| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2023/0069/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/148 |
| Огноо | 2023-08-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/148
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д-,
хохирогч Х.А-ийн өмгөөлөгч Я.С-,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б-,
шүүгдэгч Т.К- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Х овогт Т-гийн К-д холбогдох эрүүгийн 2313000790076 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Баян- Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр /Шар говь/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С.Х овогт Т-гийн К-, регистрийн дугаар БЛ............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн тараар:
Шүүгдэгч Т.К- нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр /Шар говь/ багийн нутаг дэвсгэр байрлах байшиндаа эхнэр Н.А-г, Х.А-тэй хардаж улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж, баруун өгзгөнд хутгалж, мөн уг зодооныг салгах гэсэн Х.А-ийн зүүн гарын тохой, зүүн өгзгөнд тус тус хутгалж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр...” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт
1. Улсын яллагч А.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.К-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр...” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирогч Х.А-т 986000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэв.
2. Шүүгдэгч Т.К- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Т.К-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр...” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй.” гэв.
4. Хохирогчийн өмгөөлөгч Я.С- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.К- 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цагийн орчимд Х.А-ийн зүүн гарын тохой, зүүн өгзгөнд хутгалсан гэмт хэрэг үйлдсэн. Нэг нэгнээсээ уучлалт гуйж, хоорондоо эвлэрсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 986000 төгрөгийг хохирогч Х.А-т төлж өгсөн. Т.К-ээс төлүүлэх хохирол төлбөр байхгүй” гэв.
Эрүүгийн 2313000790076 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
5. Иргэн Х.А-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
6. Хэргийн газарт буюу Т.К-ий байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,
7. Эд зүйлд буюу хохирогч Н.А-гийн тухайн өдөр өмсөж байсан гэх хувцаснуудыг хүлээн авсан болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-11 дэх тал/,
8. Эд зүйлд буюу хохирогч Х.А-ийн тухайн өдөр өмсөж байсан гэх хувцаснуудыг хүлээн авсан болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-16 дахь тал/,
9. Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 19, 22 дахь тал/,
10. Хохирогч Н.А-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28, 37, 216 дахь тал/,
11. Хохирогч Х.А-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34, 40 дэх тал/,
12. Гэрч М.Х-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,
13. Гэрч Н.Ризагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
14. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 124 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
15. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 125 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 64-65 дахь тал/,
16. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23/13 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 72-74 дэх тал/,
17. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23/14 дугаартай дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 80-84 дэх тал/,
18. Яллагдагч Т.К-ий мэдүүлэг /хавтаст хэргийн 101-102 дахь тал/,
19. Гэрч Т.С-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 219-220 дахь тал/ зэргийг,
20. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б-ээс: “Хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаар лавлагаа, мал тэжээвэр амьтны тооллогын баримт, хохирол төлүүлсэн талаар Х.А-ийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
21. Шүүгдэгч Т.К-, хохирогчийн өмгөөлөгч Я.С- нараас нотлох баримт шинжлүүлээгүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
22.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
23. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Т.К-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
24. Шүүгдэгч Т.К- нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр /Шар говь/ багийн нутаг дэвсгэр байрлах байшиндаа эхнэр Н.А-г, Х.А-тэй хардаж улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж, баруун өгзгөнд хутгалж, мөн уг зодооныг салгах гэсэн Х.А-ийн зүүн гарын тохой, зүүн өгзгөнд тус тус хутгалж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр...” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
25. Иргэн Х.А-ээс гаргасан “2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 11 цагийн орчимд тус аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн иргэн Х.А-, Н.А- нар нь бусдад хутгалуулж гэмтсэн” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
26. Хэргийн газарт буюу Т.К-ы байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,
27. Эд зүйлд буюу хохирогч Н.А-гийн тухайн өдөр өмсөж байсан гэх хувцаснуудыг хүлээн авсан болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-11 дэх тал/,
28. Эд зүйлд буюу хохирогч Х.А-ийн тухайн өдөр өмсөж байсан гэх хувцаснуудыг хүлээн авсан болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-16 дахь тал/,
29. Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 19, 22 дахь тал/,
30. Хохирогч Н.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 12 цагийн үед манай сумын иргэн Х.А- нь манай гэрт ирсэн бөгөөд тэр үеэр Х.А- манай гэрт хумсны хутга авч ирж өгөхөөр ирсэн байсан юм. Энэ үеэр манай нөхөр болох Т.К- малаас ирсэн бөгөөд надад хөрш айлын хүү надад утсаар хэлсэн, таныг эзгүй, малд явсан хойгуур танай гэрт Х.А- ирж танай эхнэртэй унтаж хэвтдэг, Х.А-ийг гэртээ битгий оруул гэж хэлсэн гээд хэрүүл маргаан үүсгэж улмаар миний эрх чөлөөнд халдаж намайг зодох үед Х.А- нь намайг нөхрөөс салгаж авах үед нөхөр Т.К- нь ширээн дээр байсан модон иштэй хутгыг авч миний ар тал баруун өгзөгний дээд хэсэгт нэг удаа хутгалсан бөгөөд энэ үеэр Х.А- салгаж байх үеэр Т.К- нь Х.А-ийн зүүн гарын тохой хэсэгт нэг удаа хутгалж, дахиад зүүн өгзөгний дээд хэсэгт нэг удаа хутгалсан юм. Энэ үед миний хутгалуулсан хэсгээс цус гарч байсан..., ...Тухайн үед манай нөхөр миний нүүр, нүд хэсэгт 2 удаа гараараа цохисон бөгөөд сүүлд гартаа хутга барьж над руу дайрах үеэр миний хацар хэсэгт хутганы үзүүр хүрсэн юм...”, “...Өмнөх мэдүүлэгтээ би нөхөр Т.К-д уурласан уурандаа тэгж хэлсэн. Нөхөр маань жаахан юм ойлгох болов уу гэж бодоод л тэгж мэдүүлэг өгсөн. Бид хоёр хоорондоо хэрэлддэг асуудал гаргадаг ч нөхөр маань надад гар хүрч зодож байгаагүй. Тухайн үедээ би хуулийн байгууллагаар шалгуулж байгаагүй. Т.К- нь миний нөхөр, 3 хүүхдийн минь эцэг болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...”, “...Би 3 дугаар анги төгссөн, боловсрол муу, тухайн үед би шүүх хуралд анх удаа оролцсон болохоор айж сандарсан, мөн нөхөр болох Т.К- нь тэр үед надаас сална, цаашид хамт амьдарч чадахгүй гэж хэлээд байсан болохоор шарандаа, уур хүрээд тэгж хэлсэн юм. Т.К- нь намайг өмнө нь зодож байгаагүй, одоо өгч байгаа мэдүүлэг үнэн зөв.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28, 37, 216 дахь тал/,
31. Хохирогч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр би үхэр малаа бэлчээрт гаргачихаад замдаа Т.К-ий гэрт ороход малын хашааны хажууд Т.К- явж байсан бөгөөд би шууд тэдний гэрт ороход Н.А- гэртээ байсан. Тус үеэр цай уугаад сууж байх үед гаднаас Т.К- ирсэн юм. Түүний дараа бид гурав хамт суугаад цай уугаад сууж байсан ба би цайгаа ууж дуусгачихаад гарах гэхэд Н.А- надад энэ жаахан хоол, шөл халаачихлаа үүнийг уугаад яв л даа гэхээр нь би уг аяга шөлийг аваад уух үеэр Н.А- нь нөхөр болох Т.К-д хандаж чи яагаад дуугарахгүй байгаа юм бэ гэж асуухад Т.К- нь гэнэт босож ирээд шууд эхнэр болох Н.А-г гараараа хэд хэдэн удаа толгой хэсэг рүү нь цохисон. Энэ үеэр би босоод юу болоод байна гэж хэлээд барьж авахын завдалгүй Т.К- хаанаасаа хутга авсан юм бүү мэд гартаа хутга барьсан байсан ба Н.А-гийн ар нуруу хэсэгт нь хутга дүрэх шиг болсон. Би энэ үед шууд л Т.К-ий хоёр гарнаас нь барьж авах үед над руу хутга далайхад би зүүн гараа өргөөд хаах үед миний зүүн гарын тохой хэсэгт нэг удаа хутгалсан бөгөөд Т.К-ийг хориглож, гар хөлнөөс нь зууралдаж байх үеэр миний ар зүүн өгзөгний дээд хэсэгт хутгалсан. Энэ үед би юу болсон талаар сайн санахгүй байна, ямар ч байсан арай хийж Т.К-ийг салгаж аваад сууж байсан ба тухайн үед хажуу айлын хөрш болох М.Х- гэх хүн эхнэртэйгээ ирээд үзэж хараад явж байсан. Тухайн хүмүүст хэлүүлээд сумын төв дээр байдаг ах нарт хэл хүргүүлж сумын төвөөс цагдаа, эмнэлгийн түргэн тусламж дуудуулсан боловч ирээгүй бөгөөд орой 18 цаг өнгөрч байх үеэр манай ах болох Жахсылых гэх хүн очиж намайг авч Цэнгэл сумын төвд ирсэн юм. Тухайн үед би Т.К-д хутгалуулсны дараа хутгалуулсан газраас их хэмжээний цус гарсан байсан..., ...Сүүлд Т.К-ий гэрт сумын төвөөс манай ах ирээд намайг аваад Цэнгэл сумын төвд очиж эмнэлэгт үзүүл, цагдаад өгч шалгуулах хэрэгтэй гэх зүйл ярьж байсан болохоор би Т.К-ий намайг хутгалсан гэх модон иштэй, төмөр иртэй хутгыг авч ирсэн юм. Тухайн хутгыг танд гаргаж өгье..., “...Т.К- намайг хутгалснаас болж надаас маш их цус гарсан болохоор одоо миний бие маш ихээр сульдаж гар, хөл маань амархан даарч, бээрдэг болсон. Мөн би эмчилгээнд зориулж эм тариа хэрэглэсэн. Цэнгэл сумаас 2 удаа ирж явсан зардал гэх баримтуудыг гаргаж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34, 40 дэх тал/,
32. Гэрч М.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр би өглөө малаа хотлуулахаар гарсан бөгөөд өглөө 11 цагийн үед хөрш Х.А- нь манай айлын урд энгэрт үхрээ тууж яваа харагдсан. Тэгээд би хэсэг хугацааны дараа гэртээ орох гэж явахад Т.К-ий гэрийн гадна талд хүмүүсийн хэрэлдэх чимээ гарсан, очоод юу болсон талаар асуухад Т.К-, түүний эхнэр Н.А- нар хэрэлдсэн байдалтай байсан ба Н.А- гартаа хутга барьсан байдалтай харагдсан. Энэ үед би та нар юу болоод байна гэж асуухад хэн хэн нь юу ч дуугараагүй намайг харахад Х.А-ийн гар хөл, Н.А-гийн гар хөл цус болсон харагдахаар нь би гэртээ ороод Т.К-ий ах болох Т.Бейбит рүү утсаар залгаж хэлсэн юм. Түүний дараа үдээс хойш сумын төвөөс Т.К-ий ах болон Х.А-ийн ах нар нь ирээд тухайн хүмүүсийг аваад сум руу яваад өгсөн..., ...сүүлд Н.А- хэлэхдээ Т.К- нь над руу хутга барьж дайрсан, дараа нь Х.А-ийг хутгалсан гэж ярьж байхыг сонссон юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,
33. Гэрч Н.Ризагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Т.К- гэр бүлийн таарамжгүй асуудлаас болж Н.А-, Х.А- нарыг хутгалсан гэж сонссон. Тухайн үед бид нар гэрт байгаагүй, сумын төв рүү явсан байсан. Дараа нь юу болсон талаар сонсоход Н.А-, Х.А- нар нь гэр бүлийн гадуур харилцаатай байсныг Т.К- мэдчихээд хоорондоо хэрүүл маргаан үүсгэж байх үед хутгалсан байна гэж сонссон. Н.А-, Х.А- нар байнга уулзаж явдаг гэдгийг мэднэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
34. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 124 дугаартай “...Х.А-ийн биед зүүн талын өгзгөнд хөх ягаан туяатай цус хуралттай, дунд хэсэгт 2 ширхэг оёдол тавьсан, хатгагдсан шархтай, зүүн тохойнд хатгагдсан шархтай, зүүн тохойнд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, 1-10 хоногт үүссэн, шинэ гэмтлүүд. Х.А-ийн дээрх гэмтлүүд ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
35. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 125 дугаартай “...Н.А-гийн биед тархины доргилттой, баруун нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун хацарт хавантай, харын нуруунд хавдартай, баруун талд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хацарт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хацарт хатгагдсан шархтай, баруун өгзөгний зүүн хэсэгт 2 ширхэг тус бүрд 1 ширхэг оёдол тавьсан, хатгагдсан шархтай, зүүн гуяны урд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, 1-10 хоногт үүссэн, шинэ гэмтлүүд. Н.А-гийн дээрх гэмтлүүд ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 64-65 дахь тал/,
36. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23/13 дугаартай “...Шаргал өнгийн ноосон өмдний ар талын дээд ирмэгээс доош чиглэлтэй 1,9 см зайнд 1,1 см хэмжээтэй гэмтэл үүссэн байх ба уг гэмтлийн утасны зах ирмэг нь тэгш хэмтэй байх тул хурц иртэй буюу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. Хар өнгийн дотуур өмдний ар талын дээд ирмэгээс доош чиглэлтэй 3,2 см зайнд 2,5 см хэмжээтэй гэмтэл үүссэн байх ба уг гэмтлийн утасны зах ирмэг нь тэгш хэмтэй байх тул хурц иртэй буюу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 72-74 дэх тал/,
37. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23/14 дугаартай “...Саарал өнгийн гадуур хувцасны..., ...зүүн тохой хэсэгт 1,1 см хэмжээтэй гэмтэл байх ба уг гэмтлийн зах ирмэг нь тэгш хэмтэй байх тул хурц иртэй буюу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. Хар өнгийн дотуур өмдний зүүн өгзөг хэсэгт 2,2 см хэмжээтэй гэмтэл үүссэн байх ба уг гэмтлийн утасны зах ирмэг нь тэгш хэмтэй байх тул хурц иртэй буюу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. Бор өнгийн ноосон өмдний зүүн өгзөг хэсэгт 1,9 см хэмжээтэй гэмтэл үүссэн байх ба уг гэмтлийн утасны зах ирмэг нь тэгш хэмтэй байх тул хурц иртэй буюу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. Хар хөх өнгийн ноосон өмдний салтаа хэсэгт 4,5 см хэмжээтэй, баруун өвдөгний хэсэгт 4,5x4 см хэмжээтэй, зүүн өвдөгний хэсэгт 5,5x5 см хэмжээтэй, ар талын өгзөг хэсэгт 11x5 хэмжээтэй гэмтэл байх ба уг гэмтлийн утасны зах ирмэг нь сэмэрсэн байх тул эдэлгээний явцад үүссэн ханзралт байна, ар талын өгзөг хэсэгт 1,9 см хэмжээтэй гэмтэл байх ба уг гэмтлийн утасны зах ирмэг нь тэгш хэмтэй байх тул хурц иртэй буюу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 80-84 дэх тал/,
38. Яллагдагч Т.К-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие прокурорын гаргасан тогтоолтой танилцлаа, уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл байхгүй..., ...2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өглөө би үхрээ тууж хотлуулчихаад 11 цаг өнгөрч байх үеэр гэртээ ирэхэд Х.А- нь манай гэрт ирчихсэн сууж байсан ба энэ үеэр би цайгаа уугаад дуугүй сууж байхад манай эхнэр Н.А- нь над руу үг хаяж, чи яагаад юм ярихгүй байгаа юм бэ, чи их дотуур тамиртай, сэтгэцийн өвчтэй юм уу, намайг үл тоомсорлодог шүү дээ гэж хэлэхэд би Х.А-, Н.А- нарт хандаж би та нар шиг бузар амьтан биш гэж хэлээд түүнээс болоод маргаан гарч миний уур хүрээд, цочроод эхнэр Н.А-г 2-3 удаа цохисон бөгөөд энэ үеэр Н.А- гэрээс гарах үеэр нь би ширээн дээр байсан хутга аваад эхнэрийнхээ өгзөгний дээд хэсэгт нэг удаа хутгалсан. Түүний дараа Х.А- гүйж ирэхээр нь Х.А-ийн гарын зүүн тохой хэсэгт нь нэг удаа хутгалж мөн өгзөгний дээд хэсэгт нэг удаа хутга дүрсэн юм. Энэ үеэр Х.А- нь манай гэрээс гарч зугтаад гадна байсан морин дээрээ мордох үед нь би ахиж очоод Х.А-ийг мориноос нь татаж буулгах үед Х.А-ийн өгзөгнөөс цус гарч байсан, энэ үед хөрш айлын хүмүүс болох М.Х-, Т.С- нар ирээд салгасан юм..., ...Миний бие хөдөө ганцаараа мал маллаж байгаа, миний хувьд хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101-102 дахь тал/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Т.К- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдож тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт:
39. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.
40. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.
41. Шүүгдэгч Т.К- нь хохирогч Х.А-ийн эрүүл мэндэд “Зүүн талын өгзгөнд хөх ягаан туяатай цус хуралттай, дунд хэсэгт 2 ширхэг оёдол тавьсан, хатгагдсан шархтай, зүүн тохойнд хатгагдсан шархтай, зүүн тохойнд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд”, (2) хохирогч Н.А-гийн эрүүл мэндэд “тархины доргилттой, баруун нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун хацарт хавантай, харын нуруунд хавдартай, баруун талд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хацарт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хацарт хатгагдсан шархтай, баруун өгзөгний зүүн хэсэгт 2 ширхэг тус бүрд 1 ширхэг оёдол тавьсан, хатгагдсан шархтай, зүүн гуяны урд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл тус тус санаатай учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
42. Иймд шүүх хуралдаанд улсын яллагчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүхээс шүүгдэгч Т.К-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Т.К-ий эхнэрээ хардсан байдал шууд нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
43. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
44. Шүүгдэгч Т.К-ий гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.А-, Х.А- нарын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд тус тус хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Н.А- нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй. Харин шүүгдэгч Т.К- нь гэмт хэргийн хор уршигт хохирогч Х.А-т учирсан 986.000 төгрөгийн хохирлыг төлж өгсөн, хохирогч нараас өөр нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч Т.К-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
45. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Т.К-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгийн торгох ял оногдуулах” дүгнэлтийг,
46. Хохирогчийн өмгөөлөгч Я.С-ээс: “торгуулийн арга хэмжээ авах” саналыг,
47. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б-ээс “Прокурорын санал болгосон 700.000 төгрөгийн торгох ялыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
48. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.К-ий үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
49. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
50. Шүүгдэгч Т.К-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.
51. Шүүгдэгч Т.К- нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 103 дахь тал/-аар тогтоогдож байна.
52. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.К-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай болон прокурор, хохирогч, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
53. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 800 нэгж нь 800.000 төгрөгтэй тэнцэх юм.
54. Шүүгдэгч Т.К- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
56. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
57. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Х.А-ээс хураан авсан цээж хэсэг нь цэнхэр, хоёр ханцуй нь саарал өнгийн өвлийн куртик 1 ширхэг, хар өнгийн ноосон өмд 1 ширхэг, бор өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн дотуур өмд 1 ширхэг, бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, хохирогч Н.А-гаас хураан авсан шаргал өнгийн ноосон өмд 1 ширхэг, хар өнгийн ноосон өмд 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгаж шийдвэрлэв.
58. Шүүгдэгч Т.К-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Х овогт Т-гийн К-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.К-ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.К- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Т.К- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Х.А-ээс хураан авсан цээж хэсэг нь цэнхэр, хоёр ханцуй нь саарал өнгийн өвлийн куртик 1 ширхэг, хар өнгийн ноосон өмд 1 ширхэг, бор өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн дотуур өмд 1 ширхэг, бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, хохирогч Н.А-гаас хураан авсан шаргал өнгийн ноосон өмд 1 ширхэг, хар өнгийн ноосон өмд 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгасугай.
6. Шүүгдэгч Т.К-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК