| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0150/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/145 |
| Огноо | 2023-08-10 |
| Зүйл хэсэг | 28.5.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/145
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
улсын яллагч А.Д,
хэлмэрч, орчуулагч Б.А,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж-
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-,
шүүгдэгч Д.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.с ургийн овгийн Д-ы А-д холбогдох 2313000000139 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, ам бүл 6, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн 7 гудамжны 7 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Н.с ургийн овгийн Д-ы А-, регистрийн дугаар БЮ..........,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Д.А- нь Хилийн цэргийн 0165 дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдаж, цэргийн алба хааж байх үедээ буюу 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 21 цаг 25 минутын үед цэргийн албанаас зайлсхийх зорилгоор алба хааж байгаа цэргийн ангийг дур мэдэн орхиж явсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас өгсөн мэдүүлэг,
1.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж- мэдүүлэхдээ: “Манай хил хамгаалах байгууллага 90 жилийн түүхтэй. Өмнө нь ийм хэрэг гарч байгаагүй. Нэг цэрэг зуурдаар нас барьсан харамсалтай үйл явдал болсон. Олон нийтийн сүлжээгээр манай байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн асуудал болсон. Өөр ямар нэгэн гомдол санал байхгүй. Материаллаг хохирол учраагүй” гэв.
1.2. Шүүгдэгч Д.А- мэдүүлэхдээ: “2023 оны 5 дугаар сарын 5-ны өдөр цэргийн албанд татагдсан. 15 хоног болж байсан. Цэргийн алба хааж байхдаа тухайн цэргийн ангиас нэг цэрэг нас барсан байсан. Тухайн нас барсан цэргийн дуу нь сонсогдож байсан тул би ч гэсэн тухайн цэрэг шиг нас барах байх гэж бодож цэргийн ангиас дур мэдэн явсан” гэв
2. 2313000000139 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Иргэн М.Т-гээс 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 00 цаг 20 минутад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 1 дэх тал),
2.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тухай “Хэрэг учрал болсон гэх газар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0165 дугаар ангийн цэргийн хашаа объект байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 3-13 дахь тал),
2.3. Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 9 дэх тал),
2.4. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Н/18 дугаартай албан бичгээр хүргүүлсэн цэргийн алба хаах иргэдийн нэрийн жагсаалт (1 дэх хавтаст хэргийн 33-37 дахь тал),
2.5. Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/97 дугаартай албан бичгээр ирүүлсэн, байлдагч Д.А-ын хувийн хэрэг, байлдагч Д.А-тай ганцаарчилсан уулзсан тухай илтгэх хуудас, анхаарал татсан цэргийн хугацаат албан хаагчдын судалгаа, сургалтын төвийн социологийн судалгаа, дайчдаас авсан тандалт судалгаа, 2023 оны 1 дүгээр ээлжийн хугацаат цэргийн албан хаагчдын татсан дүнгийн тухай илтгэх хуудас, сэтгэл зүйчийн тэмдэглэл, дүгнэлт зэрэг баримтуудын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 38-78 дахь тал),
2.6. Прокурорын 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаартай Хилийн цэргийн 0165 дугаар ангийн байгууламжид байрлаж буй хяналтын камеруудын бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авах тухай зөвшөөрөл (1 дэх хавтаст хэргийн 84 дэх тал),
2.7. Хилийн цэргийн 0165 дугаар ангийн байгууламжид байрлаж буй хяналтын камеруудын бичлэгийг эд мөрийн баримтаар хурааж авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 85 дахь тал),
2.8. Эд мөрийн баримтаар хурааж авсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 86-88 дахь тал),
2.9. Камерын бичлэгийг хуулбарласан хард дискийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (1 дэх хавтаст хэргийн 89 дэх тал),
2.10. Иргэн Д.А-ын биед мэргэжилтэн оролцуулж үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 16-18, 93-97, 101-108 дахь тал),
2.11. Дэслэгч Э.Н-ын шинэ дайчинтай ганцаарчилсан уулзалт хийсэн дүнгийн тухай бичсэн “Байлдагч Д.А-, Ж.А- нар нь цэргийн албанд хандах хандлага сул, дасан зохицохгүй, шантрах хандлага илэрч байна. Уулзалтаар илэрхийлсэн эрүүл мэндийн шалтгаануудыг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх дүгнэлт гаргуулах саналтай” гэсэн илтгэх хуудас (1 дэх хавтаст хэргийн 92 дахь тал),
2.12. Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 109 дэх тал),
2.13. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 9/68 дугаартай албан бичгээр ирүүлсэн цэргийн жинхэнэ албанд татагдсан Д.А-ын анкет, эрүүл мэндийн үзлэгийн хуудас, (1 дэх хавтаст хэргийн 113 дахь тал),
2.14. Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1/101 тоот албан бичгээр ирүүлсэн Д.А-ын хугацаат цэргийн албанд татагдах үеийн эрүүл мэндийн үзлэг хийсэн баримтууд (1 дэх хавтаст хэргийн 116-120 дахь тал),
2.15. Хил Хамгаалах Ерөнхий Газрын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №506 дугаартай “Баян-Өлгий аймгийн Алтай сумаас 2023 оны 1-р ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан хилийн цэргийн 0165 дугаар ангид хуваарилагдсан Д.А-ыг сэтгэл зүйн тогтворгүй байдал, цэргийн алба хаах сонирхолгүй, цэргийн албанаас оргож, хуулийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байгаа тул сургалтын төвөөс буцаах саналын дагуу ар гэрт нь хүлээлгэн өгч, бичиг баримтыг Баян-Өлгийн аймгийн Цэргийн штабт албан бичгээр хүргүүлэхийг мэдэгдье.” гэх албан мэдэгдэл (1 дэх хавтаст хэргийн 123 дахь тал),
2.16. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний мэдэхийн тус ангид ажиллаж байх хугацаанд хугацаат цэргийн албаас байлдагч оргосон асуудал огт гарч байгаагүй. Энэ удаагийнх миний мэдэхийн анхных нь байх. 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр энэ оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагаар ирсэн цэргүүдээс хэд хэдэн цэргүүд сэтгэл зүйч нарын социологи судалгаагаар цэргийн алба хаах боломжгүй юм байна гэсэн дүгнэлт гарч байсан. Байлдагч Д.А-ын хувьд цэргийн албанд ирсэндээ харамсдаг, алба хаах сонирхолгүй талаар тайлбар өгч, судалгаа бөглөж байсан. Манай байгууллагын зүгээс ерөнхий газар луу хандаж, сэтгэл зүйч нарын баг ажиллуулж, тэд нарын судалгаа дүгнэлтийг үндэслэн нэр бүхий байлдагч нарыг алба хаахаас чөлөөлөх шийдвэр гаргах гэж байсан. Тухайн цэрэг оргодог өдрийн орой нэр бүхий алба хаагч нар өөрсдийн хувийн унаагаар ийш тийшээ явж, байлдагчийг эрэн сурвалжилж ажилласан. Гэхдээ манай байгууллагаас хохиролтой холбоотой гаргаж өгөх ямар нэгэн баримт байхгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэж ойлгож болно....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 131 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 95 дахь тал),
2.17. Гэрч Х.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Хүү Д.А- хэлэхдээ жагсаалын тайлбай дээр жагсаж байхад цэргийн ангийн хүмүүс миний чихнээс татсан. Мөн хоолонд орох үед ширээний хамгийн захад суугаарай гэж ялгаварлан гадуурхсан гэж ярьсан, өөр ямар нэгэн зүйл хэлж яриагүй. Д.А- миний том хүү учраас манай ээжийн гар дээр эмээгийн хүү болж өсөж хүмүүжсэн. Зан байдлын хувьд дуу цөөтэй, хүмүүстэй нэг их илэн далангүй харьцаад байдаггүй, тийм хүүхэд юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 134 дэх тал),
2.18. Гэрч Ш.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай цэргийн анги 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Ингээд цагийн хуваарийн дагуу тус өдрийн 20 цагийн үед Улаанбаатар хотоос Хил Хамгаалах Ерөнхий Газраас ирсэн цэргийн сэтгэл зүйч нар манай цэргийн ангийн хугацаат цэргийн алба хаагчидтай ангийн сургалтын танхимд цуглуулж бөөнд нь уулзаад сэтгэл зүйн судалгаа авсан. Тэгээд хугацаат цэргийн алба хаагч нар тус сургалтын танхимаас 21 цагийн үед гараад цэргийн байр луу буюу казарм руу очсон байсан. Ингээд би өөрийн албан өрөөнд байж байхад соён гэгээрүүлэх албаны ахлах ажилтан, дэслэгч Д.Г- над руу утсаар залгаад “байлдагч Д.А-нь бие засахаар болж цэргийн ангийн ариун цэврийн өрөө рүү ороод тус ариун цэврийн өрөөний цонхоор нь гараад оргоод явсан байна” гэж мэдэгдсэн. Ингээд манай цэргийн анги 21 цаг 20 цагийн үеэс эхлэн бие бүрэлдэхүүнээрээ Д.А-ыг эрэн сурвалжилж эхэлсэн. Улмаар бид нар Д.А-ын ар гэртэй нь буюу аав, ээжтэй нь утсаар холбогдож болсон асуудлын талаар хэлж танилцуулахад ар гэрийн зүгээс Д.А- гэрт ирээгүй талаар мэдэгдсэн. Тэгээд штабын дарга Ч.М-, Хилийн албаны тасгийн дарга Б.А- болон миний бие гурвуулаа Д.А-ын гэрт нь очиж аав нь Б- болон ээжтэй нь биечлэн уулзаад нөхцөл байдлыг танилцуулаад тэр хүмүүсийг дагуулж гараад нэг машинаар хамтдаа эрэн сурвалжилж эхэлсэн. Бид нар Д.А-ын аав, ээжтэй нь хамт Хилийн цэргийн 0165 дугаар ангийн ойролцоо хайгаад явж байхад штабын дарга Ч.М- рүү шалган нэвтрүүлэх тасгийн дарга Ц.А- залгаад “би Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт явж байгаад байлдагч Д.А-ыг хараад түүнтэй дөхөж очоод уулзах гэтэл Д.А- нь гэр хорооллын гудамж руу зугтаад явчихлаа, би түүнийг барьж чадаагүй” гэдгийг утсаар танилцуулсан. Ингээд бид нар Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.А-ын явсан гэх чиглэлээс хайгаад эхэлсэн. Бид эрэн сурвалжилж байх явцад 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдрийг шилжих шөнө 00 цагийн үед Д.А-оос ямар нэгэн сураг гарахгүй байсан тул аав ээжийг нь цагдаагийн газарт авч ирж дуудлага өгүүлээд буцаад аав ээжтэй нь хамт машинд суугаад хөдлөх гэж байтал манай ангийн ар тал хангалтын дарга албан тушаалтай дэд хурандаа С- нь бид нартай хамт явж байсан хошууч И- руу залгаад “...та нар Өлгий сумын 13 дугаар багт байдаг малын захын тийшээ хүрээд ирээч...” гэж ярьсан. Тэгээд бид нар С-ын хэлснээр Өлгий сумын 13 дугаар багт байрлах малын захын ойролцоо байдаг Төлеу гэх хүний гэрт нь яваад очиход Д.А-ыг тус айлд байхад нь олсон байсан ба тэнд хэвлэл мэдээллийн хүмүүс болон бусад олон хүмүүс ирсэн байсан...
... Би Д.А-тай уулзаж сэтгэл зүйн зөвлөгөө өгч байсан. Миний хувьд анх цэрэгт татагдаж ирэх үед нь нэг удаа уулзаж сэтгэл зүйн зөвлөгөө өгч байсан. Үүний дараа манай ангийн нийгмийн ажилтан Айжулдыз нэг удаа уулзаж зөвлөгөө өгч байсан. Мөн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос ирсэн сэтгэл зүйч нар бас Д.А-тай уулзаж сэтгэл зүйн судалгаа авч зөвлөгөө өгч байсан. Тэгээд бид нар 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хоорондоо зөвлөлдөхдөө “Д.А-ыг цэргийн албанаас ар гэр лүү нь буцаах арга хэмжээ авах хэрэгтэй юм байна, сэтгэл зүйн хувьд цэргийн албанд тэнцэхгүй юм байна, маргааш удирдлагын түвшинд танилцуулаад шийдвэрээ албажуулах хэрэгтэй байна...” гэдгийг ярилцаж тохиролцсон байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 136-137 дахь тал),
2.19. Гэрч Ч.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энэ оны 1 дүгээр цэрэг татлагыг аймгийн Цэргийн штабаас зохион байгуулж, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хилийн цэргийн 0165 дугаар ангид цэрэг татлагын комиссын үзлэгээр бүрэн тэнцсэн 61 иргэнийг манай ангид хүлээлгэж өгсөн. Үүнээс 3 цэрэг нь ар гэрийн гачигдалтай гэх асуудлыг аймгийн Цэргийн штабаас манай ерөнхий газарт уламжилсны дагуу 3 хүнээ буцааж авсан. Ингээд нийтдээ 58 цэргийн алба хаагчийг манай анги хүлээж аваад ангийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын үзлэгт хамруулж, улмаар ангийн сэтгэл зүйчтэй уулзуулж ярилцлага хийлгэхэд 58 цэргээс өнөөдөр оргосон цэрэг болох Д.А- нь сэтгэл зүйчид цэргийн алба хаах сонирхолгүй талаараа хэлсэн. Тухайн үед Д.А-оос гадна 5 цэрэг эмч нарын үзлэгээр шүдний асуудалтай, эвэрхийтэй зэрэг бие бялдрын хувьд тэнцэхгүй цэргүүд байсан.
А- гэх нэг байлдагч сэтгэл зүйчтэй уулзахад өнгөрсөн жил бас цэрэгт татагдаад улмаар таталт өгөөд, цэргийн албанаас чөлөөлөгдөж байсан талаар хэлсэн. Д.А-ын хувьд бие бялдрын хувьд хэвийн байсан, гэвч сэтгэл зүйчид хэлэхдээ цэргийн алба хаах сонирхолгүй талаар ярилцлага өгсөн. Тэгээд ангийн удирдлагуудаас аймгийн Цэргийн штабт дээрх 6 цэргийг буцаах боломжтой эсэх талаар амаар хүсэлт тавьсан боловч цэргийн штабаас буцаах боломжгүй гэсэн хариу өгсөн. Улмаар манай ангийн удирдлагуудаас ерөнхий газарт хүсэлт гаргасны үндсэн дээр 2023 оны 05 дугаар сарын 18-ний өдөр ерөнхий газраас 3 хүний бүрэлдэхүүнтэй сэтгэл зүйч нарын баг ирж, цэргүүдтэй нэг бүрчлэн уулзаж, социологийн судалгаа авч ажиллаж байгаа. Өчигдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хуваарийн дагуу оройн 19 цагт хоолноос гараад соёл, олон нийтийн цагаар дээрх сэтгэл зүйч нар бүх цэргүүдтэй уулзалт зохион байгуулж байх үед 21 цаг 20 минутад 1 дүгээр салааны байлдагч Д.А- нь сургалтын төвийн жижүүр, ахлах ахлагч М-ээс 00 өрөө орж, бие засахаар зөвшөөрөл авч, амрах байрны доторх 00 өрөө орсон байна. Байлдагч Д.А- нь 00-ийн өрөө ороод 10 минут удахаар нь М- араас нь орсон боловч байлдагч Д.А- нь 00-ийн өрөөний цонхоор гарч, цэргийн ангийн байгууламжаас оргон зугтсан асуудал гаргасан.
Ангийн байрнаас байлдагч оргох үед ангийн даргын зөвлөлийн гишүүд хуралдаад тарж байсан бөгөөд шалган нэвтрүүлэх тасгийн дарга, хошууч Б.А- машинтайгаа гэр лүүгээ харьж байх замдаа байлдагч Д.А-ыг зам дагуу алхаж байхыг нь хараад дуудсан боловч Д.А- нь харанхуй гудамж руу ороод зугтаад явсан байна лээ. Байлдагч Д.А-ыг надтай хамт Хилийн албаны тасгийн дарга, дэд хурандаа Б.А-, сэтгэл зүйн албаны дарга, дэд хурандаа Ш.Ж- бид гурав ангийн байрнаас гарч хайгаад түүний ар гэрийн хүмүүстэй уулзсан. Тэгээд 22 цаг 40 минутад иргэн Төлеу гэх хүний гэрээс олдсон...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 130-140 дэх тал),
2.20. Гэрч Э.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хилийн цэргийн 0165 дугаар ангид шинээр цэргийн албанд татагдсан 58 байлдагчаас 1 дүгээр салааны 20 байлдагчийг захирагчийн тушаалаар хариуцан ажиллаж байгаа. Надтай цуг мөн тушаалаар тус салааг захирагч, ахмад Э.Ш- бас давхар хариуцан ажиллаж байгаа. Өнөөдрийг хүртэл хугацаанд миний хариуцсан салаанаас байлдагч Ш.А- нь 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр цэргүүдийн амрах байранд байх үед таталт өгч, өвдсөний улмаас тэр даруй аймгийн Нэгдсэн эмнэлэгт түргэний машинаар хүргүүлж, улмаар эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлээд улмаар цэргийн албанаас удирдлагуудын шийдвэрээр цэргийн албанд тэнцэхгүй гэх үндэслэлээр чөлөөлсөн. Одоогоор бол 19 байлдагчийг хариуцан ажиллаж байгаа.
Дээрх 19 цэргээс байлдагч Д.А- болон бас түүнээс гадна 5 байлдагч нь анх татагдаж ирсний дараагийн үзлэг, социологийн судалгаагаар анхаарал татах байдал илэрсэн. Байлдагч Д.А-ын хувьд цэргийн алба хаах сонирхолгүй гэдгээ хэлсэн. Миний зүгээс 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр уулзаж ярилцахад байлдагч Д.А- нь цэргийн алба хаах сонирхолгүй гэдгээ хэлж байсан. Цэргийн ангийн удирдлагуудаас саяхны цэрэг нас барсны улмаас ерөнхий газарт сэтгэл зүйчдийн баг ажиллуулах хүсэлт гаргаж, улмаар уржигдар буюу 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хотоос сэтгэл зүйч нарын баг ирж, ажиллаж байгаа. Энэ хугацаанд өглөөний 05 цаг 50 минутаас орой 22 цаг 00 минут хүртэл бүхий үйл ажиллагаа хуваарийн дагуу явагдаж ирсэн.
Өчигдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн орой 21 цагийн үед миний бие цэргүүдийн амрах байранд зарим нэг ханиалгаад явж байгаа цэргүүдийг ангийн эмч нар үзэж, үзлэг хийж байх үед байлдагч Д.А- нь байлдагч нарын хамт хичээлийн байранд сэтгэл зүйч нарын социологийн судалгаанд орж ирчхээд амрах байр луу орох үед углаашаа өмсөнө гэж хэлээд 00-ийн өрөө орсон. Тухайн үед 00-ий өрөө орох зөвшөөрлийг сургалтын төвийн жижүүр М-ээс аваад явсан байна. Би тухайн үед ханиадтай цэргүүдийг эмч нарт үзүүлж байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа байлдагч Д.А- алга болчихлоо гээд жижүүр М- ярьсан. Тухайн үед би өөрөө 00-ийн өрөө лүү ороход цонх нь онгорхой байсан ба гадагшаа гараад ангийн малын хашааны тэндхийн намхан хэсгээс хашаа давж гарсан цэргийн гутлын мөр байсан. Ер нь бол байлдагч нар анх ирсний дараа 3 хоног ард хувцастай байх үед миний салаа малын хашааны тэнд, хүлэмжид аж ахуйн ажил хийсэн байсан, бодвол Д.А- нь тухайн үед хашааг судалсан байх...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 142-143 дахь тал),
2.21. Гэрч Э.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Хугацаат цэргийн алба хаагчид өглөөний 06 цагаас босож, дасгал хөдөлгөөнд хамрагдаад, ор дэрээ хураагаад хоолонд өглөөний 07 цагаас орсон. Хоолонд орж дуусаад өглөөний 08-11 цаг хүртэл жагсаалын бэлтгэл хийсэн, /нийт 3 салаа байгаа ба бүх хугацаат цэргийн алба хаагчид хамрагдсан гэх/ 11 цагаас 12 цаг 50 минут хүртэл Улаанбаатар хотоос ирсэн сэтгэл зүйч нар байлдагч нартай уулзаж судалгаа явуулсан, 13 цагаас хоолонд ороод 13 цаг 30 минутаас 14 цаг 30 минут хүртэл амраад, 14 цаг 30 минутаас цэргүүдийг бие засуулаад, зэвсгийн авхуулаад жагсаалын бэлтгэлийн хичээлийг 18 цаг 30 минут хүртэл хийлгэсэн. 19 цаг 00 минутаас 19 цаг 30 минутын хооронд хоолонд ороод 19 цаг 30 минутаас 00-д оруулж дуусаад Улаанбаатар хотоос ирсэн сэтгэл зүйн бүлэг дахин судалгаа авна гэхээр нь цэргүүдийг сургалтын танхимд оруулсан ба тэр нь 20 цаг 30 минутын орчимд дууссан. Судалгаанд дэд хурандаа Ж- цэргүүдийг хариуцан оруулсан. 20 цаг 30 минутын орчимд би цэргийн байрны үүдэнд зогсож байхад манай салааны цэргүүд ирсэн. Тэгэхэд Д.А-той үүдэнд таарсан. Тухайн үед би хүүхдээ тэврээд зогсож байсан чинь тэр ирээд таны хүүхэд үү гэж хэлээд ангийн байр луу орсон. Ингээд дотор эмчийн үзлэгт цэргүүд хамрагдаад дуусахаар нь цэргүүдийг бүртгэж үзэхэд 1 цэрэг алга байсан ба тэр нь Д.А- байсан. Ингээд түүнийг ангийн хашаанаас хайгаад явж байхад хошууч А- 21 цаг 38 минутын үед над руу утсаар залгаад “нэг байлдагч гадуур явж байна, чиний цэргүүд бүрэн үү” гэхээр нь би “харин нэг цэрэг алга байна, наад цэрэг мөн байх” гэж хэлсэн. Тэгээд манай ангийн алба хаагчид А- хошуучийн хэлсэн газарт очиж самналт хийсэн байх нарийн юмыг нь мэдэхгүй. Тэгээд нөгөө гадуур явж байсан цэрэг Д.А- мөн болж таарсан гэсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 146-147 дахь тал),
2.22. Гэрч П.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн цэргийн ангийн сургалтын төвийн жижүүрийн хуваарьтай байсан. Ингээд тус өдөр бүх үйл ажиллагаа цагийн хуваарийн дагуу явагдаж байсан. Цагийн хуваарийн дагуу өдөр бүр 20 цагаас 21 цаг хүртэл соёл олон нийтийн цаг гэж явдаг бөгөөд энэ цагийг ахлах дэслэгч Г- хариуцаж үйл ажиллагаа явуулдаг. Соёл амралтын цагт цэргүүдэд дуу дуулуулах, кино үзүүлэх зэрэг үйл ажиллагаанууд явагддаг юм. Энэ үед манай ангийн эмч нар ирж цэргүүдийн биед нь үзлэг хийж эрүүл мэндийн байдлыг нь бас давхар шалгаж байсан. Энэ хооронд байлдагч Д.А- нь салааны дарга, ахмад Ш-аас зөвшөөрөл аваад ариун цэврийн өрөөнд орж углааш авахаар орсон байна. Үүнийг бол би тухайн үед би мэдээгүй. Тэгээд 1 дүгээр салаа эмчийн үзлэгт хамрагдаж дууссан тул 1 дүгээр салааг коридорт жагсаагаад нэгдүгээр салааг дэс дараагаар нь тоолуулж тоо авахад Д.А- байхгүй байсан ба бусад байлдагч нар Д.А- байхгүй байна хаашаа явчихваа гэх зүйл ярьж байсан. Ингээд түүнийг хаашаа явсан талаар сураглаж байтал ариун цэврийн өрөө рүү орсон талаар мэдээд би ариун цэврийн өрөө рүү гүйгээд ороход ариун цэврийн өрөөний цонх нь онгорхой байхаар нь би гар утасныхаа гэрлийг цонхны доор тусгаж харахад шороон дээр гутлын мөр харагдаж байсан. Тэгээд би бусад хүмүүст Д.А- ариун цэврийн цонхоор гараад явсан байна гэж хэлээд өөрөө цэргийн ангийн хүлэмж рүү гүйж очиж хашааны арай намхан хэсгийг нь шалгахад хашааны тухайн намхан хэсгээс даваад явсан мэт хүний мөр үүссэн байсан. Ингээд л бид нар цэргийн ангийн бүх хүмүүс Д.А-ыг хайж эхэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 149-150 дахь тал),
2.23. Гэрч Ц.А-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Өчигдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр орой 21 цаг хүртэл даргын зөвлөл ангийн төвд захирагчийн өрөөнд хуралдсан. Хурал 21 цаг өнгөрөөд дууссан ба би хурлаас гараад шууд цэргийн ангийн байрнаас гарч, гэр лүүгээ ганцаараа машинтайгаа явсан. Гэтэл Өлгий сумын 13 дугаар баг гэж ойлгох уу, ямар ч байсан “Номин” худалдааны төв рүү эргэх уулзварын наагуур буюу хойд талд засмал замын баруун талаар цэргийн хувцастай байлдагч ганцаараа алхаад явж байхаар нь миний бие дотроо тухайн байлдагчийг чөлөөгөөр гарсан болов уу гэж бодоод гэрт нь хүргэж өгөх санаатай байлдагчийн хажуугаар жаахан өнгөрөөд замын хажууд зогсоод машиныхаа цонхыг онгойлгоод “цэргээ нааш ир” гэж дуудсан. Тухайн үед би өөрөө цэргийн хувцастай явж байсан болохоор байлдагчийн зүгээс намайг хараад шууд засмал зам хөндлөн гараад “Номин” худалдааны төв рүү чиглэсэн засмал замаар алхаад явчихаар нь би сэжиглээд эхлээд сургалтын төвийн штабын дарга С-ын утас руу залгасан боловч утсаа аваагүй. Тэгэхлээр нь би машинаа хөдөлгөөд байлдагч алхаж явсан чиглэл рүү машинтайгаа явж очоод зогсоод буух хооронд байлдагч маань миний машины хойгуур гараад малын зах тийшээ гүйгээд явчихсан юм.
Тухайн үед би машинаасаа буучихсан болохоор ангийн салаан захирагч Ш- луу утасдаад “энд нэг цэрэг яваад байна, ямар учиртай юм бол” гэж асуухад надад “харин тиймээ нэг цэрэг дутуу байна, энд хайж байна” гэхээр нь би түүнд “энд нэг цэрэг явж байна, нүдний шилтэй юм байна” гэхэд Ш- надад “тиймээ нүдний шилтэй цэрэг байсан” гэхээр нь би тэд нарыг байгаа газартаа дуудчихаад буцаж машиндаа очиж суугаад малын зах тал руу эргээд хөдөлсөн боловч байлдагч байхгүй байсан. Тэгээд удалгүй Ш- нар ирээд тэндээс байлдагчийн хэсэг хайсан боловч олж чадаагүй....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 152-153 дахь тал),
2.24. Гэрч Э.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие Хил Хамгаалах Ерөнхий Газрын даргын тушаалаар Баян-Өлгий аймагт байрлах Хилийн 0165, 0285 дугаар ангид шинээр татагдсан хугацаат цэргийн алба хаагч нарт сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Улаанбаатар хотоос 2023 оны 05 сарын 18-ны шөнө албаны тээврийн хэрэгслээр 3 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Тэгээд Хилийн 0165 дугаар ангид байрлах албаны буудалд байрласан ба 2023 оны 05 сарын 19-ний өглөөний 09 цагаас эхлэн хуваарийн дагуу ажиллаж эхлэн, цэргүүдтэй 15 цагаас 18 цагийн хооронд ганцаарчлан уулзсан. Ингэхдээ тухайн ангийн сэтгэл зүйч М.А-ыг орчуулагч, хэлмэрчээр оролцуулж 8 цэрэгтэй уулзсан. Тэгээд 7 дахь цэрэг нь Д.А- байсан ба тэрээр “цэргийн албанд анхнаасаа хүсэлгүй байсан, хамгийн анхны цэргийн комиссын үзлэгээр тэнцээгүй гэдгээ хэлсэн. Тэгтэл хүчээр тэнцүүлээд цэрэгт явуулсан гэсэн гэж хэлсэн ба найз охин нь 4 сартай жирэмсэн, энэ талаар өөрийн аав, ээждээ хэлээгүй, өөрөө болохоор аав ээжтэй нь танилцчихсан. Тэрээр Исламын шашин шүтдэг, мөргөл үйлддэг, найз охиндоо анх хуримаа хийнэ гэж амлаж байсан, гэтэл амлалтаа биелүүлж чадахгүй цэрэгт явчихлаа, түүний найз охины аав нь Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал, айлын ганц охин” гэж хэлж байсан. Тэгээд ярилцлага дууссаны дараа М.А- нь тухайн сургуулийн захирлыг ерөнхийдөө мэддэг, 3 хүүхэдтэй, энэ цэрэг худлаа ярьж байна гэж хэлсэн. Тэгээд би Хилийн 0165 дугаар ангийн сэтгэл зүйн бэлтгэлийн албаны дарга дэд хурандаа Ж-тэй уулзаж ярихад тэрээр “энэ цэрэг анх 2023 оны 05 сарын 05-ны өдөр ангид татагдаж ирэх үед цэргийн алба хаах боломжгүй юм байна гэдгийг би цэргийн штабт мэдэгдсэн. Тэгэхэд тэр үед цэргийн штаб нь хоёр шатны эмчийн үзлэгээр тэнцсэн хүнийг танайх хасах эрх бүхий байгууллага биш” гээд буцааж аваагүй гэж хэлсэн.
Тэгээд оройн хоолны дараа 1 дүгээр салааны бүх байлдагч нартай бүлгийн дасгал ажлыг 40 орчим минут явуулсан ба тэр үед Д.А- оролцоо муутай дуу муутай оролцсон. Дараагаар нь амрахаар буудал руу явсан. Буудалд ирээд амарч байгаад 22 цаг болох гэж байхад цэрэг оргосон гэдгийг Ж- дэд хурандаагаас мэдсэн ба хэн гэдгийг асуухад Д.А- гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 155 дахь тал),
2.25. Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...19 цагт оройн хоолонд орцгоосон. Оройн хоолны дараа бие засаад цэргийн ангийн сургалтын танхимд бүх цэргүүдийг суулгаж сэтгэл зүйч нартай уулзуулсан. Тухайн хүмүүс цэргүүдээс сэтгэл зүйн судалгаа аваад дараа нь сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн. Тэгээд тэндээсээ гараад цэргийн байранд ирээд эмчийн үзлэгт орцгоосон. Энэ үед бид нар эмчийн үзлэгт орж дуусаад жагсаж тоо өгөхөд Д.А- байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 168-169 дэх тал),
2.26. Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн үед бид нар Улаанбаатар хотоос ирсэн сэтгэл зүйч нартай уулзаад дараа нь цэргийн байр руу орж ирээд эмчийн үзлэгт орцгоосон. Тэгээд бид нар эмчийн үзлэгт орж дуусахад ахлах ахлагч М- гэх хүн бид нарыг жагсааж тоо авахад Д.А- байхгүй байхыг нь мэдсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 171 дэх тал),
2.27. Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие 2 дугаар салаанд харьяалагдаж байгаа ба салааны захирагч нь З-оо гэх албан тушаалтан байгаа. Бид нартай ихэвчлэн салааны захирагч биечлэн хяналт тавьж ажиллаж байна. Энэ алба хаагчтай голцуу харьцаж байгаа учир зан харилцааны талаар ярих юм бол зөв харьцаатай, юмыг чиглэлээр ажилладаг юм. Ер нь ангийн бусад алба хаагч нар ч гэсэн цэргийн дүрмийн дагуу бид нартай харьцаж байгаа. Хугацаат цэргийн алба хаагч нарт өдөрт нийт 3 удаа хоолонд орж байгаа ба амт чанарын хувьд сайн, бүрэн цаддаг байгаа. Усанд 7 хоногт нэг удаа орж байгаа. Халуун устай, усанд ороод дууссан цагт гарна, яг усанд орох цагийг заадаггүй юм. Миний хувьд тус ангийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байна. Хоол амттай, усанд орно, өдрийн цагаар амарна, үйл ажиллагаа яг цагийн хуваарийн дагуу явагдаж байгаа. Тийм ядарч, шантарч байгаа зүйл алга байна. Ер нь цэргийн алба хаах бололцоогоор цэргийн ангийн удирдлагуудаас хангаж байгаа. Байнгын эмчийн хяналт, сэтгэл зүйч нар уулзаж судалгаа авч, ярилцлага хийнэ, сургалтын байранд шатар, даам тоглоно, зурагт үзэх боломжтой байгаа. Иймд өөрийн зүгээс ангийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байна.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 179-180 дахь тал),
2.28. Гэрч Ж.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Бид нартай цэргийн дүрмийн дагуу харьцдаг, янз бүрийн байдлаар харааж, загнадаг асуудал байхгүй. Ер нь юмыг сайн ойлгуулах гэж захирагч нар хичээж байгаа. Зарим нэг цэргүүд ойлгохгүй байх үед бага зэрэг загнадаг, гэхдээ энэ нь зөвхөн юмыг ойлгуулах гээд загнадаг юм. Д.А- бид хоёр нэг салаа байгаа ба түүний хувьд дотуур тамиртай, хүнтэй юм ярихгүй, ер нь манай салаанд байгаа байлдагч нартай дотносож, харилцаа тогтоож байхыг нь би лав харж байгаагүй. Түүнтэй нэг сургалтын төв нэг салаанд байгаа болохоор Д.А-ыг өөрийн зүгээс дүгнэж хэлэх юм бол юмыг маш удаан сурна, нэг хэлсэн юмыг шууд цээжилж, сурч бие даан хийж чаддаггүй. Үүнээсээ болоод салааны захирагчид загнуулдаг асуудал байгаа. Тодруулбал алхаж, гишгэхэд Д.А-ын хувьд чаддаггүй, маш удаан сурдаг тул ангийн захирагч чи сайн сур гэх байдлаар шаардлага тавьж загнадаг болохоос түүнд огт гар хүргэдэггүй. Өөрийн зүгээс Д.А-ыг үнэлэхэд гэрээсээ хол гарч үзээгүй, хатуужил үзээгүй, тийм эрх хүүхэд юм шиг санагдсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 183-184 дэх тал),
2.29. Гэрч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Өчигдөр 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн орой 21 цагийн үед ангийн байрны хичээлийн байранд сэтгэл зүйч нартай уулзаад буцаж ирээд амрах байрны гадаа жагсаж байгаад амрах байр луу бүх байлдагч нар амрах байрны гадаа углааш өмсөөд гутлаа тайлаад орсон. Харин Д.А- тухайн үед углаашаа дотор 00-ийн өрөөнд үлдээсэн гэж хэлээд ганцаараа гуталтайгаа амрах байр луу орсон. Тэгээд амрах байранд орсны дараа Д.А- нь гутлаа тайлж, углаашаа өмсөнө гэж хэлээд 00-ийн өрөө лүү ганцаараа орчхоод тэр чигтээ алга болоод 00-ийн цонхоор гараад явсан гэсэн. Салааны орлогч, захирагч болон бусад ажилтнуудаас цэргүүдийг айлган сүрдүүлж дарамталсан, зодож, дэглэм гаргасан асуудал болоогүй.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 187-188 дахь тал),
2.30. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч К.Х-ын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №386 дугаартай “...1.2.3.4. Иргэн Д.А-ын биед гэмтэл тогтоогдоогүй. 5.Иргэн Д.А-ын архаг гайморийн хөндий нь үрэвсэлтэй архаг хууч өвчтэй байна.” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 199 дэх тал),
2.31. Яллагдагч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Өнгөрсөн Баасан гаригийн орой 21 цагийн үед цэргүүд хуваарийн дагуу амрах байр луу ороод гутлаа тайлж байсан. Би тэр үед гуталтайгаа амрах байр луу орсон бөгөөд салааны захирагч Ш- надаас углааш чинь яасан ба гэхлээр нь би түүнд 00-ийн өрөөнд байгаа гэж хэлээд гуталтайгаа амрах байрны дотор байдаг угаалгын өрөө рүү ороод хажуу талын 00-ийн өрөөнд нь орж, улмаар цонхыг нь онгойлгоод гадагшаа гарсан. Тэндээсээ гараад тарианы талбайн тэндээс хашаа даваад зугтаад явсан. Би цэргийн ангиас өөрөө ганцаараа зугтаж гарсан. Ангиас гарсны дараагаар шууд урагшаа гудамжаар яваад Сагсай сум руу гарах засмал замаар зам дагуу төв рүүгээ яваад “Алмалы” зоогийн газрын дөрвөн замын уулзвараар шууд урагшаа явж байтал “Күнгей” дэлгүүрийн харалдаа явж байхад миний хажууд цэргийн ангийн нэг алба хаагч машинтай ирж зогсоод намайг дуудахаар нь би тэндээс малын захын гудамжаар орж зугтаад танихгүй хүний гэрт яваад очсон.
Тухайн байшин нь иргэн Төлеу гэх хүний гэр байсан бөгөөд тэр хүн намайг гэртээ оруулж аваад хаалгаа дотроос нь түгжиж авсан. Би тэр хүний гэрт 21 цаг өнгөрөөд 22 цаг дөхөж байхад очсон. Би тэр хүний гэрт 2 гаруй цаг байсан ба Төлеу гэх хүн гэртээ хүн дуудаж байсан, би тэр хүмүүсийг нь танихгүй болно. Ийм л юм болсон.
Миний цэргийн ангиас оргож, зугтсан шалтгаан нь миний бие анхнаасаа цэргийн алба хаах ямар ч сонирхолгүй байсан. Тэгээд ч цэргийн анги надад нэг л хүйтэн хөндий санагдаад байсан. Дээрээс нь надад салааны захирагч, түүний орлогчоос дарамт үзүүлсэн. Чухам хэзээ гэхээр би зугтдаг өдөр орлогч С- жагсаалын талбайд миний чихнээс татсан. Хоёрдугаарт яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан өдөр цэргүүд усанд орчхоод хувцсаа өмсөх гэж байтал М- гэх алба хаагч миний толгойн ар дагз хэсэг рүү гараа хагас атгаж байгаад нэг удаа цохиж авсан. Ямар шалтгаанаар цохисон эсэхийг би мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл Ш-, С- нар Монгол хэл мэдэхгүй байлдагч нарыг үг хэлээр дарамталж, казахууд Монгол хэл мэдэхгүй гэх мэтээр айлгадаг байсан....” гэх мэдүүлэг (1 дэх дахь хавтаст хэргийн 233-234 дэх тал),
2.32. Гэрч М.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 22 цаг өнгөрч байхад манай байшингийн үүдний амбаарт оргосон цэрэг орж ирсэн. Тухайн үед би гадаа гарах гэж байсан бөгөөд манай амбаарт цэрэг хувцастай хүүхэд байсан. Тэгээд би тэр цэргээс юу хийгээд явж байгаа талаар асуухад надад ахаа намайг авраарай намайг зодсон, би алуулах гэж байна гэхээр нь би тэр цэргийг гэртээ оруулж хоол өгсөн. Гэвч тэр цэргийн хувцастай хүүхдэд хоол өгсөн боловч гар нь чичрээд хоол идэж чадаагүй. Тэгээд тухайн үед би цэрэг хүүхдэд цэргийн албанаас оргож болохгүй, би ч цэрэгт очсон. Гэхдээ ах нь чамайг хамгаалах болно гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 102 дахь тал),
2.33. Гэрч Р.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Цэргийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар хугацаат цэргийн алба хааж эхэлсэн хугацааг цэргийн анги, салбарт хуваарилсан өдрөөс, дуусгасан хугацааг бэлтгэлээр халах тухай цэргийн ангийн захирагчийн тушаалд заасан өдрөөс тус тус тооцно гэж заасан тул байлдагч Д.А- нь Хилийн цэргийн 0165 дугаар ангид 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр цэргийн албанд татагдсан өдрөөс хойш "цэргийн жинхэнэ алба хаагч" гэх статустай явж байсан гэж ойлгож болно. Дээрх мэдэгдэл ирэхээс өмнө Хил хамгаалах ерөнхий газраас 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр №454 дугаартай надад үүрэг өгөгдсөн. Уг үүргийн 5 дахь заалтад шинэ дайчдыг судлах судалгааны бүлгийн дүгнэлтийг эхний 10 хоногт багтаан гаргаж, эрүүл мэнд, сэтгэл зүйн байдлаар тэнцэхгүй иргэдийг буцаах арга хэмжээг Хилийн цэргийн штабт танилцуулж, шийдвэрлэ гэсний дагуу тус ангид хугацаат цэргийн алба хааж буй шинэ дайчид буюу байлдагч нарт социологийн судалгааг хийлгэхээр А/38 дугаартай "Судалгааны бүлэг томилох" тухай тушаал гаргаж, судалгааны бүлэг томилон ажиллуулсан. Мөн 2023 оны 05 сарын 12-ны өдөр цэргийн ангиас хугацаат цэргийн алба хааж байсан цэргийн алба хаагч нас барсантай холбогдуулан тухайн өдөр А/40 дугаартай "Судалгааны бүлэг ажиллуулах тухай" тушаал гаргаж, уг тушаалаар судалгааны бүлгийн алба хаагчдын нэрс болон бүлгийн ажиллах журмыг тогтоож өгсний дагуу холбогдох сэтгэл зүйч нараар хийлгэсэн. Дээрээс нь Хил хамгаалах ерөнхий газраас томилогдсон Н- ахлагчтай сэтгэл зүйч нар ирж сэтгэл зүйн судалгаа хийсэн.
Н- сэтгэл зүйчийн хувьд танай байгууллагад мэдүүлэг өгөхдөө өөрийнхөө гарын үсэгтэй дүгнэлтээ гаргаж өгсөн гэсэн. Тэгээд миний зүгээс дээд газрын өгсөн үүргийн дагуу зөвхөн Д.А- бус түүнээс гадна нэр бүхий 15 байлдагч нарыг сургалтын төвөөс буцаах тухай саналаа Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлсэн. 16 байлдагчаас 14 байлдагч нь эрүүл мэндийн хувьд асуултай байсан. Харин Д.А- болон бас нэг байлдагчийн сэтгэл зүйн судалгааг үндэслэн саналаа хүргүүлсэн. Тэгээд дээд газраас манай дээрх мэдэгдэл ирсний дагуу Д.А- болон нэр бүхий 15 байлдагч нарыг аймгийн цэргийн штабт хүлээлгэн өгсөн. Байлдагч Д.А- болон нэр бүхий бусад 15 байлдагчид түр чөлөөлөхөд миний зүгээс эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал, шийдвэр гарах хууль зүйн үндэслэл байхгүй учраас дээд газрын мэдэгдлийг үндэслэсэн. Мэдэгдлийн хувьд хэлэхэд Цэргийн албаны тухай хуулийн 14.2 дугаар зүйлийг үндэслэл болгосон. Өөрөөр хэлбэл байлдагч Д.А- нь хугацаат цэргийн алба хаах хугацаанд цэргийн ангийн зориуд орхиж явж, цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт холбогдон хуулийн байгууллагад шалгагдсан.” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 100 дахь тал),
2.34. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/150 дугаартай “2023 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулах тухай” захирамжийн хуулбар (2 дахь хавтаст хэргийн 45-46 дахь тал),
2.35. Хилийн цэргийн 0165 дугаар ангийн захирагчийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/34 дугаартай “Шинэ дайчдын сургалт зохион байгуулах тухай” тушаал, тушаалын хавсралтууд (2 дахь хавтаст хэргийн 51-77 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.36. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
- Иргэний үнэмлэхийн лавлаа (2 дахь хавтаст хэргийн 19 дэх тал)
- Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 20 дахь тал),
- Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 121 дэх тал),
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Тус багийн иргэн Д овогтой А- БЮ.......... регистрийн дугаартай. Ам бүл 6, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 24 дэх тал),
- Иргэн Д.А-д олгосон БҮ20220231946 дугаартай бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, суралцагчийн хувийн хэргийн хуулбар (2 дахь хавтаст хэргийн 25-30 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Д.А- нь 2023 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас хугацаат цэргийн албанд татагдаж, тус аймгийн Өлгий сумын 8 дугар багт байрлах Хилийн цэргийн 0165 дугаар ангид хуваарилагдан, алба хааж байхдаа 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн үед цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн ангийн амрах байрны ариун цэврийн өрөөний цонхоор нь гарч зугтааж, тус аймгийн Өлгий сумын 13 дугаар багт амьдардаг иргэн М.Т-гийн гэрт очсон, байлдагчийг цэргийн ангийн бие бүрэлдэхүүн эрэн сурвалжилж байх үед иргэн М.Т- нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн, улмаар Хил Хамгаалах Ерөнхий Газрын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №506 дугаартай мэдэгдлээр байлдагч Д.А-ыг цэргийн албанаас чөлөөлсөн зэрэг үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Иргэн М.Т-гээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 1 дэх тал),
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 3-13 дахь тал),
- Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Н/18 дугаартай албан бичгийн хавсралтаар хүргүүлсэн цэргийн алба хаах иргэдийн нэрийн жагсаалт (1 дэх хавтаст хэргийн 33-37 дахь тал),
- Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/97 дугаартай албан бичгээр ирүүлсэн, баримтуудын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 38-78 дахь тал),
-Эд мөрийн баримтаар хурааж авсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 86-88 дахь тал),
- Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 9/68 дугаартай албан бичгээр ирүүлсэн цэргийн жинхэнэ албанд татагдсан Д.А-ын анкет, эрүүл мэндийн үзлэгийн хуудас, (1 дэх хавтаст хэргийн 113 дахь тал),
- Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1/101 тоот албан бичгээр ирүүлсэн Д.А-ын хугацаат цэргийн албанд татагдах үеийн эрүүл мэндийн үзлэг хийсэн баримтууд (1 дэх хавтаст хэргийн 116-120 дахь тал),
-Хил Хамгаалах Ерөнхий Газрын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №506 дугаартай албан мэдэгдэл (1 дэх хавтаст хэргийн 123 дахь тал),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний мэдэхийн тус ангид ажиллаж байх хугацаанд хугацаат цэргийн албаас байлдагч оргосон асуудал огт гарч байгаагүй. Энэ удаагийнх миний мэдэхийн анхных нь байх. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 131 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 95 дахь тал),
- Гэрч Ш.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ингээд би өөрийн албан өрөөнд байж байхад соён гэгээрүүлэх албаны ахлах ажилтан, дэслэгч Д.Г- над руу утсаар залгаад “байлдагч Б.Д.А- нь бие засахаар болж цэргийн ангийн ариун цэврийн өрөө рүү ороод тус ариун цэврийн өрөөний цонхоор нь гараад оргоод явсан байна” гэж мэдэгдсэн. Ингээд манай цэргийн анги 21 цаг 20 цагийн үеэс эхлэн бие бүрэлдэхүүнээрээ Д.А-ыг эрэн сурвалжилж эхэлсэн. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 136-137 дахь тал),
- Гэрч Ч.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Байлдагч Д.А- нь 00-ийн өрөө ороод 10 минут удахаар нь М- араас нь орсон боловч байлдагч Д.А- нь 00-ийн өрөөний цонхоор гарч, цэргийн ангийн байгууламжаас оргон зугтсан асуудал гаргасан. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 130-140 дэх тал),
- Гэрч Э.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед 00-ий өрөө орох зөвшөөрлийг сургалтын төвийн жижүүр М-ээс аваад явсан байна. Би тухайн үед ханиадтай цэргүүдийг эмч нарт үзүүлж байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа байлдагч Д.А- алга болчихлоо гээд жижүүр М- ярьсан....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 142-143 дахь тал),
- Гэрч Э.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ингээд дотор эмчийн үзлэгт цэргүүд хамрагдаад дуусахаар нь цэргүүдийг бүртгэж үзэхэд 1 цэрэг алга байсан ба тэр нь Д.А- байсан. Ингээд түүнийг ангийн хашаанаас хайгаад явж байхад хошууч А- 21 цаг 38 минутын үед над руу утсаар залгаад “нэг байлдагч гадуур явж байна, чиний цэргүүд бүрэн үү” гэхээр нь би “харин нэг цэрэг алга байна, наад цэрэг мөн байх” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 149-150 дахь тал),
- Гэрч П.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ингээд түүнийг хаашаа явсан талаар сураглаж байтал ариун цэврийн өрөө рүү орсон талаар мэдээд би ариун цэврийн өрөө рүү гүйгээд ороход ариун цэврийн өрөөний цонх нь онгорхой байхаар нь би гар утасныхаа гэрлийг цонхны доор тусгаж харахад шороон дээр гутлын мөр харагдаж байсан. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 149-150 дахь тал),
- Гэрч Ц.А-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгэхлээр нь би машинаа хөдөлгөөд байлдагч алхаж явсан чиглэл рүү машинтайгаа явж очоод зогсоод буух хооронд байлдагч маань миний машины хойгуур гараад малын зах тийшээ гүйгээд явчихсан юм....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 152-153 дахь тал),
- Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгээд бид нар эмчийн үзлэгт орж дуусахад ахлах ахлагч М- гэх хүн бид нарыг жагсааж тоо авахад Д.А- байхгүй байхыг нь мэдсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 171 дэх тал),
- Гэрч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгээд амрах байранд орсны дараа Д.А- нь гутлаа тайлж, углаашаа өмсөнө гэж хэлээд 00-ийн өрөө лүү ганцаараа орчхоод тэр чигтээ алга болоод 00-ийн цонхоор гараад явсан гэсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 187-188 дахь тал),
- Яллагдагч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Өнгөрсөн Баасан гаригийн орой 21 цагийн үед цэргүүд хуваарийн дагуу амрах байр луу ороод гутлаа тайлж байсан. Би тэр үед гуталтайгаа амрах байр луу орсон бөгөөд салааны захирагч Ш- надаас углааш чинь яасан ба гэхлээр нь би түүнд 00-ийн өрөөнд байгаа гэж хэлээд гуталтайгаа амрах байрны дотор байдаг угаалгын өрөө рүү ороод хажуу талын 00-ийн өрөөнд нь орж, улмаар цонхыг нь онгойлгоод гадагшаа гарсан. Тэндээсээ гараад тарианы талбайн тэндээс хашаа даваад зугтаад явсан. ...” гэх мэдүүлэг (1 дэх дахь хавтаст хэргийн 233-234 дэх тал),
- Гэрч М.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 22 цаг өнгөрч байхад манай байшингийн үүдний амбаарт оргосон цэрэг орж ирсэн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 102 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
3.3. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт цэргийн ангийн байгууламжаас зөвшөөрөлгүйгээр гарч явснаа хүлээн зөвшөөрч мэдүүлж, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
4. Эрх зүйн дүгнэлт:
4.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1-д “Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, эсхүл албан томилолт, амралтын чөлөө дууссан, эсхүл эмнэлгээс гарсны дараа эргэж ирээгүй бол” гэж цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргийн шинжийг хуульчилжээ.
4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт ”Цэргийн албаны гэмт хэрэг” гэж Монгол Улсын зэвсэгт хүчин, хилийн цэргийн бие бүрэлдэхүүнд цэргийн жинхэнэ алба хааж байгаа Монгол Улсын иргэн, цэргийн дайчилгаа, сургууль, цугларалтад байгаа цэргийн үүрэгтэн энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэнийг ойлгоно” гэж заасан байна.
4.3. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах нь Монгол Улсын иргэний ёсчлон биелүүлэх үндсэн үүрэг юм.
4.4. Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “цэргийн алба” гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг”, 3.1.2-т "цэргийн жинхэнэ алба" гэж Монгол Улсын иргэн цэргийн байгууллагад цэргийн алба хаах үүргийг биеэр гүйцэтгэхийг; 3.1.8-д “хугацаат цэргийн алба хаагч" гэж цэргийн албанд татагдан цэргийн байгууллагад хуулиар тогтоосон хугацаанд цэргийн жинхэнэ албыг биеэр хааж байгаа иргэнийг; 3.1.15-д "цэргийн жинхэнэ албанд татагдагч" гэж цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах мэдэгдэл авсан иргэнийг” гэж тус тус зааж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт цэргийн жинхэнэ алба нь хугацаат болон цэргийн гэрээт алба, ахлагчийн алба, офицерын албанаас бүрдэх талаар хуульчилжээ.
4.4. Дээрх хууль тогтоомж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Д.А- нь цэргийн жинхэнэ алба буюу хугацаат цэргийн цэргийн алба хаахаар 2023 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагаар тус аймгийн Өлгий сумаас цэргийн албанд татагдаж, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хилийн цэргийн 0165 дугаар ангид хуваарилагдаж, улмаар тус ангид цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдаж, цэргийн алба хааж байсан нь хэрэгт цугларсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Н/18 дугаартай албан бичгийн хавсралтаар хүргүүлсэн цэргийн алба хаах иргэдийн нэрийн жагсаалт (1 дэх хавтаст хэргийн 33-37 дахь тал), гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
4.5. Цэргийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт хугацаат цэргийн алба хааж эхэлсэн хугацааг цэргийн анги, салбарт хуваарилсан өдрөөс эхлэн тоолохоор заасан бөгөөд шүүгдэгч Д.А- нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хилийн цэргийн 0165 дугаар ангид хугацаат цэргийн алба хаахаар хуваарилагдсан байх тул түүний хугацаат цэргийн алба хааж эхэлсэн хугацааг мөн өдрөөс эхлэн тоолох үндэслэлтэй байна.
4.6. Шүүгдэгч Д.А- нь Хилийн цэргийн 0165 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байхдаа 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 21 цагийн үед цэргийн алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж, цэргийн ангиас зугтаасан үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон учраас түүнийг цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн ангийг дур мэдэн орхиж явж, цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
4.7. Иймд шүүгдэгч Д.А- нь цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
4.8. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал цэргийн албанаас оргохын тулд алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан учраас түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.9. Иймд шүүгдэгч Х.Д.А-ыг цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.10. Хэрэгт цугларсан дайчдаас авсан тандалт судалгаа, дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 38-78 дахь тал), дэслэгч Э.Н-ын шинэ дайчидтай уулзалт хийсэн илтгэх хуудас (1 дэх хавтаст хэргийн 92 дахь тал), гэрч Ш.Ж-, Э.Н-, Э.Ш-, П.М- нарын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 136-137, 155 дахь тал) зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.А- нь анхнаасаа цэргийн алба хаах хүсэл сонирхолгүй байсан, хугацаат цэргийн албанд дасан зохицохгүй байгаа нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд түүний энэхүү байдал болон хувь хүний хүмүүжил, төлөвшил, тухайн өдрийн сургалтын төвийн жижүүр, албан хаагч нарын хайхрамжгүй байдал зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн гэж шүүх үзлээ.
5.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
5.1. Хохирогч байгууллагын зүгээс хохирол, хор уршиг нэхэмжлээгүй ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж-өөс шүүхийн хэлэлцүүлэгт “Манай байгууллагаас хохиролтой холбоотой гаргаж өгөх ямар нэгэн баримт байхгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн учраас шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч Д.А-ыг шүүхээс цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй.
2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
2.3. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч Д.А- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч Д.А- нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан улсын яллагчийн санал болгосон 10 сарын хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно.
2.4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.А- нь гэрлээгүй, урьд нь гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, цэргийн албанд татагдахаас өмнө тодорхой эрхэлсэн ажилгүй байсан, бүрэн дунд боловсролтой, эцэг, эх, дүү нарын хамт тус аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суудаг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (2 дахь хавтаст хэргийн 19, 24, 25-30, 121 дэх тал)
2.5. Шүүгдэгчийн санаатайгаар цэргийн албанаас оргон зайлсан үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөлийг тогтоогдоогүй бөгөөд харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хувийн байдалд нь хамааруулж үзлээ.
2.7. Шүүх шүүгдэгч Х.Д.А-ын Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн цэргийн албан хаах үүргээ зөрчиж, хугацаат цэргийн албанд татагдсан хугацаанд цэргийн албанаас оргон зайлсан буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирно гэж дүгнэлээ.
2.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Гурав: Бусад асуудлын талаар
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 34 дугаартай “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай” захирамжаар шүүгдэгч Д.А-ын 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 22 цаг 48 минутаас эхлэн сэжигтнээр баривчлагдсан 48 цаг буюу 2 хоногийг эдлэх хорих ялаас нь хасаж тооцох нь зүйтэй.
3.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шүүгдэгч Д.А-д авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хувийн баталгаа гаргах болон тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаартай захирамжаар авсан “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
3.3. 2313000000139 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 327.1 гб хэмжээтэй 1197 ширхэг бичлэг бүхий Хард диск 1 ширхгийг хадгалах хугацаагаар хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.с овгийн Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн ангид алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явж, цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ыг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ын сэжигтнээр баривчлагдсан 2 (хоёр) хоногийг эдлэх хорих ялаас нь хасаж тооцсугай.
5. Шүүгдэгч Д.А-д авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. 2313000000139 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 327.1 гб хэмжээтэй 1197 ширхэг бичлэг бүхий “Хард” диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК