай 2001 онд танилцаж 2007 оны 04 сарын 23-ны өдөр гэрлэлтийн 0051147 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Хамт амьдрах хугацаанд 2003 оны 07 сарын 07-нд хүү Б.Гэрэлт-Од, 2008 оны 12 сарын 30-нд охин Б.Гэрэлтуяа, 2012 оны 11 сарын 16-нд охин Б.Гэрэлтсарнай нар төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлаас болж 2014 оны 03 сараас хойш тусдаа амьдарч байгаа. Энэ үед гурван хүүхэд маань Б.Мөнхтуяагийн асрамжинд амьдарч байгаа. Одоо бид тус тусдаа амьдралтай болсон, хэн хэн нь хамтран амьдрагчтай гэр бүлтэй, дахин нийлж амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Б.Мөнхтуяа бидний дунд үр хүүхэд, эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.

            Хариуцагч Б.Мөнхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Мөнхтуяа миний бие Г.Биширтэй 2007 оны 04 сарын 23-нд гэрлэлтээ батлуулсан. Амьдрах хугацаанд 2003 оны 07 сарын 07-ны өдөр хүү Б.Гэрэлт-Од, 2008 оны 12 сарын 30-нд охин Б.Гэрэлтуяа, 2012 оны 11 сарын 16-нд охин Б.Гэрэлтсарнай гэх 3 хүүхэдтэй болсон. Хоорондоо таарч тохирохгүй учир 2014 оноос тус тусдаа амьдардаг болсон. Хүүхдүүд минь миний асрамжинд байгаа. Одоо тэр хүн ч, би ч гэр бүл хамтран амьдрагчтай болсон. Дахиж нийлэх боломжгүй учир гэрлэлтийг цуцалж өгнө үү. Г.Биширтэй үр хүүхэд, эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.

            Хариуцагч Б.Мөнхтуяа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Мөнхтуяа би Г.Биширтэй 2009 оны 04 сарын 23-нд гэр бүл болж Б.Гэрэлт-Од, Б.Гэрэлтуяа, Б.Гэрэлтсарнай гэх 3 хүүхэдтэй болсон ба Г.Биширтэй таарамжгүй харилцаа үл ойлголцлоос болж 2014 оны 03 сараас тус тусдаа хамтран амьдрагчтай болсон. Энэ хугацаанд 3 хүүхэд надтай амьдарч байсан. Одоо ч цаашид гурван хүүхдээ өөрийн асрамжинд байлгах хүсэлтэй байгаа тул хууль тогтоомжийн дагуу шийдэж өгөхийг хүсье гэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Г.Бишир, Б.Мөнхтуяатай  2007 онд гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон. Хамт амьдраад 3 хүүхэдтэй болсон. Зан харилцааны таарамжгүй байдлаас болоод 2014 оны 03 дугаар сараас хойш тусдаа амьдрах болсон. Одоо бол тусдаа амьдраад 6 жил гаруй болж байгаа юм. Г.Бишир нь БНСУ-д амьдарч байгаа ба өөр хүнтэй болж тэнд амьдраад гэрлэхээр болсон. Тэр хүнтэйгээ гэрлэлтээ бүртгүүлэх гэж байгаа гэсэн. 2003 оны 07 сарын 07-нд Б.Гэрэлт-Од, 2008 оны 12 сарын 30-нд Б.Гэрэлтуяа, 2012 оны 11 сарын 16-нд Б.Гэрэлтсарнай гэх 3 хүүхэдтэй болсон. Б.Мөнхтуяагийн хүүхэд асрамжлах эрх авах өргөдлийг ярилцан тохирч зөвшөөрсөн болно. Иймд Б.Мөнхтуяагийн асрамжинд Б.Гэрэлт-Од, Б.Гэрэлтуяа, Б.Гэрэлтсарнай нарыг үлдээх шаардлагыг зөвшөөрч байна гэв.

 

Хэрэгт авагдсан  нотлох баримтыг шинжлэн судлав.

                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Үхэр овогт Ганболдын Бишир нь хариуцагч Гууль овогт Бат-Очирын Мөнхтуяад холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчаас “Хүүхдийн асрамж тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага шүүхэд тус тус гаргажээ.

 

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: гэрлэгч Ганболдын Бишир, Бат-Очирын Мөнхтуяа нар нь 2001 онд танилцаж, 2002 оны 06 дугаар 05-ны өдөр гэр бүл болж,  2007 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1589 дугаарт бүртгүүлж гэрлэлтээ батлуулсан ба 2003 оны 07 сарын 07-ны өдөр хүү Б.Гэрэлт-Од, 2008 оны 12 сарын 30-нд охин Б.Гэрэлтуяа, 2012 оны 11 сарын 16-нд охин Б.Гэрэлтсарнай нарыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхний хуулбар, зохигч нарын тайлбар, хүүхэд эрүүл өсөн бойжиж буй тухай өрхийн эмчийн тодорхойлолт, сургуульд суралцаж байгаа тухай сургуулийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

Гэрлэгчид нь хувийн таарамжгүй харьцааны улмаас  2014 оны 03 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд эхнэр Б.Мөнхтуяа нь 2019 оны 11 дүгээр сарын 21-нд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй, дуусгавар болсон тул гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Талууд эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан, гэрлэлт цуцлуулах шаардлагад хариуцагч Б.Мөнхтуяа нь маргаагүй, нэхэмжлэгч болон хариуцагч нар нь өөр хүнтэй хамтран амьдарч байгаа гэж цаашид эвлэрч амьдрах хүсэлгүй байх тул хуульд зааснаар дахин эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж шүүх үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  132 дугаар зүйлийн 132.6-д зааснаар  гэрлэлтийг цуцлав.       

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар талууд хүүхдийнхээ асрамжийн асуудлаар харилцан тохиролцон эхийнх нь асрамжинд  хэвээр үлдээхийг хүлээн зөвшөөрсөн байх тул Б.Гэрэлт-Од, Б.Гэрэлтуяа, Б.Гэрэлтсарнай нарыг эхийн асрамжид хэвээр үлдээж, гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаагүй болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд эцэг, эх гэрлэлтээ цуцлуулж, тусдаа амьдрах болсон хэдий ч энэ  хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дах хэсэгт зааснаар  эцэг эхийг үүрэг хэвээр үлдэх ба эцэг  Г.Биширийн хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх  Б.Мөнхтуяа саад болохгүй байхыг дурдав.

 

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар зааснаар нэхэмжлэгч Г.Бишир нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  70,200 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхтуяагаас улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагч Б.Мөнхтуяагийн хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Биширээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, хариуцагчид тус тус  олгохоор тогтов.

 

            Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Үхэр овогт Ганболдын Бишир /регистрийн дугаар: ЧА84022271/, Гууль овогт Бат-Очирын Мөнхтуяа /регистрийн дугаар:ЙЭ85031305/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2003 оны 07 сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.Гэрэлт-Од, 2008 оны 12 сарын 30-ны өдөр төрсөн охин Б.Гэрэлтуяа, 2012 оны 11 сарын 16-ны өдөр төрсөн охин Б.Гэрэлтсарнай нарыг эх Б.Мөнхтуяагийн асрамжинд хэвээр үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсэгт зааснаар  Г.Бишир, Б.Мөнхтуяа нар нь гэрлэлтээ цуцлуулсан ч энэ хуулийн 26.2 дахь хэсэгт заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх ба хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

 

4. Гэрлэгчид  эд хөрөнгийн талаар маргаагүй, хариуцагч Б.Мөнхтуяа нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Бишир нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  70,200 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхтуяагаас улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагч Б.Мөнхтуяагийн хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Биширээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, хариуцагчид тус тус  олгосугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор зохигч нарын гэрлэлтийг бүртгэсэн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Улсын   бүртгэлийн газарт хүргүүлсүгэй.

 

7.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ОЮУНЖАРГАЛ